Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01120

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03284 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 202 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 95,000,000 төгрөг, хүүнд 9,500,000 төгрөг, нийт 104,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2018.09.15-ны өдөр иргэн *******гийн хүсэлтээр 95,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд 1 сарын дараа буюу 10-р сарын 15-ны өдөр үндсэн зээл 95,000,000 төгрөг дээр 1 сарын хүү 9,500,000 төгрөг нийт 104,500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нь зээлийн төлбөрөө барагдуулалгүй алга болсон. 2018.12.07-ны өдөр зээлдэгч *******гийн хүсэлтээр газрын гэрчилгээ түр хугацаанд барьцаанд авч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэхдээ тухайн үед ******* бичиг баримтгүй, газрын гэрчилгээ нь Б.Наранбаатарын нэр дээр байсан учир зээлийн гэрээг Б.Наранбаатартай байгуулсан байдаг. Тэрнээс биш уг зээлийн гэрээгээр Б.Наранбаатарт мөнгө өгсөн асуудал байхгүй, харин *******гийн өмнө зээлсэн 95,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулж, баталгаажуулж авсан юм. Хариуцагч энэ хугацаанд зээлийн төлбөрт газрын гэрчилгээ, орон сууц санал болгосон боловч тухайн хөрөнгө нь 95,000,000 төгрөгт үнэлэгдэх боломжгүй хөрөнгө байсан. Нэхэмжлэгчээс алданги 21,945,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Иймд үндсэн зээл 95,000,000 төгрөг, анх тохиролцсоны дагуу 10 хувийн хүү 9,500,000 төгрөг нийт 104,500,000 төгрөгийг хариуцагч *******гаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******тай уулзаж яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тухайгаа хэлэхэд 2018.09.15-ны өдөр 95,000,000 төгрөг зээлсэн. Хонгорзул нь надтай 2018.12-р сард холбогдох үедээ мөнгөө авмаар байгаагаа хэлсэн бөгөөд тухайн үед мөнгийг нь өгөх боломж байгаагүй байсан тул хэсэг хугацаа өгөхийг хүссэн. Гэвч төлөвлөсөн ажил бүтээгүйн улмаас Хонгорзултай холбогдож мөнгийг бэлнээр өгөх боломжгүй болсон, 95,000,000 төгрөгийн оронд тухайн үеийн ханшаар 130,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий орон сууцыг санал болгосон. ******* орон сууцыг өөрийн нэр дээр хүлээж авах хугацааг хүлээхээр болсон бөгөөд барьцаа хөрөнгө хэрэгтэй гэсэн учир найз Наранбаатарын нэр дээрх газрыг барьцаалан гэрээ байгуулсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ...95,000,000 төгрөг зээлсэн асуудал дээр маргахгүй. Харин *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учир хүү төлөх үүрэг үүсэхгүй. 2018.12.07-ны өдрийн Зээлийн гэрээ нь ******* болон Б.Наранбаатар нарын хооронд байгуулагдсан бөгөөд ******* гарын үсэг зураагүй. ...Б.Наранбаатар өөрийн газрыг найз *******гийн гуйлтаар барьцаанд тавьсан байх бөгөөд гэрээнд заасан 95,000,000 төгрөгийг Б.Наранбаатар огт аваагүй, тус асуудал ******* болон ******* нарын хоорондын асуудал. Бичгийн гэрээ нь хариуцагч *******гийн зээлсэн 95,000,000 төгрөгийн зээлийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн ба *******гийн урьд нь зээлсэн 95,000,000 төгрөгийг баталгаажуулах зорилготой нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн гэрээ юм гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03284 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 104,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь алданги 21,945,000 төгрөг гаргуулах болон хариуцагч Б.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 680,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Б.Наранбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 202 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 167,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг би дараах гомдлыг гаргаж байна. Иргэн ******* нь 2018.09.15-ны өдөр *******тай харилцан тохиролцож ******* нь 95,000,000 /ерэн таван сая/ төгрөгийг *******аас хөрөнгө оруулалтын зорилгоор тодорхой хугацаагүйгээр зээлсэн юм. Хонгорзул нь *******гийн хуурай дүүгийн эхнэр байсан бөгөөд тус дүүдээ хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд Хонгорзул өөрөө мөнгө зээлж хөрөнгө оруулах санал тавьсан байдаг. Хөрөнгө оруулсан ажил бүтвэл Хонгорзулд урамшуулал өгөхөөр мөн амаар тохиролцсон байсан. Гэвч *******гийн төлөвлөсөн ажилд асуудал тулгарсан ба энэ талаар ******* нь сонсоод *******тай холбогдож мөнгөө авмаар байгаа тухайгаа хэлсэн байдаг. Тухайн үед мөнгийг нь бэлнээр өгөх боломж байгаагүй тул 95,000,000 төгрөгийн оронд машин, орон сууцаар бартер хийх, удаа дараа эвлэрэх санал тавьсан боловч ******* нь тодорхой хариу хэлээгүйн улмаас эвлэрэх боломжгүй болсон мөн мөнгөө төлтлөө ямар нэгэн үнэ дүйцэх зүйлийг барьцаа болгохыг шаардсан байдаг. ******* нь нэгэнт мөнгө зээлсэн нь үнэн тул барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрч найз Наранбаатарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг санал болгож барьцаалахаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч дээр очиход заавал зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр барьцааны гэрээг байгуулна гэсэн тул нэмэлтээр зээлийн гэрээг байгуулсан байна. Тус зээлийн гэрээг барьцааны гэрээ байгуулахын тулд байгуулсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2018.12.07-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний нэг тал нь хариуцагч ******* биш, Наранбаатар юм. Түүнчлэн, 2018.09.15-ны өдрийн зээлийн гэрээг Б.Наранбаатар нь хариуцагчийг бүрэн төлөөлж зээлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй, 2018.12 сард нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөө буцаан авахаар мэдэгдсэн гэх боловч хариуцагчийн зүгээс төлбөрийг бэлнээр шууд төлөх боломжгүй байснаас биш ямар нэгэн байдлаар төлөхгүй гэж огт хэлээгүй, удаа дараа эвлэрэх, бартер хийх, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө санал болгож байсан бөгөөд ******* нь тус саналуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуг огт өгч байгаагүй эргээд хариу хэлье гэх хариуг өгдөг байсан нь *******г зээлсэн мөнгөө эргүүлж төлөх үйлдэл хийх боломжийг алдагдуулдаг байсан. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгохоор тус гомдлыг гаргаж байна. ******* нь Хонгорзулаас 95,000,000 төгрөгийг зээлснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд ямар нэгэн байдлаар хүү тогтоогоогүй, хугацаа заагаагүй билээ. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний нэг тал нь ******* биш байх тул тус гэрээг үндэслэн хүү болон алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Мөн шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.5 дахь хэсгүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хугацаа болон хүү тогтоогоогүй байхад хугацаа хэтрүүлсний хүү гэж үзэж 10 хувиар гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэл муутай байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь нэгэнт ямар ч хүү анхнаасаа тохироогүй байхад хэдэн төгрөгийн хүү тооцох нь тодорхойгүй тул хугацаа хэтрүүлсний хүү гэж тооцож гаргуулах боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрээс 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

******* нь *******, Б.Наранбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 95,000,000 төгрөг, нэг сарын зээлийн хүү 9,500,000 төгрөг, алданги 21,945,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж, бусад 104,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн, хариуцагч үндсэн зээл төлөхөө зөвшөөрч, хүүд 9,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

*******, ******* нар харилцан тохирч 2018.09.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 95,000,000 төгрөг зээлэхээр тохирсон нь тогтоогдсон тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, харин мөнгийг буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул шүүх үндсэн зээл 95,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Талууд амаар тохирч зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн хүүд 9,500,000 төгрөг шаардсан үндэслэлээ, гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, уг хугацаанд 10 хувиар хүү төлөхөөр тохирсон гэснийг хариуцагч хүү төлөхөөр тохироогүй, гэрээг бичгээр байгуулаагүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаагаар буюу 1 сарын хүүд 9,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн атлаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү шаардаж нэхэмжлэл гаргаагүй, ийм үндэслэл заагаагүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй байхад хэтрүүлсэн хугацааны 1 сарын хүү гэж 9,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 6 дугаар зүйл болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасантай нийцээгүй байна.

 

Учир нь гэрээгээр тохирсон хүү нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт хамаардаг зээлийг ашигласны хариу төлбөр бөгөөд хүү тогтоосон бол талууд бичгийн гэрээгээр тохирохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан, харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хүүгийн талаарх ойлголт нь үүргээ гүйцэтгээгүй хэтрүүлсэн хугацаанд хүү төлүүлэх нэмэлт үүргийн буюу хариуцлагын агуулгатай.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж, зээлийн хүүд 9,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь Б.Наранбаатарыг хамтран хариуцагчаар татаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан, Б.Наранбаатар нь сөрөг нэхэмжлэлээр *******тай байгуулсан 2018.12.07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүсжээ.

 

Анхан шатны шүүх Б.Наранбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ болон алданги гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэж, харин сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүйгээр уг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан олгохоор шийдвэрт заажээ. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч залруулаагүй байна.

 

Б.Наранбаатар нь энэ хэргийн хариуцагч бус болсноос түүний сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй болсон байх тул хүлээн авахаас татгалзах нь зөв байна. Иймд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 202 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03284 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 222 дугаар зүйлийн 222.5 гэснийг 282 дугаар зүйлийн 282.1 гэж, 104,500,000 гэснийг 95,000,000 гэж, олгосугай гэснийг олгож, зээлийн хүүд 9,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрт 3 гэсэн заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар *******д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Б.Наранбаатарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 дэх заалт болгон, уг заалтад 680,450 төгрөг гэснийг 632,950 төгрөг гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 дахь заалт болгон тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.13-ны өдөр төлсөн 166,950 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ