Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүххуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Б-ийн Ө-т холбогдох эрүүгийн 2335000000004 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, Тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Увс аймгийн .......... сумын Эрүүл мэндийн төвд ........ ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Увс аймгийн ........... гудамж, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овгийн Б.гийн Ө /РД:....................../,

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Ж-ийн 2022 оны 5 дугаа сарын сүүлчээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт гээгдүүлсэн Самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Ө-ийг бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Ж-ийн 2022 оны 5 дугаа сарын сүүлчээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт гээгдүүлсэн Самсунг А-51 загварын гар утсыг авч завшсан болох нь:

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

Хохирогч Б.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4-р багт хувиараа дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2022 оны 05 сарын сүүлчээр Цагаанхайрхан сумын төв дээр өөрийнхөө эзэмшлийн самсунг А51 маркийн гар утсыг гээгдүүлсэн. Тэгээд сумын төвийн зарын группд зарлаж олдоогүй юм. Тухайн үед гар утсаа хаана хаяснаа санахгүй байсан тул өөрийнхөө явсан газруудаар хайгаад олоогүй, уг нь худагнаас ус авах үед мотоцикльтой явж байгаад халааснаас унагаасан байх гэж бодсон. Тэгээд би яг гар утсаа алдаад яг юу хийхээ мэдэхгүй байсан тул цагдаад өргөдөл гомдол гаргахгүй хаясан. Тухайн гар утсыг алдсан тухай миний эхнэр А мэдэж байгаа, өөр мэдэж байгаа хүн байхгүй. Уг гар утсыг яг хэзээ алга болгосон өдрийн сайн санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 05 дугаар сарын сүүлчээр алга болгосон... Миний гар утсан дотор миний өөрийн зураг нэг их байгаагүй. Өөрийнхөө Жи майл хаягаар нэвтэрч орж фейсбүүк, мессенжер татаж авч ашиглаж байсан. Би гомдолтой гээд яах уу, би гар утсаа өөрийнхөө хайхрамжгүй байдлаас болж гээсэн байгаа. Тухайн гар утсыг 850,000 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын сүүлчээр худалдаж авсан байсан. Б.Ө-ийн барьж байсан гар утас миний алдсан гар утас мөн байна. Уг нь тухайн гар утсанд дээр миний зураг болон бусад зүйлүүд байсан, бүгдийн устгасан байна. Тухайн олж авсан хүн тэр үедээ надад авчирж өгсөн бол би шагнаж хэдэн төгрөг өгөх байсан юм. Б.Ө гэх иргэн надад гар утасны үнэлгээ болох 850.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр надад авчирж өгч барагдуулсан. Би нэгэнт хүн ашигласан утсыг авахгүй гэж хэлээд надад хүлээлгэж өгсөн гар утсыг буцаагаад Б.Ө-т өөрт нь өгсөн юм. Миний хохирлыг бүрэн арилгасан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 7 дахь тал),

Гэрч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Б.Ж миний нөхөр болдог юм. Би өдөр хоногийн сайн санахгүй байна. 2022 оны 05 дугаар сарын сүүлчээр байх гар утсаа гээчихлээ, хайгаад олж чадсангүй, залгасан чинь холбогдох боломжгүй байна гэж ярьж ирсэн. Тэгээд миний фейсбүүк хаягнаас фейсбүүк дээр зар тавиад байх шиг байсан. Тэгээд тэр гар утас нь олдоогүй юм. Б.Ж нь Самсунг галакси А51 маркийн гар утас ашиглаж байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сард 850000 төгрөгөөр таньдаг хүнээс зээлээр мөнгийн хувааж өгөхөөр болж худалдаж авч байсан, шинэ хайрцагтайгаа ирсэн гар утас байсан юм. Тэгээд утасны хайрцаг имей кодыг явуулахад ямар дугаар ашиглаж байгаа тухай гарч ирдэг гэдгийн сонсоод нөхөр Б.Ж нь 2022 оны 10 дугаар сарын сүүлчээр утасныхаа хайрцагийн цагдаад өгчөөд ирлээ гэж хэлж байсан. Тухайн гар утас олдсон, манай нөхөр Б.Ө гэх хүн олж аваад ашиглаж байсан байна, хохирлыг барагдуулж өгөхөөр болсон гэж хэлсэн. Тухайн гар утсыг анх худалдаж авахдаа зээлээр авсан бөгөөд уг мөнгийн өөрсдөө төлж дуусгасан юм. Тухайн үед Б.Ж мотоциклоор усанд явж ирээд гээчихлээ гэж худагний тийшээ 2-3 удаа хайж яваад олж чадаагүй, халааснаас унах шиг боллоо гэж хэлж байсан. Тухайн гар утсанд Б.Ж скайтелийн ....... гэсэн дугаар хийж ашиглаж байсан, мөн өөрийнхөө жи мейл хаяг оруулж фейсбүүк, бусад хэрэглүүрдийг татаж ашиглаж байсан. Гар утсан дотор ямар зураг татаж оруулсан тухай би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

Гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б овогтой Ө гэх хүнийг танина. Миний төрсөн дүү болдог юм. Миний дүү Б.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цагаанхайрхан сумын төвд ажлаас гэртээ харих замдаа гар утас олж авлаа гэж надад үзүүлсэн. Тэгээд өөрөө олж авсан юм чинь ашиглан гэж хэлээд одоо хүртэл тухайн гар утсыг ашиглаж байгаа юм. Б.Ө өөрийнхөө хуучин ашиглаж байсан гар утсыг миний хүү Э-т өгсөн. Надад Б.Ө хэлэхдээ тухайн гар утсыг А51 гэж хэлсэн ба би ч утасны нэр ус мэдэхгүй, өөрөө ч утас сайн ашиглаж мэдэхгүй тул нэг их анзаараагүй. Б.Ө анх тухайн утсыг олж авлаа гэж надад үзүүлэх үед нь барьж сонирхож харсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд тухайн утсанд Б.Ө өөрөө янз бүрийн зүйл татаад зураг дараад камер нь сайн юм аа гэж хэлж байсан. Тухайн гар утсанд Б.Ө өөрийнхөө нэр дээр байдаг юнителийн ..........., ............... гэсэн дугааруудыг хийж ашиглаж байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Шүүгдэгч Б.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4-р багт оршин сууж амьдардаг. 2022 оны 3 дугаар сараас эхэлж сумын эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа тараад гэртээ харьж байх замдаа Мөндөөхөө голын харалдаа байдаг худагны хажууд явж байхад зам дээр нэг гар утас хэвтэж байсныг олж авсан. Тэгээд тухайн гар утсыг намайг олж авах үед цэнэггүй байсан ба унтраастай байсан. Тэгээд гэртээ аваачиж эгч Ө-д гар утас олж авлаа гэж тухайн олж авсан гар утсыг үзүүлсэн. Тэгээд цэнэглээд асаахад Самсунг-А51 маркийн гар утас байсан ба тухайн гар утсыг олж авсан юм чинь олз гэж бодоод өөртөө барьж ашиглахаар болж сим картын үүрийн гаргахад Скайтелийн сим карт байсныг гаргаж хаясан. Тэгээд өөрийнхөө эзэмшлийн юнителийн ............, ................. дугааруудыг хийж, тухайн гар утсыг тэр чигт нь форматлаж дотор нь байгаа зураг бусад зүйлүүдийг устгасан. Тэгээд өөрөө шинэ хаяг нээж хэрэглэх апплейкшнүүдийг татаж авсан юм. Тэгээд тухайн гар утсыг 2022 оны 6 сарын 01-ний өдрөөс эхэлж ашигласан юм. Би анх тухайн гар утсыг олж авахдаа хэний эзэмшлийх гэдгийг мэдээгүй бөгөөд шууд форматлаж, зураг бусад зүйлүүдийг устгасан. Б.Ж-тэй холбоотой зураг бусад зүйл гарч ирсэн тухай санахгүй байна. Би тухайн гар утасны эзэмшигч Б.Ж-тэй уулзаж,гар утасны үнэлгээгээр тогтоосон мөнгө болох 850.000 төгрөгийг бэлнээр Б.Ж-д өөрт нь аваачиж өгсөн юм. Тэгээд ямар нэгэн хохирлын маргаангүй болсон ба тэр хүн өөрөө ч гомдол  саналгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан эд зүйлийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд гээгдэл эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон байдаг. Олсон этгээд өмчлөгч, эзэмшигч буюу эзэн нь хэн  боло нь  мэдэгдэхгүй, эсхүл мэдэж ч байж болно. 

Хохирогч Б.Ж нь өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас  өөрийн өмчлөлийн "Samsung-A51" загварын гар утсыг 2022 оны 05 сарын сүүлчээр Цагаанхайрхан сумын төвд гээгдүүлснийг шүүгдэгч Б.Ө олж авсан тул уг "Samsung A51" загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

Завших үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр бүрдэл төгсдөг.

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ө нь энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг тодорхойлжээ.

Хохирогч Б.Ж-ийн гээгдүүлсэн "Samsung-A51" загварын гар утас 830.000 төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 390 дугаартай “2022 оны 5 дугаар сарын байдлаар 2 сар ашигласан “Samsung A51” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 830,000 /Найман зуун гучин мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26 дахь тал)-ээр  нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг, энэ зүйлийн тайлбар: Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно,  5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуульд заасан “нэг” нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус заасан тул 830.000 төгрөг нь бага бус хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Иймд шүүгдэгч Б.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд: “2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Ө нь бэлнээр 850.000 төгрөгийг надад өгсөн. Миний хохирлыг бүрэн арилгасан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ө урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 50 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ө-ийн хувийн зан байдлын талаар Гэрч Д.Б-гийн өгсөн:“ Б.Ө нь ам бүл-2 гэж явдаг, эгч Өнөржаргалын гэрт амьдардаг. Цаганхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг юм. Зан араншингийн хувьд шударга, хүн бөгөөд хүнд их тусархуу ажилсаг, өөринхөө урдах ажлаа хийгээд явдаг ажилтнуудын нэг болдог юм. Ажлын газрын хамт олонтой эвсэг харьцаатай нэг их юманд уурлаж уцаарлаад байдаггүй, төлөв даруу, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Би тэр хүнийг 2022 оны 03 сараас эхэлж орон тоо гарахаар нь гаргасан өргөдлийнх нь дагуу ажилд шалгаруулж авсан, манай үндсэн ажилтан юм. Хандлага төлөвшлийн хувьд сайн мэддэг болсон юм. Б.Ө нь гэр бүл зохиогоогүй. Их хөдөлмөрч ажилчдын нэг гэдгээр нь мэднэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал) мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ө-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-гийн Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ийг 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ө-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ