Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г-ын А-д холбогдох эрүүгийн 2235001850245 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 57 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн .... дугаар хороо дунд Дарь-Эх гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Г-ын А /РД:............../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бургастай гэх газарт ..... УНМ улсын дугаартай Тоёота раум загварын авто машин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Л.С-ний насыг хохироосон, хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бургастай гэх газарт ..... УНМ улсын дугаартай Тоёота раум загварын авто машин жолоодож яваад, авто машин онходсоны улмаас насанд хүрээгүй зорчигч Л.С нас барсан, Б.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-14 дэх тал),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 19-26 дахь тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 95-97, 102-106 дахь тал),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.И-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө Өмнөговь сумаас Улаанбаатар хот руу өөрийн нөхөр лүүгээ явах зорилгоор Өмнөговь сумаас өөрийн нагац эгч Б.Э, түүний нөхөр Г.А, зээ хүү нь болох Г нартай хамт Г.А гэх хүний машинтай 8 цаг өнгөрч байхад явсан  бөгөөд сумын төвөөс гараад 60 орчим км явж байтал гэнэт машины бөгс нь хальтирах шиг болсон тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна. Тэгээд нэг ухаан ороод хартал миний хажууд сууж байсан миний охин /амь хохирогч / Л.С нь байхгүй байхаар нь машинаас буугаад хүүхдээ хайтал машинаас урд зүгт 1 метр орчимд дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд Г.А ах бид хоёр очтол амь хохирогч нь ямар ч ухаангүй байсан бөгөөд толгой хэсэг нь нэлэнхүүдээ сонин хавтгай болчихсон байсан. Тэгээд Г.А ах тэврээд машины хажууд аваачиж хэвтүүлсэн ба Г.А ах замд явж байсан мотоциколтой 2 залууг гуйж цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн юм. Тухайн үед Г.А ах жолоо барьж байсан бөгөөд Б.Э эгч урд жолоочийн эсрэг талд харин миний охин С, Г бид гурав хойд талд сууж байсан. Би тухайн үед баруун талын хаалганы хажууд харин амь хохирогч голд, зүүн талдаа Г сууж байсан юм. Жолооч Г.А ах болон Э эгч хоёр суудлын бүсээ бүсэлсэн байсан харин амь хохирогч, Г бид гурав суудлын бүсээ огт бүслээгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

Хохирогч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн нөхрийн хамт Улаанбаатар хотоос Увс аймгийн Өмнөговь суманд өөрийн охины ..... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр очсон. Тэгээд бид хоёр Өмнөговь суманд хэд хоног байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу явхаар болоод өглөө нь өөрийн зээ хүү Ц.Г, миний нөхөр А, миний төрсөн дүүгийн охин болох И, И-гийн охин С бид нар явахаар болсон. Тэгээд тухайн өглөө Өмнөговь сумаас гарахдаа ачаа тээшээ янзлаад Өмнөговь сумаас гарцгаасан юм. Тэгээд бид нар Өмнөговь сумаас гараад 1 цаг орчим явж байтал гэнэт машины хойд дугуй шарваж машин онхолдсон тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна. Би ухаан ортол намайг машины хажууд газарт хэвтүүлсэн миний зээ охин болох И уйлчихсан охиноо тэврээл сууж байсан харин миний хажууд миний зээ хүү болох Г хэвтэж байсан. Тухайн осол болох үед миний нөхөр Г.А нь жолоо барьж байсан харин би хажуу талд нь суугаад машины хойд суудалны баруун талд И, дунд нь С, зүүн талд нь Ц.Г сууж байсан юм. Тухайн осол болох үед Г.А бид хоёр суудлын бүс бүсэлсэн харин ард талын суудал дээр сууж байсан хүмүүс суудлын бүс зүүгээгүй байсан юм. Тэгээд цагдаа эмч нар ирээд бид нарыг аваад явсан юм. Надад ямар нэгэн номдол санал нэхэмжлэх зүйл бахйгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн:” Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн өвөө Г.А, эмээ Б.Э, нагац эгч И, түүний охин С нарын хамт Увс аймгийн Өмнөговь сумаас Улаанбаатар хот руу гарсан юм. Тэгээд Өмнөговь сумаас гараад явж байтал гэнэт машин шарвах шиг болоод машин онхолдсон тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тухайн үед би ухаан балартсан байсан бөгөөд нэг ухаан ортол эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн автомашиныг миний өвөө болох Г.А жолоодож байсан харин хажуу талд нь миний эмээ Э сууж байсан харин би хойд талын суудал дээр зүүн талын хаалга талд, харин голд нь С хөндлөнгөөрөө ээжийнхээ хөлийг дэрлээд унтаж байсан. Харин И эгч баруун талын хаалга талд сууж байсан. Би яг машин хэдэн км/ц хурдтай явж байсныг сайн мэдэхгүй бага зэрэг хурдтай явж байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь  тал),

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ажилл дээрээ байтал миний төрсөн эгч Ц над руу залгаж аав машинтай онхолдсон байна гэнэ яаралтай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гэр лүүгээ буюу БЗД-ийн ...-р хороо ..... тоот очиж 2022 оны 9  дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг руу автобусаар очсон. Тэгээд очиход  миний ээж Э, миний хүү Г нар эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд миний аав Г.А нь асарч байсан. Тэгээд би ааваас юу болсон талаар асуухад тал дээр явж байтал машины бөгс нь шарваад онхолдож газар дээрээ 3 эргэсэн гэж надад хэлсэн. Миний  хүү болох Г-ийн биед тухайн үед ослын улмаас тархинд цус хурсан, аарцаг яс цуурсан байна гэж хэлсэн. Гэхдээ одоогоор миний хүүхдийн биеийн байдал хэвийн болсон бөгөөд тархинд хурсан цус нь шимэгдсэн, аарцаг ясны цуурал бороолж эдгэрсэн байгаа бөгөөд одоогоор хичээл сургуульдаа явж байна. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),

Шинжээч эмчийн цогцост хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай “Амь хохирогч Л.С-ний биед зүүн чихний дэлбэнгийн ард ясанд хатгагдсан шарх, дагз, баруун, зүүн чамархай хэсгийн хуйхны доор цус хуралт, дух баруун, зүүн зулай, дагз, суурь, яснуудыг, хамарсан олон тооны хугарал, хатуу халсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, баруун зүүн бугалга, ясны далд хугарал, дух, баруун, зүүн шанаа, хамар, баруун хацар, уруул эрүүний урд хэсэгт, баруун шуу, хэвлий, зүүн ташааны ирмэгт, бүсэлхийн баруун ард зулгаралт, зүүн шуу, бугалга, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, баруун доод 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 3 дугаар шүдний сэтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нэг дор үүссэн байх боомжтой. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Талийгаач Л.С нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 98-101 дэх тал)

Увс аймгийн шүүхийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13643 дугаартай “ Б.Э-гийн биед хүзүүний 1, 2-р нугаламын их бие, 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэн, хүзүүний 4-р нугалмын баруун үений сэртэн, хүзүүний 7-р нугалмын арын нум, арын сэртэн дайрсан, зүүн foramen vertebralis дайрсан хугарал, зүүн зулай, чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 130-132 дахь тал)

Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө 08 цагийн үед Увс аймгийн Өмнөговь сумаас Улаанбаатар хот руу чвах зорилгоор өөрийн эхнэр Б.Э, зээ хүү Ц.Г, зээ охин И, түүний охин амь хохирогч С нарын хамт өөрийн охины ..... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Өмнөговь сумаас гарсан юм. Тэгээд Өмнөговь сумаас гараад 70 орчим км яваад тариалан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Бургастай гэх газарт явж байтал гэнэт машины хойд тал шарвасан чигтээ онхолдож 2, 3 удаа газраар эргээд дөрвөн дугуйн дээр зогссон юм. Тэгээд би машинаас буугаад дотор нь сууж байсан хүмүүсийг хартал миний хажууд сууж байсан миний эхнэр Б.Э ухаангүй харин хойд талд сууж байсан 2 хүүхэд буюу амь хохирогч Л.С, миний зээ хүү Ц.Г нар байхгүй И толгойгоо бариад сууж байсан. Тэгээд би машин дотор байсан 2 хүүхдийг хайтал машинаас урд зүгт 1 метр орчим зайд хэвтэж байсан. Тэгээд би зээ хүү Г-ийг очоод харахад толгой болон хамарнаас цус гарсан байдалтай ухаангүй байхаар нь машины хажууд газарт хэвтүүлээд эргэж очоод амь хохирогчийг автал нүүр ам нь хөхөрсөн ямарч ухаангүй байсан бөгөөд нас барсан байхаар нь машины хажууд газарт хэвтүүлээд дээгүүр нь дээлээр бүтээсэн тэгээд би өөрийн энхэр Б.Э-г машинаас буулгаад мөн машины хажууд хэвтүүлсэн юм. Би тухайн үед ойролцоогоор 60 км/ц хурдтай явж байсан бөгөөд машиныхаа миллыг би өөрөө хараад явж байсан. Тухайн үед би машиныхаа тос маслыг үзээд 4 дугуйгаа чангалаад запас дугуйгаа Өмнөговь сумын дугуй засварчин Н-оор нөхүүлж аваад гарсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан. Би амь хохирогчийн ээж болох И-д 1.000.000 төгрөг өгсөн бөгөөд хамаатан садан хүмүүс тул тухайн хүмүүс огт мөнгө төгрөг авахгүй гээд байгаа юм. Гэхдээ миний бие цаашид үргэлж харж хандах болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн  189-190 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь  Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Г.А нь ...... УНМ улсын дугаартай “Тоёота раум” загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиолдол хамаарч байна.

Жолооч Г.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэж заасныг зөрчиж, тухайн замын нөхцөлд тохирсон хурдыг сонгож яваагүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

Шинжээч эмчийн цогцост хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай “Амь хохирогч Л.С-ний биед зүүн чихний дэлбэнгийн ард ясанд хатгагдсан шарх, дагз, баруун, зүүн чамархай хэсгийн хуйхны доор цус хуралт, дух баруун, зүүн зулай, дагз, суурь, яснуудыг, хамарсан олон тооны хугарал, хатуу халсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, баруун зүүн бугалга, ясны далд хугарал, дух, баруун, зүүн шанаа, хамар, баруун хацар, уруул эрүүний урд хэсэгт, баруун шуу, хэвлий, зүүн ташааны ирмэгт, бүсэлхийн баруун ард зулгаралт, зүүн шуу, бугалга, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, баруун доод 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 3 дугаар шүдний сэтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Талийгаач Л.С нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 98-101 дэх тал),

Увс аймгийн шүүхийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13643 дугаартай “ Б.Э-гийн биед хүзүүний 1, 2-р нугаламын их бие, 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэн, хүзүүний 4-р нугалмын баруун үений сэртэн, хүзүүний 7-р нугалмын арын нум, арын сэртэн дайрсан, зүүн foramen vertebralis дайрсан хугарал, зүүн зулай, чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 130-132 дахь тал)-үүдээр энэ зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй зорчигч  Л.С-ний биед гэмтэл учирч, нас барсан, зорчигч Б.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А-ийн ..... УНМ улсын дугаартай “Тоёота раум” загварын автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь насанд хүрээгүй зорчигч Л.С-ний амь нас хохирсон, зорчигч Б.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан явдалтай шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Г.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасныг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй тул эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан насанд хүрээгүй Ц.Г-ийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн хууль бус шийдвэрийг прокурор хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчээр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хуулийн агуулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн байна.

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Шүүгдэгч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх, зөрчсөн бол уг энэ нь гэмт хэрэг мөн эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Гэтэл мөрдөгч “Жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоолгох”-оор шинжээч томилож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгааг тэмдэглэж, цаашид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулах нь зүйтэй.

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын  шинжээчийн  2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22/217 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 166-167 дахь тал) гэх зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байгаа тул нотлох баримтаар үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйг дурдаж байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд “2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 213 дахь тал),

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Ц.Г-ийн хууль ёсны төлөөлөгч  А.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Г миний хүү 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өвөө эмээтэйгээ хамт явж байх үедээ осолд орж хөнгөн гэмтэл авсан үнэн болно. Миний бие ямар нэгэн гомдол, санал,  нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх баталгаа гарган гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 214 дэх тал),

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч  А.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний бие аав болох Г.А-д ...... УНМ улсын дугаартай автомашинаа зарж нэр шилжүүлж амжаагүй байсан тул ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх баталгаа гарган гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 215 дахь тал),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.И нь мөрдөн байцаалтад “Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн осолд орж улмаар хүүхдээ алдсан бөгөөд тухайн үед өөрийн хүүхдээ тэвэрч явсан. Уг осол хормын зуур болсон миний хүргэн ах Г.А миний охины буяны ажилд 1.000.000 төгрөгийн хохирол гэж хандивласан тул надад гомдол санал, хүсэлт байхгүй болно.” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 216 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгч Г.А-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.А нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Жолооч Г.А-ийн согтуурлын зэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цаг 13 минутанд Драгер 7510 загварын ARLM-0262 сериал дугаартай багажаар шалгахад 0.00%-ийн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15, 18 дахь тал)-ээр амьсгал дахь спиртийн хэмжээг шалгахад түүний амьсгалд спирт илрээгүй байх тул шүүгдэгч Г.А-ийг эрүүл  байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.А урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 195 дахь тал)–аар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.А-ийн хувийн байдал болон зан төлөвийн талаар Гэрч Б.Э өгсөн: “Бид хоёр гэр бүл болоод 25 жил болж байгаа. 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид хоёр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26-р хороонд амьдардаг. Г.А цагаан цайлган зантай, хэлэх үгээ хэлчихдэг, олон таван үг дэлгээд яриад байдаггүй, архи хааяа уучихдаг боловч агсам согтуу тавиад байдаггүй, тамхи татдаг, өөр элдэв муу зуршил байхгүй. Бусдад тусархуу зантай, аливаа зүйлийг эерэг талаас нь харж ойлгож тайлбарлаж явдаг, хүлээцтэй зантай хүн байгаа юм. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал), Гэрч Ц.Г-ын өгсөн: “Г.А ах төлөв даруу зантай,  дуу цөөтэй, архи ёогтууруулах ундаа хэрэглэдэггүй, найрсаг зантай, хань ижил үр хүүхдүүддээ түшиг тулгууртай, уур нээх их байдаггүй гэр орныхоо ажил төрөлд сайн эхнэр хүүхдээ сайн халамжилдаг, ноён нуруутай сайн монгол эр хүн, айл гэрийн түшиг тулгуур, бусадтай хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, бусдад тусархуу, их төлөв даруу хүн юм. Урьд өмнө хэрэг зөрчилд огт холбогдож байгаагүй хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Г.А-д ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид шууд  эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг түүний оршин суугаа газар болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.А-ийн ........ дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Я-д даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Г-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан  “жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7.  Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  шүүгдэгч Г.А-ийн ............ дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Я-д даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                         

               

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ