Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00068/и |
Дугаар | 127 |
Огноо | 2019-03-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 127
2019 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00127 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багт оршин суух, Дунд шавь овогт Цэдэнбалын Мягмардорж /ПО59102715/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2019/00068/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мягмардорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Мягмардорж 1959 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. 59 настай. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 1-р ангид 1967 онд элсэн ороод 1975 онд 8-р анги төгссөн. Илгээлтээр мал дээр гарсан. 1978 оны 06 дугаар 20-ны өдөр цэргийн албанд татагдаж 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1989 онд гэр бүл болсон. Нэхэмжлэгчийн тэтгэвэрт гарах нас болсон байгаа. Нэхэмжлэгч нь 1975 оноос 1978 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын социализм нэгдлийн 1-р бригадад ажиллаж байсан зарим бичиг баримт нь дутуу байсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 1975 оны 06 дугаар сард 8-р ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. Нэхэмжлэгчийн нэр дээрх 1975 оны лавлагаа гарч ирэхгүй байгаа. Тухайн үед 16 настай байсан. Тухайн үеийн ажил хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдлын улмаас бичиг баримт нь бүртгэгдээгүй. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан. Ц.Мягмардоржийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1-р бригадад 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Мягмардорж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Мягмардоржийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Мягмардорж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 9 дүгээрсарын 24-ний өдрийн 1903 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадын 1978 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 198 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1976 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 31 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Л.Батмөнхийн ....Би сургуульд сураагүй 4 дүгээр ангиас сургуулиас гараад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1973 оны 6 сард цэргийн албанд татагдан явж 1976 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ тартал нь ажилласан....Ц.Мягмардорж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадын хүн байгаа юм. Ц.Мягмардорж нь 1975 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Тухайн үед туслах малчин гэдэг байсан. Эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1978 оны 6 сард цэрэгт татагдан явсан. 3 жил цэргийн алба хааж ирээд эхнэр аваад Ховд аймгийн төв рүү шилжсэн....Ц.Мягмардорж манай хоёрын бригад өөр ч гэсэн голцуу хамт нутаглаж байсан болохоор би түүнийг малчин байсан гэдгийг гэрчилж байгаа юм. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригад, 2 дугаар бригад хоёр нь залгаа хоёр бригад бөгөөд зуны цагт хамт нэг зусланд гарчихдаг байсан....Ц.Мягмардоржийн аавынх нь нэрийг Авирмэдийн Цэдэнбал, ээжийнх нь нэрийг Жамцын Дэлгэр гэдэг байсан. Мягмардорж нь айлын том хүүхэд бид нар Чихрээ гэж дууддаг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 8-9,17, 19-20, 33-34 дүгээр тал/
Харин Ц.Мягмардорж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.
Ц.Мягмардорж нь Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дугаар тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 000014798 дугаартай лавлагааны хуулбар, нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 1600002371 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /хх-ийн 18, 31 дүгээр тал/
Хавтаст хэргийн 4-7 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ц.Одсүрэн, Л.Алтантуяа нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Ц.Одсүрэн, Л.Алтантуяа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 21-22, 23-27 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дунд шавь овогт Цэдэнбалын Мягмардоржийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Ц.Мягмардорж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мягмардоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ