Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 109

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00109

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /9067655/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, М овогт И-ийн И /..../-д холбогдох,

Нийгмийн даатгалын сангаас 2005 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд үндэслэлгүй авсан тэтгэвэр 8,678,700 /найман сая зургаан зуун далан найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 153/2019/00032/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Б.Анхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч И.И, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.И нь анх 2005 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байдаг. Ингэж тэтгэвэр тогтоолгохдоо И.Тилеухабал гэдэг хүүхдийн төрсний гэрчилгээг өгсөн байдаг. Энэ төрсний гэрчилгээ нь тухайн үед Ховд аймгийн Жаргалант сумаас олгогдсон Хоролсүрэн гэдэг хүний гарын үсэгтэй тухайн хүүхдийг төрүүлсэн юм шиг бичигдсэн гэрчилгээгээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байгаа. Иргэний бүртгэлийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор И.Тилеугавал гэдэг хүүхэд нь өөр хүний хүүхэд болох нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагааг авч үзэхэд И.Тилеугавал гэдэг хүүхдийг төрүүлсэн гэх Н.Орал гэдэг хүн нь энэ хүүхдийг үрчилж авахаас өмнө нас барсан байсан нь тогтоогдсон. Ийм учраас улсын байцаагчийн акт тогтоосон. И.Тилеугавалд тэтгэвэр тогтоолгож авсан нийт 8,678,700 төгрөг байгаа. Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай акт тогтоож Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулж И.И гэдэг хүнд танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. И.И нь актыг зөвшөөрөөд төлнө гээд гарын үсэг зурсан байгаа. Актыг хангаж өгнө үү....Анх насанд хүрээгүй хоёр хүүхдэд тэтгэвэр тогтоолгосон. Нэг хүүхэд нь 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 нас хүрээд хуулийн дагуу тэтгэвэр зогсоогдсон. Анх өргөдөл өгөхдөө Н.Оралаас төрсөн нэг хүүхэд,насанд хүрээгүй хоёр хүүхэд байгаа учир энэ хүний тэтгэврийг хоёр хүүхэд нь шилжүүлэн авах хүсэлттэй байна гэсэн өргөдөл гаргаж байсан байна. Энэ нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгнө үү гэсэн утгатай байна. Насанд хүрээгүй И.Нэргүй, И.Тилеугавал гэдэг хоёр хүүхдийг оруулж өгсөн. И.Нэргүй гэдэг хүүхэд 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн учраас энэ хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвар авах хасагдах хугацаа 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусаж байгаа. Тухайн үед акт тогтоохдоо 2005 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс гэж гаргасан байсан. Гэтэл тооцооллоор нэг хүүхэд нь өөрийнх нь төрүүлсэн хүүхэд учраас 19 нас хүртэл авах ёстой, дараагийн хүүхэд нь тэжээгч нас барсны дараа үрчилж авсан хүүхэд байсан учраас хасагдах ёстой байсан. Ийм учраас 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны илүү олгосон тэтгэвэр 8,678,700 төгрөгийг И.Иаас гаргуулж Ховд аймгийн нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын санд буцаан төлүүлж өгнө үү....Н.Орал нь тэтгэврийн доод хэмжээгээр бүрэн тэтгэврээ авдаг байсан учраас нэг хүүхэд ч бай хоёр, гурван хүүхэд байсан ч тэтгэврийн доод хэмжээ ижилхэн байдаг. Доод хэмжээ их байвал хүүхдийн тоо хасагдах хэмжээгээрээ тэтгэврийн хэмжээ буурах ёстой байгаа. Тухайн үед насанд хүрээгүй байсан И.Нэргүй 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 нас хүрээд хасагдсан учраас үлдсэн нэг хүүхэд дээрээ тэжээгчээ алдсаны тэтгэврээ үргэлжлүүлэн аваад явсан....И.Нэргүй 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. И.Тилеугавал 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн....2005 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс буюу Н.Орал нас барсан өдрөөс хоёр хүүхэд дээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч эхэлсэн....гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Анхтуяа байцаагчийн тайлбартай нэгэн адил хүсэлтэй байна гэв.

Хариуцагч И.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би хүүхдээ үрчилж авсны дараа манай эхнэр Н.Орал бичиг баримтаа бүрдүүлж бид нар сумын нийгмийн даатгалын байцаагчид өгсөн. Манай эхнэр Н.Орал нас барахаасаа өмнө үрчилж авах бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байсан. Тэр үед Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагч Энэбиш гэдэг хүн байсан. Би хоёр гурван сарын дараа сум ороод явж байхад надад танай эхнэр Н.Оралын нэр буруу болсон гэхэд нь би тэр хүн чинь 2005 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нас барсан гэж хэлсэн. Би сургуульд сураагүй хөдөө мал малладаг. Ховд аймгийн Ховд сумаас намайг дуудаад эхнэр Н.Оралын тэтгэврийг хүүхдийн нэр дээр болгосон гэж хэлээд дараа нь дэвтэр авчирч өгсөн. Тэр үед нийгмийн даатгалын байцаагч шалгаж өгөх ёстой байсан. Хөдөөний хүн бид нарт мэдэх юм байхгүй. Би сургууль соёл төгсөөгүй бичиг үсэгт муу. Тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагч зөрчилтэй байсныг хэлэх ёстой байсан. Энэ хүмүүс өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг мэдэхгүй байна. Нийгмийн даатгалынхан намайг шууд төл та төлөх ёстой гэж хэлсэн. Манай эхнэр Н.Орал амьд байхад бид нар хүүхдийг өөрийнхөө нэр дээр болгож авсан. Манай эхнэр Н.Оралыг нас барсны дараа нийгмийн даатгалын хэлтсээс танай эхнэр Н.Орал нас барсан учраас тэтгэврийг хүүхэд авах ёстой гэж хэлсэн. Нийгмийн даатгалын байцаагч буруу зөвийг нь шалгаж өгөх ёстой байсан. Нийгмийн даатгалын байцаагч тухайн үед шалгасан бол ийм зүйл болохгүй байсан би гомдож байна. Нийгмийн даатгалын байцаагч намайг дуудаад нэг бичиг гаргаж өгөөд заавал зур гэхээр нь би гарын үсгээ зурсан. Би бичиг үсэг сайн мэдэхгүй танилцах ёстой юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. Миний гарын үсгийг зурсан баримтыг авчирж өгсөн байсан. Би өөрөө уншиж чаддаггүй. Би хуулийн байгууллагад огт очиж үзээгүй. Би зүрх муутай айгаад гарын үсэг зурсан. 2015 оны 05 дугаар сард нийгмийн даатгалын байцаагч Серикбол гэдэг хүн танай хүүхдийн мөнгийг зогсоосон гэж хэлсэн.Тэр залуу дараа нь Казакстан улс уруу яваад гараад буцаж ирээгүй. Би хоёрдугаар анги төгссөн. Монгол хэлээр ярина уншиж чадахгүй. Би нэрээ ч сайн бичиж чадахгүй байна. Төлөхийг зөвшөөрөхгүй байна. Надад мал хөрөнгө байхгүй. Би тэтгэвэр авдаг бие муутай эмнэлгийн хяналтад байдаг. 7-10 хоноод эмнэлэгт хэвтдэг. Намайг хот яв гэж эмч хэлсэн. Би тэтгэврийн зээл авсан байгаа. Миний даралт өндөр зүрх өвддөг. Би гэрээ хураагаад айлуудаар хоноод явж байна. Тухайн үед нь буруу байсан зүйлийг нийгмийн даатгалын байцаагч хэлсэн бол учиртай байсан. Олон жил өнгөрсний дараа гаргаж ирж байгааг зөвшөөрч чадахгүй....2016 оноос хойш 2-3 удаа гомдол гаргасан. Өмгөөлөгч Б.Батсүхэд хандаж байсан. Шүүхэд хандаагүй....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь И.Ид холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас 2005 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд үндэслэлгүй авсан тэтгэвэр 8,678,700 /найман сая зургаан зуун далан найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа нь шүүх хуралдаанд Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулж, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд авсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 8,678,700 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд оруулах гэж тодрууллаа.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг хариуцагч И.И эс зөвшөөрч ....Тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагч зөрчилтэй байсныг хэлэх ёстой байсан. Энэ хүмүүс өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг мэдэхгүй байна.Манай эхнэр Н.Орал амьд байхад бид нар хүүхдийг өөрийнхөө нэр дээр болгож авсан. Манай эхнэр Н.Оралыг нас барсны дараа нийгмийн даатгалын хэлтсээс танай эхнэр Н.Орал нас барсан учраас тэтгэврийг хүүхэд авах ёстой гэж хэлсэн. Нийгмийн даатгалын байцаагч буруу зөвийг нь шалгаж өгөх ёстой байсан. Нийгмийн даатгалын байцаагч тухайн үед шалгасан бол ийм зүйл болохгүй байсан би гомдож байна....Зөвшөөрөхгүй. гэж маргасан болно.

Хариуцагч И.Иы эхнэр Н.Орал /ПЛ51090601/ нь 2005 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нас барсныг 2005 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нас барсны бүртгэлийн 18 дугаарт бүртгэсэн болох нь №0003983/18 дугаартай Н.Оралын нас барсны гэрчилгээ, зохигчийн тайлбараар нотлогдож байна /хх-ийн 10 дугаар тал/. Энэ талаар зохигч маргаагүй болно.

Эцэг Т.Тилеухан, эх С.Алтангүл нарын дундаас Тилеуханы Тилеугавал /ПЮ01282938/ нь 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36/000001 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо /хх-ийн 8 дугаар тал/.

Хариуцагч И.И нь Тилеуханы Тилеугавал /ПЮ01282938/-ыг 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын үрчлэлтийн 5 дугаарт бүртгэгдэн үрчлэн авсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36/000002 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна /хх-ийн 9 дүгээр тал/.

Дээрх баримтуудаас дүгнэхэд хариуцагч И.И нь эхнэр Н.Оралыг нас барснаас 6 хоногийн дараа буюу 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү Иы Тилеуханаас Тилеуханы Тилеугавалыг үрчлэн авсан байна.

И.Иы эхнэр Н.Орал /ПЛ51090601/ 2005 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нас барах үед 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Иы Нэргүй нь 15 нас 11 сартай байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяагийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

Хариуцагч И.И нь 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч байгууллагад өргөдөл гарган Н.Орал /ПЛ51090601/-ыг нас барсан өдрөөс буюу 2005 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү И.Нэргүй, 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү И.Тилеугавал /ПЮ01282938/ нарт бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяагийн тайлбараар тогтоогдлоо.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү И.Нэргүй нь 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 19 нас хүрсэн байх бөгөөд энэ өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд.гэж заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр дуусгавар болох байтал И.Тилеугавал /ПЮ01282938/ нь 19 насанд хүрээгүй байсан учир тэжээгчээ алдсаны тэтгэврийг үргэлжлүүлэн авч, улмаар хариуцагч И.Иы нэхэмжлэгч байгууллагад бүрдүүлэн өгсөн материалыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний бүртгэлийн лавлагаа мэдээлэлтэй тулган шалгахад И.И нь Н.Орал /ПЛ51090601/-ыг нас барснаас хойш И.Тилеугавал /ПЮ01282938/-ыг үрчлэн авсан зөрчил илэрсэн гэх үндэслэлээр 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд авсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 8,678,700 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.

Хариуцагч И.И нь шүүх хуралдаанд ....хүү И.Тилеугавалыг 2001 онд үрчилж авсан.... гэж тайлбарлах боловч Тилеуханы Тилеугавал /ПЮ01282938/-ыг 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын үрчлэлтийн 5 дугаарт бүртгэгдэн үрчлэн авсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36/000002 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 9 дүгээр тал/ тогтоогдож байх бөгөөд уг лавлагаа нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичиг юм.

Иймээс И.Тилеугавалыг 2001 онд үрчилж авсан гэх хариуцагчийн тайлбар дээрх баримтаар үгүйсгэгдэж байх ба хариуцагч нь энэ талаар маргаж байгаагүй, холбогдох байгууллагад хандаж байгаагүй байна.

Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн хамт гаргасан И.Тилеухабыл /ПЮ01282938/-ын Ховд аймгийн Буянт суманд бүртгэсэн бичвэртэй төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 11 дүгээр тал/, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн И.Тилеугавал /ПЮ01282938/-ын Ховд аймгийн Ховд суманд бүртгэсэн бичвэртэй төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан байх боловч И.Тилеугавал /ПЮ01282938/-ын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36/000001 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, мөн түүний Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36/000002 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаанууд нь үнэн зөвийг нотолсон баримт бичиг байх тул дээрх нэр, олгосон газар зөрүүтэй төрсний гэрчилгээний хуулбарууд нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзсэн болохыг дурдлаа.

Түүнчлэн тэжээгч нь нас барсны дараа үрчлэлт хийлгэн И.Тилеугавал /ПЮ01282938/-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр авсан И.Иы үйлдэлд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай актаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг түдгэлзүүлж, үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг гаргуулахаар тогтоосон байна /хх-ийн 5 дугаар тал/.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан байхад хариуцагч И.И нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсээгүй байхад буюу тэжээгч нас барсны дараа үрчлэлт хийлгэн хүү И.Тилеугавалд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасантай нийцнэ.

Хариуцагчийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхийг нээсэн нийгмийн даатгалын байцаагчийн буюу албан тушаалтны буруугэх тайлбар нь актаар тогтоосон төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай актад 2005 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр 8,678,700 төгрөгийг төлүүлэхээр заасан байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд уг хугацааг 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд авсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 8,678,700 төгрөгийг гаргуулах гэж тодруулж байгаа нь олгосон тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орно гэж тайлбарлав.

Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай актын хавсралт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 355, 2010 оны 241, 2012 оны 80, 153, 2014 оны 15 дугаар тогтоолуудтай нийцэж байх ба нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй тохирч байгаа болохыг дурдлаа.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь тухайн актыг мэдсэн өдрөөсөө хойш гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, уг акт хүчин төгөлдөр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулан, хариуцагч И.Иаас 8,678,700 /найман сая зургаан зуун далан найман мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 153,809 /нэг зуун тавин гурван мянга найман зуун ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 8,678,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 153,809 /нэг зуун тавин гурван мянга найман зуун ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулан, хариуцагч И.Иаас 8,678,700 /найман сая зургаан зуун далан найман мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд оруулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 153,809 /нэг зуун тавин гурван мянга найман зуун ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.Иаас улсын тэмдэгтийн хураамж 153,809 /нэг зуун тавин гурван мянга найман зуун ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ