Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/18

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, Н.Энхжаргал

Шүүгдэгч: Г.Бд, Ш.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гын Бд, Хорчин овогт Шгийн С нарт холбогдох эрүүгийн 2212000000318 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн .............. газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Гын Бд/РД:АС.........../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын ................. гэх газар оршин суух хаягтай, урьд Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээс 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шгийн С/РД:Г3................./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Гын Бд нь Ш.Стой бүлэглэн Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой хорооллын 3 дугаар гудамжинд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Н.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Боржигон овгийн Шгийн С нь Г.Бдтой бүлэглэн Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой хорооллын 3 дугаар гудамжинд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Н.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

         

            *Эрүүгийн 2212000000318 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Н.Агийн өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг Хашаат сум Баян баг Эрдэнэтолгой хорооллын 3 дугаар гудамжинд хашааныхаа гадаа нар жаргахаас өмнө Ш.С намайг толгойтой үснээс үсдэж чирээд Г.Бд миний нүүр рүү гар хөлөөрөө зэрэг цохиж өшиглөөд байсныг санаж байна. Харин бусад яг юу болсон талаар сайн санахгүй байна би их согтуу байсан нэг мэдсэн Ш.С намайг толгойтой үснээс гудамжинд чирээд Г.Бд нүүр рүү гар, хөлөөрөө цохиж өшиглөөд байсныг л санаж байна. Тэгээд тэр өдрөөс хойш Ш.С, Г.Бд хоёр ирж уучлалт гуйхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Өөр зүйл болоогүй. Би согтуу байсан учир тэрийг сайн мэдэхгүй байна. Харин нэг мэдсэн Ш.С намайг толгойтой үснээс гудамжинд чирээд Г.Бд нүүр рүү гар, хөлөөрөө цохиж өшиглөөд байсныг л санаж байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 дүгээр тал/

 

*Гэрч Н.Оийн өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 билүү 19 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Эрдэнэтолгой хорооллын 3-5 тоотод гэртээ байж байтал хашааны гадаа хүмүүс зодолдоод байгаа юм шиг болохоор нь гэрээс гараад хашааны гадаа юу болж байгаа юм бол гээд гараад хартал манай нөхөр Н.Аг толгойтой үснээс нь Ш.С баруун гараараа үсдэж чирээд хажуу талаас нь Г.Бд гэх залуу манай нөхрийн толгой, нүүр, цээж бие рүү нь өшиглөж цохиод байсан учир би дундуур нь орж салгах гэтэл дийлэхгүй байсан тул ерөөсөө цагдаа дуудаж шалгуулъя гэж бодоод гэртээ ороод гар утсаа аваад гэрээсээ гараад ирсэн чинь Ш.С, Г.Бд хоёр манай нөхрийг зодож байсан газар орхиод манай хажуу талын Н.О ахын хашаа руу яваад орсон өөр зүйл болоогүй.  Тухайн үед намайг гэрээс гарч ирэхэд Ш.С манай нөхрийг гудамжинд толгойтой үснээс нь баруун гараараа үсдэж чирээд харин Г.Бд нь хөл гараараа толгой, нүүр, цээж бие рүү өшиглөж цохиод байсан. Гэхдээ яг хаана нь хэдэн удаа цохиж зодсоныг бол тоолж хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр Н.А, Ш.С, Г.Бд гурав согтуу байсан. Миний тухайн үед харснаар өөрсдийгөө бараг хянах чадваргүй их согтуу байх шиг байсан. Харин манай нөхөр Н.А надад сүүлд Ш.С үсдээд Г.Бд намайг аймар их зодсон гэж ярьж байсан. Манай нөхөр Н.А, Ш.С, Г.Бд гэх иргэд тухайн үед юунаас болж тийм зүйл болсон талаар мэдэх зүйл алга. Урьд өмнө муудалцаж өс хонзон санах зүйл би лав мэдэхгүй юм байна. Намайг гэрээс гарч ирэх үед лав цохиж зодоогүй. Харин Ш.С толгойтой үснээс баруун гараараа үсдэж чирээд Г.Бд гэх залуу толгой, нүүр, цээж рүү нь цохиж өшиглөөд зодуулаад байж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

*Гэрч Н.Оын өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Эрдэнэтолгой хорооллын 3-ын 6 тоотод гэртээ байж байтал Н.А гэх хүн гаднаас согтуу манайд орж ирээд агсам тавиад манай гэрт байсан миний төрсөн эгчийн хүү Ш.С руу дайраад ганц хоёр алгадаад байхаар нь би боль гээд удалгүй манай гэрээс Н.А, Ш.С хоёр гараад зодолдох гээд Н.А, Ш.Сыг ална гээд чамайг алсан ч яадаг юм бэ гээд Ш.С харин чи муу яахаараа зүгээр байгаа хүн зоддог юм гээд манай хашааны гадаа Н.Аг толгойтой үснээс нь үсдэж чиртэл хажуу талаас манай гэрт тухайн үед унтаж байсан Г.Бд гэрээс гарч ирээд Ш.С ахыг яах гээд байна гээд Ш.С, Н.Аг үсдэж байхад Н.Агийн нүүр рүү нэг удаа өшиглөж харагдсан. Би ер нь зодоон нүдээнээс айдаг учир бушуухан гэртээ орсон. Тухайн үед Н.Аг нэг удаа нүүр рүү нь өшиглөж харагдсан. Өөр цохиж зодохыг нь би хараагүй. Н.А эхэлж манай гэрт орж ирээд Ш.Сод агсам тавиад ална гээд байсан. Харин Ш.С тухайн үед Н.Аг гудамжинд нэг удаа үсдэж чирсэн өөр зүйл би хараагүй гэртээ орсон. Манай гэрт Н.А согтуу орж ирээд Ш.С руу агсам тавихдаа Ш.Сын толгой руу нэг удаа цохиод авах шиг харагдсан. Би юу болж байна гээд гэрээсээ бушуухан гаргасан. Урьд өмнө муудалцаж өс хонзон санах зүйл би лав мэдэхгүй юм байна. Н.А шууд гаднаас манай гэрт орж ирээд Ш.С руу агсам тавиад ална гээд Ш.Сын толгой руу нь нэг удаа цохиод авах шиг болоод гэрээс гараад муудалцаж байтал манай гэрт унтаж байсан Г.Бд гэрээс гарч ирээд Ш.С ахыг яаж байна гээд Н.Аг нэг удаа нүүр рүү нь өшиглөж харагдсан. Би өөр зүйл хараагүй гэртээ орсон. Би тэр үед хутга бол хараагүй. Харин Н.А хутгалж ална гээд гээд өмсөж явсан гутлынхаа баруун түрүүг баруун гараараа ухаад байж харагдсан. Гэхдээ Н.Ад хутга байхгүй байсан. Манайд Н.А ганцаараа согтуу орж ирсэн. Ямар шалтгаантай орж ирснийг бол мэдэхгүй юм. Ш.С, Н.А, Г.Бд гурав согтуу байсан. Миний тухайн үед харснаар өөрсдийгөө хянах чадвартай байсан. Гэхдээ Н.А их согтуу байсан. Ш.С, Г.Бд хоёр жаахан халамцуу манайд орж ирээд Г.Бд унтаад Ш.С юм яриад инээлдээд сууж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

*Яллагдагч Г.Бдын өгсөн:

 “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын төвд байх Н.О гэх ахынд унтаж байсан. Тэгсэн гаднаас нэг хүүхэд орж ирээд гадаа хүмүүс зодоон хийгээд байна гэхээр нь би гэрээс гарахад Ш.С, Н.А маргалдаад байж байсан. Тэгсэн Н.А Ш.Сыг хутгалж ална гэсэн тэгэхээр нь би боль гээд яваад очсон. Намайг очиход Н.А миний өөдөөс чамд хамаагүй чамайг ална гэж хэлээд миний нүүр хэсэг рүү цохисон. Зөрүүлээд шанаа, цээж хэсгийн аль нэг рүү цохиод хоолойг нь гараараа боосон. Тэгсэн Ш.С ах Н.Агийн нүүр хэсэг нэг удаа өшиглөсөн. Тэгээд салцгаагаад гэр гэр рүүгээ орсон. Би Н.Агийн баруун шанаа, цээж хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Н.А миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй. Миний харснаар нэг удаа нүүр хэсэг рүү нь өшиглөсөн түүнээс өөр цохиж зодсоныг би хараагүй. Би тэрийг хараагүй мэдэхгүй байна. Намайг байхад цохиж зодсон асуудал байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Ш.С ах өшиглөсөн. Харин би өшиглөөгүй. Ш.С ахын өшиглөснөөс болсон байх. Миний нүүр рүү цохисонд гэмтэл учраагүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-72 дугаар тал/

 

*Яллагдагч Ш.Сын өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Эрдэнэтолгой хорооллын 3-ын 6 тоотод ээжийн төрсөн дүү Н.О ахынд сууж байтал гаднаас Н.Оийн нөхөр Н.А орж ирээд надтай сайн уу гэхээр нь би сайн гэтэл Н.А намайг яасан том пизда бэ гээд шууд заамдаад аваад намайг гэрээс аваад гарсан. Гэрийн гадаа гараад Н.А намайг хутгалж ална гээд гутлын түрүү хэсэг рүүгээ гараа явуулахаар нь би толгойн үснээс татсан. Тэгсэн Г.Бд гэрээс гарч ирээд чи миний ахыг яаж байна гээд Н.Аг цохиод авсан. Тэгээд намайг Н.О гэр рүү оруулсан. Гэрийн гадаа Н.А, Г.Бд нар үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Би Н.Агийн толгойн үснээс хүчтэй татаж доош дарсан. Өөр надад цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Намайг гэрээс заамдаж аваад гарсан. Миний толгой руу алагдсан уу цохисон уу би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй. Намайг гэр рүү шууд Н.О ах аваад орсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-63 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 357 дугаартай “...Н.Агийн биед хамрын таславчийн муруйлт, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, баруун нүдний зовхи, чихний дэлбээний дотор дээд хэсэгт цус хуралт, хоёр гарын тохойнд зулгаралт, зүүн сүвээнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамрын таславчийн муруйлт, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхи, чихний дэлбээнд цус хуралт, хоёр гарын тохойнд зулгаралт, зүүн сүвээнд цус хуралт, зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101, 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой хорооллын 3 дугаар гудамжинд иргэн Н.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Бд, Ш.С нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой хорооллын 3 дугаар гудамжинд иргэн Н.Атай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Агийн“...Ш.С намайг толгойтой үснээс гудамжинд чирээд Г.Бд нүүр рүү гар, хөлөөрөө цохиж өшиглөөд байсныг л санаж байна. Тэгээд тэр өдрөөс хойш Ш.С, Г.Бд хоёр ирж уучлалт гуйхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Оийн“...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 билүү 19 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Эрдэнэтолгой хорооллын 3-5 тоотод гэртээ байж байтал хашааны гадаа хүмүүс зодолдоод байгаа юм шиг болохоор нь гэрээс гараад хашааны гадаа юу болж байгаа юм бол гээд гараад хартал манай нөхөр Н.Аг толгойтой үснээс нь Ш.С баруун гараараа үсдэж чирээд хажуу талаас нь Г.Бд гэх залуу манай нөхрийн толгой, нүүр, цээж бие рүү нь өшиглөж цохиод байсан учир би дундуур нь орж салгах гэтэл дийлэхгүй байсан тул ерөөсөө цагдаа дуудаж шалгуулъя гэж бодоод гэртээ ороод гар утсаа аваад гэрээсээ гараад ирсэн чинь Ш.С, Г.Бд хоёр манай нөхрийг зодож байсан газар орхиод манай хажуу талын Н.О ахын хашаа руу яваад орсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Н.Оын”...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Эрдэнэтолгой хорооллын 3-ын 6 тоотод гэртээ байж байтал Н.А гэх хүн гаднаас согтуу манайд орж ирээд агсам тавиад манай гэрт байсан миний төрсөн эгчийн хүү Ш.С руу дайраад ганц хоёр алгадаад байхаар нь би боль гээд удалгүй манай гэрээс Н.А, Ш.С хоёр гараад зодолдох гээд Н.А, Ш.Сыг ална гээд чамайг алсан ч яадаг юм бэ гээд Ш.С харин чи муу яахаараа зүгээр байгаа хүн зоддог юм гээд манай хашааны гадаа Н.Аг толгойтой үснээс нь үсдэж чиртэл хажуу талаас манай гэрт тухайн үед унтаж байсан Г.Бд гэрээс гарч ирээд Ш.С ахыг яах гээд байна гээд Ш.С, Н.Аг үсдэж байхад Н.Агийн нүүр рүү нэг удаа өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 357 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

 Шүүгдэгч Г.Бд, Ш.С нар нь хохирогчийн эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, баруун нүдний зовхи, чихний дэлбээний дотор дээд хэсэгт цус хуралт, хоёр гарын тохойнд зулгаралт, зүүн сүвээнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нарын өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бд, Ш.С нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Бд, Ш.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мөнхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Бд, Ш.С нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Бд, Ш.С нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гын Бд, Хорчин овогт Шгийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд, Ш.С нарыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд, Ш.С нар нь шүүхээс оногдуулсан 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд, Ш.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Бд, Ш.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрэхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бд, Ш.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР