| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2022/0363/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/403 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0363/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** овогт ********ын ********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000415 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг, менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “********” ХХК-ийн Дархан салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ********************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******** овогт ********ын ******** /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********** нь “*********” ХХК-ийн Дархан салбарт худалдааны төлөөлөгчөөр 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа байгууллагын харилцагч нэр бүхий дэлгүүрүүдэд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг бэлнээр болон өөрийн дансаар авч, байгууллагад шилжүүлэлгүйгээр хувьдаа завшиж, “*********” ХХК-д 20,506,473 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би “*********” ХХК-ийн борлуулалтын албанд ахлах менежер ажилтай. “*********” ХХК-ийн Дархан салбарт худалдааны төлөөлөгчийн ажил эрхэлдэг ********** нь байгууллагын барааны орлогоос 20,489,193 төгрөгийг дутаасан асуудлын дагуу цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Байгууллагын орлогоос мөнгө дутсан асуудлыг Дархан салбарын нийт харьцдаг дэлгүүр, жижиглэн болон бөөний төвүүдтэй тооцоо нийлэхэд дээрх мөнгө дутсан асуудал илэрсэн..., ******** нь эхний өргөдлөө 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бичихэд нийт байгууллагад учруулсан хохирол 15,964,391 төгрөг байсан. Дараа нь дахиж бүх харилцагч нараа шалгахад бараа өгөөгүй хувь хүнээс компанийн нэрийг барьж өндөр хувь хөнгөлөлт өгнө гэж худал хэлээд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг ********* гэх дэлгүүрийн эзэн *********эс дансаар 2,188,382 төгрөг авсан. Мөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг ********* гэх дэлгүүрийн эзэн *********ээс дансаар 408,330 төгрөгийг тус тус авсан нь нотлогдсон... Борлуулсан барааг харилцагчдаа түгээгч зээлээр үлдээсэн тохиолдолд ******** зээлийг авч компанийн дансанд шилжүүлдэг... Манай компани ********* учруулсан хохирол болох 20,506,473 төгрөгөөс ********* төлсөн 2,450,000 төгрөгийг хасаад 18,056,473 төгрөг үүн дээр аудитын шинжилгээний төлбөр болох 1,650,000 төгрөг нэмэгдээд 19,706,473 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
Гэрч *********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай компанид ********** нь борлуулагчаар ажилладаг байсан юм. Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр харилцагч нар руу тооцоогоо нийлээд утсаар ярих үед Сэлэнгэ аймгийн ********* нэртэй хүнсний дэлгүүрийн харилцагч “танай ажилтан ******** 300,000 төгрөг дансаараа авсан, тэр мөнгийг хасаад үлдэгдэл тооцоо өгнө” гэхээр нь гайхсан. Ер нь тэр үед ******** ажил дээрээ ирэхгүй байсан юм. Тэр орой *********уулзаад ********* дэлгүүрээс мөнгө авсан юм уу, яагаад мөнгө авсан юм, тэр мөнгийг байгууллагын дансанд хийсэн юм уу гэсэн чинь миний буруу, би өөрөө хувьдаа тэр мөнгийг хэрэглэсэн гэж хэлэхээр нь өөр ийм асуудал байгаа юу гэсэн чинь харилцагч нараас би мөнгийг нь аваад дандаа хувьдаа ашигласан, 12,000,000 орчим төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэж хэлсэн. Би тэгээд түүнээс хойш харилцагч нартай нэг бүрчлэн тооцоо нийлээд үзэхээр 20,489,193 төгрөгийн дутагдал ********д гарсан... Нийт бол 10 харилцагч нараас барааны мөнгийг бэлнээр болон өөрийнхөө хувийн дансаар авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Чупс, ментос бохь зэргийг “********” ХХК-иас авдаг. Хамгийн сүүлд 1,890,000 төгрөгийг бэлнээр аваад барааг нь өгөөгүй байж байгаад сүүлд нөхөж барааг өгсөн. Одоо манай компанид ямар нэгэн өр төлбөр, тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ********* нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. “********” ХХК-иас ментос, чупа чупс иштэй чихэр захиалдаг, одоо ямар нэгэн тооцоо байхгүй. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр ******** над руу залгаад манай “********” ХХК нь урамшуулалтай байгаа, та бараа захиалах уу гэхээр нь 2,188,382 төгрөгийн бараа захиалсан. Тэгээд мөнгөө шилжүүлээд 7-10 хоногийн дараа ********* утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд тухайн компанийн утас руу залгатал ******** ажлаасаа гарчихсан гэсэн. Тэгээд би бараагаа яах вэ гэж асуутал таныг хохиролгүй болгож өгнө гэсэн. Тэгээд 7-10 хоногийн дараа захиалсан бараа ирсэн, одоо ямар нэгэн өр авлага, тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Замбаалаа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тус компаниас ментос, чупс захиалдаг байсан. Одоо ямар нэгэн өр авлага байхгүй. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг 15 минутад над руу ******** залгаад чупс буучихсан байгаа шүү, над руу мөнгөө хийчих гээд би 408,330 төгрөг шилжүүлсэн. Сарын эхээр тус компаниас нэг хүн захиалга авахаар ирэхэд нь би чупсаа авъя гэтэл чупсны захиалга орж ирээгүй гэсэн. Тэгэхээр нь би ********* гэх ********* данс руу мөнгө хийсэн, гэтэл наад хүн чинь ажлаасаа гарчихсан гэсэн. Тэгээд өмнө захиалсан барааны төлбөрөөсөө 408,330 төгрөг хасаад өрөө барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
“Цэсб-аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2/36 дугаартай "... Худалдааны төлөөлөгч ********** нь нийт 20,506,473 төгрөгийн дутагдал гаргасан байгаа нь дээрх зарлагын падаан, тооцоо нийлсэн актууд, урьдчилгаа болгон өгсөн бэлэн мөнгийг өгсөн байгууллага, иргэний өргөдлүүдээр нотлогдож байна. ...Нийт хохирол 20,506,473 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-45 дахь тал/,
Шинжээч Л.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...20,506,473 төгрөгийн дутагдал гаргасан болох зарлагын баримт болон урьдчилгаа төлсөн баримт, байгууллага иргэний өргөдөл зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон. Харин энэ дутагдал гарсан хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171 дэх тал/,
********* эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 129-135 дахь тал/,
********* эзэмшлийн Голомт банкны ********* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 136-169 дэх тал/,
Яллагдагч ********* мэдүүлэг /хавтаст хэргийн 178 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусдын өмчлөлд хууль бусаар авах, шилжүүлэх, захиран зарцуулах, үрэгдүүлэхийг ойлгох ба ********** нь өөрт бэлнээр болон дансаар шилжиж орж ирсэн мөнгийг дур мэдэн хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд ********* бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна”.
Шүүгдэгч ********** нь нийт учруулсан хохирлоос 2,450,000 төгрөг төлсөн байх бөгөөд аудитын шинжээчийн хөлсөнд төлсөн 1,650,000 төгрөг, байгууллагад учруулсан хохирлын үлдэгдэл 18,056,473 төгрөг, нийт 19,706,473 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 750,000 төгрөгөөр төлж барагдуулахаар “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* тохиролцсон, хохирогч байгууллагын төлөөлөгч шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчээс 19,706,473 гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг *********давхарт байрлах “********” ХХК /РД:*********/-д олгохоор шийдвэрлэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил, 4 сарын хугацаанд арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******** овогт ********ын ********* бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан **********д мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жил 04 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Ялтан ********** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 19,706,473 /тоогоор бичих/ гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *********давхарт байрлах “********” ХХК, /РД:*********, утас:*********/-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД