Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00044/и |
Дугаар | 126 |
Огноо | 2019-03-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 126
2019 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00126 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, Хар бургууд овогт С Ч /.../-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00044/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ч нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суудаг.1984 оноос аав, ээж дээрээ туслах малчнаар гарч саальчин, ямаачнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. 1990 онд Лхагва-Очирын Мөндөр-Очиртой гэр бүл болж одоог хүртэл Баянгол багтаа тасралтгүй мал маллаж байгаа....Тухайн үеийн баримтуудыг архиваас шүүлгэхэд бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс эцэг, эхийнх нь нэрийг бичээд С.Чийн нэрийг бичээгүй байсан. Тухайн үед мал дээр ажиллаж байсан хүүхэд хэлмэгдэж хоцрох ёсгүй гэдэг үндэслэлээр архиваас эцэг эхийнх нь баримтыг авч хавтаст хэрэгт хавсаргасан.Айлын 5-н хүүхдийн дундах хүүхэд. Нөхөр нь даралт харвачихсан асаргаанд байдаг учраас надад итгэмжлэл олгосон....Иймд С.Чийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ямаачин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг С.Чийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ямаачин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Ч нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ямаачин, хоньчноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Б.Баатаржавын ....Би 1977-1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол, Шураг, Хонгио багуудад малын эмчээр ажилласан. 1983-1989 онуудад Шураг багт малын эмчээр ажилласан....С.Ч нь намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадад 1983-1989 онуудад малын эмчээр ажиллаж байхад эцэг, эхийн хамт тус бригадад мал маллаж байсан. Би бригадын эмч байсан болохоор сайн мэдэж байна. С.Ч нь 8 дугаар анги төгсөөд малчин болсон ямар нэгэн сургууль соёлд яваагүй.... гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвцэвээний ....Би 1977 онд Говь-Алтай аймгийн анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмчээр төгсөж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1, 2, 3 дугаар бригадад /одоогийн Баянгол, Хонгио, Шураг багууд/ бага эмчээр 1990 он хүртэл ажиллаж байсан. Сүүлд Намарзан баг шинээр нэмэгдсэн юм....С.Ч нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1983-1989 онуудад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1990 онд нөхөр Мөндөр-Очиртойгоо гэр бүл болсон.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай ПО68031004 регистрийн дугаартай Сандуй овогтой Ч нь 1984 онд тус сургуулийн Ц.Отгондалай багштай 8б ангийг төгссөн нь үнэн болно гэх бичвэртэй албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-10, 18, 28-29, 30-31 дүгээр тал/
Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Пүрэвцэвээн, Б.Баатаржав нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Б.Пүрэвцэвээн, Б.Баатаржав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хар бургууд овогт Сандуйн Чийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ямаачин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ