Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/333

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх     

Шүүгдэгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баглуун овогт Мгийн Бд холбогдох эрүүгийн 2212000000353 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ................ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Баглуун овогт Мгийн Б/РД:А0.............../

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Мгийн Б нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Намжил гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.5 метрийн урттай, 46 ширхэг, 2.1 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 28-45 ӨВА улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 230.496 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000353 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ж.Аы өгсөн:  

“...М.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тархинт гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 230,496 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/

 

          *Гэрч П.Зын өгсөн:

          “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Б бид 2 манай хүргэн ах Тамжидынд өвс татаж өгөхөөр Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун ус гэх газар руу очсон. Тэгээд өвсийг татаж өгчихөөд би Тамжид ахынд үлдсэн харин М.Б хэдэн мод бэлдээд авч явъя гээд Тамжид ахын хөрөөг аваад уул руу явсан. Хэсэг хугацааны дараа өндөрлөгөөтэй жацуу мод ачаад ирсэн. Тэгээд би чи модныхоо гоожинг авсан юм уу гэж асуутал маргааш гоожингоо авчина явахаасаа өмнө дахин жоохон мод нэмнэ гэж хэлж байсан. Тэгээд хонох гэж байтал манай ээжийн бие муудаад байна гээд би 2 яараад мод бэлтгэх эрхийн бичгээ авч чадалгүй тэр шөнөдөө сумын төв рүү орох гэж явтал цагдаа зогсоогоод мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд машин саатуулсан. Манай нөхөр ганцаараа явсан. Намжилын хоолой гэх газар руу орсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/

 

         *Гэрч Н.Иын өгсөн:

         “...М.Б нь Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Намжил гэх газраас мод бэлтгэсэн гэдэг. Тухайн газарт 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 97-98 дугаар тал/

 

         *Гэрч Ц.Мын өгсөн:

         “...28-45 ӨВА улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Манай хадам дүү М.Б эзэмшдэг. Би дүүдээ зарсан зарахдаа нэрээ шилжүүлж амжаагүй, удахгүй шилжүүлгээ хийлгэнэ. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 114-115 дугаар тал/

 

         *Яллагдагч М.Бийн өгсөн:

         “...Би зүйлчлэлийг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай”...2.1 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 230.496₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 28-29 дүгээр тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн АА22-88 дугаартай:

            “...1998 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн 28-45 ӨВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 2.753.520/хоёр сая долоон зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 43-46 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн АЦ22-119 дугаартай:

            “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэ 114.000/нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөг, 2.1 шоо метр куб модны үнэ 336.000/гурван зуун гучин зургаан мянга/ төгрөг нийт 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 49-52 дугаар тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 2-5 дугаар тал/  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Намжил гэх газраас М.Б нь мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.5 метрийн урттай, 46 ширхэг, 2.1 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 28-45 ӨВА улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 230.496 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Аы”...Би уг хэрэгт ойн санд учирсан 230,496 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Зын”...М.Б хэдэн мод бэлдээд авч явъя гээд Тамжид ахын хөрөөг аваад уул руу явсан. Хэсэг хугацааны дараа өндөрлөгөөтэй жацуу мод ачаад ирсэн. Тэгээд би чи модныхоо гоожинг авсан юм уу гэж асуутал маргааш гоожингоо авчина явахаасаа өмнө дахин жоохон мод нэмнэ гэж хэлж байсан. Тэгээд хонох гэж байтал манай ээжийн бие муудаад байна гээд би 2 яараад мод бэлтгэх эрхийн бичгээ авч чадалгүй тэр шөнөдөө сумын төв рүү орох гэж явтал цагдаа зогсоогоод мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд машин саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Иын”...Б нь Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Намжил гэх газраас мод бэлтгэсэн гэдэг. Тухайн газарт 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мын”...28-45 ӨВА улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Манай хадам дүү М.Б эзэмшдэг. Би дүүдээ зарсан зарахдаа нэрээ шилжүүлж амжаагүй, удахгүй шилжүүлгээ хийлгэнэ. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,  гэмт хэргийн улмаас байгаль орчинд 230.496 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Бийн хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч М.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 230.496 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /230.496*3=691,488/зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 691,488/зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун наян найм/  төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 28-45 ӨВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшилд байдаг болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 28-45 ӨВА улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч М.Бээс хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 691,488/зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун наян найм/    төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,062,032/хоёр сая жаран хоёр мянга гучин хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 336.000/гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.1 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 114.000/нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Баглуун овогт Мгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч М.Бээс 691,488/зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 28-45 ӨВА улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч М.Бээс хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 691,488/зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,062,032/хоёр сая жаран хоёр мянга гучин хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 336.000/гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.1 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 114.000/нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР