| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0594/3 |
| Дугаар | 221/МА2025/0020 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0020
“ЗКЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 869 дүгээр шийдвэр,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “ЗКЭЭ” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Х,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч,
Хэргийн индекс: 128/2023/0594/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ЗКЭЭ” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-2122000****дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 869 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.3.3,Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан “ЗКЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарт холбогдох Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-2122000****дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д "Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэж тус тус заасан.
Уг хуулийн 47.8-д заасны дагуу Засгийн газрын 193 дугаар тогтоолоор "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг баталсан" уг аргачлалыг баримтлан ашигт малтмал ашигласны төлбөр төлөгчийн худалдсан худалдахаар ачуулсан экспортолсон өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилал тооцох зарчмыг тодорхойлж, үүнийг үндэслэн дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл уг аргачлалд зааснаар экспортолсон ашигт малтмалыг хүдэр баяжмал бүтээгдэхүүний аль нь болохыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч "ЗКЭЭ" ХХК-д төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нар нь "ЗКЭЭ" ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ыг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан акт тогтоосон гэж маргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан гэж заасан. Энэ заалтаар манай компанийн экспортолсон бүтээгдэхүүнд олон улсын зах зээлийн үнээр борлуулалтын үнэлгээг тооцжээ.
Энэхүү заалтаар борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн гэдгийг татварын алба тодорхойлох шаардлага үүсч байна. Тодруулж хэлбэл бүтээгдэхүүний ангилал буюу хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний аль нь бэ гэдгийг тодорхойлох шаардлага үүснэ.
Энэ шаардлагын дагуу татварын алба нь Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-аар манай экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь төмрийн хүдэр юмуу, төмрийн баяжмал юмуу эсвэл эцсийн бүтээгдэхүүн юмуу гэдгийг ангилаад үнэлгээг тооцдог. Тэгэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох суурь нөхцөл нь дээрх аргачлал болох нь тодорхой байна.
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлал нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан бөгөөд уг аргачлалын 1.1 дэх хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход ашигт малтмалын хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэхүү аргачлалыг баримтална гэж заасан байна.
Энэ заалтаас харвал Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад энэ аргачлал хэрэглэгдэхээр байгаа нь тодорхой зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл манай компани нь татварын хяналт шалгалт хийх үед ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болох нь татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсэг, Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байх тул энэхүү аргачлалыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах боломжгүй байсан.
3.2.Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тухайн экспортод гаргаж буй бүтээгдэхүүний агуулга хэмжээг тодорхойлдог бөгөөд уг агуулгын хэмжээнээс хамаараад төмрийн хүдэр, төмрийн баяжмал, эцсийн бүтээгдэхүүн аль нь болохыг Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу тооцоолон жишиг үнийн тооцооллыг хийдэг байна.
Тэгэхээр энэхүү аргачлал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хамааралтай болох нь 1.1 дэх заалтаас тодорхойлогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцох заалт хэрэгжих боломжгүй юм.
Түүнчлэн Гаалийн төв лаборатороос ирүүлсэн тооцооллын задаргаанд зэс, хар тунгалаг, цайр, хөнгөн цагаан, төмөр зэрэг маш олон төрлийн элемент экспортолсон гэсэн мэдээлэл ирүүлсэнд ямар аргачлалаар тооцоол гаргасан нь тодорхойгүй байдаг.
3.3.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нар нь "ЗКЭЭ" ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.8. "Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэж заасныг зөрчсөн гэж НA-2122000****дугаартай актдаа тэмдэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47.8 дахь заалт нь УИХ-аас Засгийн газарт аргачлал батлах эрхийг олгосон заалт бөгөөд татвар төлөгч энэ заалтыг биелүүлэх үүрэггүй, энэ заалтыг зөрчсөн гэх эрх зүйн үр дагавар үүсэхгүй.
3.4.Татварын улсын байцаагч нар Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг үндэслэн акт тогтоосон, шүүхээс Засгийн газрын тогтоолоор батлагдсан аргачлалыг үндэслэж төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь дээрх аргачлалыг үндэслэж акт тогтоосон гэдэг нь тодорхой байна. Энэ тохиолдолд акт тогтоох үндэслэл болсон аргачлалыг "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход энэхүү аргачлалыг баримтална" гэж заасныг анхаарах ёстой байсан.
3.5.Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 1.1 дэх хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход ашигт малтмалын хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэхүү аргачлалыг баримтална гэж заасныг Засгийн газрын 2023 оны 81 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орж 1.1-т Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтална
(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 81 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан) өөрчлөн тогтоогдсон болохыг шүүх анхаарахгүйгээр 2023 онд нэмэлт өөрчлөлт орж батлагдсан тогтоолыг 2019-2020 онд АМНАТ ногдуулан 2022 онд тогтоогдсон актад хэрэглэх нь хууль зөрчсөн, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болохыг шүүх анхаарч үзсэнгүй.
3.6. Шүүхээс уг аргачлалд зааснаар экспортолсон ашигт малтмалыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нь болохыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлж, дүгнэх байсан боловч Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Маргаан бүхий акт гарснаас хойш нэмэлт өөрчлөлт орсон аргачлалыг үндэслэл болгон тогтоосон татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй тогтоосон гэж үзэн нэг талыг барьсан шийдвэр нь хуульд нийцээгүй нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2024/0869 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нар нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2122501497 тоот томилолтын[1] дагуу “ЗКЭЭ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.
2.Маргаан бүхий 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-2122000****дугаар нөхөн ногдуулалтын актаар[2] нэхэмжлэгч “ЗКЭЭ” ХХК-ийг:
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайлангаар 2019 онд 3,373.15 тн, 2020 онд 26,738.52 тн, нийт 30,111.67 тн төмрийн хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 727,236,756.57 төгрөг, 2020 онд 3,223,822,013.85 төгрөг, нийт 3,951,058,770.42 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна. 47.1.2. Ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2. Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно. 47.2.1. Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж заасныг ,
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайлангаар 2019 онд 3,373.15 тн, 2020 онд 26,738.52 тн, нийт 30,111.67 тн төмрийн хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 727,236,756.57 төгрөг, 2020 онд 3,223,822,013.85 төгрөг, нийт 3,951,058,770.42 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5. Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно: 47.8.Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 7,902,117,540.84 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзжээ.
Ингээд Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 255,191,462.02 төгрөгийн нөхөн татвар, 76,557,438.61 төгрөгийн торгууль, 51,038,292.4 төгрөгийн алданги, нийт 382,787,193.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
3.Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан “...төлбөр ногдуулсан хуулийн заалтууд нь манай компанийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд 47.8-д аргачлалыг Засгийн газар батална гэсэн нь татвар ногдуулалт төлөлтөд хамааралгүй, энэ заалтыг зөрчсөнөөр ямар ч үр дагавар үүсэхгүй, Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг үндэслэн хариуцлага тооцох боломжгүй, юуг үндэслэж төлбөр тогтоосон нь актаас харагдахгүй, ойлгомжгүй байна” гэсэн агуулгаар гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор[3] улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчээс ““ЗКЭЭ” ХХК нь “маргаан бүхий актад хууль зөрчсөн гэж үндэслэл болгосон актын дээрх заалтууд нь манай компанийг буруутгах үндэслэл болохгүй байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д заасан аргачлалыг Засгийн газар батална гэсэн заалт нь татвар ногдуулалт төлөлтөд хамааралгүй, энэ заалтыг зөрчсөнөөр ямар ч үр дагавар үүсэхгүй бөгөөд Засгийн газрын 193-p тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг үндэслэн хариуцлага тооцох боломжгүй, юуг үндэслэж ийм өндөр дүнтэй төлбөр ногдуулсан нь актаас харагдахгүй ойлгомжгүй байна. Иймд татварын улсын байцаагчийн акт нь хууль тогтоомжид үндэслээгүй, татвар төлөгчийн эрхэд хууль бусаар халдсан, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.” гэж маргажээ.
5.Хариуцагч талаас “...Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуйн нэгжийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүл (2019.03.28-ны өдрийн №13/1066/)-д хэвлэгдсэн өдрөөс 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд, /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дагаж мөрдөнө гэж заасныг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31 өдрийн хоорондох хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан.” гэж тайлбарласан.
6.Ашигт малтмалын тухай (2006 оны) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-дэх заалтыг “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж УИХ-ын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилжээ.
7.Уг 47.1-дэх заалтыг “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн.
8.Тодруулбал, 2011 оны хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид АМНАТ гэх) төлөгч нь зөвхөн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” байсан бол 2019 оны өөрчлөлтөөр АМНАТ төлөгч нь ашигт малтмал “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигласан” этгээд байхаар өргөжүүлэн зохицуулсан байна.
9.Энэхүү 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон бусад холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдийн 04 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэж хүчингүй болгосон.
10.Үүний дараа УИХ-аас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:” 47.1.1.“ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2.“ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3.“Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчилсөн бөгөөд уг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
11.Дээрхээс дүгнэвэл, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөгдсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хүчингүй болсон тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль батлагдах хүртэл хугацаанд “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч”-ээс бусад этгээдийг АМНАТ төлөгч гэж үзэх эрх зүйн зохицуулалт байгаагүй гэж үзнэ.
12.Гэтэл хариуцагч нар дээрх Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосноос хойш гурван жилийн дараа буюу маргаан бүхий 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн НА-2122000****дугаар нөхөн ногдуулалтын актаар “хүчингүй болсон хуулийг” үндэслэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” биш нэхэмжлэгч “ЗКЭЭ” ХХК-ийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд экспортолсон төмрийн хүдэр, баяжмалд төлбөр ногдуулсан нь “хууль бус” буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх” зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай тус тус нийцээгүй байна.
13.Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд экспортолсон төмрийн хүдэр, баяжмалд төлбөр ногдуулсан төлбөрийг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
14.Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нэхэмжлэгчийн 2020 оны экспортолсон төмрийн хүдэр, баяжмалд төлбөр ногдуулсан нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй, уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруутгах үндэслэлгүй юм.
15.Учир нь, дээр дурдсанаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг нь гарсан цагаасаа хойш үйлчлэх бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.
Энэ маргааны хувьд, нэхэмжлэгч “ЗКЭЭ” ХХК нь 2020 оны 1-4 дүгээр сар хүртэл төмрийн хүдэр, баяжмал Монгол улсаас худалдан авч БНХАУ-руу экспортолсон гэдэг нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл[4], Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд[5], Худалдах, худалдан авах гэрээнүүд[6] зэргээр тогтоогдож байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч компанийг ашигт малтмал “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь “ашигт малтмал экспортолсон этгээд” болохын хувьд АМНАТ төлөх үүрэгтэй.
16.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн) 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.2-т “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэжээ.
17.Иймд нэхэмжлэгч компанийн 2020 онд экспортолсон төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан зөрчил гаргасан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг үндэслэн хариуцагч нараас нэхэмжлэгч компанид нэхэмжлэгч компанийг ашигт малтмал “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэлгүй юм.
18.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж тус тус заасан.
19.Үүний дагуу Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор Хайлуур жоншны үнийн эх сурвалжийн нэрийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) байхаар заасан бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд хариуцагч нараас тухайн үнийн эх сурвалжийг үндэслэн нэхэмжлэгчийн борлуулалтын үнэлгээг тооцон төлбөр ногдуулсныг хууль бус гэж үзэх, “нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан”, “энэхүү аргачлалыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах боломжгүй байсан” гэж буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэж, хариуцагч нар болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд өмнө нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн.
21.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” гэж заасны дагуу хариуцагч Ц.М, Б.Х нар нь Ц.Т, Х.А нарт 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх бөгөөд мөн сүүлд итгэмжлэлээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шинэчлэн ирүүлжээ.
22.Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулж байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарт давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэх үзэх шалтгаантай талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Харин хариуцагч Ц.Маас ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн гэдгийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 28 дугаар зүйлийн 28.1, 42 дугаар зүйлийн 42.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт) 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2, 47.2.1, 47.3.3, 47.5, 47.16, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн) 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЗКЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-2122000****дугаартай нөхөн ногдуулалтын актын 2019 оны төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх 2020 оны нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ