Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

 

 

                        2023/ШЦТ/07  

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав     

Шүүгдэгч: О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оын Бад холбогдох эрүүгийн 2212000000393 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал .......... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оын Б/РД:АР.............../   

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ............. гэх газраас хууль бусаар 1.5 метрийн урттай, 17 ширхэг буюу 2.34 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, ойн санд 234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000393 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ю.Блын өгсөн:  

“...Экологи эдийн засагт 256.838/хоёр зуун тавин зургаан мянга найман зуун гучин найм/ төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/

 

          *Гэрч Б.Бийн өгсөн:

          “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай аав болох О.Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хэцүүгийн ар гэх газраас бэлтгэсэн гээд галын түлээний мод гэрийнхээ гадаа авч ирж буулгасан. Тухайн үед аав босоо бод тайрч унагаасан байсан. Модыг аав ганцаараа бэлдэж өөрийн эзэмшлийн 36-44 АРА гэсэн дугаартай машинаар тээвэрлэсэн. Аав мод бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн. Одоо гэрт байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/

 

         *Гэрч С.Бын өгсөн:

         “...Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийг хариуцсан байгаль хамгаалагч ажлыг 7 сар хийж байна. О.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай холбоо бариагүй. Би иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө заавар зөвлөгөө өгдөг...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/

 

         *Гэрч З.Лгийн өгсөн:

         “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр О.Б ах мод бэлтгээд дуусчихсан байж байхад би очсон тэгээд ачилцаад өгөөч гэж гуйхаар нь би цуг ачилцаж өгсөн тэгээд гэрийнхээ гадаа буулгасан. Тухайн үед хоёр ширхэг босоо мод тайрч унагаасан байсан. Хэцүүгийн ар гэх ойгоос бэлтгэсэн байсан. О.Б ах ганцаараа байсан. Мод бэлтгээд ачиж явсан 36-44 АРА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл О.Б ахын тээврийн хэрэгсэл байгаа. Мод бэлтгэхдээ хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн. О.Бын гэрт байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

         *Яллагдагч О.Бын өгсөн:

         “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би залуу мод унагаагүй хөгшин босоо мод унагаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаартай”...2.34 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, хэрэглээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 356.838₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 42-43 дугаар тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн АА22-97 дугаартай:

            “...2001 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн 36-44 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 3.576.496/гурван сая таван зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 57-60 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн АЦ22-146 дугаартай:

            “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэ 92.000/ерэн хоёр мянга/ төгрөг, 1.46 сантиметрээс 1.50 сантиметр урттай 17 ширхэг 2.34 метр куб модны үнэ 234.000/хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөг нийт 326.000/гурван зуун хорин зургаан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 63-65 дугаар тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 2-4 дүгээр тал/  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Өлөн даваа гэх газарт байх ........... гэх газраас шүүгдэгч О.Б нь хууль бусаар 1.5 метрийн урттай, 17 ширхэг буюу 2.34 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, ойн санд 234.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ю.Блын”...Экологи эдийн засагт 256.838/хоёр зуун тавин зургаан мянга найман зуун гучин найм/ төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай аав болох О.Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хэцүүгийн ар гэх газраас бэлтгэсэн гээд галын түлээний мод гэрийнхээ гадаа авч ирж буулгасан. Тухайн үед аав босоо бод тайрч унагаасан байсан. Модыг аав ганцаараа бэлдэж өөрийн эзэмшлийн 36-44 АРА гэсэн дугаартай машинаар тээвэрлэсэн. Аав мод бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын”...О.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай холбоо бариагүй...” гэх мэдүүлэг, гэрч З.Лгийн”...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр О.Б ах мод бэлтгээд дуусчихсан байж байхад би очсон тэгээд ачилцаад өгөөч гэж гуйхаар нь би цуг ачилцаж өгсөн тэгээд гэрийнхээ гадаа буулгасан. Тухайн үед хоёр ширхэг босоо мод тайрч унагаасан байсан. Хэцүүгийн ар гэх ойгоос бэлтгэсэн байсан. О.Б ах ганцаараа байсан. Мод бэлтгээд ачиж явсан 36-44 АРА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл О.Б ахын тээврийн хэрэгсэл байгаа...” гэх мэдүүлэг,  гэмт хэргийн улмаас байгаль орчинд 356.838 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Бын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч О.Быг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 356.838 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /356.838*3=1,070,514/нэг сая далан мянга таван зуун арван дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1,070,514/нэг сая далан мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Б нь өөрийн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Бын хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн 36-44 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг ашигласан байх ба  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 36-44 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 36-44 АРХ  улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,070,514/нэг сая далан мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,505,982/хоёр сая таван зуун таван мянга есөн зуун наян хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 234.000/хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.34 метр куб, 17 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Оын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар О.Баас 1,070,514/нэг сая далан мянга таван зуун арван дөрөв/  төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 36-44 АРХ  улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,070,514/нэг сая далан мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,505,982/хоёр сая таван зуун таван мянга есөн зуун наян хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 234.000/хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.34 метр куб, 17 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР