Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт А-ны Г-д холбогдох эрүүгийн 2335000000007 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн ......... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын .... дүгээр баг, Залуус хороололд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Г овогт А-ны Г /РД:............./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг нутаг дэвсгэрт гэртээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Д.О-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч А.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг нутаг дэвсгэрт гэртээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Д.О-ийг зодсон болох нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6 дахь тал),

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний 17:30 цагийн орчимд нөхөр бид хоёр Завхан аймгаас ирсэн танил хүнтэй уулзаж аймаг руу явж байсан тул үдэж гаргаж өгсөн. Бид гэрт хоол унд хийж өгөөд гаргаж өгсөн бөгөөд манай гэрт 0,5л-ийн 2 шил архи, 0,75л-ийн 1 шил архи уусан. Тэгээд тэр хүнийг явсны дараа нөхрийн хамт гэртээ ирээд байж байгаад хамт гаргаж өгсөн нэг найзыг хүргэж өгнө гэж нөхөр маань хэлэхэд нь би согтуу машин жолоодож яах гээд байгаа юм гэжхэлээд дургүйцсэн. Тэгтэл А.Г гараа саваад миний нүүрний зүүн хэсэгт нүд орчимд цохисон. Би уурлаад нөхрийгөө гараараа 2-3 удаа цохисон мөн чимхүүр аваад цохисон чинь нөхөр дахин миний дээд уруул орчимд гараараа цохисон юм. Тэгээд нүүр нүд хавдсан. Тэр үед хүүхдүүд миний аав руу утсаар залгаж дуудсан байсан. Тэгээд аав, ээж ирэх сургаар бид хоёр тус тусын оронд ороод хэвтчихсэн юм. Тэгтэл аав, ээж ирээд бид хоёрыг загнаж байгаад цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр хааяа маргалдах асуудал гардаг боловч тэр бүр намайг зодоод байдаггүй. Өнгөрсөн хавар манай хашааны гадна А.Г хүнтэй маргалдаж зодолдоход нь салгах гэж байгаад нэг удаа цохиулсан. Тэр үед А.Г биш нөгөө хүн нь намайг  андуураад санаандгүй цохисон юм. Тэр үед бид хоёрын хэрүүл маргааны сургаар аав ээж ирж уулзсан юм. Тэр үед биед гэмтэл учрааагүй. Миний зүүн нүдний орчимд хөхөрч хавдсан, дээд уруул зүүн хэсгээр хавдсан өөр гэмтэл бэртэл байхгүй. Гарч явна гэхэд нь би үглээд явуулаагүй тэгтэл намайг зүгээр сууж байгаад цохичихсон. Тэгээд би эргүүлж цохиод маргаан гарсан юм. Миний биед зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд одоо эдгэрсэн. Ямар нэгэн зовуурь байхгүй. Би нөхрөөсөө ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 17 дахь тал),

Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21:46 цагт Наранбулаг сумын иргэн Д нь ......... дугаарын утаснаас над руу залгаж гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн. Би уг хаягаар нь явж очиход А.Г гэх айл байсан бөгөөд хашаандаа нэг гэртэй гэрт ороход А.Г эхнэрийн хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, эхнэр О-ийн нүд уруул хавдсан бусдад зодуулсан байдалтай тэднийд бага насны 3 хүүхдээс гадна О-ийн аав Д, ээж Ч гэх хүмүүс байсан. Тухайн үед О-ийн өмсөж байсан шар өнгийн фудволкны баруун ханцуй хэсэг бага зэрэг цус болсон байсан бөгөөд О-ээс юу болсон талаар асуухад нөхөр А.Г нь түүний нүд, хамар луу зодож цохисон тэгэхэд хамраас цус гарсан гэж хэлж байсан. Тухайн үед О нь өөрөө бас согтуу байсан. Юунаас болсон талаар яриагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Өчигдөр би гэртээ байтал орой 21:00 цагийн орчимд эхнэр Ч утас руу охин О-ийн дунд хүүхэд нь утасдаад уйлсан байдалтай та хоёр хүрээд ирээч аав ээжийг зодоод байна. Болиулах гэхэд болихгүй байна гэж хэлсэн тул би эхнэрийн хамт охин О-ийн гэрт очиход Д.О, А.Г хоёр ор засаад хэвтчихсэн байсан. Би О-ээс юу болсон юм гэж асуухад “Би энд чинь ажиллаж амьдарч чадахгүй байна. Энэ хүнтэй амьдарч чадахгүй юм байна. Өр зээл их байна” гэж хэлсэн. Тухайн үед Д.О, А.Г нар хоёулаа архи уучихсан согтуу байсан. О-ийн нүд хавдсан гараараа нүүр ээ дараад байсан. А.Г нь архи ууж агсам тавьдаг боловч намайг хархаараа дуугүй болчихдог, миний нас, нэрийг хүндэлдэг бололтой хүн байгаа юм. Тэгээд тэднийг нийлээд архи уугаад байгаа учир сумын цагдаад дуудлага өгч хууль тайлбарлуулж хэлүүлвэл юм ойлгох байх гэж санаж дуудсан. О, А.Г нар нь согтуу байсан бөгөөд өр зээл ихтэй, нөхөр нь ажилгүй, эхнэр нь дотуур байрны багш ажилтай мөнгө төгрөгийн шаардлага ихтэй байгаагаас хэрүүл маргаан гарч эхэлсэн бололтой байсан. Тэдний ярианаас сонсоход танай тал ядуу, баян гэх зэргээр үг хаяж маргалдаж байсан. Энэ айлын асуудалтай тал нь бол хамтдаа архи уучихаад байдаг, архи уусан үедээ нэг нэгэндээ буулт хийдэггүй, тэвчдэггүйгээс болж маргалдаад байдаг бололтой байна. Урьд нь 2022 оны 03 дугаар сард А.Г, О нар маргалдаж О-ийг зодож цохисон асуудал гарсан. Тухайн үед би эхнэрийн хамт очиж уулзаж байсан. Тэр үед биед нь ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй учир цагдаад хандаагүй юм. Ер нь энэ хоёр үе үе нийлээд архи уучихаад байдаг талаар хүнээс сонсож байсан. Би гэрт нь байнга очоод байдаггүй, би өөрөө ходоодны хагалгаанд орсон тул гэрээс нэг их гараад байдаггүй, гам барьдаг юм. Манайд согтуу ирж байгаагүй, архи уусан үедээ надад хэлэхгүй нуугаад өнгөрдөг юм. Манай гэрт зодуулж цохиулсан байдалтай гүйж ирж байгаагүй. Эдний архи уудаг байдлыг л болиулах гэж цагдаад дуудлага өгсөн юм. О-ийн нүд нь хавдсан байсан. Гэр оронд нь цус нөж гарч гоожсон зүйл байгаагүй, бөөлжсөн бололтой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

Гэрч Ж.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 21:00 цаг орчимд миний охин О-ийн дунд хүү Б /8нас, эр/ над руу утасдаад уйлсан байдалтай аав ээжийг зодоод байна. Зодох оо болихгүй байна та өвөөтэй хамт хүрээд ирээч гэж хэлсэн тул би нөхөр Д-ийг дагуулаад тэдний гэрт очсон. Биднийг очиход А.Г, О нар орондоо ороод хэвтчихсэн байсан. О-ийн өрөөсөн нүд хацар хавдсан, уруул хавдсан, хамар дээгүүр хөх туяа татсан байсан. А.Г, О нар хоёулаа согтуу байсан гэрт нь хүүхдүүдээс нь өөр хүн байгаагүй. Биднийг ороход О согтуу байсан учир уйлж унаад энэ хүнтэй амьдарч чадахгүй юм байна. Энэ нөхөр А.Г ажил төрөл ч хийсэн юмгүй амьдралд нэмэр болохгүй байна. Амьдарч чадахгүй байна. Өр зээлд баригдсан гэх зэргээр хэлж байсан. А.Г нь ямар нэгэн зүйл ярихгүй дуугүй хэвтээд байсан. Юунаас болсон юм яагаад чамайг ингэтэл нь зодчихдог юм гэж асуухад аль аль нь хариу хэлэхгүй байсан. Тэр хоёр А.Г-ын найз нарыг гаргаж өгөөд архи уучихсан бололтой байсан. Тэгээд нөхөр маань цагдаад дуудлага өгсөн юм. А.Г, О нар архи уусан үедээ нэг нэгнийхээ үгийг тэвчихгүй ялихгүй зүйлээс маргалдаад нөхөр нь түүнийг зодсон байна лээ. Охины хэлж байгаагаар өр зээл ихтэй, нөхөр нь ажил төрөл хийдэггүй тус дэм болдоггүй гэх зэрэг байдлаас болж маргалдсан бололтой байна. Охин маань нөхөртэйгээ хамт үе үе архи уучихаад байдаг сул талтай юм. Архи уусан үедээ мөнгө төгрөгийн асуудлаас маргаан гардаг байх гэж бодож байна. О-ийн нүд, уруул нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би гэртээ ээж, аав, дүү тэгээд А ах нарын хамтаар гэртээ байсан. тэгсэн аав А.Г А ахыг гэрт нь хүргэж өгнө гэсэн чинь ээж хэрэггүй гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж аав А.Г гараараа ээжийг нэг удаа цохиод аваад тэгээд хоорондоо маргалдаад манай ээж намайг өвөө, эмээгээ дууд гэхээр нь би Д өвөө рүү ээжийн утсаар залгаж, аав ээж хоёр хэрэлдээд байна гэж хэлсэн юм. Аав ээж хоёр юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

Шүүгдэгч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт байдаг найзыгаа гаргаж үдэж өгөх гэж гэртээ урьж ирүүлээд хоол унд хийж өгөөд архи уусан. Тэгээд хүмүүс яваад өгсөн. Би архи уугаад согтсон байсан. Миний санаж байгаагаар А гэх манайд байсан залууг гэрт нь хүргэж өгнө гэж хэлж байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Би их согтсон байсан. Манай гэрт 2-3 шил архи архи уусан. Сүүлд эхнэрээсээ болсон явдлыг асуухад намайг А-г хүргэж өгнө гэхэд эхнэр маань согтуу байж машин унаж явж болохгүй гэж хориглоод түүнээс болж маргалдаад би гарынхаа араар эхнэрийгээ савж цохисон юм байна лээ Би тэр үйлдэл ээ санахгүй байгаа юм. Би согтсон үедээ өөрийгөө хянах чадваргүй байхдаа эхнэрийгээ зодсон үйлдэл ээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр гэр бүлийн хүрээнд бага зэрэг маргаантай байдаг боловч би эхнэр О-ийг урьд өмнө нь зодож цохиж байгаагүй. Би хүүхдийн эсрэг ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй. Би 4 хүүхэддээ маш их хайртай. О-ийг эмнэлгийн байгууллагаар авч явж бүх шинжилгээ хийлгэж эм тариаг нь авч өгсөн. Надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Би эхнэрийгээ зодсон үйлдэлдээ харамсаж байна.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай “Үзүүлэгч Д.О-ийн биед зүүн талын хацрын хөндийн урд хананы сэлтэрсэн хугарал, зүүн талын хацрын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний эргэн тойронд, баруун нүдний дээд, доод зовхинд, хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугуйн үений дотно хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн талын хацрын хөндийн урд хананы сэлтэрсэн хугарал, зүүн талын хацрын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний эргэн тойронд, баруун нүдний дээд, доод зовхинд, хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)-ээр шүүгдэгч А.Г-д зодуулсны улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Г нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг нутаг дэвсгэрт гэртээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Д.О-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Г нь хохирогч буюу эхнэр Д.О-ийг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.Г-ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч А.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч Д.О-ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд “Би нөхөр А.Г-д 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цохиулсан үнэн боловч зөөлөн эдийн гэмтэл авсан учир миний биед өвдөж зовоод байх зовиур байхгүй. Тийм учир би нөхөр А.Г-д гомдолгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 88 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч А.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал)-аар тогтоогдсон

    Шүүгдэгч А.Г-ын хувийн байдлын талаар: Гэрч А.Б-ны өгсөн: “Бид эцэг эхээс 7-уулаа бөгөөд А.Г нь хамгийн бага дүү юм. А.Г нь бага насандаа эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн бөгөөд сургуульд сурах насанд хүрэх үед манайх Улаангом суманд байсан тул 1-3 анги хүртэл ээ Улаангом суманд байсан тул 1-3 анги хүртэл ээ Улаангом суманд сургуульд сураад дахин хөдөө гарсан. Сургуулиа дундаас нь орхиж завсардсан төгсгөөгүй сүүлд насан туршийн боловсрол буюу албан бус сургалтаар бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн хүн байгаа юм. Цэргийн алба хаагаагүй. Эхнэр О-тэй 2013 онд гэр бүл болж Наранбулаг суманд амьдарч ирсэн бөгөөд 4 хүүхэдтэй, өөртөө тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Хөдөө мал маллаж байгаад эхнэр О нь Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж эхэлснээр сумын төвд амьдрах болсон. А.Г өөрөө хувиараа ойр зуурын гагнуурын ажил төмөр эдлэл хийх зэргээр амьдрал аа залгуулдаг,  тогтсон орлого байхгүй хүн байгаа юм. Эхнэр О-тэй амьдраад олон жил болсон бөгөөд би Улаангом суманд амьдардаг тэднийх Наранбулаг суманд байдаг тул байнга уулзалдаад байдаггүй хааяа уулздаг. Уулзсан үед хоорондоо хэрэлдэж маргалдаж харагддаггүй, эвтэй энгийн харьцаатай байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), Гэрч Ж.Э-ын өгсөн:А.Г, Д.О нар гэр бүл болоод 10  гаруй жил болж байгаа Наранбулаг суманд амьдардаг. А.Г хувиараа ойр зуурын барилга, мужаан зэрэг таарсан ажил аа олж хийдэг, эхнэр О нь Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны багш ажилтай хүүхдүүд нь сургуульд сурах болон гэрээр хүмүүждэг. Ар гэрийн амьдарлын хувьд дундаж амьдралтай хувьдаа малтай, машинтай, өөрсдийн гэсэн гэр болон хашаатай, дутагдах гачигдах зүйл байхгүй айл байгаа юм. Хоорондын ” харьцаа хэвийн дотно харьцаатай үр хүүхдүүддээ халамж анхаарал сайн тавьдаг, А.Г нь айлын бага залуу бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, эхнэр хүүхдээ зодсон байдал надад мэгдэж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан А.Г-од зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  А.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Г-од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Г овогт А-ны Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-од 2 /хоёр/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан А.Г-од зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  А.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  А.Г-од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                   

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ