| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0198/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгч: Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ж-ын Т-т холбогдох эрүүгийн 2235000000189 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 18-ны Увс аймгийн ........ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Увс аймгийн ......... сумын ИТХ-ын ...... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн ............сумын ....-р баг Эрдэнэхайрхан ... гудамж .... тоотод оршин суух, урьд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, З овогт Ж-ын Т /РД:................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийг зодсон болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2022 оны 08 сарын 25-ны орой 20 цагийн орчим би урт гүүрийн урд талаас чөдөртэй морио очиж аваад буцаад сумын төв орж мотоциклийн сэлбэг авах гээд М-ын дэлгүүр ороод мотоциклийн сэлбэг асуучихаад буцаад дэлгүүргээс гарч байтал гадна үүдэн дээр М ахын дүү Ж.Т ах согтуу чи миний ахын хаалга хаасангүй, чи надаас мэнд мэдсэнгүй гэж хэлээд миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд миний толгой эргээд хамраас цус гараад тогтохгүй байж байтал Ж.Т ахын ах нь гэх Ж.М ах ус, нойлын цаас авч гарч ирээд миний цусыг тогтоох гэж оролдсон. Тэгтэл Ж.Т намайг дахиад зодох гээд дайраад байсан тэгээд би төрсөн эгч Н рүү залгаад намайг Төгсөө ах зодчихлоо та ирээд авчих гэж хэлсэн тэгээд манай эгч ирээд намайг аваад гэр лүү явсан. Миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Маргааш нь аймгийн төв орж гэмтлийн эмчид үзүүлээд хамрын зураг авахуулахад хамар хугарсан байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Насанд хүрээгүй хохирогч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ж.Т ах намайг цохисны маргааш өглөө нь эгч, ээж хоёр сумын төв орж Ж.Т ахтай уулзаад чи миний хүүхдийг цохисон байна мал дээр хүн байхгүй чи дагуулж ороод эмнэлэгт үзүүлээд эмчилгээг нь хийлгээд аваад гараад ир гэхэд Ж.Т ах үл тоогоод юм хэлээгүй гэсэн. Тэгээд эгч мал дээр үлдээд би ээжтэй хамт аймаг орсон. Аймгийн төв орж гэмтлийн эмчид үзүүлээд хамарны зураг авхуулахад миний хамар хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд орой Ж.Т ах ирээд хохирол төлбөр барагдуулна гэхэд би тийм зүйл байхгүй санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан болохоор хууль шүүхийн байгууллагаар шийдүүлнэ гэж хэлсэн. Хамар хугарахад 40.000 төгрөгөөр янзлуулсан, эход үзүүлэхэд 20.000 төгрөг, эм тариа авахад нийт 100.000 төгрөг болсон. Одоо хамар битүүрээд амьсгаа авахад хэцүү байгаа мөн хамарны цацлага эм байнга хэрэглэж байна. Ирэх очих бензины зардал зэрэгт нийт 1.160.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг төлүүлж авах хүсэлтэй байна. Шүүх хурлын өмнө Д.Д гэдэг өмгөөлөгч надтай уулзаад “Урьд нь моринд өшиглүүлчихсэн гэмтэлтэй байсан гээд хэлээд өг” гэж л хэлсэн хохирол, төлбөр төлөх талаар зүйл яриагүй” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн орой 21 цагийн орчим би гэртээ 2 хүүхдээ унтуулаад байж байтал гаднаас манай сумын хүүхэд Б.Д орж ирээд ахаа мотоциклийн арван дөрвийн түлхүүр байна уу гэж асууж орж ирэхдээ гэрийн хаалга хүчтэй татаж онгорхой үлдээчихсэн. Тэгээд би надад арван дөрвийн түлхүүр байна гэж хэлээд хамт гэрээс гарах гэж байтал манай дүү Ж.Т гэрийн үүдэнд ирээд Б.Дийг чи гэрт орж байгаа юм бол хаалгаа хаагаад орохоор яадаг юм бэ, чи миний ахын гэрийн хаалгыг савж ордог хэн бэ? нааш ир гэж хэлсэн. Тэгээд Б.Д хаалга руу яваад очтол дүү Ж.Т гарынхаа ар хэсгээр нүүр лүү нь цохичихсон. Тэгээд Б.Д-ийн хамраас цус гарахаар нь би орноосоо босоод ус хийж өгөөд нүүр, гарыг нь угаалгасан. Тэгээд Б.Д цусаа угаачихаад гараад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Гэрч Х.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Түргэн сумын "Кола” гэх газар Ж.Т-ын хадлан хадаж дуусгачихаад орой 16 цагийн орчим ажлын хөлсөө авах гэж Ж.Т-ын гэрт очсон. Би ажлын хөлсний оронд прэсс өвс авахаар тохиролцсон. Тэгээд Ж.Т нэг шил 0,75 литрийн Соёрхол архи задлаад бид 2 хувааж уугаад дуусгаад би 1 шил 0,75 граммын соёрхол архи аваад хувааж уугаад дуусгачихаад бид хоёр Ж.Т-ын гэрээс гараад бие засаад зогсож байгаад би Ж.Т-т танайд хоночихоод явна гэсэн чинь Ж.Т тэг манай гэр хүнгүй байгаа та хажуугийн гэрт ороод унтчих гэсэн. Тэгээд би Ж.Т-аас түрүүлээд гэр лүү нь явж байтал тэдний хашаанд нэг залуу орж ирээд Ж.Т-ын ах Ж.М-ын гэрлүү яваад орсон. Тэгтэл Ж.Т ахын гэрийн хаалга онгорхой хаяад орчихлоо гэж хэлээд Ж.М-ын гэр лүү явсан. Тэгэхээр нь Ж.Т-ын араас дагаад очтол Ж.М-ын гэрт нэг залуу цусаа гоожуулаад зогсож байсан. Би яг цохиж зодсоныг хараагүй. Харин Ж.М-ын гэрт ороход нэг залуу цусаа гоожуулаад зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Ж.Т би гарын араар чичсэн /цохисон/ чинь хамраас нь цус гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Ж.М-ын гэрээс гараад Ж.Т-ын гэрт ороод унтсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
Шинжээч эмч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би үзүүлэгч Б.Д-ийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр биед нь үзлэг хийж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Б.Д-ийг хүлээн авч үзэхэд тухайн үед Б.Д-ийн хамрын нуруу зүүн тал руу бага зэрэг мурий, хамрын нуруугаар бага зэрэг хавантай, тэмтэрхэд эмзэглэлтэй, хамрын 2 нүхэнд хатсан цустай байсан. Мөн Б.Д-ийн амбулаториор эмчлүүлэгчийн картанд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Жаргалын-Үүд эмнэлэгт хийлгэсэн хамар ясны зурагт: Хамрын зүүн доод хэсгийн яс хугарсан, хугарлын проксимал буюу хамрын дунд хэсэгт дотогш зөрсөн, мөн 2022 оны 8 дугаар сарын 31-нд чих, хамар хоолойн эмчээр хэсгийн мэдээ алдуулалтын доор хамар ясыг засаж тэгшлэх ажилбар хийлгэсэн байсан. Иймд Б.Д-ийн хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна гэж үзсэн. Эдгээр нь шинэ гэмтлүүд байсан ба 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үүсчихсэн байсан талаар чих, хамар, хоолойн эмч оношилсон байгаа юм. Б.Д-ийн хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд өмнө нь буюу хуучин гэмтэл байх боломжгүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Шүүгдэгч Ж.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 25-ны орой 21:00 цагийн орчимд би тухайн үед бол архи уухын хувьд уучихсан байсан бөгөөд би Түргэн сумын 3 дугаар багийн нутагт сумын төвд ...... тоотод байх хашаандаа байхад манай хашаанд хамт байдаг миний төрсөн ах Ж.М-ын гэр лүү нэг хүн яваад орсон бөгөөд гэрлүү орохдоо хаалга, үүдээ саваад орсон. Тэгэхээр нь би араас нь яваад ороход манай сумын Б-гийн Д гэх залуу байсан. Тэгээд би шөнө орой амрах, цаг хугацаа болсон байхад манай хашаанд орж ирж гэр лүү орохдоо хаалга савж орж ирсэн болохоор би уурлаад түүнд “чи шөнө орой айлд орж ирэхдээ хаалга үүдээ яагаад хүчтэй савж орж ирдэг юм” гэж хэлээд Б.Д-ийн эрүү лүү гараараа нэг ташсан /алгадсан/ юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хууль ёсны төлөөлөгч Б.М-тай уулзаж гарсан хохирлыг барагдуулна гэж хэлэхэд хүлээж аваагүй юм. Би алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч ухаарсан. Би нэг сумын 2100 хүнийг удирдаж, хариуцлагатай ажил хийдэг хүн учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлх боломжгүй байна. Улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 376 дугаартай “Үзүүлэгч Б.Д-ийн биед хамар ясны хугарал, таславчын мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үүсчихсэн байсан талаар Б.Д-ийн эмчлүүлэгчийн картад эмч бичилт хийсэн байна. Шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал, таславчын мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал)-ээр шүүгдэгч Ж.Т нь насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Т нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Б.Д нь шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт 1.160.000 \нэг сая нэг зуун жаран мянга\ төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Б нар шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт 87.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүх үнэлээд шүүгдэгч Ж.Т-аас 87.000 гаргуулж, насанд хүрээгүй хохирогчид олгож, 1.073.000 төгрөгийн нэхэжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын зүгээс 87.000 төгрөгийн хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 200.000 төгрөгийн хохирол төлсөн талаар тайлбар гаргасан тайлбарыг насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул 200.000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзэж, 960.000 төгрөгийн нэхэжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлсэн тохиолдолд зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Улсын яллагчийн саналаар насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийг хууль ёсны төлөөлөгч Н.Т-гийн хамт шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцуулсан боловч эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Т нар хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг тасралтгүй явуулахад саад болохгүй тул тэднийг байлцуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлгийг явуулсан болно.
Шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ж.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Т нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 71-73 дахь тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Э.Ө-ын өгсөн: “Би Ж.Т-тай албан ёсоор гэр бүл болоод 12 дахь жилдээ хамт амьдарч байна. Манайх ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын 3-р багт оршин суудаг. Ж.Т нь зан аашийн хувьд түргэн уур зан байдаггүй, ямар нэгэн зүйлд ууралдаггүй, сумандаа нэр нүүр сайтай, нутаг усандаа хүнтэй эелдэг харилцдаг, нэр төртэй бусадтай нийтэч хүн бөгөөд нутаг усны хүмүүс бүгдээрээ мэддэг юм. Нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уусан үедээ агсам согтуу тавьдаггүй, бусадтай нийтэч, ямарч хүмүүстэй сайхан харилцчихдаг, ер нь бол хүнээс ямар нэгэн зүйл хармалдаггүй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, бусдад тусархуу сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, алиа зантай, хууч ужиг өвчин байхгүй, хар бор ажилдаа сайн, хөдөлмөрч, хичээнгүй даруу төлөв зантай хүн юм. Манайх амьдарлын нөхцөл байдлын хувьд хоёулаа ажил төрөлтэй, боломжийн амьдралтай өрх юм. Эд хөрөнгийн хувьд Увс аймгийн Түргэн сумын .... дугаар багт хашаа, байшинтай, ачааны зил-130 машин, жижиг суудлын ............ машинтай, сумын төвд хөрөө рамтай, хөдөө цөөн тооны малтай амьдрал ахуй боломжийн айл юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), Увс аймгийн Түргэн сумын засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн: “ Тус сумын Эрдэнэхайрхан багийн иргэн Ж.Т нь төлөв даруу зантай, урлаг спортын авьяаслаг, ерөөл, магтаал хэлдэг ардын уран сайханч юм. Ж.Т нь 2016 оноос хойш сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон иргэдийн итгэл найдварыг хүлээн ажиллаж байна. .................. сонгогдон ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хамт олон, ард иргэдэд манлайлал үзүүлэн аливаа ажилд нийгмийн идэвх гарган оролцдог, ажил хэрэгч, хамт олондоо нэр хүндтэй, хамт олон иргэдийн итгэл хүлээсэн төрийн албан хаагч юм. Ж.Т нь эрхэлж байгаа ажилдаа үнэнч шударгаар хандаж ажилладаг, ажлын байр болон албан томилолтоор ажиллах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэгэн муу зуршилгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 97 дахь тал)-ууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүгдэгч Ж.Т-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 580 /таван зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Т нь Увс аймгийн Түргэн сумын ИТХ-ын ......... ажилтай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн орон нутаг нь эдлүүлэх нь түүний ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байна.
Дээрх байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3-т “Эрүүгийн хариуцлага нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна” гэж заасан үзэл санаанд нийцүүлэн түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн орон нутгаас өөр газарт буюу нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон Увс аймгийн Улаангом сумын “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-т эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З-д овогт Ж-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т-т 580 /таван зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-т эдлүүлэхэээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Ж.Т нь хохиролд 200.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ