Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 34

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.С,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Х.Б-ын 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176470 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч татварын улсын байцаагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ч.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С  шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Ч.З нь Увс аймгийн Ховд суманд 2020 оны 10 сард болсон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд нэр дэвшин оролцсон.Увс аймгийн Ардчилсан нам нь Ховд сумын Ардчилсан намыг дотоод дүрэм журмын хүрээнд шууд удирдлагаар хангах,тухайн намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшиж байгаа тул нэгдсэн журмаар нэр бүхий 21 нэр дэвшигчийн дансны жагсаалтыг нэгтгэж,сумын Ардчилсан намын тогтоолыг үйлдүүлж,Увс аймгийн Төрийн аудитын газарт бүртгүүлэхийг хүсч 2020 оны 09 сарын 25-ны өдөр Ховд сумын Ардчилсан намаас фейсбүүкийн чатаар аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн.Аймгийн Ардчилсан нам ямар шалтгаанаар хоцруулсныг мэдэхгүй байна.

Тухайн хуулийн заалтад тухайн нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалт байхгүй. Нэр дэвшигч миний бие нь хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл миний хууль бус ажиллагаанаас болж төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд, нам, эвсэлд нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй болно.

Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176470 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргачийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :” Нэр дэвшигч Ч.З нь сонгуулийн зардлын дансаа ХААН банкинд нээлгээд сумын Ардчилсан намдаа өгсөн байдаг.Сумын Ардчилсан нам нийт нэр дэвшигчдийн дансны мэдээллийг нэгтгээд Увс аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Болор-Эрдэнэд 2020 оны 9 сарын 24-ний орой фейсбүүк хувь чатаар явуулсан байгаа.Аймгийн Ардчилсан нам дансны мэдээллийг хүлээн авсан. Хүлээн авсан дансны мэдээллийг Төрийн аудитын газарт хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Нэр дэвшигч заавал өөрөө биечлэн бүртгүүлэх шаардлага байхгүй. Тухайн үед Ковид цар тахлын хөл хорио тогтоосон байсан тул өөрөө очих боломжгүй байсан. Улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар шийтгэл оногдуулахдаа холбогдогчийн болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн. Холбогдогч, гэрчийн мэдүүлэгт дансны мэдээллийг хүргүүлсэн тухай мэдүүлсэн байдаг. Мөн Ч.З нь нээлгэсэн сонгуулийн зардлын дансаараа холбогдох гүйлгээгээ хийж, тайлангаа үнэн зөв гаргаж аудитын байгууллагад хүргүүлсэн байдаг. Ч.З нь дансны мэдээллээ бүртгүүлээгүй гэх зөрчил тогтоогдоогүй, шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй ”гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Х.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Ховд сумын 2-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.З нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зөвлөмж, гомдол мэдээллийг 2021 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Холбогдогч Ч.З нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, холбогдогч,гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон прокурорын хяналтын дор шийтгэлийн хуудас бичсэн болно.

Ч.З нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрхийнхээ дагуу нэр дэвшсэн бөгөөд хуульд заасан дансны мэдээллээ бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй.

Аймгийн Ардчилсан намд дансны мэдээллийг хүргүүлсэн нь Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулж өгөх тухай” хүсэлтийг гаргасан тул шүүх хуралдааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн болно.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176470 дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын үйлдсэн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176470 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс “ Сонгуулийн зардлын дансны мэдээллийг аймгийн Ардчилсан намд хуулийн хугацаанд хүргүүлсэн, хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл хууль бус ажиллагаанаас болж байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй, аудитын байгууллагад ямар нэг зөрчилгүй сонгуулийн зардлын дансны тайлангаа хугацаанд нь гаргаж өгсөн ” тухай тайлбар гарган маргаж байна.

Хариуцагч улсын байцаагчаас “Холбогдогч Ч.З нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн баримтууд, холбогдогчийн мэдүүлэг,тайлбар,гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын  үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176470 дугаартай шийтгэлийн хуудсаар Ч.Зыг  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д  заасан “ сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил гаргасан нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Ч.З-д холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 13-ны өдрийн 117 дугаартай тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн баримт, холбогдогчийн мэдүүлэг, гэрч Э.Тын мэдүүлэг, Г.Бий тайлбар, Ховд сумын Ардчилсан намын 2020.09.23-ны өдрийн 31 дугаартай албан бичиг,зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам,эвсэл,нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталжээ.

Аудитын тайлангаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд оролцсон 2 нам, 389 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар бүртгүүлээгүйг хавсралтаар гаргаж Татварын хэлтсийн даргад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.

Аудитын тайланд Ховд сумын 2-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.З нь Сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй талаар дурдагдсан тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй “ гэж заажээ.

Үйл баримтын хувьд орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.З нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй нь аудитын тайлан, Ардчилсан намын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай дансны мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, гэрч М.Бийн “ Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичиг манай байгууллагад ирээгүй” гэх мэдүүлэг,холбогдогчийн “ дансны мэдээллээ сумын Ардчилсан нам өгсөн” гэх мэдүүлэг,гэрч Т.Нын “Увс аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн иргэдийн болон Улаангом сумын Ардчилсан намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг 2020 оны 9 сарын 25-ны өдөр ирүүлснийг бүртгэж авсан.Харин бусад сумдын материалыг 9 сарын 25-ны өдрийн дотор ирүүлээгүй. 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичгийг надад өгсөн зүйл байхгүй ”гэх мэдүүлэг, гэрч П.Эын “ орон нутгийн сонгуулийн үеэр Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Б сумуудаас сонгуульд нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг өөрөө цуглуулан Төрийн аудитын газарт бичгээр хүргүүлэхээр надад өгсөн.2020 оны 09 сарын 29-ний өдөр албан бичгийг Аудитын газрын Н гэх хүнтэй уулзахад хугацаа хэтэрсэн байна,хүлээж авах боломжгүй гэж хэлсэн тул албан бичгээ буцааж Г.Б даргад хүргэж өгсөн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Ч.З-ын сонгуулийн зардлын дансны тайланд 2020 оны 11 сарын 17-ны өдөр “Увс финанс аудит” ХХК хараат бус аудитын 104 дугаартай зөрчилгүй дүгнэлт гаргасан,зардлын дансны тайлан,дүгнэлтийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар хүлээн авсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно “ гэж заажээ.

“Хуульд заасан журмыг зөрчсөн” тохиолдолд Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуульд заасан тул Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэхээр байна.

Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардлын талаар зохицуулсан байх ба уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” бүрэн эрхийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллага хэрэгжүүлэхээр заасан байна.

Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх,хянах,дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг баталсан байна.

Уг журмын 1.1-д “энэ журмын зорилго нь Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа,нам,эвсэл,нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн,бодитой эх үүсвэрээс бүрдүүлж,зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах,түүнд дүгнэлт гаргах,сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн,олон нийтэд нээлттэй,ил тод байлгах нөхцлийг бүрдүүлэхэд оршино” гэжээ.

Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данстай холбогдох харилцааг илүү нарийвчлан зохицуулсан журам батлагдсан тул сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй шалтгаан нөхцөл,зардлын дансны тайлагналт зэрэгт дүгнэлт хийн тухайн хууль,журмаар хамгаалагдсан харилцаа хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох шаардлагатай.

Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх,бүртгүүлэх, зардлын дансны тайланг гаргах ажиллагаа, түүний үр дүн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай  хуулийн болон Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам,эвсэл,нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах,зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх,танилцуулах журам”-ын зохицуулалтын зорилго, агуулгад нийцсэн байхыг шаардана.

Нэр дэвшигч Ч.З-ын хувьд сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашиглаж,сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж,зориулалтын дагуу зарцуулж хөндлөнгийн аудитаас “Зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан,Увс аймаг дахь Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан,дүгнэлтийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ч.З-ын сонгуулийн зардлын дансны орлого,зарлага,зарцуулалт нь дээр дурдсан хууль, журмын зорилгод нийцсэн байна.

Иймд Ч.З-ын сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхүйг  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй гэж дүгнэж, Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Х.Б-ын үйлдсэн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176470 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Ч.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Ч.З-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ч.З-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самбуугийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176470 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ч.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Ч.З-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.