Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/393

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т  холбогдох эрүүгийн 2225006780485 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Э

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ****   тоот хашаанд Т.Г-н  нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны доргилт, нулимсны сувгийн сэтрэл, дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “Г-т гэмт учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр үед юм уучихсан байхдаа маргалдаад намайг цохиод авахаар нь өшиглөсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 600 000 төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч Т.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Т.Г-н  Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

2. Хохирогч Т.Г-н  “2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөөний 09 цагийн үед ажилдаа яваад 21 цагийн үед ажлаа тараад Эрдэнэ багийн ****   тоот баз Баасанпүрэвийн гэрт очих үед баз Б түүний эхнэр С , миний эхнэр П  манай бага хүүхэд Н  нар байсан.Б унтаж байсан. Би эхнэрийн хамт хоол идээд сууж байтал гаднаас Э   нь өндөр нуруутай нэг залуугийн хамт орж ирээд байж байснаа Э   нь намайг “гараад ирээч” гэж хэлсэн гэрийн гадна талд гараад Э   нь намайг “чи манай найзыг яагаад байгаа юм бэ” гэхээр нь би “яасан юм бэ” гэж хэлээд гараараа түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Энэ үед Э   намайг барьж аваад газарт унагааж байгаад миний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж, нүүрэн тус газарт хөлөөрөө дэвссэн. Энэ үед манай эхнэр П , хадам эгч С  нар салгасан. Э   нь шууд яваад өгсөн юм. Хамт явж байгаа найзыгаа өмөөрөөд намайг зодсон юм. Тухайн үед би Э  тай хамт явж байсан залуутай гэрт байхдаа нэг удаа маргалдсан өөрөөр ямар нэгэн зүйл болоогүй. Э   нь намайг газарт унагааж байгаад хөөлөө нүүр хэсэг рүү өшиглөж, дэвссэн. Үүний улмаас миний нүдний нулимсны суваг гэмтсэн байсан. Э   нь хамт явж байгаа нэг залууг өмөөрөөд над руу үг хаяад байхаар нь миний уур хүрээд цохисон юм. Хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Э   нь надаас уучлалт гуйж миний хохирлыг барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 11-12 дахь тал, 14 дэх тал/

3. Гэрч Т.П гийн “Э.Э нь гаднаас эхнэр хүүхдийн хамт орж ирээд цай уугаад суууж байтал Э   манай нөхөр Г-той юм яриад сууж байгаад гаръя гэж хэлээд дагуулаад гарсан. Хэсэг хугацааны дараа гэрийн гадна талд хүмүүсийн орилох чимээ гарахаар нь гэрээс гараад харсан чинь манай нөхөр Г-г   газарт унагаад байгаад толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж байгаад хашаанаас гараад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/

4. Э.Э  ын “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Могод сумаас эхнэр хүүхдийн хамт манай сумын Т-н     машинаар ирээд Орхон аймгийн бараан зах дээрээс монгол гэрийн хаалга авсан. Тухайн өдрөө найз Ц-н   гэрт хоносон. Маргааш нь өдөржингөө гадуур явж байгаад орой 22 цагийн үед Б  гэх найзынхаа гэрт очих үед Б  болон түүний эхнэр С , түүний дүү нь нөхөр Г-той хамт байсан. Б ын гэрт орж ирээд сууж байгаад Г , Г  хоёр хоорондоо маргалдаад байсан, тухайн үед тэр хоёрыг салгах гэж байтал Г  гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон, энэ үед би уурлаад Г ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/

5. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 831 дугаартай Т.Г-н  биед баруун нүдний алимны доргилт, нулимсны сувгийн сэтрэл, дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

            6. Э.Э  ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал,

            7. Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 44-47 дахь тал/

            8. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ****   тоот хашаанд Т.Г-н  нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны доргилт, нулимсны сувгийн сэтрэл, дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна. гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Т.Г-н  Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Т.Г ийн: “Э   намайг барьж аваад газарт унагааж байгаад миний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж, нүүрэн тус газарт хөлөөрөө дэвссэн” гэх мэдүүлэг, гэрч Т.П гийн “манай нөхөр Г-г   газарт унагаад байгаад толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж байгаад хашаанаас гараад явчихсан” гэх мэдүүлэг, Э.Э  ын сэжигтнээр мэдүүлсэн “Г  гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон, энэ үед би уурлаад Г ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 831 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Э нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ****   тоот хашаанд иргэн Т.Г-той маргалдаж, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны доргилт, нулимсны сувгийн сэтрэл, дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Э.Э  ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Т.Г-н  биед баруун нүдний алимны доргилт, нулимсны сувгийн сэтрэл, дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р т овгийн Э Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А