| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Бын Гт холбогдох эрүүгийн 2212000000327 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 61 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ...................... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржгон овогт Бын Г/РД:АН................/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бын Г нь 2022 оны 09 дүгээр сарын 01 -ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Голомт банканд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Нийн гээгдүүлсэн Самсунг А-31 маркийн гар утсыг олж завшин, түүнд 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000327 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Нийн өгсөн:
“...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкны эдийн засагчтай уулзаж зээл хөөцөлдөх ажилтай үйлчлүүлж байсан. Тэгээд эдийн засагчтай уулзаж байгаад өдрийн 15 цагийн үед Голомт банкнаас гарч 999 төвийн үүдэнд очоод утсаа үлдээснээ сангаад эргэж орж ирээд тавьсан газраа үзтэл байхгүй байсан. Тэгээд эдийн засагчаасаа утсаа асуутал мэдэхгүй байсан. Эдийн засагч захирал дээр ороод камер шүүлгүүлчих гэж хэлсэн. Захирал дээр нь орох гэтэл хүнтэй байна гээд цаг гаран хүлээлгэсэн. Тэгээд болохгүй болохоор нь гарчхаад орж иртэл хүн нь гараад явсан. Тэгээд захирал дээр нь ороод шүүгээд өгчих гэтэл утсаар яриад бас цаг болсон. Тэгээд утсаар ярьж дуусчихаар нь би утсаа алдчихлаа камер шүүгээд өгөөч гэтэл цагдаа дууд гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Тэгсэн цагдааг шүүлгэхгүй албан тоот өг гээд байсан. Самсунг А-31 маркийн хар өнгийн утас. Би тухайн утсаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 999 төвөөс 750.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гомдолтой байна. Миний утсыг олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/
*Хохирогч Б.Нийн дахин өгсөн:
“...Би тухайн үед зээл хөөцөлдөж явсан яг тэр ажил ихтэй үедээ утсаа алдчихаад зээлээ гаргаж чадаагүй ажлаа алдсан. Мөн буцаж ороод камер шүүе гэхэд миний утсыг авсан гэх дээлтэй хүн зогсож байсан юм байн лээ яг тухайн үед тэр утас авсан ах миний утсыг гаргаад өгсөн бол би баярлалаа гэж хэлээд аваад гараад явах байсан учир нь би цаанаа маш их ажилтай явж байгаад утсаа алдаад ажлаа хөөцөлдөж чадаагүй болсон тул тухайн утас авсан хүнд гомдолтой байна. Хүний юм авчихаад намайг хажуугаар нь утсаа хайж явсныг мэдсээр байтал нуусан нь миний утсыг санаатай авсан гэж бодож байна. Цэнэглэгчийн мөнгөө нэхэмжилж байна мөн би хүнээс 5 сая төгрөгийн зээл богино хугацаанд эргүүлж өгөх өндөр хүүтэй мөнгө зээлсэн байсан тэгээд банкнаас мөнгө зээлээр аваад тухайн өдрөө хүү алдалгүй мөнгийг эргүүлж өгөх гэж байсан юм гэтэл утас алга болсон асуудлаас болоод 2 хоногийн хугацаа алдаад хоёр хоногийн хүү нэмж бодогдсон юм. Иймээс мөнгөний хоёр хоногийн хүү нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/,
*Яллагдагч Б.Гийн өгсөн:
“...Би хүний гар утсыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банканд үйлчлүүлж байхад миний сууж байсан сандлын хажууд нэг гар утас байсан. Тэгэхээр нь нөгөө гар утсыг би авсан нь үнэн. Түүнээс хулгай хийж аваагүй. Харин нөгөө гар утсыг нь буцаагаад өгсөн. Хар өнгийн гар утас байсан. Би гар утасны утасны марк мэдэхгүй болохоор ямар маркийн гар утас байсан талаар мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас хүн ирэхлээр нь өгсөн юм. Нэлээн хэсэг хугацааны дараа өгсөн. Миний авсан гар утасны эзэн болох хүнийг таниагүй болохоор өгөөгүй. Би гар утас асууж байсан хүн байсан эсэхийг мэдээгүй. Мөн дуулаагүй. Хэрэв дуулсан бол тухайн үед хүнд нь өгөх байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дугаартай: “...2022 оны 06 дугаар сард худалдан авч байсан Самсунг-А-31 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын байдлаар 390/гурван зуун ерэн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 21 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 43 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 01 -ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Голомт банканд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Нийн гээгдүүлсэн Самсунг А-31 маркийн гар утсыг олж завшин, түүнд 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Г үйлдсэн болох нь хохирогч Б.Нийн”...Тэгээд эдийн засагчтай уулзаж байгаад өдрийн 15 цагийн үед Голомт банкнаас гарч 999 төвийн үүдэнд очоод утсаа үлдээснээ сангаад эргэж орж ирээд тавьсан газраа үзтэл байхгүй байсан. Тэгээд эдийн засагчаасаа утсаа асуутал мэдэхгүй байсан. Эдийн засагч захирал дээр ороод камер шүүлгүүлчих гэж хэлсэн. Захирал дээр нь орох гэтэл хүнтэй байна гээд цаг гаран хүлээлгэсэн. Тэгээд болохгүй болохоор нь гарчхаад орж иртэл хүн нь гараад явсан. Тэгээд захирал дээр нь ороод шүүгээд өгчих гэтэл утсаар яриад бас цаг болсон. Тэгээд утсаар ярьж дуусчихаар нь би утсаа алдчихлаа камер шүүгээд өгөөч гэтэл цагдаа дууд гэсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг, гэм буруутай этгээд гээгдэл эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн завшсанаар гэмт хэргийн шинж хангагдах юм. Шүүгдэгч Б.Гийн гар утас бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж бусдын гар утсыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нт 390.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Н нь хохирол болох утсаа авсан талаар мэдүүлсэн. Харин гэмт хэргийн улмаас өөрт нь хор уршиг учирсан тул 600.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Бын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР