Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/01137

 

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/01137

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
         

Нэхэмжлэгч: О.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК -д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13.823.766 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ж, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Ж би Г ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сэндвичин хавтан дагалдах хэрэгслийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний нийт үнэ 16.424.600 төгрөг байснаас урьдчилгаа төлбөр 5.000.000 төгрөгийг бараа, материал авах үедээ өгснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй. Худалдан авагч нь утсаа авахгүй, уулзахгүй зугтаад байна.

Иймд Г ХХК-иас гэрээний үдэгдэл төлбөр 11.424.600 төгрөгийг, Сэндвичин хавтан, шруп зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар буюу хоногт 57.123х42= 2.399.166 төгрөг, нийт 13.823.766 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 13.823.766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г ХХК нь 5206901 гэсэн регистртэй, улсын бүртгэлийн 9011142059 дугаартай, гадаад худалдаа, аялал жуулчлал, авто засвар, авто угаалга барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна./хх-ийн 5-р хуудас/

Тус компанийн захирал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч О.Жаргалсайхан нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18/176 дугаартай шийдвэрээр иргэн О.Жаас 476,6 м.кв сендвич хавтан, 5500 ширхэг шрупыг 16.424.600 төгрөгөөр худалдан авах бөгөөд тус гэрээг байгуулахыг ГХХК-ийн гүйцэтгэх захирал О.Наранбаатарт даалгажээ./хх-ийн 6-р хуудас/

Г ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Н нь иргэн О.Ж-тай Сэндвичин хавтан, шруф зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 4-р хуудас/

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч /худалдагч/ нь хариуцагч Г ХХК /худалдан авагч/-ийг үнийг бүрэн төлөхөөс өмнө сэндвичэн хавтан, 5500 ширхэг шруп /эд хөрөнгө/-ийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн, тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчдын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Г ХХК-ийг гэрээгээр тохирсон барааг хүлээн авч нийт 16.424.600 төгрөг төлөхөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 11.424.600 төгрөгийг төлөөгүй байгаа гэж нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Сэндвичин хавтан, шруп зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.-т гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-ийн алданги тооцно гэжээ.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.-т заасны дагуу алданги тооцох үндэстэй байх тул хугацаа хэтрүүлсэн худалдан авагч нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлөх нь зүйтэй.

Г ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдан авсан сэндвичэн хавтан, 5500 ширхэг шрупны үлдэгдэл төлбөр 11.424.600 төгрөгийг, алданги 2.399.166 төгрөгийн хамт нийт 13.823.766 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Худалдан авагч үлдэгдэл төлбөрийн 50%-ийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдагчийн Хаан банкны 5040066536 тоот дансанд төлөхөөр гэрээгээр тохирсон байх бөгөөд алдангийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тооцоход нийт 92 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хугацаа хэтэрсэн хоногийг 42 гэж тооцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцсон болно. /гүйцэтгээгүй үүрэг 11.424.600 төгрөгийн 0,5% нь 57.123 төгрөг, 42хоног х 57.123= 2.399.166 төгрөг/

Хариуцагч Г ХХК-д шүүхэд дуудсан мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлэхэд шүүхэд хүрэлцэн ирээгүй тул 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2785 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхэд албадан ирүүлжээ. /хх-ийн 10-р хуудас/

Г ХХК-ийн захирал О.Жаргалсайхан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардан авах итгэмжлэлийг Л.Мөнххишигт олгосоны дагуу Л.Мөнхишигт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан түүнд хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг сануулан гарын үсэг зурсан боловч уг үүргээ биелүүлээгүй болно./хх-ийн 14-15-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т ... хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч Г ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж,

72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж,

100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Дээрх үр дагаварыг хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэл гардуулан өгсөн өдөр мэдэгдэн сануулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар Зохигчид эрх, үүрэг тайлбарлан өгсөн тухай баримт дээр гарын үсэг зурсан байна. /хх-ийн 17-р хуудас/

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байна. /хх-ийн 23-р хуудас/

Шүүх О.Ж ын нэхэмжлэлтэй Г ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14.30 цагт товлоход зохигчид шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож хариуцагчийн төлөөлөгч 5 хуудас нотлох баримт гаргаж өгснийг нэхэмжлэгч танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдаан хойшилсон болно.

Шүүх хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н-т 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэж, Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт дээр гарын үсэг зуруулсан болно./хх-ийн 33-р хуудас/

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч дээрх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэж гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эзгүйд нь хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 15-17,22-24,33-35-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаарзүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г ХХК-иас 13.823.766 төгрөгийг гаргуулж нэхэмлэгч О.Ж-д олгсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227.070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагчид шийдвэрийн нэг хувийг гардуулан өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 


 

 

ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО