Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

Хохирогч Д.*******,

Шинжээч П.Норовсамбуу /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2234004600177 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, ах, дүүгийн хамт ******* сумын *******д оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ын дурсгал явах замд улсын дугааргүй Саньяа маркийн мотоциклийг жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Э.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт:  Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  Талийгчийн ар гэрийг төлөөлж би оролцож байгаа. Талийгаачийн төрсөн эгч. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэв.

 

Шинжээч П.Норовсамбуу шүүхийн  хэлэлцүүлэгт:  2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манайд энэ хэргийн талаар нийт 66 хуудастай хуулбар материал ирсэн. Үүнийг уншаад хэргийн материалтай танилцаж байхад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм замын хөдөлгөөнд оролцогч нарын дарааллыг тогтоосон байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа хүний амь настай холбоотой асуудал яригдана. Иймд Э.*******ын хэлж байгаагаар 11 наснаасаа мотоцикл жолоодож байна гэж ярьж байна. Энэ бол байж болохгүй асуудал. Эцэг, эх хамаатан садан нь авч өгөөд явж байна гэж байна. Энэ бүхэн шууд ур чадвартай холбоотой бөгөөд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодохын тулд тодорхой сургалтад сууж, шалгалт өгч, жолоодох эрхийн үнэмлэх авдаг. Түүнээс биш шууд мал дээр бариад замын хөдөлгөөнд оролцоод явдаг асуудал байж болохгүй.  Нас барсан хүн болон Э.******* нар нь хамгаалалтын малгайг өмсөөгүй. Улсын дугааргүй машиныг жолоодож явсан гэж бичсэн. Хэрэв жолооч байсан бол хариуцуулах ял шийтгэл нь ялгаатай байдаг. Ур чадвартай холбоотой асуудлууд байгаа. Адуу гэж зааж байгаа боловч яг ямар адуу юм мэдэхгүй, адууг авч үзээгүй. Яагаад гэвэл осол 23 цагт гарсан, өглөө үүрээр морийг заасан. 5-6 цагийн хооронд морь солигдсон юм уу? Бид нар мэдэхгүй байна. Энэ ур чадвартай холбоотой асуудал байгаа. Жолооч болохын тулд тодорхой сургалтад сууж, шалгалт өгч, тэнцээд жолоодох эрхийн үнэмлэхийг олж авдаг. Мөн самбаачлах хугацаа, дүрмийн мэдлэг зэргийг олж авдаг тул ур чадвартай шууд хамааралтай. гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, /хх-6-15/, согтолтын зэргийг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/, хохирогч Д.*******ийн мэдүүлэг /хх-25-26/, шинжээчийн 120 дугаартай дүгнэлт /хх-38-41/, “Цагаан шонхрын жигүүр” ТББ-ын 2271 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62-63/, шинжээч П.Норовсамбуугийн мэдүүлэг /хх-70/, яллагдагчаар өгсөн Э.*******ын мэдүүлэг /хх-83/,

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хөнгөрүүлэх байр суурьнаас оролцож, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-97/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/, яллагдагчаар өгсөн Э.*******ын мэдүүлэг /хх-83/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн. Хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 9 настай, 5 настай, 4 настай хүүхдүүдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээлгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна. гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Миний үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүхээс дахиж шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт зөрчсөн гэдэг дээр маргахгүй. Амь хохирогч нь шүүгдэгч Э.*******ын ахын эхнэр бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Дээр нь 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс амь хохирогчийн гурван хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг ярьж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс иргэний нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн үндсэн дээр олгогдох асуудал яригдах ёстой. Шүүх нээлттэй үлдээх асуудлыг яриагүй, гэхдээ шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх гэж харж байна. Энэ гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хоёр төрлийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байгаа учраас миний үйлчлүүлэгчид оногдуулах ял шийтгэлийн хувьд тухайн зүйл хэсэгт заасан хамгийн хөнгөн ял шийтгэл буюу 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, дээр нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “ын дурсгал” зам буюу хойноос урагшаа чиглэлтэй замд улсын дугааргүй Саньяа маркийн мотоциклийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ” мөн дүрмийн 3.4.в. “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7.а. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ...жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас адуу мөргөн унаж сундлаж явсан зорчигч Д. шидэгдэн эрүүл мэндэд тархины эдийн няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, гавал ясны хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт буюу гавал тархины хавсарсан гэмтэл учирч амь нас хохирсон болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.*******ын өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокт малаа хариулаад явж байсан юм. Тэгтэл шөнө 21 билүү 22 цагийн үед талийгаач Д. эгч над руу залгаад “эгч нь Городокт ирчихлээ, чи намайг ирээд аваадхаач” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд түүний байгаа газрыг нь заалгаж Городокын засмал замаас талийгаачийг авсан...Тэгээд би ойролцоогоор 60 км цагийн хурдтай Налайхаас ******* сум чиглэл рүү явж байтал гэнэт замын хажуунаас 1 адуу гараад ирсэн. Тухайн үед гадаа шөнө болчихсон нэлээн харанхуй байсан учраас тэр адуу надад харагдаагүй гэнэт л зам дээр гарч ирэхээр нь би мотоциклоо тоормослож зогсоож чадалгүй шууд мөргөөд мотоциклтойгоо онхолдсон. Тэр даруйдаа босоод хартал талийгаач эгч маань зам дээр шидэгдээд уначихсан байхаар нь очиж үзэхэд амьсгаатай байсан. Тэгэхээр нь би эгчийг чирээд замын хажуу руу гаргаад гар утсаараа түргэн тусламж, цагдаа руу залгаж дуудаад давхар ар гэрийнхэндээ бас хэлсэн. Тухайн үед талийгаач эгч маань ухаан алдсан байдалтай байсан. Юм асуухаар ерөөсөө хариулахгүй байсан... Би ерөөсөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... Уг нь бол надад толгойн хамгаалалт байдаг юм. Би тэр өдөр ойрхон явчхаад ирэх юм чинь гэж бодоод толгойн хамгаалалтаа гэртээ орхиод гарч ирсэн юм. Тухайн үед талийгаач эгч бид хоёр хоёулаа толгойн хамгаалалт хэрэглээгүй байсан. Зам дээр явж байтал гэнэт л замын хажуунаас нэг адуу гараад ирсэн юм. Тэрийг нь тухайн үедээ хараагүйн улмаас мотоциклоо зогсоож чадалгүй мөргөж ард сундалдаад явж байсан талийгаач эгч бид хоёр мотоциклоосоо унаж зам тээврийн осол болох болсон юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 83 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 04-ний шөнө гэртээ амарч байсан чинь манай дүү ийн нөхөр над руу утсаар залгаад манай дүү *******ын хамт мотоциклтой явж байгаад адуу мөргөөд амь насаа алдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

       /хх-ийн 25 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.ын өгсөн: “...Манай эхнэр нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байхад над руу утсаар залгаад 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлын хүмүүстэйгээ Тэрэлж рүү зугаалгад яваад буцахдаа хүүхдүүд дээрээ очоод ирнэ гэж ярьсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед би Городок дээр ирчихсэн байна хөдөө гэрийнхэн утсаа авахгүй байна гэхээр нь би өөрийн төрсөн эх болох Уранчимэг рүү залгаад зам дээр ирсэн байна гарсан юм уу гэсэн чинь одоо дүү ******* чинь гарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад эхнэр рүү залгаад ******* одоо гэрээс гарч байна гэж хэлсэн чинь за тэгвэл би дэлгүүр ороод ус болон ундаа аваадхъя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 23 цаг 19 минутад манай төрсөн эцэг ******* над руу утсаар залгаад уйлаад эхнэр чинь нас барсан байна гэхээр нь юу болсон юм гэж асуухад мотоциклтой явж байгаад адуу мөргөсөн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг,

       /хх-ийн 30 дугаар тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.*******ын өгсөн: “...Манай хүү Э.******* нь тухайн өдөр өөрийн малаа тэмдэглэж дуусаад байж байсан чинь Улаанбаатар хотоос манай том хүү Э.ын эхнэр нь Налайх дүүргийн засмал зам дээр ирсэн байна тосоод аваач гээд Э.******* гадаа харанхуй болж байх үед гэрээсээ мотоцикл унаад гарч яваад ирэхгүй удаад байхаар нь яагаад ирэхгүй байгаа юм бол гэж бодоод байж байсан чинь Э.******* нь танихгүй хүний дугаараас залгаад адуу мөргөөд зам дээр мотоциклтой уначихлаа бэр эгч сэргэхгүй байна гээд уйлаад байхаар нь би дунд хүү Ариунбаярын хамт машинтай яваад очсон чинь мотоциклоо замын баруун талд шороо хөвөө хэсэгт байршуулсан бэр хажууд нь ухаангүй байдалтай байсан. Э.******* мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тухайн үед хамгаалах малгай хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг,

       /хх-ийн 32 дугаар тал/

 5. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч П.Норовсамбуугийн өгсөн: Осол болсон шалтгаан нь уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Мотоцикл жолоодохдоо заавал хамгаалах малгай өмсөнө. Зорчигчийг хамгаалах малгайгүй тээвэрлэхийг хориглоно. Мөн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодохын тулд тухайн ангиллын үнэмлэхтэй байх ёстой. Үнэмлэх авахын тулд жолоочийг тодорхой хугацаанд сурган дадлагажуулж сургалтад суулгаж шалгалт авах ёстой. Э.******* жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас ур чадваргүйн улмаас осол гарах шалтгаан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчсөн байна... гэх мэдүүлэг,

6. Төв аймгийн Шүүх Шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 120 дугаар: “Талийгаач Д.ийн биед тархины эдийн няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, гавал ясны хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Д. нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цуснаас 0,8 хувийн спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь /III/-р бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 41 дүгээр тал/

 

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын биологийн шинжээч эмч Б.Дэлгэрмаагийн 3136 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн Э.******* 19 настай гэж хаягласан, СО5658239 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг хуруу шилтэй цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 51 дүгээр тал/

 

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын шинжээч эмч Д.Золзаяагийн 3135 дугаар: Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. ******* 19 нас гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 54 дүгээр тал/

 

9. Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээч П.Норовсамбуугийн 22/71 дугаар: “Sanya маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслий жолоодох эрхгүй...үедээ...жолоодохыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... Уг осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. гэх дүгнэлт,

/хх-ийн 63 дугаар тал/

 

10. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 6-13 дугаар тал/

 

11. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,

/хх-ийн 15 дугаар тал/

 

12. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 16-20 дугаар тал/

 

13. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 21-22 дугаар тал/

 

14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 85 дугаар тал/

 

15. Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 91-106 ийн  дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн шүүгдэгч Э.*******ад холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах хугацаанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 22/239 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ мөн дүрмийн 3.4.в. мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ...жолоодохыг хориглоно., мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.******* нь  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж адуу мөргөсний улмаас сундлаж явсан зорчигч Д. шидэгдэж амь нас нь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь Саньяа маркийн мотоциклийг жолоодож явахдаа адуу мөргөж сундлаж явсан зорчигч Д.ийн амь нас хохирсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас хүнд зэргийн гэмтэл учирч нас барсан болох нь Төв аймгийн Шүүх Шинжилгээний албаны шинжээч эмчийн 120 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Д.ийн амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Талийгчийн ар гэрийг төлөөлж би оролцож байгаа. Талийгаачийн төрсөн эгч. Ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж зэргийг харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч Э.******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч Д.ийн амь насыг хохироох санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.*******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧИНЗОРИГ