Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/399

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох эрүүгийн 2225000000494 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Н.Н

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор хайрхан” зочид буудлын 309 тоот өрөөнд Б.Г-тэй  хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Б.Г  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Б.Г-ий Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            2. Хохирогч Б.Г-ий “Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз Ж   , С , Н  нарын хамт 22 цагийн орчим Хангарьд спорт ордны зүүн талд байрлах “Намуун” гэх караокед 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад 00 цагийн орчим тухайн караокегоос гарч Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Сонор зочид буудал руу бид дөрөв орж өрөөндөө 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад сууж байхад Н  согтчихоод над руу хараад энэ гөлгийг мэдэхгүй юм байна гэж хэлээд хуруугаараа над руу чичээд сууж байгаад босож ирээд над руу дайраад байхаар нь би гараараа хойш нь түлхэхэд Н  шууд гараараа миний ам хэсэгт нэг удаа цохихоор нь би хойш нь хөлөөрөө жийгээд салсан. Тэгэхэд миний үүдэн шүд буйлнаасаа салаад аман дотор уначихаар нь миний уур хүрээд Н ыг гараараа толгой хэсэгт нь 1 удаа цохиход Н  дахин миний ам хэсэгт гараараа хүчтэй нэг удаа цохиход би газар унасан тэгэхэд Н  миний дээрээс толгой хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхэд цаанаас Ж    ирж бид хоёрыг салгасан. Тэгээд би угаалгын өрөө орж амаа харахад миний үүдэн хоёр шүд уначихсан байхаар нь Н т миний шүд уначихсан байна гэж хэлэхэд худлаа тасраад уначихсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа нар Н  бид хоёрыг авч яваад цагдаагийн газар ирэхэд дотор хүлээлгийн хэсэгт нь Н  миний ам хэсэгт 1 удаа цохисон. Н  нь согтчихоод намайг гөлөг гэж харааж байгаад цохисон, түүнээс маргалдаж муудалцсан асуудал болоогүй. Миний дээд үүдэн хоёр шүд унасан дахин нэг шүд тал хэсгээрээ хугарч унасан байсан... Н  нь миний унасан 2 шүдний төлбөр болох 3 500 000 мянган төгрөгийн “Инээмсэглэл” эмнэлэгт төлсөн. Миний биед учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 12 дахь тал/,

            3. Гэрч Б.Ж   ы 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн орчим найз Н , С , Г нарын хамт “Намуун” гэх нэртэй караоке орж 0,75 литрийн 2 шил архи уучхаад 23 цагийн орчим уг караокеноос гарч Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Сонор” зочид буудалд орж нэмж 0,75 литрийн хоёр шил архи авч уугаад дуусаж байхад Н , Г хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь найз нөхөд юм чинь зүгээр байх гэж бодоод тоохгүй сууж байхад гэнэт нэгнийгээ цохиод байхаар нь би Н ыг салгаад хойшлуулахад Г миний шүд уначихсан байна гэж байсан тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хэл гэж хэлээд залгуулсан. Би тухайн үед архи уугаад согтчихсон байсан болохоор хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг сайн харж чадаагүй, хальт харахад Н , Г-г цохиод байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 14 дэх тал/,

4. Гэрч М.Сүлд-Эрдэний “...Сонор хайрхан гэх нэртэй зочид буудлын 309 тоотод Ж   , Г , Н  нарын хамт 2 шил 0.75 литрийн архи авч орсон. Тэгээд нэг шилтэй архийг нь ууж сууж байхдаа хөзөр тоглож Г , Н  хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Ж    бид хоёр түрүүлж хөзрөөс хасагдаад би цонхны хажууд буруу хараад сууж байхад Г , Н  маргалдаад байхаар нь та хоёр одоо маргалдахаа боль гэж хэлсэн тэгэхэд хоорондоо барьцалдаж аваад нэгний 1-2 удаа цохчих шиг болсон. Би буруу хараад сууж байсан болохоор хэн хэнийгээ аль хэсэгт нь хэдэн удаа цохисныг анзаарч хараагүй ээ. Тэгээд Г , Н  хоёрыг Ж    салгаж Н ыг холдуулахад Г минйй шүд уначихлаа гэж хэлээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16 дахь тал/,

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 887 дугаартай “...Б.Г-ий   биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

6. Сэжигтэн Н.Н ын “Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн орчим Намуун гэх нэртэй караоке орж найз Ж   , С , Г нарын хамт юм ярьж суунгаа 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгчхээд уг караокеноос нэмж 0,75 литрийн 2 шил архи аваад бид дөрөв “Сонор хайрхан” зочид буудлын 309 тоот өрөөнд орсон. Тэгээд өрөөн дотроо архи ууж, юм ярьж, хөзөр тоглож сууж байгаад Г тэй маргалдаж муудалцсан, би их уусан болохоор өөрийн мэдэлгүй Г-ий нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд Ж    бид босож ирээд Г бид хоёрыг салгасан. Би тухайн үед маш их согтчихсон байсан болохоор яагаад найзыгаа цохисноо сайн мэдэхгүй байна...Би найз Г-ээ биед учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж эмчилгээний төлбөр гэж Инээмсэглэл шүдний эмнэлэгт 3 500 000 төгрөг төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дахь тал/,

7. Н.Н ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор хайрхан” зочид буудлын 309 тоот өрөөн дотор Б.Г-тэй  хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргаж, улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохих хэлбэрээр зодож, түүний эрүүл мэндэд нь “дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Б.Г-ий   Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Б.Г-ий   “миний ам хэсэгт нэг удаа цохихоор нь би хойш нь хөлөөрөө жийгээд салсан. Тэгэхэд миний үүдэн шүд буйлнаасаа салаад аман дотор уначихаар нь миний уур хүрээд Н ыг гараараа толгой хэсэгт нь 1 удаа цохиход Н  дахин миний ам хэсэгт гараараа хүчтэй нэг удаа цохиход би газар унасан тэгэхэд Н  миний дээрээс толгой хэсэгт гараараа 4-5 удаа цохисон.” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж   ы ...нэгнийгээ цохиод байхаар нь би Н ыг салгаад хойшлуулахад Г миний шүд уначихсан байна гэж байсан, хальт харахад Н , Г-г цохиод байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Сүлд-Эрдэний “...хоорондоо барьцалдаж аваад нэгнийгээ 1-2 удаа цохчих шиг болсон. Би буруу хараад сууж байсан болохоор хэн хэнийгээ аль хэсэгт нь хэдэн удаа цохисныг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 887 дугаартай дүгнэлт, сэжигтэн Н.Н ын “...Г-ий нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор хайрхан” зочид буудлын 309 тоот өрөөнд Б.Г-тэй  маргалдаж, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Н.Н ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Г-ий   биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд баруун хоёрдугаар шүдний хугарал, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Н-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А