Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00058/и |
Дугаар | 106 |
Огноо | 2019-03-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 106
2019 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2019/00106 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 18-2 тоотод байрлах, Бэрс капитал ХХК /5922178/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн ... оршин суух, С овогт А-ын Л /...../-т холбогдох,
Үндсэн зээл 406,953 төгрөг, зээлийн хүү 68,368 төгрөг, алданги 170,662 төгрөг, нийт 645,983 /зургаан зуун дөчин таван мянга есэн зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 153/2019/00058/и индекстэй иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, хариуцагч А.Л нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бэрс капитал ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Л нь тус компанитай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ПУ- 10311/007299 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ИХ-ийн 235 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн 90-16 ХОҮ Тоуоta Prius маркийн автомашин барьцаалан дээрх зээлийг авсан байдаг. Зээлдэгч А.Л нь гэрээний хугацаанд зээл авснаас хойш нийт 9 удаа төлөлт хийсэн ба энэ нь үндсэн зээлээс 2.093.047 төгрөг, хүүгээс 834.462 төгрөг, алдангиас 97,260 ба сарын төлөлтөө тухайн сардаа багтаан төлөх тухай гэрээний дагуу шаардлага тавьсан ч төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа нь дууссан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 406,953 төгрөг үлдсэн. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй, зээл төлөх гэрээний үндсэн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан хэдий ч зээлдэгч А.Л нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн, зээлийг төлж дуусгахыг шаардаж биечлэн уулзахад А.Л нь зээлийн барьцаанд байгаа хөрөнгө нь өмнөх эзэмшигчийн маргааны улмаас Дархан-Уул аймагт хураагдаж очсон учраас би зээлийн төлбөрийг төлөхгүй гэсэн ойлгомжгүй, зээлдүүлэгч байгууллагад хамааралгүй асуудлын талаар ойлгомжгүй тайлбар өгсөн байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг төлөх үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 406,953 төгрөг + үндсэн хүү 68,368 төгрөг + алданги 170,662 төгрөг, нийт 645,983 /зургаан зуун дөчин таван мянга есэн зуун наян гурав/ төгрөгийг зээлдэгч А.Л нь зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-р заалтын дагуу төлөхөөр байна.
Үндсэн хүүгийн бодолт:
Үндсэн зээл болох 406,953 төгрөгийг гэрээнд заасан *6 хувь=24,417/хуанлийн хоногоор/ ба энэ нь 1 сарын хүү.
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хүү нь= 24417/30*84=68368
Алдангийн бодолт: Үндсэн зээл болон хүүний өрийн нийлбэрээс жилийн хүүг өдрийн 300%-иар хувилсан дүнгээр бодогдоно. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр=76 хоног хүү 24,417/30*76=61.856
Өнөөдрийн бодогдож байгаа нэг өдрийн алданги /торгууль/ =(406.953+61.856)*72%/360*300%=2,813
2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 170,662 төгрөгний алданги бодогдсон байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүн болох 645,983 /зургаан зуун дөчин таван мянга есэн зуун наян гурав/ төгрөгийг зээлдэгч А.Лээс гаргуулж, Бэрс капитал ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү.
.....Хариуцагч А.Л нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүүнээс 100,000 төгрөг төлөхөөр болсон. Үлдэгдэл 545,983 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Хугацаандаа төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан төлүүлэхээр эвлэрийн гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч А.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хүүнээс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг төлөхөөр, үлдсэн 545,983 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бэрс капитал ХХК нь А.Лт холбогдуулан үндсэн зээл 406,953 төгрөг, зээлийн хүү 68,368 төгрөг, алданги 170,662 төгрөг, нийт 645,983 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч А.Л нь үндсэн зээлийн хүүнээс 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл төлбөр 545,983 /таван зуун дөчин таван мянга есөн зуун наян гурав/ төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус Бэрс капитал ХХК-д төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, хариуцагч А.Л нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Бэрс капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05/34 дугаартай албан бичгээр Б.Нямжаргалд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ХААН банк дахь 5866075974 дугаартай дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 20,030 төгрөгийн тал хувь болох 10,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,015 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Лээс 645,983төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,030 төгрөгийн тал хувь болох 10,015 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-д олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Лт холбогдох, үндсэн зээл 406,953 төгрөг, зээлийн хүү 68,368 төгрөг, алданги 170,662 төгрөг, нийт 645,983 /зургаан зуун дөчин таван мянга есэн зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Л нь үндсэн зээлийн хүүнээс 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл төлбөр 545,983 /таван зуун дөчин таван мянга есөн зуун наян гурав/ төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус Бэрс капитал ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, хариуцагч А.Л нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,030 төгрөгийн тал хувь болох 10,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,015 /арван мянга арван тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Лээс улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 10,015 /арван мянга арван тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ