Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/01168

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/01168

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1179 тоотод оршин суух Боржигон овогт Ганбаатарын Зоригтбаатар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 836А тоотод оршин суух Шарнууд овогт Баатаржавын Баатарцогт нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах ТТХГУТҮГ /РД:9081534/-т холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.З, Б.Б нар Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа Их тэнгэрийн аман дахь Их тэнгэр цогцолборын аж ахуй техникийн тасагт тохижилт үйлчилгээний ажилтанаар ажилладаг байсан.

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Самбо бөхийн 50 жилийн ойн хүлээн авалт манай цогцолборт болж дуусаад бид цэвэрлэгээ хийж бохироо авч байхдаа Б.Б нь 20 ширхэг шилтэй шар айраг /пиво/ үлдсэн байсныг нь торонд хийж хог хаягдлын хамт аваад гадаа ажиллаж байсан Зоригтбаатарт өгсөн юм.

Хаягдал бохироо цэвэрлэж байхдаа шар айраг үлдсэн байсныг нь хог руу хаялгүй торонд хийж авсандаа буруутаж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас шууд халсанд гомдолтой байна.

Хүлээн авалтын дараа үлдсэн бохирыг яах ёстой талаар хариуцагч байгууллаган дотоод журамд хэрхэн тусгагдсан байгаа нь тодорхойгүй байна. Б.Б хог гээд хаях гэтэл задраагүй бүтэн байсан, тэгээд л торонд хийсэн байгаа юм.

Бид 2 ажиллаж байх хугацаандаа элдэв асуудал, зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн ба ажил хийж өөрсдийн гэр бүлээ тэжээн тэтгэх гол үүрэгтэй хүмүүс, бидний ард эхнэр, нялх хүүхдүүд, өндөр настай аав ээж нар минь бидний цалингаар л амьдардаг, өрхийн амьжиргаа сайнгүй, иймээс ч цалингийн зээл авсан байсан.

Нэхэмжлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д Эрх бүхий албан тушаалтны зохих журмын дагуу өгсөн зөвшөөрөлгүйгээр байгууллагын мэдлийн бичиг баримт, өмч хөрөнгийг байгууллагаас авч гарсан, авч гарахыг завдсан, бусдад барьцаалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа юм.

Б.Б нь хүлээн авалтын дараа бохир дотор байсан 20 шил шар айргийг торонд хийж Г.З-т гаргаж өгсөн үйлдлийг тус байгууллагын өмч хөрөнгийг байгууллагаас авч гарсан гэж үзэхгүй байна.

Тэр 20 шил шар айраг бол энэ байгууллагын өмч биш тэр өдрийн хүлээн авалтанд оролцсон хүмүүсийн хаягдал буюу бохир нь юм.Самбо бөхийн 50 жилийн ойн хүлээн авалтад оролцсон хүмүүс, эсвэл зохион байгуулсан хүн нь төлбөрийг нь төлсөн байгаа. Энэ залуу хүмүүсийн нийгмийн даатгалын дэвтэр дээр нь ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь халав гэж тэмдэглэсэн байгаа юм. Энэ чинь юу гэсэн үг вэ ажлаас нь халахаас өөр төрлийн арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна.

Зоригтбаатар эхнэр, 2 хүүхэдтэй, Баатарцогт 2-4 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь өвчтэй өрх толгойлсон залуучуудыг ахиж ажилд ороход их хүндрэлтэйгээр ажлаас халсан байна. Нэхэмжлэгч нар зөрчил гаргасан нь үнэн, тэд буруугаа хүлээж үнэнээ хэлсэн байгаа юм. Тэднийг ажлаас халахаас өөр төрлийн арга хэмжээ авах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харж үзэн Б.Б, Г.З нарыг ТТХГУТҮГ-ын Их тэнгэр цогцолборын тохижилт үйлчилгээний ажилтан-ы ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Энэ маргаан бол хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бишээ. Хамтын маргаан гэж үзэж байна. Б.Б, Г.З нар нь тус тусдаа нэхэмжлэл гаргаагүй байна. Иймээс шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Б, Г.З нарын гаргасан Төрийн тусгай хамгаалалтын газарт холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Б-ыг жинхлэн томилох тухай Б/248 дугаар тушаалаар тус газрын харьяа Их тэнгэр цогцолборын Аж ахуй, техникийн тасагт тохижилт үйлчилгээний ажилтнаар томилогдсон ба хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасны улмаас Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Б/466 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдсан.

Нэхэмжпэгч Г.З нь Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Г.З-ыг жинхлэн томилох тухай Б/351 дүгээр тушаалаар тус газрын харьяа Их тэнгэр цогцолборын аж ахуй, техникийн тасагт тохижилт үйлчилгээний ажилтнаар томилогдсон ба хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасны улмаас Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Б/467 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээж ажпаас халагдсан.

Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа Их тэнгэр цогцолборын Аж ахуйн тасагт тохижилт үйлчилгээний ажилтанаар ажиллаж байх үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Их тэнгэр цогцолборын Хатантуул харшид зохион байгуулагдсан хүлээн авалтын арга хэмжээний дараа бохир цэвэрлэж байхдаа хүлээн авалтаас үлдсэн 20 шил шар айргийг авч Хатантуул харшаас хог хаягдлын хамт нууж гарган мөн тасагт тохижилт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Зт өгч явуулсан байдаг.

Г.З нь хог хаягдалаа хаяад ууттай 20 шил шар айргийг тохижилт үйлчилгээний ажилтнуудын байранд аваачсан ба харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч байранд авч орсон ууттай зүйлийг шалгахад уг 20 шил шар айраг гарч ирсэн.

Нэхэмжлэгч Г.З нь хүлээн авалтаас үлдсэн 20 шил шар айраг байгаа, байрандаа аваач гэж хэлсэн байдаг, Б.Б хууль бусаар шар айраг авч байгаагаа мэдсээр байж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөлгүй авч явсан ба үүгээрээ уг хууль бус үйлдлийг нэхэмжлэгч нар мэдэж, санаатайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон.

Б.Б-ын дээрх үйлдэл нь түүнтэй байгуулсан 2018 оны 082 тоот хөдөлмөрийн гэрээнд сахилгын      ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл       болсон 5.2.8 дахь заалтыг, Г.З-ын дээрх үйлдэл нь түүнтэй байгуулсан 2018 оны 128 тоот хөдөлмөрийн гэрээнд сахилгын        ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар          хөдөлмөрийн гэрээ            цуцлах           үндэслэл       болсон 5.2.8 дахь заалтыг зөрчсөн хууль бус үйлдлүүд тул Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй юм.

Б.Б, Г.З нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д тодорхой заасан байгаа. Байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч гарсан тул гэрээнд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдож ажлаас нь шууд халсан. Төрийн байгууллагын сахилга дэг журмыг чангатгах тухай Засгын газрын тогтоол гарсан. Хариуцагч байгууллага бол төрийн том том хүлээн авалт зохион байгуулдаг, төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа явагддаг, онцлогтой байгууллага бөгөөд манай объект бүр харуулын цэгтэй.

Манай Хатан туул харш объектээс энэ 20 шил шар айргийг авч гарсан. Бид энэ хоёр хүнийг Цагдаагийн байгууллагад өгөх байсан, эрүүгийн хэрэг үүсэхгүй хохирлын хэмжээ бага гэж үзвэл зөрчлийн хэрэг үүсэх байсан. Нэхэмжлэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Манай байгууллага төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй байгууллага бөгөөд ажилтнуудын өөрсдийн ажил байдлаас нь хамаарч дэвшүүлэн ажиллуулдаг. Бид дадлагжуулах маягаар ажиллуулж байгаад дэвшүүлэн ажиллуулдаг. Ажилчид ч өөрсдөө дэвшин ажиллах хүсэлт гаргадаг. Энэ бүхэн бол Хүний нөөцийн бодлогын асуудал юм. Манай байгууллагын бүх ажилчид эрүүл мэндийн үзлэгт банйга хамрагдсан байда, ажилд ороход нь ч үзлэгт хамруулдаг. Өмч хөрөнгө хэний ч хөрөнгө байсан түүнийг зөвшөөрөлгүйгээр авч байна гэдэг нь хулгай юм. Хулгай хийсэн, байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч гарсан, сахилгын зөрчил гаргасан гэдгийгээ нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг юм. Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Б, Г.З нар нь Төрийн тусгай хамгаалалтын газрын тохижилт үйлчилгээний ажилтан-ы ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

            Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолборын Аж, ахуй, техникийн тасгийн тохижилт үйлчилгээний ажилтан Б.Б, Г.З нарыг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б/466, Б/467 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 6-9, 28-34,58-66,85-90-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан Б.Б, Г.З нарыг эрх бүхий албан тушаалтны зохих журмын дагуу өгсөн зөвшөөрөлгүйгээр байгууллагын мэдлийн өмч хөрөнгийг байгууллагаас авч гарсан, авч гарахыг завдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Б.Б, Г.З нар нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд анх гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан Г.Зтай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, ажилтан Б.Б-той 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 28-33-р хуудас/

Ажил олгогч, ажилтан Б.Б, Г.З нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 28-33,58-66,81-90-р хуудас/

Ажил олгогч ТТХГ УТҮГ, ажилтан Г.З, Б.Б нарын хооронд тус тус байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.-т Ажилтан дараах зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: ...

5.2.8.Эрх бүхий албан тушаалтны зохих журмын дагуу өгсөн зөвшөөрөлгүйгээр байгууллагын мэдлийн бичиг , баримт, өмч хөрөнгийг байгууллагаас авч гарсан, авч гарахыг завдсан, бусдад барьцаалсан, ... гэжээ.

Ажилтан Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19.00 цагт болсон хүлээн авалтын үед зөөгчөөр ажиллаж байхдаа 23 цаг өнгөрөөд ширээн дээр байсан 20 шил шар айргийг /пивийг/ торонд хийж, тохижилт үйлчилгээний ажилтан Г.Зоригт батаатарт өгч аваад явчих гэж өгсөн,

Ажилтан Г.З нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19.00 цагт болсон хүлээн авалтын дараа 21.30 цагт бохир авах гээд очиход нэмэлтээр зөөгч хийж байсан Б.Б амыг нь уячихсан тортой шар айраг /пиво/ өгснийг өрөөндөө авч ороод байтал а/а Баттөмөр орж ирээд шалгаж удирдлагуудад мэдэгдсэн талаар талууд маргаагүй болно.

Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа Их тэнгэр цогцолборын Хатантуул харшид 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Самбо бөхийн холбооны шинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээний дараа Б.Бнь бохир цэвэрлэж байхдаа хүлээн авалтаас үлдсэн 20 шил шар айргийг авч Хатантуул харшаас хог хаягдлын хамт нууж гарган мөн тасагт тохижилт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Г.З-т өгч,

Г.З нь ууттай 20 шил шар айргийг тохижилт үйлчилгээний ажилтнуудын байранд аваачсан ба харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч байранд авч орсон ууттай зүйлийг шалгахад уг 20 шил шар айраг гарч ирсэн болох нь зохигчийн тайлбар, уулзалтын тэмдэглэл, Б.Б, Г.З нарын тайлбар, өргөдөл, даргын тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 26-34, 58-66-р хуудас/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б, Г.З нар нь тус компанид тохижилт үйлчилгээний ажилтан-аар ажиллаж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий албан тушаалтны зохих журмын дагуу өгсөн зөвшөөрөлгүйгээр байгууллагын мэдлийн өмч хөрөнгө /20 шил шар айраг/-ийг зөвшөөрөлгүй авч гарсан, авч гарахыг завдсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Ажилтан Б.Б, Г.З нарыг 20 шил шар айргийг хэрэглэж дутаагаагүй ч Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзнэ.

Ажил олгогч ТТХГ УТҮГ нь ажилтан Б.Б, Г.З нарыг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд ТТХГ УТҮГ-ын Их тэнгэр цогцолборын тохижилт үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай Г.З, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Г.З, Б.Б нарын ТТХГ УТҮГ-ын Их тэнгэр цогцолборын тохижилт үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО