Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 122

 

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2019/00122

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Хиргис овогт Сын Б /..../-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 153/2019/00064/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч С.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1963 онд төрсөн. Одоо Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт малчнаар ажиллаж байна. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 4-р анги төгссөн. Сургуулиа төгсөөд эцэг эхийн хамт мал малласан. 1982 онд цэргийн албанд татагдаж, 1985 цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд 1990-2000 он хүртэл хамрагдсан. Эрэгтэй хүн малчнаар 55 нас хүртэл ажилласан бол тэтгэвэрт гарах боломжтой болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4-р бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Миний эхнэрийг Одонцэцэг гэдэг....1987 онд гэр бүл болсон....гэв. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

С.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан буюу 4 дүгээр бригадын 1985-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, С.Б, Б.Одонцэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Ц.Батцэндийн ....Би 1965-1968 он хүртэл Ховд аймгийн Мянгад Давшилт нэгдэлд ажиллаж байгаад цэрэгт явсан. 1968 онд цэрэгт яваад 1971 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад үнээт хэсгийн ахлагчаар 1975 он хүртэл ажилласан. 1975-1977 он хүртэл тус багтаа эмчилгээ тэжээлийн цэгт санитарч, 1978-1982 онуудад Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1982-1992 оныг дуустал Мянгад сумын Давшилт нэгдэлд запас сэлбэг, барилгын материалын няраваар тус тус ажиллаж байсан....С.Б нь 1985 онд цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад адуучнаар 1990 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед цэргээс ирсэн залуучуудыг нэг сарын хугацаанд ажил хийлгэдэггүй байсан. С.Бийг энэ жишгээр явсан байх гэж бодож байна. С.Б нь нэгдэлд ажиллаж байхдаа дандаа адуу малладаг байсан.... гэх мэдүүлэг, гэрч А.Цагаачийн ....Би 1976-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад тоо бүртгэгч, Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд няраваар ажиллаж байсан.С.Б бид хоёр нэг баг бригадын хүмүүс байгаа юм....С.Б нь 1982 оны 6 сараас 1985 оны 6 саруудад цэргийн алба хаасан. С.Б нь цэрэгт явахаасаа ч өмнө мал маллаж байсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан. С.Бийн аавынх нь нэрийг Жамсрангийн Содном, ээжийнх нь нэрийг Найдангийн Баяраа гэдэг байсан. С.Б нь эцэг эхээс 7-уулаа. С.Бийн эхнэрийн нэрийг нь Одонцэцэг гэдэг. С.Бийг Бороо гэж дууддаг. С.Б нь Цагаанаа, Гэрэлчулуун гэсэн дүү нартай. Гэрэлчулууныг Урнаа гэж дууддаг.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 10, 11-18, 22, 29-30, 31-32 дугаар тал/

С.Б нь Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000016291 дугаартай лавлагааны хуулбар, нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 1611000201 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19, 23 дугаар тал/

Хавтаст хэргийн 3-6 дугаар хуудсанд авагдсан иргэн А.Цагаач, Ц.Батцэнд нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиргис овогт Содномын Бийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ