Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 129

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00129

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн .. дугаар гудамжны   оршин суух, Алаг адуун овогт З Б /.../,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 6 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, Будуулынхан овогт Моломын Биндэръяа /ПН75042118/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг /9066179/-т холбогдох,

Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, З.Б, М.Биндэръяа нарын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 153/2019/00060/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б, М.Биндэръяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч З.Б би Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт 2014 онд цахилгаанчнаар ажилд ороод тасралтгүй 5 жил ажиллахдаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Ажиллаж байх хугацаандаа Ховд аймгийн Жаргалант сумын 1, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 14 дүгээр цэцэрлэгүүдэд ажиллаад Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт цагаа бүртгүүлж цалин авдаг байсан. 2018 оны 12 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн цахилгааны эвдрэлийг засаад 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгжаргал нь дуудахаар очиход урдаас загнаад байсан бөгөөд би ажлаас халагдах хэмжээний сахилгын зөрчил гаргаагүй. Тухайн үед миний эхнэр А.Янжмаа Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Эрхлэгч Ц.Цэцэгжаргал нь таныг цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэж хэлсэн байтал эхнэр А.Янжмаа руу утсаар залгаад танай нөхрийг ажлаас нь халсан ирж тушаалаа ав гэж хэлсэн байсан. Би урьд нь сахилгын зөрчил гаргаагүй, хамт олны хурлаар ороогүй, амлалт өгөөгүй, дутагдал гаргаагүй болно. Мөн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг надад эх хувиар нь өнөөдрийг хүртэл өгөөгүй 2018 оны 12 дугаар сарын 24-нд канондсан хувийг нь өгсөн. Би ажлаас чөлөөлөгдөхөөр сахилгын шийтгэл гаргаагүй, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажлаа хийсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М.Биндэръяа би Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 19 жил тасралтгүй сахиулаар ажиллаж байхдаа сахилгын зөрчилд холбогдож байгаагүй.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байхад эрхлэгч Ц.Цэцэгжаргал нь өрөөндөө намайг дуудаж уулзсан, ажилчдын хурал болоогүй, 24 цагийн харуул хамгаалалтын ажпын үүрэг хариуцлага алдаагүй. Гэтэл 2018 оны 12 сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг эх хувиар нь гардуулж өгөөгүй канондсан хувийг өгсөн. Би 2018 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж 12 сарын цалингаа бүтнээр нь авсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Б/15 дугаартай тушаалыг 12 дугаар сарын 25-ны өдөр хуулбарлаж өгсөн бөгөөд ажлаас чөлөөлөгдөх сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжпэгч бид Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлд гомдол гаргаж 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын эх хувийг олж авсан.

Нэхэмжпэгч З.Б, нэхэмжлэгч М.Биндэръяа биднийг 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тайлбарт ...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр тушаал гаргана...гэжээ. Гэтэл дээрх хуулийг хэрэглээгүй, өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй байна. 2018 оны 12 сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй, зөрчил тус бүрийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар тогтоолгоогүй ойлгомжгүй хэн нь ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй тушаал гаргаж бидний Монгол улсын Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч З.Б, М.Биндэръяа бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч 3.Б, нэхэмжлэгч М. Биндэръяа нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Ховд аймаг Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгжаргал бид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр харилцан эвлэрлээ.

Нэг: Хариуцагч Ховд аймаг Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгжаргал нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, нэхэмжлэгч З.Быг Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн цахилгаанчины ажил албан тушаалд эгүүлэн томилох, нэхэмжлэгч М.Биндэръяаг Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилох, нэхэмжлэгч З.Бын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох ажилд томилсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 70,968+61,712=132,680 /зуун гучин хоёр мянга зургаан зуун ная/ төгрөгийг бэлнээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлөө.

Хоёр: Нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгч М.Биндэръяа нар нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойшх ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа. Мөн нэхэмжпэгч М.Биндэръяа нь ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа.

Гурав: Зохигч нар энэ талаар дахин гомдол гаргах, нэхэмжлэл гаргах эрхгүйг ойлгож мэдлээ....гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б, М.Биндэръяа нар нь Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, З.Б, М.Биндэръяа нарын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос тус шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 15-ныөдөр эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байна. Уг эвлэрлийн гэрээнд хариуцагчийн төлөөлөгч Ховд аймаг Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгжаргал нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, нэхэмжлэгч З.Быг Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн цахилгаанчины ажил албан тушаалд эгүүлэн томилох, нэхэмжлэгч М.Биндэръяаг Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилох, нэхэмжлэгч З.Бын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох ажилд томилсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 70,968+61,712=132,680 /зуун гучин хоёр мянга зургаан зуун ная/ төгрөгийг З.Бт бэлнээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгч М.Биндэръяа нар нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойшх ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, нэхэмжпэгч М.Биндэръяа нь ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзан эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч З.Б, М.Биндэръяа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, З.Б, М.Биндэръяа нарын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Ховд аймаг Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгжаргал нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, нэхэмжлэгч З.Быг Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн цахилгаанчины ажил албан тушаалд эгүүлэн томилох, нэхэмжлэгч М.Биндэръяаг Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилох, нэхэмжлэгч З.Бын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох ажилд томилсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 70,968+61,712=132,680 /зуун гучин хоёр мянга зургаан зуун ная/ төгрөгийг З.Бт бэлнээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгч М.Биндэръяа нар нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойшх ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, нэхэмжпэгч М.Биндэръяа нь ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзан эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчХовд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ