Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0011

 

 

 

 

 

   “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн захирал А.Ж

Нэхэмжлэгч: “ТБ” ХХК

Хариуцагч: “МТЗ” ТӨХК

Гуравдагч этгээд: “СГ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “МТЗ ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаар СГ ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, МТЗ ТӨХК-аас СГ ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-**** дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 921 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0668/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч “МТЗ” ТӨХК-д холбогдуулан ““МТЗ” ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаар “СГ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “МТЗ” ТӨХК-аас “СГ” ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-**** дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 921 дүгээр шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХХК-аас “МТЗ” ТӨХК-д холбогдуулан гаргасан “МТЗ” ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаар “СГ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “МТЗ” ТӨХК-аас “СГ” ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-**** дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн захирал А.Ж  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын нэг хэлбэр нь шүүхийн шийдвэр өөрөө шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүгүй байх буюу шүүх зөвлөлдсөний эцэст хэргийн оролцогчид танилцуулсан шийдвэрийн агуулга хуульд заасан хугацааны дотор түүнийг бичгээр албажуулж гарсан шийдвэр хоёр зөрүүгүй байх явдал юм. Тодруулбал анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэргийг шийдвэрлэж шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагын 3 шаардлагын тухайд захиргааны акт биш тул хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг үндсэн захиргааны актад гомдол гаргаагүй, түүнд маргаагүй тул шүүхээс шийдвэрлэх боломжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарч байна гэж танилцуулсан байдаг бол шүүхийн шийдвэрийг бичгээр албажуулан гаргахдаа хэргийг хууль зүйн хүрээнд эцэслэн дүгнэж шийдвэр хэлбэрээр албажуулан гаргасан байна.

 

3.2. Анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар буюу нэхэмжлэлийн 3 шаардлагын тухайд захиргааны хэргийн харьяаллын бус нэхэмжлэл гэж, үлдэх шаардлагуудын тухайд захиргааны байгууллагаас гаргасан гэрээ, эс үйлдэхүй буюу татгалзал хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийлгүй шүүхээс шийдвэрлэх боломжгүй байна гэх агуулгаар дүгнэлт хийсэн хэрнээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг баримтлан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

 

3.3. Анхан шатны шүүх “МТЗ” ТӨХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 4 дүгээ сарын 26-ны өдрийн 1/754 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл” хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг захиргааны актын шинжийг агуулаагүй буюу Үнэлгээний хорооны шийдвэрийг дамжуулах, мэдэгдэх шинжтэй гарсан эрх зүйн үр дагаваргүй гэж дүгнэн шүүхийн шийдвэртээ Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаар хяналтын тогтоолыг тэмдэглэсэн байдаг. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2024.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.1-т “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах”, 48.2.2-т “үнэлгээний хороо байгуулах”, 48.2.3-т “үнэлгээний хорооны оны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.1-т “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус зааснаас үзэхэд захиалагч үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хороо нь захиалагчийн баталсан төсөв, түүнээс өгсөн чиг үүргийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд худалдан авах ажиллагааны үр дүн буюу шийдвэрийг зөвхөн захиалагч эцэслэн гаргахаар байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороо болон захиалагч нь ашиг сонирхлын хувьд 1 этгээд бөгөөд үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдсан үндэслэл, агуулга захиалагчийн гаргасан шийдвэрийн үндэслэл, агуулга нэг ижил байдаг байна.

 

3.4. ...Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 онд батлагдсан хуучин хууль тогтоомж/-ийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заасан байдаг бол хуулийн шинэчилсэн найруулгад үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлт гэсэн ойлголт, нэр томьёо хасагдан, хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-д зааснаар үнэлгээний хороо нь захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж гаргахаас гадна 29 дүгээр зүйлийн 29.3-д “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна”, 50.11-д “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглоно”, 50.12-т “Үнэлгээний хороо шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана” гэж шинэчилсэн заалтаас үзэхэд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь заавал гардуулагдах, танилцуулагдах шаардлагагүй буюу захиргааны актын үндсэн 6 шинжийн гадагш чиглэсэн байх, эрх зүйн үр дагавар бүхий байх шинжүүдийг агуулахааргүй болсон байна.

 

3.5. Харин шинэчилсэн хууль тогтоомжийн хүрээнд шинээр тусгагдсан үнэлгээний хорооны зөвлөмжийг захиргааны акт гэж үзэх тохиолдолд хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-д заасны дагуу үнэлгээний хорооны зөвлөмжид гэрээ байгуулах эрх олгох, тендерээс татгалзах, тендер шалгараагүй тухай гуравуулаа бүрэн тусгагдан захиалагчид хүргэгдэх байтал хэрэгт сүүлд нотлох баримтаар авагдсан захиалагч “МТЗ” ТӨХК-ийн үнэлгээний хорооны зөвлөмж нь зөвхөн хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөсөн байснаас үзэхэд нэхэмжлэгч компани нь тендер шалгараагүй тухай ямар эрх зүйн баримт бичиг буюу захиргааны актад холбогдуулан гомдол гаргаж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эсэх нь тодорхойгүй болохоор байна.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд захиалагчийн тендерээс татгалзах тухай мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь захиргааны актад тавигдах шинжүүдийг бүрэн агуулж байгаа буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдсөн байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0921 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.1. Нэхэмжлэгч “ТБ” ХХК-аас “МТЗ” ТӨХК-д холбогдуулан гаргасан ““МТЗ” ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаар “СГ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “МТЗ” ТӨХК-аас “СГ” ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-**** дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

2.2. Улмаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...“МТЗ” ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаар “СГ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж уг мэдэгдлүүдийг болон МТЗ” ТӨХК-аас “СГ” ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-**** дугаар гэрээг хүчингүй болгуулах”-аар маргаж буй талаараа тодорхой дурджээ.

 

2.3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгчээс захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрүүд нь хуульд заасан холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж маргаж байхад анхан шатны шүүхээс ямар тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрийн эрхийн хүрээнд бүрэн тодруулахгүйгээр “...МТЗ ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаар СГ ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ... хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ нь захиргааны акт болж байгаа хэдий ч энэхүү гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акттай нэхэмжлэгч маргаагүй байгаа энэ тохиолдолд тус гэрээ хууль бусаар байгуулагдсан гэж шүүхээс дүгнэн шийдвэрлэх боломжгүй, ... нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагын хувьд... шүүхээс тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой асуудлыг дүгнэж шийдвэрлээгүй учир уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж тус тус дүгнээд хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

2.4. Анхан шатны шүүх шийдвэртээ Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаар тогтоолыг дурдсан байх хэдий ч энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд “МТЗ” ТӨХК-ийн “ТБ” ХХК-ийг тендерээс татгалзсан шийдвэрийг бид хууль бус, хуульд нийцээгүй гэж үзэж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа энэ тохиолдолд мэдэгдэх хуудсыг шууд акт биш гэж үзэх боломжгүй.

 

2.5. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй “МТЗ” ТӨХК-аас “СГ” ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-**** дугаар гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжиж байгаа эсэхтэй холбоотойгоор хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих эсэхийг мөн тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх байжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс эсхүл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус гэрээ хэрэгжиж дууссан эсэхээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эсэхийг мөн тодруулах шаардлагатай.

 

2.6. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой” гэсэн үндэслэлээр тус тендерийг үнэлсэн Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8659 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авч хамтран хариуцагчаар “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/175 дугаар тушаалаар тус тус байгуулагдсан “Үнэлгээний хороо”-г татан оролцуулсан байх ба 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар Үнэлгээний хороо татан буугдсантай холбоотойгоор эрх залгамжлагчаар “МТЗ” ТӨХК-ийг тогтоож, Тендерийн үнэлгээний хороог хариуцагчаас хасаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

 

2.7. Учир нь нэхэмжлэгчээс тендерийн Үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлон маргасан байхад анхан шатны шүүх “Үнэлгээний хорооны шийдвэр буюу захиргааны актын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс Үнэлгээний хорооны шийдвэр, шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй нь буруу байна. Тухайлбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэл зориг нь тодорхой буюу өөрийн оролцсон тендер шалгаруулалтын шийдвэрийг эс зөвшөөрч маргасан, хариуцагчаар захиалагч болон үнэлгээний хороог аль алиныг нь татсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр мэдэгдэл акт биш гэх үндэслэлээр маргах эрхийг хязгаарласан шинжтэй болжээ.

 

2.8. Шүүх  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан хариуцагч нь “ТБ” ХХК-ийг өр төлбөртэй эсэхийг тодруулж, энэ талаарх баримтыг холбогдох сайтаас татаж авах үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг маргаан бүхий “Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх,  гуравдагч этгээд “СГ” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан эсэх зэрэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой үндэслэлүүдэд дүгнэлт өгөлгүйгээр шууд “... нэхэмжлэгч гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акттай маргаагүй, ...шүүхээс тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой асуудлыг дүгнэж шийдвэрлээгүй” гэж үзээд зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 106 дугаар зүйлийн 106.7-д тус тус заасантай нийцэхгүй байна.

 

2.9. Ийнхүү анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийхгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

2.10. Нэгэнт дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 921 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА