Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/337

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогч: Э.Мнэ

Шүүгдэгч: Т.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Тайж овогт Тийн Цид холбогдох эрүүгийн 2212000000287 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булга төвд түр мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн Сонгинохайрхан ..................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайж овогт Тийн Ц/РД:УВ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Тийн Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Модны үйлдвэрийн хашааны үүдэнд байсан Э.Мнийн эзэмшлийн Тоёото Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ, завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн тэрээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булга” төвийн хайсыг согтуурсан үедээ Тоёото Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дайрч, уг автомашинд 2.255.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч Т.Цийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                “...Тухайн үед ажлын ачааллаас шалтгаалаад шөнийн 2 цагт унтаад 5 цагт босдог байсан. Үүнээс шалтгаалж нойргүйдлийн өвчтэй болсон байсан. Хэрэг гарснаас хойш 2 удаа эмчилгээ хийлгэсэн. Нойргүйдлийн өвчтэй болсон үедээ архи уугаад энэ гэмт хэргийг үйлдсэн. Энэ нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

           *Хохирогч Э.Мнийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр буяны ажилтай байсан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын захаас бараа материал цуглуулаад орой 20 цагийн үед Архангай Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Модны үйлдвэрийн хашаанд очсон.  Машинаас 4-5 удаа бараа материалаа зөөгөөд буцаад гарч ирэхэд миний машин байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай найз Будхүү залгаад чиний машиныг хэн унаж байгаа юм бэ, сая намайг захын уулзвар дээр явж байхад шүргэх шахаад явлаа гэж хэлэхээр нь би машинаа алдчихлаа, хаана явж байсан юм бэ гэж асуухад захын уулзвар өнгөрөөд Цагаан даваа чиглэлтэй явсан гэж хэлсэн. Тэгээд ахтайгаа хамт захын уулзвар өнгөрөөд явж байсан чинь Булга төвийн урд миний машиныг ухрааж байсан. Намайг очиход танихгүй залуу миний машиныг барьж байсан. Чи яагаад миний машины жолоодож байгаа юм бэ гэж асуухад жолоодож ирсэн хүн нь зугтаагаад яваад өгсөн гээд машины түрхүүр өгсөн. Тэр хүний зааж өгсөн зүг рүү очсон чинь Шунхлай шатахуун түгээх станцын хажууд нэг хүн орилоод яваад байсан. Очиход шүүгдэгч Т.Ц гэх хүн байсан. Би очоод та яагаад миний машиныг авч байгаа юм бэ гэхэд “би шийдсэн хүн, яасан ч яадаг юм” гэх байдлаар надтай харьцаж байсан. Тэгээд Цагдаагийн алба хаагчид ирж Т.Цийг авч явсан. Намайг очиход миний машин төв замаас чиглэлтэй Булга төвийн бетонон суурьтай хайлсыг мөргөөд цааш даваад Булга төвийн үүдний тамбар хэсгийг мөргөж цохигдоод баруун тийшээ иргээд Цагаан даваа руу харсан байдалтай цаад талын хайлсыг ахиад мөргөсөн байдалтай байсан. Намайг очиход өөр хүмүүс миний машиныг жолоодоод осол болсон газраас өөрчилсөн байсан. Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд урд купер, урд карлон, урд копут, жолооч талын хаалга, хойд талын баруун карлонд зураас  гэмтэл учирсан. Уг 5 деталь дээр гэмтэл учирсан болох нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байгаа. Тухайн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл зураас байсан учраас шүүгдэгч Т.Ц хүлээн зөвшөөрсөн. Мөн шинжээч гэрэл зургаар баталгаажуулсан байгаа. Булга төвийн гадна талын хайлс нь Т сараалжин хайлс байсан. Сараалжин хайлс дундуураа 2-3 хугарсан байсан мөн баруун талаараа хайлсыг мөргөсөн байсан учраас олон тооны зураас гэмтэл учирсан гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийн тухайд 2.255.400  төгрөгийг Улаанбаатар хот руу явахдаа авсан. Мөн ачилтын зардал 300.000 төгрөг авсан. Би Улаанбаатар хотод очиж Вьетнам засварт 5 деталиа 1.500.000 төгрөгөөр засуулсан. Үүнээс 3 деталийн мөнгө нь хохирлын үнэлгээнд орсон байгаа. 2 деталийн 600.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу машинаа засагдах хүртэл иргэн Тулгаас 72-01 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өдрийг 30.000 төгрөгөөр 17 хоногийн хугацаатай түрээсэлсэн түрээсийн төлбөр, Улаанбаатар хотод машинаа янзлуулаад Архангай аймаг руу ирсэн зардал болох бензиний зардал 92.000 нийт 1.202.500 төгрөгийг шүүгдэгчээс нэмж нэхэмжилж байна. Тээврийн хэрэгсэл түрээсэлсэн шалтгаан нь манай ажил гэр хол зайтай мөн машинаа засаж янзлуулахад тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байсан учраас тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж явсан. Би тээврийн хэрэгслээ янзлуулахтай холбоотой 10 гаран хоног ажил хийгээгүй мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй бусад зардал гарсан. Одоо баримтаар нийт 1.202.500 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

           *Эрүүгийн 2212000000287 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           * Хохирогч Э.Мнийн өгсөн:

“...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хувийн ажлыг бөөгнүүлж, буяны ажилтай гадуур эд зүйл цуглуулаад явж байсан юм. Тэгээд тухайн өдрийн 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох модны үйлдвэрийн хашааны үүдэн дээр цуглуулсан эд зүйлээ буулгаад машинаа цоожлоогүй, онгорхой орхисон байсан юм. Тэгээд буцаад гарч ирсэн чинь машин байхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн манай найз Будхүү залгаад чиний машиныг хэн уначихсан явж байгаа юм намайг сая шахаад, хурдтай явлаа гэж утсаар ярихад нь би машинаа алдчихсан юм хаана явж байгаа талаар асуухад захын уулзвараар дээшээ өгсчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахыгаа дуудаад захын уулзвараар дээшээ явахад Булга төвийн урд миний машин ухарч байгаа харагдсан. Тэгээд буугаад гүйгээд очиход нэг танихгүй залуу миний 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгсөн. Би хэн гэдэг хүн энэ машиныг жолоодож энд ирсэн талаар асуухад нүүрэндээ хагалгааны сорвитой танихгүй хүн барьж ирсэн, доошоогоо зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь очоод Шунхлай колонкын хажууд очиход буурал толгой, жижигдүү үстэй, барилгын гэмээр шар хувцас өмссөн 50 орчим насны эрэгтэй согтуу хүн байсан. Та яагаад миний машиныг авч зугтааж байгаа талаар хэлэхэд яадаг юм гээд зүүн талын бөөр хэсэг рүү өшиглөөд өөдөөс маргалдаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Миний машин нь ухаалаг машин учир түлхүүр нь машин дотроо дунд хайрцагт байсан, коноп дараад асдаг байсан юм. буяны ажлын юм зөөгөөд 4-5 удаа машин доторх эд зүйлийг зөөж байсан. Би ачаа бараа зөөж дуусаагүй, үлдэгдлийг нь зөөх гээд гарч ирэхэд машин байхгүй байсан. Би санаад ороогүй хаалгаа онгорхой орхисон байсан юм. Тухайн согтуу хүн миний зүүн бөөр лүү өшиглөхөд гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний машиныг унаж явсан хүнийг би огт танихгүй хүн байсан. Би Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би 2019 онд монгол орж ирж байхад авч байсан юм. Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд 2 их гэрэл зурагдсан, урд гүпэр хагарч унасан, ражаторын Т нь доогуураа хагарсан байсан, фот карлон хагарсан, урд 2 дугуй хагарсан, обуд нь сэтэрч цуурсан байсан, доод их биеийн арам нь хунирсан байсан зэрэг эвдрэлүүд учирсан байсан. Зарим эвдрэлийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үедээ журмын хашаанд хийсэн байгаа. Миний машиныг унаж явсан хүн ойролцоогоор 800-900 м явсан. Нарийн хэлж мэдэхгүй байна. Би гомдолтой байна, машины эвдрэлтэй холбоотой хохирлыг хариуцуулна, ослын газраас машин хөдөлгөсөн асуудлыг шалгуулмаар байна, тухайн үед байсан хүмүүс ослын газарт ул мөр дээгүүр гишгээд байсан, миний машиныг авч явсан хүнийг тухайн үед байсан хүмүүс танихгүй гэж худлаа хэлсэн асуудлыг шалгуулмаар байна. Миний эзэмшлийн машиныг миний зөвшөөрөлгүй авч явсан, миний эд хөрөнгөд эвдрэл учруулсан үйлдлийн зохих журмын дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/

 

* Гэрч Б.Бийн өгсөн:

“...2022 оны 08 дугаар сарын 13-ны бороо ороод цаг агаарын нөхцөл байдлаас болоод барилгын ажил амарсан. Тухайн өдөр би өглөө 10 цагийн үед байрлаж байгаа байрандаа 0.33 шилтэй архийг ганцаараа уусан. Өмнөх өдөр нь дэлгүүрээс шпрот аваад өвөөд талхтай идсэн чинь гэдэс өвдөөд байхаар нь хоолоо шингээх зорилгоор уусан. Өмнөх өдөр нь барилгын цалин буусан байсан юм. Тэгээд барилгын хэсэг ажилтантай хамт архи уусан. Т.Ц ахаар орой нь нэг 0.75 архи авахуулаад караокед авч орж уусан. Караоке дотроос пиво авч уусан. Тэгээд цаг хараагүй миний гэдэс базлаад байсан болохоор караокед Т.Ц ахыг үлдээгээд би гэр рүүгээ хариад бие засаад унтаад өгсөн. Дараа хүний машин бариад хайс мөргөсөн гэж сонссон. Би Т.Ц ахыг хаанаас хэний машин барьж явсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан согтуу танихгүй хүний машиныг бариад хайс мөргөсөн гэж сонссон. Би цаг хараагүй, ганцаараа алхаад харьсан. Би нэлээн согтуу байсан. Т.Ц ах ч гэсэн нэлээн согтуу байсан. Хэр хэмжээг нь мэдэхгүй байна. Караокед ганцаараа үлдсэн. Караокед Т.Ц ах бид хоёр хоёулаа орсон. Өөр хүн ороогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

* Гэрч Э.Мгийн өгсөн:

“...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би төрсөн дүү Э.Мнийн хамт буяны ажлын юм цуглуулаад явж байсан юм. Манай эмээ нас бараад 49 хоног нь маргааш болох гэж байсан юм. Тэгээд дүү Э.Мнийн машин хөх өнгийн Приус-41 маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор буяныхаа эд зүйлийг хийгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах модны үйлдвэрийн хажуу талын хашаанд тавьсан байсан юм. Тэгээд уг машины хойд хаалгыг онгойлгоод хайрцагтай эд зүйлээ 4-5 удаа зөөсөн. Тэгээд үлдэгдэл бараагаа зөөх гээд гараад ирсэн чинь дүүгийн машин байхгүй байсан. Тэгээд манай дүү цагдаа руу дуудлага өгөөд тэр хавиараа хайхад байхгүй байсан. Тэгсэн манай дүү рүү нэг хүн утсаар яриад машиныг чинь хэн бариад байгаа, чиний машин их хурдтай хажуугаар гарлаа гэж утсаар яриад хаана байна гэж асуухад захын уулзварын гэрлэн дохиогоор дээшээ явчихлаа гэж хэлсэн тэгээд дээшээ явахад Булга төвийн урд талын хайсыг нь мөргөчихсөн, хойшоо ухарч байсан, тэгээд хажууд нь очиж зогсоход нэг танихгүй залуу түлхүүрийг нь өгсөн. Манай дүү энэ машиныг хэн барьж ирсэн талаар асуухад нүүрэн дээрээ сорвитой залуу барьж байгаад доошоо зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд манай дүү араас нь хөөгөөд согтуу хөгшин хүнийг бариад удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Тэгээд дүүгийн машиныг журмын хашаа руу авч явсан.  Дүүгийн машиныг унаж явсан хүмүүсийг танихгүй, харж байгаагүй хүмүүс байна лээ, ойролцоогоор 1 км орчим байгаа байх. Манай дүү тухайн хүнд ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй, юмаа зөөж дуусаагүй байхад унаад явсан байсан. Приүс-41 маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай дүү Э.Мнийн өөрийнх нь машин юм. 2019 онд орж ирсэн машин авч байсан юм. Приүс-41 маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хуучин эвдрэл, гэмтэл байхгүй байсан. Тухайн үед буяны ажлын эд зүйл зөөхөд манай дүү Э.Мнэ бид 2 л байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар  тал/

 

* Гэрч Т.Бийн өгсөн:

“...2022 оны 08 дугаар сарын 13-ны орой цаг хараагүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Булга төвийн хашаанд дотор байх 2 давхар байшингийн урд талын хайсыг нэг машин мөргөж хүчтэй дуу чимээ сонсогдсон. Тэгээд би юу болов гээд цонхоороо харсан чинь цэнхэр өнгийн машин хайс мөргөчихсөн байсан тэгээд гараад харахад жолооч нь байхгүй байсан, нэлээн хүмүүс ирчихсэн бужигнаад байсан тэгсэн тухайн машины эзэн нь гээд нэг залуу ирээд энэ машины жолооч нь хаана байна, хэн энэ машиныг унаж ирэв гээд асуусан тэгэхээр нь би нэг нүүрэндээ сорвитой хүн барьсан байж магадгүй, яваад өгсөн гэж хэлсэн. Тэгсэн тухайн нүүрэн дээрээ сорвитой танихгүй хүн осол болох үед ирж хараад явсан хүн байна лээ. Дараа нь манай төрсөн ах Т.Ц нь 12-07 АРХ улсын дугаартай машиныг жолоодож ирээд машинаасаа буугаад явсан байсан. Удалгүй цагдаа нарт баригдсан байсан. Тухайн үед би ахтайгаа уулзаагүй, шууд эрүүлжүүлэхэд хийсэн байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарсны ирж аваад асуухад би тухайн үед тасарчихсан хаанаас, хэрхэн яаж унаж ирснээ мэдэхгүй байна гэж хэлсэн.  Би өдөр ажлын газрын хүн болох Б.Бтэй архи уусан байсан. Орой караокед орсон байсан. Хэр архи уусныг нь мэдэхгүй байна. Т.Ц нь эхнэрээсээ салаад ганцаараа амьдарч байгаа. Одоо Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж байгаа барилга дээр нярваар ажиллаж байгаа. Өмнө архи уудаг байж байгаад архины эмчилгээ хийлгээд спрал тавиулсан. Хэзээ тавиулсныг нь мартсан байна. Сүүлийн үед жаахан архи уугаад байгаа юм. Төлөв даруу зантай, хэл үг багатай хүн байгаа юм. Нэг харахад нэлээн олон хүн ирчихсэн байсан. Гудмаар явж байсан олон хүмүүс ирчихсэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

* Гэрч Б.Бийн өгсөн:

“...Манай найз Гэрэлмаа нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах манай булга төвийн хашаан дотор барилга барьж байгаа юм. Тэгсэн хэд хоногийн өмнө над руу утсаар яриад танай Булга төвийн урд талын хашааг манай барилгыг барьж байгаа хүн дайраад эвдэлчихлээ гэж ярьсан. Би ямар хүн, хэрхэн дайрсныг нь мэдээгүй. Тэгээд дараа нь очиж үзэхэд засаж янзлаад хэвийн байдалд оруулчихсан байна лээ. Хашаа бүрэн бүтэн болсон байсан. Надад гомдол. санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хашаа хэвийн болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 59 дүгээр тал/

 

* Яллагдагч Т.Цийн өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлээгүй, машин хохирол 2.255.400 төгрөгийг, мөн машин ачилтын 300.000 нийт 2.550.400 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 дүгээр тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн АА-22-59 дугаартай:

“...2012 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд монгол улсад бүртгэгдсэн, 12-07 АРХ улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн үнэлгээг 2022 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 2.255.400/хоёр сая хоёр зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 36-38 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Т.Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Модны үйлдвэрийн хашааны үүдэнд байсан Э.Мнийн эзэмшлийн Тоёото Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн уг Тоёото Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булга” төвийн хайсыг дайрч уг автомашинд 2.255.400 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Т.Ц нь иргэн Э.Мнийн эзэмшлийн Тоёото Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн Э.Мнийн эзэмшлийн Тоёото Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангийг гэмтээсний улмаас түүнд 2.255.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Мнийн”...Тэгээд буцаад гарч ирсэн чинь машин байхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн манай найз Будхүү залгаад чиний машиныг хэн уначихсан явж байгаа юм намайг сая шахаад, хурдтай явлаа гэж утсаар ярихад нь би машинаа алдчихсан юм хаана явж байгаа талаар асуухад захын уулзвараар дээшээ өгсчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахыгаа дуудаад захын уулзвараар дээшээ явахад Булга төвийн урд миний машин ухарч байгаа харагдсан. Тэгээд буугаад гүйгээд очиход нэг танихгүй залуу миний 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгсөн. Би хэн гэдэг хүн энэ машиныг жолоодож энд ирсэн талаар асуухад нүүрэндээ хагалгааны сорвитой танихгүй хүн барьж ирсэн, доошоогоо зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь очоод Шунхлай колонкын хажууд очиход буурал толгой, жижигдүү үстэй, барилгын гэмээр шар хувцас өмссөн 50 орчим насны эрэгтэй согтуу хүн байсан. Та яагаад миний машиныг авч зугтааж байгаа талаар хэлэхэд яадаг юм гээд зүүн талын бөөр хэсэг рүү өшиглөөд өөдөөс маргалдаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Миний машин нь ухаалаг машин учир түлхүүр нь машин дотроо дунд хайрцагт байсан, коноп дараад асдаг байсан юм. буяны ажлын юм зөөгөөд 4-5 удаа машин доторх эд зүйлийг зөөж байсан. Би ачаа бараа зөөж дуусаагүй, үлдэгдлийг нь зөөх гээд гарч ирэхэд машин байхгүй байсан. Би санаад ороогүй хаалгаа онгорхой орхисон байсан юм. Тухайн согтуу хүн миний зүүн бөөр лүү өшиглөхөд гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний машиныг унаж явсан хүнийг би огт танихгүй хүн байсан. Би Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Тэгээд цаг хараагүй миний гэдэс базлаад байсан болохоор караокед Т.Ц ахыг үлдээгээд би гэр рүүгээ хариад бие засаад унтаад өгсөн. Дараа хүний машин бариад хайс мөргөсөн гэж сонссон. Би Т.Ц ахыг хаанаас хэний машин барьж явсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан согтуу танихгүй хүний машиныг бариад хайс мөргөсөн гэж сонссон. Би цаг хараагүй, ганцаараа алхаад харьсан. Би нэлээн согтуу байсан. Т.Ц ах ч гэсэн нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Мгийн”...Тэгээд үлдэгдэл бараагаа зөөх гээд гараад ирсэн чинь дүүгийн машин байхгүй байсан. Тэгээд манай дүү цагдаа руу дуудлага өгөөд тэр хавиараа хайхад байхгүй байсан. Тэгсэн манай дүү рүү нэг хүн утсаар яриад машиныг чинь хэн бариад байгаа, чиний машин их хурдтай хажуугаар гарлаа гэж утсаар яриад хаана байна гэж асуухад захын уулзварын гэрлэн дохиогоор дээшээ явчихлаа гэж хэлсэн тэгээд дээшээ явахад Булга төвийн урд талын хайсыг нь мөргөчихсөн, хойшоо ухарч байсан, тэгээд хажууд нь очиж зогсоход нэг танихгүй залуу түлхүүрийг нь өгсөн. Манай дүү энэ машиныг хэн барьж ирсэн талаар асуухад нүүрэн дээрээ сорвитой залуу барьж байгаад доошоо зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд манай дүү араас нь хөөгөөд согтуу хөгшин хүнийг бариад удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Тэгээд дүүгийн машиныг журмын хашаа руу авч явсан.  Дүүгийн машиныг унаж явсан хүмүүсийг танихгүй, харж байгаагүй хүмүүс байна лээ, ойролцоогоор 1 км орчим байгаа байх. Манай дүү тухайн хүнд ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй, юмаа зөөж дуусаагүй байхад унаад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бийн”...2022 оны 08 дугаар сарын 13-ны орой цаг хараагүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Булга төвийн хашаанд дотор байх 2 давхар байшингийн урд талын хайсыг нэг машин мөргөж хүчтэй дуу чимээ сонсогдсон. Тэгээд би юу болов гээд цонхоороо харсан чинь цэнхэр өнгийн машин хайс мөргөчихсөн байсан тэгээд гараад харахад жолооч нь байхгүй байсан, нэлээн хүмүүс ирчихсэн бужигнаад байсан тэгсэн тухайн машины эзэн нь гээд нэг залуу ирээд энэ машины жолооч нь хаана байна, хэн энэ машиныг унаж ирэв гээд асуусан тэгэхээр нь би нэг нүүрэндээ сорвитой хүн барьсан байж магадгүй, яваад өгсөн гэж хэлсэн. Тэгсэн тухайн нүүрэн дээрээ сорвитой танихгүй хүн осол болох үед ирж хараад явсан хүн байна лээ. Дараа нь манай төрсөн ах Т.Ц нь 12-07 АРХ улсын дугаартай машиныг жолоодож ирээд машинаасаа буугаад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Тэгсэн хэд хоногийн өмнө над руу утсаар яриад танай Булга төвийн урд талын хашааг манай барилгыг барьж байгаа хүн дайраад эвдэлчихлээ гэж ярьсан. Би ямар хүн, хэрхэн дайрсныг нь мэдээгүй. Тэгээд дараа нь очиж үзэхэд засаж янзлаад хэвийн байдалд оруулчихсан байна лээ. Хашаа бүрэн бүтэн болсон байсан ...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Т.Цийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн АА-22-59 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Т.Цийн иргэн Э.Мнийн эзэмшлийн Тоёото Приус маркийн 12-07 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, уг машиныг унаж явахдаа хайс дайрч гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Цийн бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дуаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр буюу бусдын автомашиныг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явахдаа бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэргийг шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч Т.Цийг бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Э.Мнэд гэмт хэргийн улмаас 2.255.400 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнийг шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан /хх-73/ байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан 1.202.500 төгрөгийг нэхэмжилж, уг нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримтыг ирүүлсэн байна. Шүүгдэгч нь уг хохирлыг  нөхөн төлөхөө илэрхийлж, шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч төлөөгүй байх тул шүүгдэгч Т.Цоос 1.202.500 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Мнэд олгохоор шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  Прокуророос шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажил болон орлогогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул торгох ял оногдуулах боломжгүй юм.

Шүүх хэд хэдэн гэмт  хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульд заасан, шүүхээс шүүгдэгч Т.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул зүйл хэсэг тус бүрд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж  нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож,  шүүгдэгч Т.Цид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

 

Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тайж овогт Тийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Т.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 6/зургаа/ сарын хугацаанд хориглосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           6. Шүүгдэгч Т.Цид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цоос 1.202.500/нэг сая хоёр зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, 43-р байрны 33 тоотод оршин суух хаягтай, Дүйнхэр овогт Эрдэнэбаярын Мнэ/РД:АГ89052811/-д олгосугай.

 

            8. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           10.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР