Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,*******од оршин суух ******* А.Т /РД:**********/-ийн

                                              

            Хариуцагч: *******,*******од оршин суух О.А /РД: **********/-т холбогдох

           

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                         

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Т, хариуцагч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Атай 2011онд ангид ял эдлэж байхад нь утсаар танилцсан. 2011 оны 10 дугаар сарын 14-нд тус хорих ангид гэрлэлтээ батлуулсан. О.Аийг эргэж тойрч явсаар байгаад хүү *******, ******* охин ******* нарыг төрүүлсэн. О.А ******* хорих ангиас суллагдсан. Тэр үеэс хойш О.А эрс өөрчлөгдөж архи ууж, агсам согтуу тавьж, зодож улмаар өөр хүнтэй амьдарна салая, зайл гэж байнга хөөдөг болсон. Амьдралаа элэг бүтэн авч үлдэх гэж үхлийг хүртэл зодуулсан баримт зураг нь одоо ч утсан дээр байдаг. О.Атай хамт амьдарч байгаа Жавзандулам гэх эмэгтэй удаа дараа намайг доромжилсон мессеж ирүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 03-наас хойш энэ хүнтэйгээ амьдарсан. Одоо бидэнд эвлэрэх цаг хугацаа хэрэггүй. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулна гэв.

 

Хариуцагч О.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Ттай хорих ангид байхдаа утсаар ярьж байгаад танилцсан. 2014 онд намайг ямар ч бичиг баримтгүй ял эдэлж байхад гэр бүлээ батлуулсан. Бид нар хоёр хүүхдийн эцэг, эх болсон. Би хорих ангиас гарч ирээд чадах ядахаараа ажил хийж байсан. А.Т миний багийн найзтай унтаж хэвтэж байгаад баригдсан. Би нэг хүүхэнтэй уулздаг байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Энэ цаг мөчөөс хэрүүл маргаан тасрахгүй болсон. Гэрлэлтээ цуцлуулна. Хоёр хүүхэддээ тэтгэмж төлнө. Хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж баймаар байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч А.Т, хариуцагч О.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч О.А нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

 

Нэхэмжлэгч А.Т, хариуцагч О.А нар нь 2011 онд танилцан, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлээ батлуулсан байна /хх-10/. Гэр бүлээ батлуулсанаас хойш хүү *******, ******* охин ******* нарыг төрүүлжээ /хх-11,12/. Хариуцагч О.А ******* хорих ангиас суллагдаж гэрлэгчид хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 10 дугаар сараас тусдаа амьдарсан байна. Энэ хугацаанд хүүхдүүд эх А.Тын асрамжид байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан “Гэрлэгчид бие биедээ үнэнч байх... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...бие биеэ халамжлах, хүндэтгэх...” үүргийг биелүүлээгүйгээс хэн аль нь өөр бусадтай эр эмийн харьцаатай болсон гэх шалтгаанаар үл ойлголцон маргалдаж, тусдаа амьдарсан байна. Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрч амьдраагүй, Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон /хх-13-16/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд төрсөн хүү *******, ******* төрсөн охин *******  нар нь эх А.Тын  асрамжид байсан, хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй тул Гэр  бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу  хүү *******, охин ******* нарыг эх А.Тын асрамжид үлдээн эцэг О.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч О.А хүүхдүүдтэйгээ байнга уулзаж, анхаарал халамж тавих боломж байдаггүй, хүүхдүүдтэйгээ байнга уулзаж, халамж анхаарал тавих саналтай байгаагаа илэрхийлсэн. Хариуцагч О.А хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар  гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.Ат, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг А.Тд тус тус даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Т 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 104/ШЗ2019/00332 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 197.187 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч О.Ааас 197.187 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах  нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Т гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар  нэхэмжлэгч ******* А.Т, хариуцагч О.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар төрсөн хүү *******, ******* төрсөн охин ******* нарыг  эх А.Тын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг О.Ааас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт гаргуулж төрсөн хүү *******, ******* төрсөн охин *******  нарыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд О.Ааас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5.Нэхэмжлэгч А.Т гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.Ат, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг А.Тд тус тус даалгасугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар  хариуцагч О.Ааас 197.187  /нэг зуун ерэн долоо мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                            Н.БАЯРСҮРЭН