| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч Ц.*******,
Гэрч Б.*******,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 174 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******т холбогдох эрүүгийн 2207000590155 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн, *******-ний өдөр аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-д зам ******* ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
овогт гийн ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн оройн 22 цагийн орчим *******, ******* тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Б.*******тай өөрсдийн эцэг, эх, садан төрлийн хүмүүсийн талаар ярин маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж, түүний цээжний зүүн хэсэг буюу зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би нөхөртэйгөө 24
жил хамт амьдарч байна. Тухайн өдөр 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний өдөр байсан. Бид хоёр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Тухайн өдөр ёс болгоод гэртээ нэг нэг л уусан байсан. Бид хоёр эхлээд хүүхдүүдтэйгээ айлаар явж, хамаатан саднаараа явсан. Би тухайн өдрийн үйл явдлыг юу ч санахгүй байна. Миний болчимгүй хийсэн алдааг минь өршөөнө үү. Би хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Би янз бүрийн зүйл болоод явахад миний ард амьдрал маань их хэцүү байна. Ер нь бол би амьдралаа бараг авч явж байсан хүн. Тэгээд өөрөө энд зогсоод яахаа шийдүүлэх гээд байна гэдэг надад үнэхээр хэцүү байна. Тэр үед юу болоод тийм болсныг мэдэхгүй байна. Миний зүйл ангийг зөөлрүүлж өөрчилж өгнө үү гэж гуйж байна.” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Болсон явдлыг би яг санахгүй байгаа. Эгчийндээ, ахындаа очоод ирээд манай нэг уурхайн босс байсан хүнийд очсон. Тэднийхээс гараад л гэртээ ирсэн. Тэндээс гараад гэрт орж ирснээ сайн санахгүй байгаа. Хотод эмнэлэг дээр очсоноо санаж байна. Яг хагалгаанд орох гээд хүүхдүүд ирсэн байсан. Яг тэр хэсгийг санадаг. Өмнөхийг санахгүй байгаа. Нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй. Би хүнтэй нээх маргалдаж зодолддоггүй. Уусныхаа маргааш нь юмаа санадаггүй. Өөрийн мэдрэлгүй болчихвол санадаггүй. Өөрийн мэдрэлтэй энэ тэнд явж байвал санана. Согтсон үедээ санадаггүй. Бид хоёр тэгж хэрүүл маргаан гардаггүй байсан. Намайг тэгчихлээ ингэчихлээ гэдэггүй байсан. Их тасарчхаад орж ирэх юм бол өглөө нь хүүхдээсээ асуудаг. Тэгэхээр аав зүгээр орж ирсэн гэдэг. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Бид хоёрын хэн хэнийх нь буруу байсан. Би ч гэсэн хундага, юм авч шидээд араас нь хутга барьсан гэсэн. Өөрөө ч бас буруутай байсан. Гомдол санал байхгүй, ханийг минь гаргаад ялыг нь зөөлрүүлээд өгнө үү гэж гуйж байна.” гэв.
Гэрч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тай гэр бүл болоод 3 жил болж байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Бид хоёр дундаасаа 2 ой гарантай. 2 сартай хоёр хүүхэдтэй, тусдаа гараагүй, одоо яг хадмындаа амьдардаг. Би сая ажилтай байж байгаад ажлаасаа гарчихсан. Тухайн өдөр хадам аав, ээж хоёр архи уусан. Машин дотор хэрэлдсэн байдалтай орж ирсэн. Ээж хүүхдийн хажууд орон дээр сууж байсан. Аав ширээний дээд талд сууж байсан. Аав ээжрүү эхлээд салфетик, дараа нь архи ууж байсан хундага авч шидсэн. Аав хутга бариад мах огтлох гээд боссон. Би аавыг мах огтлох гэж байна гэж л бодсон. Ээж орон дээр сууж байгаад юм аваад шидэхэд нь хэрэлдээд байсан. Хутга аваад мах огтлох гэж байхад ээж энэ талаас ухасхийгээд босоод ирсэн. Эхлээд шидсэн салфетик зэрэг нь хүүхдийн хажууд унасан. Тэгээд ээж хүүхэд хаагаад суусан байсан. Угаасаа хутга аваад энэ хоёрыг ноцолдож байхыг нь би хараагүй. Ээжийг ухасхийхэд би хүүхэд рүү гүйсэн. Хүүхэд уйлаад байхаар нь хүүхдийг очиж авсан. Юм аваад шидэж байсан тул хутга авахад нь юм шидэх гэж байна гэж бодсон юм шиг байсан. Би тэр үед юу болсныг хараагүй. Хүүхэд орон дээр хэвтэж байсан. Ээж урд талд нь сууж байсан. Аав эрүүлдээ зүгээр. Уухаараа л тэгдэг. Угаасаа хэрүүл уруул болоод байсан. Аав, ээж хоёр хэрэлдээд байна гээд эхнэрийгээ дуудсан байсан. Манай эхнэр, төрсөн дүүтэйгээ цагаан сараар найзынхаа өвөөгийнд очсон байсан. Ийм гүн орсон гэж би огт мэдээгүй. Нөгөө хэд ороод ирсэн. Ариукаа шууд бинтэнд явсан. Манай эхнэр найзтайгаа шууд орж ирсэн. Ааваас цус гараад байна, бинт ч юм уу аваад ир гэсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Төрийн нэрийн өмнөөс яллах байр суурьтай оролцоно. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-12/, хохирогч Б.*******ын мэдүүлэг /хх-15/, гэрч Б.*******ын мэдүүлгүүд /хх-18, 20, 22/, эрүүгийн мөрдөгч гэрч А.ын мэдүүлэг /хх-28/, гэрч С.гийн мэдүүлэг /хх-30-31/, гэрч Ү.гийн мэдүүлэг /хх-35-36/, Д.*******ийн эрүүлжүүлэгдсэн бүртгэл /хх-142-143/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-143/, шинжээчийн 03 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-78-79/, Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний төвөөс ирүүлсэн ажил байдлын тодорхойлолт /хх-115/, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бор өнгийн модон бариултай, ажлын хэсэг нь 12см, нийт 23см урттай хутга 1 ширхэг, яллагдагчаар өгсөн Д.*******ийн мэдүүлэг /хх-93-94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх мөн ял шалгах хуудас /хх-145/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай оролцож байна. Дуудлага лавлагааны хуудас /хх-7/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/, хохирогч Б.*******ын мэдүүлэг /хх-15/, гэрч Б.*******ын мэдүүлэг /хх-18/, гэрчээр дахин авсан Б.*******ын мэдүүлэг /хх-20-21/, гэрч Б.*******ын дахин өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-24, 26/, гэрч А.ын мэдүүлэг /хх-28/, гэрч С.гийн мэдүүлэг /хх-30-31/, нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-32-33/, гэрч Ү.гийн мэдүүлэг /хх-35-36/, гэрчээр өгсөн Д.*******ийн мэдүүлэг /хх-38-40/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-41-42/, шинжээч эмч С.Төгсбуянгийн мэдүүлэг /хх-49/, шинжээчийн 03 дугаартай дүгнэлт /хх-78-79/, /хх-51-52/, яллагдагчаар өгсөн Д.*******ийн мэдүүлэг /хх-91-93/, шинжээчийн 609 дугаартай дүгнэлт /хх-100-103/, дүгнэлт 1030 дугаартай дүгнэлт /хх-104-106/, эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-140/, хууль зүйн нэр томъёо, нэвтэрхий толийн тайлбар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн зүгээс: Шүүгдэгч Д.*******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндсэн байр суурьтайгаар оролцож байна. “...гэрч Б.*******ын мэдүүлэг /хх-18-20/, гэрчээр өгсөн Д.*******ийн мэдүүлэг /хх-38/, хувийн байдалтай холбоотой баримтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн, 110 хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн бүртнгэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-108-125/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-113/, ажлын газрын тодорхойлолт /хх-115/, баярын бичиг /хх-116/, газрын харилцаа, зураг зүйн газрын баярын бичиг /хх-117/, 60 дугаартай ын залуучуудын холбооны “хөдөлмөрийн алдар” цол тэмдэг, 100 жилийн ойн медаль, суурь боловсролын гэрчилгээ /хх-118-119/, бүрэн дунд боловсролын дүнгийн жагсаалт /хх-120/, гэр бүлийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-121/, Б.ын төрсний гэрчилгээ /хх-122/, Б.ийн гэрчилгээ /хх-125/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-145/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална. Шүүхэд шинээр зээлийн гэрээ, шүүгдэгчийн зээ Б.ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ын цээжин тус газар хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглаад бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчилж оруулж ирсэн байна. Гэрч Б.******* 3 удаа мэдүүлэг өгөхдөө “Аав, ээж хоёр согтуу орж ирсэн, хоорондоо маргалдсан, юм шидсэн. Хутга аваад босоод ирэхэд нь түүнийг нь ээж булааж авахаар ноцолдсон гэж байдаг. Тэгээд би хүүхдээ аваад эргээд харахад аавын цээжнээс цус гарчихсан, ээж хутга бариад зогсож байсан гэж мэдүүлдэг.” Нөхрөө хутга шидчих вий, дахиж амиа хорлочих вий гэдэг эмзэглэлээс болоод миний үйлчлүүлэгч гэм буруутан болоод орж ирж байгаа. Хүний эрүүл мэндэд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж харж байгаа. Эцсийн дүнд ойлгоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдсэн байна. Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг “...Миний хувьд үйлчлүүлэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндсэн байр суурьтайгаар оролцож байгаа. ...Шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээсэй гэж хүсэж байна.” гэв.
Иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүх гэм буруугийн талаар
Яллагдагч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн оройн 22 цагийн үед *******, ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Б.*******тай маргалдсаны улмаас хүрэн иштэй хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж түүний хэвлийн хэсэгт 1 удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний 2-р сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.*******ийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цагаан сарын шинийн нэгэн байсан учир нөхөр Б.******* болон хүүхдүүдийн хамт шинэлэхээр явсан. Тэгээд 17 цагийн үед гэртээ хүрч ирээд нөхөр Б.*******ын хуучин ажиллаж байсан даргынд очоод тухайн айлдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 22 цагийн үеийн гэртээ харьсан тэгээд гэртээ очоод бид хоёр хоорондоо маргалдсан тэгэх үед манай нөхөр ширээн дээр байсан хундага болон сальфетик над руу авч шидсэн тэгэх үед миний хажууд зээ хүүхэд /1 ой 9 сартай хүүхэд/ байсан. Тухайн үед манай нөхөр мах идээд сууж байсан учир над руу хутгаа аваад шидэж магадгүй гэж бодоод хутгыг нь авах гэж оролдсон тэгээд тухайн үед би юу талаар сайн санахгүй байгаа нэг сэргэх үед эмч ирчихсэн нөхөр Б.******* цээж хэсэгтээ хутгалуулчихсан газар хэвтэж байсан. Тэгээд нөхрийг эмнэлэг аваад, удалгүй гаднаас цагдаа хүрч ирээд намайг авч явсан.” гэх мэдүүлэг
/хх-ийн 93 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.*******ын өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Д.*******, хүүхдүүдийн хамт шинэлэхээр гэрээс гараад том эгч, ахындаа очоод 17 цагийн үед гэртээ ирсэн тэгээд эхнэрийн хамт уурхайд ажиллаж байсан ахынд очихоор яваад 2 шил архи хувааж уугаад тэгээд эхнэрийн хамт гэр лүүгээ явсан тэгээд би тасарчихсан болсон явдын талаар бол санахгүй байна нэг мэдсэн хотод эмнэлэг дээр цээж хэсэгт хөндүүрлэж өвдсөн хутганы шархтай сэрсэн тэгэх үед эмч намайг хагалгаанд орох болно ар гэрээсээ хүн дууд гэж байсан, Тэгээд манай охин Б. ирсэн тэгээд би юу болсон талаар асуухад Б. "Б.******* надаа та хоёрыг маргалдаж байгаад ээж таныг гэмтээчихсэн гэсэн" тэгэхээр нь тийм юм болсон юм, байна гэж бодоод хагалгаанд орчихсон.” гэх мэдүүлэг
/хх-ийн 15 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.*******ын өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ хүүхдээ хараад өнгөрсөн. Би хадам аав ээж нарын хамт ******* Нисэх 0 тоотод амьдардаг юм. Өнөөдөр Хадам аав, ээж хоёр орой 18 цагийн үед айл руу очиж шинэлэнэ гэж гараад орой 22 цагийн үед байх аав, ээж хоёр гэртээ согтуу орж ирэхдээ гаднаас маргалдаж орж ирсэн. Тэгээд хадам аав ширээнд байсан архинаас 1 хундага уугаад хадам ээжтэй маргалдаад савтай нойтон салфетик шидэж хадам ээж хүүхэд сэрээлээ гэж уурлаад тэгээд хадам аав архи ууж байсан хундагаа ээж рүү шидсэн хадам аав ширээн дээр байсан өвчүүний мах идэж байсан хутгаа бариад хадам ээж хутгыг нь булаацалдаж ноцолдсон тэгэх үед манай хүүхэд сэрээд уйлаад байхаар нь би хүүхдээ орон дээрээс аваад хартал хадам аав цээжээ дараад зогсож байсан. Хадам ээжийн гарт хутга байсан. Тэгээд би хадам ээжийн гараас нь хутгыг аваад гал тогооны шкафт хийсэн тэгээд эргээд харсан чинь хадам аавын цээж хэсгээс цус гарсан байхаар нь эмнэлэг дуудсан юм.” гэх мэдүүлэг
/хх-ийн 18, 20, 22 дугаар тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ын өгсөн: “...Б.******* болох миний аав өөрөө маш тайван дуугүй ажил дээрээ гэртээ ялгаагүй маш тайван байж байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бол бага зэрэг агсраад байдаг тийм аймаар агсараад дайраад бол байдаггүй. Д.******* болох ээжийн хувьд бол хувьс хийсэн зан араншинтай нийтэч, хүнтэй амархан нөхөрлөдөг их нийтэч гэр талдаа бол үр хүүхдүүдээ халамжтай санаа их тавьдаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүртэл агсам согтуу тавьдаггүй харин жоохон үглээ болчихдог. ...Би аав болох Б.*******ын өмнө амиа хорлох гэж оролдсон үеийн талаар ярих болно. 5-6 жилийн өмнө Өвөршандын 16-16 тоотод түр оршин суудаг байхад аав Б.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байхаар нь ээж бид хоёр гэрийн гадаа гарчихсан сууж байгаад буцаад гэр лүү орох үед аав гэрийн чагтагны уяанаас хүзүүгээр боомилчихсон байсан тэгэх үед ээж бид хоёр орж уяаг тасалж байсан. Тэрнээс хойш бол аав амиа хорлох үйлдэл хийж байгаагүй. Аав, ээж хоёр бол бараг хэрүүл маргаан хийгээд байдаггүй заримдаа бага зэрэг маргалддаг тэрнээс бол гайгүй байдаг.” гэх мэдүүлэг
/хх-ийн 24, 26 дүгээр тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр А.ын өгсөн: “...Тухайн өдөр 22 цагийн үед Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч С. харилцаа холбооны хэрэгсэл ашиглан эмнэлэгт хутгалуулсан магадлалтай хүн ирлээ гэх дуудлага мэдээллийг өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд очиход яаралтай тусламж хүлээн авах цэнхэр цамцтай цамцны цээж хэсэг цусаар бохирлогдсон 40 орчим настай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй эрэгтэй хүн орон дээр сууж байсан. Юу болсон талаар асуухад тухайн эрэгтэй би охинтойгоо уулзмаар байна байсан тэгэхээр нь би таны наад цээж хэсэгт байгаа шарх юуны шарх болох хутгалуулсан зүйл байгаа юу гэж асуухад тухайн эрэгтэй хүн би хүнд хутгалуулаагүй, би охинтойгоо уулзмаар байна гээд орилоод байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагаас тухайн эрэгтэйг яаралтай Гэмтэл согогын үндэсний төв рүү авч явахаар болоод мэдүүлэг авах боломж олдоогүй тэгээд хэрэг болсон гэх газар луу очиход очиход хэргийн газрын хамгаалалт авчихсан байсан тэгээд тухайн хэрэг болсон гэх гэрт ороход хүргэн Б.******* эхнэр Д.******* охин Б. бага насны нярай хүүхэд байсан. Тухайн үед юу болсон талаар Д.Эрдэнэцэгаас тодруулахад би хүн хутгалаагүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь Б.*******оос юу болсон талаар асуухад Хадам аав ээж хоёр гаднаас маргалдаж ирээд аав ширээн дээр байсан сальфетик авч шидээд ардаас нь хундага авч шидээд тэгээд тэр хоёр хутга булаацалдаж байгаад нэгнийгээ хутгалчихсан гэж хэлсэн. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийж дуусгаад Б.******* болон Д.******* нарыг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр авчирч Д.******* нь мэдүүлэг өгөх боломжгүй согтолттой байсан мэдүүлэг аваагүй. Б.*******оос юу болсон талаар гэрчээр мэдүүлэг авсан.” гэх мэдүүлэг
/хх-ийн 29 дүгээр тал/
6. Мөрдөн байцаалтад гэрчээр С.гийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байх үед дуудлага надад ирсэн тухайн үед би дуудлагад явчхаад эмнэлэг рүү явж байх үед үргэлжлүүлээд дуудлага өгсөн тийм учраас тухайн үед цаг харж бол чадаагүй. Төвөөс 0 тоотод цээжин тус газартаа хутгалуулсан гэх дуудлага ирсэн тухайн хаяг дээр очих үед хүүхдүүд нь юм шиг байсан 4-5 хүн нялх жоохон хүүхэд байсан. Тэгэхээр шууд очоод энэ хүн яагаад ийм гэмтэл шарх авсан хажууд нь хэн байсан хутгалсан хүн нь хаана байна гэж асуухад хүргэн гэж байсан 25-30 гаран насны бор царайтай намхан залуу хутгалуулсан хүнийг гэртээ ганцаараа байсан бид нарыг ороод ирэх үед ийм байдалтай байна гэж хэлсэн тэгэхээр нь би яаг хутгалсан хүн нь хаана байна хүүхэдтэй хүн хажууд нь байсан гэх утгатай юм яриад нуугаад байсан тэгэхэд би хутгалсан хутга нь хаана байна гэж асуухад ар гэр нь юу ч хэлэхгүй байгаад байсан. Тэгэхээр хутгалуулсан хүний охин гэх залуухан эмэгтэй дээр чи хаана байсан юм, энэ хүн яагаад ийм байдалтай болсон талаар асуухад эмэгтэй би хажууд нь байгаагүй над руу утсаар яриад эмийн сан ороод бент аваад хүрээд ир гэж хэлсэн тэгэхээр нь би эмийн сан ороод уян бент аваад хүрээд ирлээ гэж байсан. Тэгээд би шууд хутгалуулсан хүнээ үзэх үед зүрхэн тус газартаа хутгалуулсан шархтай шарх хэсэг дээр нь даавуугаар дарчихсан дарсан даавуу нь нилэнхүүдээ цус болчихсон байсан. Ил газраар бол ямар нэг цус бол байгаагүй, хутгалуулсан гэх хүний биеийн байдлыг нь үзэх үед биеийн байдал нь бол тогтвортой байсан. Тэгээд эмнэлэгт тээвэрлэсэн. Ар гэрээс нь асуулт асуухад тодорхой хариулт өгөхгүй юм нуугаад байх шиг байсан тэглээ ч бид нар гадны гэмтэлтэй хүн дээр очих үедээ цагдаад дуудлага өгдөг. Тухайн өдөр би дуудлага дээр очоод шууд цагдаад дуудлага өгсөн үү гэж асуусан тэгэх үед ар гэр нь юм хэлэхгүй дуугүй байгаад байсан. Тэгээд гэмтэлтэй хүнээ машинд тээвэрлэх үедээ цагдаад дуудлага өгөхийг ар гэрт нь дахиж сануулж хэлсэн тэгэх үед ар гэрээс нь хэн ч дуудлага өгөхгүй байгаад байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дээр ирсэн тэгэх үед мэсийн Манатбек эмч үзээд цагдаад дуудлага өгсөн үү гэж надаас асуусан тэгэхээр нь би ар гэрээс нь асуухад бас дуугарахгүй байсан тэгэхээр нь би өөрийн утсаар Налайх дүүргийн цагдаад дуудлага өгсөн. Удалгүй гаднаас цагдаа орж ирсэн.” гэх мэдүүлэг
/хх-ийн 29-31 дүгээр тал/
7. Мөрдөн байцаалтад гэрчээр Ү.гийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би тухайн өвчтөнд үзлэг хийсэн. Цээжний зүүн талд хутгалагдсан шархтай шарнаас их хэмжэний цус гоожсон байдалтай байсан. Асуумж асуухад өвчтөн согтуу эхнэртэйгээ хутга булаацалдсан гэж хэлж байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна гэж байсан. Иртэй урт зүйлээр хутгалагдсан. Хэвлийг эход харах үед элэгний араар шингэн хурсан байсан тул яаралтай журмаар хэвлийн хөндий нээх мэс засалд орсон. Тогтоох боломжгүй ирэх үед шархнаас хутгаа авчихсан байсан болохоор тогтоох боломжгүй. Хагалгаанд орох үед элэгний 2 дугаар сегмент гэмтсэн хэвлийн булчин гэмтсэн байсныг сэргээн оёж цус тогтоосон. Чиглэл нь цээжнээс хэвлий хэсэг рүү чиглэсэн гүн шарх байсан. Дээрээс доошоо чиглэсэн байсан. Тухайн үед ир үзүүртэй гэмтээсэн зүйл нь ир хэсэг нь хажуу тал руу харсан байрлалтай байх боломжтой. Ир хэсэг нь хохирогч руу харсан бол цээж хавсарсан гэмтэл гарах эрсдэлтэй. Хэрэв ир үзүүртэй хэсэг нь хохирогчийн эсрэг харсан бол булчин хүнд гэмтэх эрсдэлтэй дээрх өвчтөнд дээрх гэмтлүүд учраагүй байсан учраас ир хэсэг нь хажуу хэсэг рүү харсан гэж таамаглаж байна. Би шинжээч эмч биш учраас дүгнэлт гаргах эрх байхгүй. Би тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг
/хх-ийн 35-36 дугаар тал/
8. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/108 дугаар: “Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бичиг, өвчний түүх, байхгүй учраас Б.*******ын биед үүссэн гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 51-52 дугаар тал/
9. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/03 дугаар: “...Б.*******ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий нээж, элэгний шархыг оёсон, цус хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ЦТЭ 202.02.03/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 78-79 дүгээр тал/
10. Цэргийн төв эмнэлгийн “Өвчний түүх”
/хх-ийн 57-58, 67-77 дугаар тал/
11. Яаралтай тусламжийн хуудас
/хх-ийн 59-66 дугар тал/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч А.Азжаргалын 609 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй болно.” гэх дүгнэлт,
/хх-ийн 100-103 дугаар тал/
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бямбадоржийн 1030 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 10,9см иштэй 22,9см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 104-106 дугаар тал/
14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 145 дугаар тал/
15. Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 108-122, 125-138, дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.*******ын хэвлийн тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд шарх, хэвлий нээж, элэгний шархыг оёсон, цус хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ЦТЭ 202.02.03/ бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ын хэвлийд нь хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгалуулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/03 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...Аав, ээж хоёр согтуу орж ирсэн, хоорондоо маргалдсан, юм шидсэн. Хутга аваад босоод ирэхэд нь түүнийг нь ээж булааж авахаар ноцолдсон... болгоомжгүй үйлдэл хийсэн юм биш үү гэдэг үр дагавар үүсэж байгаа. Болгоомжгүй үйлдлийн үндсэн шинж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг урьдчилан мэдсэн, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан гэж үзэн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хохирогч Б.******* “Манай охин ирсэн тэгээд би юу болсон талаар асуухад “Б.******* надад та хоёрыг маргалдаж байгаад ээж таныг гэмтээчихсэн гэсэн. Гэмтлийг охин надад ээж учруулсан гэж хэлсэн” гэх, гэрч Б.*******ын “Нэг нэгнийхээ аав, ээжийг тийм, ийм гээд маргалдаад байсан. ...Тэгээд ээж шууд уйлаад суучихсан Баруун гартаа хутгыг барьчихсан, хутганы бариул хэсгээс барьчихсан, хутга гарын шуу хэсгийг дагуулан барьчихсан байсан.” гэх, С.гийн “...зүрхэн тус газартаа хутгалуулсан шархтай, ...пизда чинь ийм болгочихож байгаа байхгүй юу гээд байсан.” гэх, Ү.гийн “Чиглэл нь цээжнээс хэвлий хэсэг рүү чиглэсэн гүн шарх байсан. Дээрээс доошоо чиглэсэн байсан.” гэх, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/03 дугаар: “...Б.*******ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий нээж, элэгний шархыг оёсон, цус хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ЦТЭ 202.02.03/ гэмтэл, гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/ шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд гэрт хэргийн оролцогч нар маргалдах явцдаа хоорондоо ноцолдсон, харилцан хутга булаацалдсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуугэрэлээс бусад хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Хутга булаацалдаж байгаад хэрэг үйлдэгдсэн гэж ойлголоо. Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч “...Би өөрөө ч бас буруутай байсан. Гомдол санал байхгүй, ханийг минь гаргаад ялыг нь зөөлрүүлээд өгнө үү гэж гуйж байна...” гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа тул өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлэх нь зүйтэй. ...тус зүйл ангийн санкцийн хувьд 5-12 жилийн хорих ялтай байдаг. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогчоос ихээхэн хамааралтай байгаа нөхцөл байдлыг нь харгалзаж, хамгийн доод ял буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг дэвшүүлж байна байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг “...Шүүгдэгч 6 ам бүлийг тэжээж, гэр бүлийнхээ ачааны хүндийг өөрөө үүрдэг зэрэг нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Мөн зээлтэй бөгөөд энэ зээлийг яах вэ гэдэг асуудал яригдана. Хувийн байдлын хувьд энэ хүн нь ажил хөдөлмөр эрхэлж, шагнал урамшуулал авч байсан бөгөөд хохирол төлбөр байхгүй нөхцөл байдал байгаа. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явсан гэдэг нь хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан анхных нь мэдүүлэгт байгаа. Ийм болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж, 5 жилээс бага хугацаагаар буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна.” гэх эрүүгийн хариуцлагын тайлбар дүгнэлтийг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирогч “...ханийг минь гаргаад ялыг нь зөөлрүүлээд өгнө үү гэж гуйж байна...”, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт болон эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 23см, ажлын хэсэг нь 12 см урттай 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Д.******* нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.*******ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон бариултай, нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 12 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ