Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Хулд сумын 2-р багт оршин суух, Гэвш овогт Н.О /ЗМ62060815/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Энэ жил 56 настай. Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 10 сарын 1-нээс 1989 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэл хоньчноор, 1980 оны 6 сарын 22-ны өдрөөс 1983 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, цалингийн тооцоо, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн 1985 оны 10 сарын 1-ний өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдрийн  хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.О Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 10 сарын 1-нээс 1989 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй, түүнчлэн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал нь байхгүй гэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.ОДундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 10 сарын 1-нээс 1989 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

  1. Талын цэцэг нэгдлээс Н.О  олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-8-р хуудас/
  2. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 9-13-р хуудас/
  3. Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн цалингийн баримт /хэргийн 22-26-р хуудас/
  4. Н.О 1986 оны 9 сарын 1-ний өдөр олгосон Баярын бичиг /хэргийн 27-р хуудас/ зэрэг бичгийн баримт мөн гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гэвш овогт Н.О-ыг  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 10 сарын 1-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР