Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00045/и |
Дугаар | 107 |
Огноо | 2019-03-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 107
2019 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2019/00107 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ... оршин суух, Я овогт Б-ын О /.../-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00045/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 6 ангиасаа сургуулиасаа гарч эцэг эхийн хамт мал маллаж заводын үхэр саадаг байсан. Эцгийн хамт Тэмээ малладаг байсан. Би 1989 онд гэр бүл болсон. Манай нөхөр Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Тухайн үед би ажилгүй байсан. Хадам эцэг эхтэйгээ хамт 2 жил амьдарч байгаад Ховд аймагт шилжиж орж ирсэн. Ховд аймагт хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд 1990-2000 он хүртэл хамрагдсан. Олон хүүхэдтэй гэдэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох нас болсон. Тийм учраас шүүхээр тэтгэврээ тогтоолгох гэж байгаа. Намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би 1989 оны 09 дүгээр сард хуримаа хийгээд Эрдэнэбүрэн суманд очсон. Манай нөхөр тухайн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Би болохоор ажилгүй байдаг байсан.гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.О нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2240 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1983-1985,1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдлмөрийн дэвтэр, гэрч Д.Пүрэвийн ....Би 1968-1970 онд Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. 1973 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар 1980 он хүртэл ажилласан. 1979 онд Ховд аймгийн Мянгад сумаас Ховд аймгийн Дөргөн сум салаад Дөргөн сум Сүхбаатарын зам нэгдэл болж, Мянгад сум Давшилт нэгдэл болсон юм. Түүнээс хойш Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригдад малчнаар 1990 он хүртэл ажилласан....Б.О нь бага анги л дүүргэсэн санагдаж байна. Эцэг, эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад үхэр маллаж байсан. Б.О нь хөдөлмөрийн насанд хүрээд л Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш буюу 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн. Нэгдэл тарах хүртэл тасралтгүй саальчнаар ажилласан. Б.О нь тэр үед нэг хүн нормын 15 үхэр сааж байсан. Б.Оийн аавынх нь нэрийг Ламбын Баярлах гэдэг. Ээжийнх нь нэрийг Цэвэгмид гэдэг байсан....Б.Оийн эгч, дүү нарынх нь нэрийг Наранцэцэг, Цэвээнноров, Дамдинжав гэдэг байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Цагааны .... Би 1971-1979 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан. 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд саальчин малчнаар мөн ажиллаж байсан....Б.Оийн аав манай хоёрынх олон жил айл саахалт явсан. Б.О нь 4 дүгээр ангиас гараад эцэг, эхийн хамт мал маллаж, сааль саадаг байсан. Тэр үед нэг хүн нормын 15 үхэр сааж байсан. Б.Оийн аавынх нь нэрийг Ламбын Баярлах гэдэг. Ээжийнх нь нэрийг Цэвэгмид гэдэг байсан....Б.Оийн эгч, дүү нарынх нь нэрийг Наранцэцэг, Алтанцэцэг, Цэвээнноров, Дамдинжав, Амраа гэдэг байсан. Одоо заримынх нь нэрийг мартсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-12, 23-26 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Оийн шүүх хуралдаанд гаргасан ....Би 1989 оны 09 дүгээр сард хуримаа хийгээд Эрдэнэбүрэн суманд очсон. Манай нөхөр тухайн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Би болохоор ажилгүй байдаг байсан.... гэх тайлбар, 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот тушаалаар амьдралын шаардлагаас Эрдэнэбүрэн сумын услалтын системд шилжүүлэв гэх бичилттэй нэхэмжлэгчийн нэртэй хөдөлмөрийн дэвтэр, Л.Батмягмар, Б.О нар нь 1989 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсон тухай бичилттэй 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 36/000465 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдал нь үгүйсгэгдэж байна.
Иймд Б.Оийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Пүрэв, А.Цагаан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЯргайт овогт Баярлахын Оийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ