| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2019/0034/э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 11
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
хэргийг хянуулах талаар прокурорын дүгнэлтийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн М.Т нарт холбогдох хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Я.Дина, өмгөөлөгч Б.Болормаа нар оролцов.
Прокурор давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн 1835004500002 дугаартай хэрэгт шүүгдэгч Шангас овогт Мандалын Төрмөнх, өсвөр насны шүүгдэгч Яргай овогт Янживын Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Т-д 1 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Я.Мөнхбаатарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаа тогтоон шийдвэрлэсэн байна.
Гэвч М.Т нь эрүүгийн 1813004500002 дугаартай хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө шинэ /өөр/ гэмт хэрэг буюу дараах гэмт хэргийг үйлдсэн байна.
1. Шүүгдэгч М.Т нь М.Ц, Э.Г нартай бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Ц.Б-гийн Боксер загварын мотоциклийг хулгайлж 524.200 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Наранбулаг сумын 3 дугаар баг Майхан гэх газраас хохирогч Ж.Балдоржийн 7 тооны ямааг хулгайлж 414.000 төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт 2019 оны 6 дугаар сарый 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар эрүүгийн 1935000710091 дугаартай хэргийг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Т-д холбогдох эрүүгийн 1935000710091 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллага явуулан шалгаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлсэн байгаа ба Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул эрүүгийн 1835004500002 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж хуульчилсан. Шүүгдэгч М.Т нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн. 2,1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Төд шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсны дараагаар /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө/ урьд нь үйлдсэн гэмт хэргүүд нь сүүлд илэрсэн нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлгүй нөхцөл байдал үүсч байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснааас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шинэ нөхцөл байдал шинээр илэрсэн байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан щатны щүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шүүгдэгч Мандалын Төрмөнх, өсвөр насны шүүгдэгч Янживын Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн 1813004500002 дугаартай хэргийн шийтгэх тогтоолын шүүгдэгч М.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн прокурорын газраас ялтан Шангас овогт Мандалын Төрмөнхөд холбогдуулан гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянаж үзлээ.
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шангас овогт Мандалын Төрмөнх, өсвөр насны шүүгдэгч Яргай овогт Янживын Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , шүүгдэгч М.Т-д 1 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Я.Мөнхбаатарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаа тогтоон шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах талаар прокурорын дүгнэлтийг үндэслэн эрүүгийн 1935000710091 дугаартай хэргийн материалыг хянаж үзвэл , яллагдагч М.Т нь М.Ц, Э.Г нартай бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Ц.Баяраагийн Боксер загварын мотоциклийг хулгайлж 524.200 төгрөгний хохирол, 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Наранбулаг сумын 3 дугаар баг ”Майхан” гэх газраас хохирогч Ж.Балдоржийн 7 тооны ямааг хулгайлж 414.000 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдэлд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн 1935000710091 дугаартай хэргийг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
М.Т-ийн холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Учир нь: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан боловч энэ нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх асуудлыг дээрх зүйл хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.
Энэ тохиолдолд тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан ба Увс аймгийн прокурорын газрын 1935000710091 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5/17 дугаартай тогтоолоор шинэ нөхцөл байдал тогтоогдож байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын яллагдагч Шангас овогт Мандалын Төрмөнхөд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд энэ талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авч, М.Төд холбогдох эрүүгийн 1835004500002 дугаартай хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын М.Төд холбогдох хэсгийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, уг хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл прокурорын саналыг харгалзан М.Төд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээртэй прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын Ш овогт М-ын Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, эрүүгийн 1935000710091 дугаартай хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцаан хүргүүсүгэй.
2. Хэрэг прокурорт хүргүүлэх хүртэл М.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ