Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0021

 

 

Н.Өгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэр,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Ө

Хариуцагч: Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д /цахим/

Хэргийн индекс: 128/2024/0734/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 23 дугаар сарын 23.4.2, 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Өгаас Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14/329 болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06/1665 тоот захиргааны актуудыг хүчингүй болгуулах, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-11 хүртэлх үндэслэл тайлбарууд нь бүхэлдээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох хүсэлтээ гаргаагүй буюу бидний гаргаж байсан дүүргийн газрын албадад хүсэлт, гомдол зэргийг тухайн дүүргийнх нь Засаг дарга нарт гаргах ёстой байсан гэжээ.

2.1.Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх хүсэлтүүдийг дүүргийн засаг дарга нарт бус хуулиар Нийслэлийн Засаг Даргад өгөх нь зүйтэй байсан, иймд биднийг эрх бүхий албан тушаалтанд зохих ёсоор хандаагүй гэж үзсэн. Гэтэл бидний маргаан бүхий газар нь анх 2012 онд дүүргийн засаг даргын захирамжтайгаар шинээр олж авсан ба 2013 онд дахин дүүргийн засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Н.Ө нь хууль ёсны дагуу шилжүүлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь энэ тохиолдолд бүр шинээр газар авах бус хилийн цэсийн маргаантай холбоотойгоор газар нь хоёр дүүрэгт хуваагдаж байгаа учраас газраа Газрын албадаар уламжлан хилийн цэс болон талбайн хэмжээ өөрчлөгдөж буй тухай шийдвэрлүүлэх үйл ажиллагаа болно. Иймд Газрын тухай Хуульд зааснаар шинээр газар олж авахад Нийслэлийн Засаг Даргад хандаж авна гэснээр бус, дүүргийн газрын албадаар дамжуулан хилийн цэсийн харьяалал, талбайн хэмжээ өөрчлөгдөж байгаа хэлбэрээр газар эзэмшигчийн хүсэлт, Ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн захиргааны байгууллага шаардлагатай цахим бүртгэл, нэмэлт өөрчлөлт зэргийг бэлтгэн дүүргийн засаг даргын эрх мэдлийн хүрээнд түүнээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Үндэслэх хэсгийн 15 дахь хэсэгт дурьдаж өгчээ.

2.2.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №А/451 тоот захирамжаар дүүргийн засаг дарга нарт газрын хэмжээг хасах болон байршил, зориулалт өөрчлөх тодорхой эрхүүдийг шилжүүлэн өгсөн эрхийн хүрээнд Н.Өгийн газрын хилийн цэс, хэмжээ өөрчлөх хасах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

3. Дээд шатны захиргааны байгууллагуудын шийдвэр, дүгнэлтийг хариуцагч байгууллагууд хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй тухайд:

3.1.Барилга Хот Байгуулалтын Сайдын тушаалаар байгуулагдсан Нийслэлийн Ажлын Хэсэг ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №1/4823 тоот "Дүгнэлт"-ийг эцэслэн гаргасан. Тус дүгнэлтийн 8 дугаар зүйлийн 8.1 "Ерөнхий дүгнэлт" хэсэгт: "Цаашид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолыг баримталж, хилийн гадна олгогдсон нэгж талбарын судалгааг нарийвчлан гаргаж тухайн газруудыг харьяалах дүүрэгт нь баталгаажуулах нь шаардлагатай" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 2020 оноос эхэлсэн дүүргүүдийн зөвхөн хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх зорилгоор байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дээрхи дүгнэлт захиргааны байгууллага зөвхөн хилийн цэсийн маргааныг л шийдвэрлэсэн буюу зорилгодоо нийцсэн акт үйлдсэн гэж үзэж байна. Энэхүү дүгнэлтийн дагуу удаан үргэлжилсэн маргаан, хариуцагч нарт холбогдох гомдол, хүсэлт зэргийг үндэслэн холбогдох эрх бүхий төрийн байгууллага буюу дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр, дүгнэлт нэгэнт гарсан байхад хариуцагч нар нь Захиргааны Ерөнхий Хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т: "Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ." гэж заасан хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг шүүгч харгалзаж үзээгүй.

3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 16 дахь хэсэгт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хүргүүлсэн "Чиглэл хүргүүлэх тухай" №01-04/4433 тоот үүрэг болгосон/бидний гомдлыг хангаж шийдвэрлээд өгсөн хариу бичиг/ дээд шатны захиргааны байгууллагын даалгаврыг Хтгүй, буруу, дутуу тайлбарлан үндэслэл болгожээ. Уг чиглэлээр Ажлын хэсгийн дүгнэлтийн 8.1 дэх заалт буюу харьяалах дүүрэгт нь баталгаажуулах үүрэг өгсөн байна. Мөн бидний хүсэлт, нөхцөл болзлын дагуу усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд өртөж буй тэр хэсгийг нь хасаж, хассан талбайн хэмжээг өөр хэсэгт нь нэмж оруулах боломжийг судалж ажиллахыг даалгасан байтал шүүгч үндсэн гол агуулгыг орхигдуулж, зөвхөн хамгаалалтын зурваст өртөж буй хэсгийг хасах гэсэн хэсгийг авч үзэж дутуу тайлбарлан үндэслэжээ.

3.3.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй бөгөөд эрх зүйн хүчингүй актыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.4.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №69 тоот тогтоол баталсан байдаг. Уг тогтоолоор Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийг тогтоосон байдаг. Уг усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд маргаан бүхий газрын урд хэсгийн багахан газар давхцаж таардаг боловч бид энэ хэсгийг хасуулж, урт сунасан хэсэгтээ нэмүүлж болох тухай гомдол гаргаж шийдвэрлүүлсэн тухай дээр 2.2 дах хэсэгт дурьдсан. Тэр жаахан давхацсан хэсгийг хасуулахад бидний зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд дээд шатны захиргааны байгууллагаар нэгэнт шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл тэр шийдвэрлүүлсэн, хасуулж өөрчлөх жаахан хэсгээс шалтгаалж бүхэл бүтэн 26000 м.кв газрыг ямар ч үндэслэлгүйгээр бүхэлд нь хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үндэслэх хэсгийн 13 дахь хэсэг. Мөн дээрх 69 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт 2016 оны 50 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Гэтэл Анхан Шатны Шүүх хүчингүй болсон эрх зүйн актыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Үндэслэх хэсгийн 12 дахь хэсэг. Анх шүүгчийн даалгаснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №01/6970 тоот хариу бичигт мөн тодорхой дурьджээ. Бидний үзэж буйгаар Захиргааны мэргэжлийн байгууллага шүүхэд өөрийн ажил үүрэг, мэргэжлийн онцлог, чухал ач холбогдол бүхий, эрх зүйн өндөр үр дагавартай тайлбар мэдээлэл өгөхдөө өөрсдийн баримталбал зохих захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэхдээ зориуд хүчингүй буюу 2016 оны 50 дугаар тогтоолыг эх үндсээ болгосон байдаг. Гэтэл энэ хэм хэмжээний акт нь 2024 оны 69 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байна. Дээрх мэргэжлийн байгууллагын тайлбар хариу бичигт хүчингүй болсон 50, хүчин төгөлдөр үйлчилж буй 69 дүгээр тогтоолыг нэг доор эх сурвалжаа болгон бичсэн нь өөрөө хууль бус акт үйлджээ гэж үзэхээр байна.

3.5.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй эсэх буюу анхнаасаа хуулийн хүчин төгөлдөр акт мөн эсэх тухай баттай нотлох баримтыг анхан шатны шүүх Хттай цуглуулж чадаагүй. Хэрэв улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй бол Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүтгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"- д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөх бөгөөд шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй, мөн биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэсэн хуулийн зохицуулалттай байна.

3.6.Хариуцагч нарын маргаан бүхий актын эрх зүйн эх сурвалж болсон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Сайд, Барилга, хот байгуулалтын Сайд нарын хамтран баталсан 2015 оны А-230/127 тоот дугаартай тушаалаар баталсан журмын 2.3.-т "Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.1. гол мөрний урсац бүрэлдэх эх хэсэгт түүний эргээс усны хагалбарын хил хүртэлх зайд; 2.3.2. гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; " гэж тус тус журамласан байна. Харин манай газрын тухайд дээр дурьдсанчлан 2.2 болон 3.1-т тайлбарласнаар шийдвэрлэсэн буюу шийдвэрлүүлэх хүсэлтэй болно.

3.7.Монгол Улсын Усны тухай Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.-т: "усны эх үүсвэр" гэж ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эхийг; гэж заасан бол мөн хуулийн 3.1.15.-т "ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг; гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл манай газар усны эх үүсвэрийн нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эх хэсэг биш юм. Мөн манай газрын ойр орчим 500 метр радиуст ус хангамжийн эх үүсвэрийн худаг, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламж байдаггүй. Тэр бүс газарт нийтдээ 300 гаруй айл, аж ахуй нэгжүүд байрладаг. Яг манай газрыг тойроод 60 гаруй айл, аж ахуй нэгжүүд асуудлаа шийдвэрлээд Баянзүрх дүүргийн газрын албанаас шаардлагатай шийдвэрүүдээ гаргуулж дууссан гэж хариуцагч нар ч шүүх хуралдааны үеэр хариулж байсан. Гагц манай газар л тэг голд нь шинэчилсэн бүртгэл хийлгэлгүй үлдсэн байгаа гэж анхааруулж байсан. Хурлын тэмдэглэлээс танилцах боломжтой гэж бодож байна.

3.8.Мөн Усны тухай Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4."усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг; гэж, 3.1.10. "эрүүл ахуйн бүс" гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, гэж, 3.1.9."онцгой болон энгийн хамгаалалтын бүс" гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, гэж тус тус заажээ. Хуульд туссан энэхүү "хамгаалалтын зурвас газар" гэдэг ойлголтыг оролцогч нар ойлгохдоо гол урсаж л байвал тэр хавийн нутгийг нийт талбайн хэмжээгээр нь гэж буруу ойлгодог болох нь хурлын үеэрх мэтгэлцээн, асуулт хариултын явцад маш тодорхой харагдсан. Усны тухай Хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.-т: "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэж хамгаалалтын бүсийг гол усны эргээс хэмжээ зааж зурвас тогтоон хамгаалдаг гэдгийг тодорхой хуульчлан баталжээ. Гэтэл хүчингүй болсон 2016 оны 50 дугаар тогтоолоор дээрх буруу ойлголт, агуулгаар тухайн бүс газрыг бүхэлд нь усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс хэмээн үзэж хамгаалалтын зурвас газар хэмээх хууль зүйн ойлголтыг хэрэглээний зөрүүтэй байдал бий болгосон байжээ гэж харж байна. Иймд 2024 оны 69 дүгээр тогтоолоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийг тогтоохдоо зургаар нарийвчлан, голын эргээс хамгаалалтын зурвасаа гол дагуу зурагласан, илэрхий ойлгомжтой, маргаангүйгээр тогтоон өгчээ. Анхан шатны шүүх хуралдааны үеэр л нэхэмжлэгчийн тайлбар, тодруулга зэргээс хариуцагч нар нь 50 дугаар тогтоол хүчингүй болсон гэдгийг мэдсэн ба шүүгч нийтэд ил байх Legalinfo.mn эрх зүйн цахим мэдээллийн сайтаас олж авч, хамгаалалтын зурвас газрын тодруулсан зураглалыг бүтнээр нь компьютер дээрээ харж, хэргийн оролцогч нарт ч харуулж, 69 дүгээр тогтоолтой танилцацгаасан. Ингэж ойлгомжтой тогтоосон шинэ хүчин төгөлдөр журам байхад, мөн хүчингүй болсон журмыг баримталсан Геодези зураг зүйн газрын Дүгнэлт тийм учиртай, хууль бус акт болжээ гэж баримттай харуулж, танилцуулж байхад тэрхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэдэг утгаар үндэслэл болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2024 оны 11 сарын 11-ны өдрийн №128/ШШ2024/0884 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн "Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албаны №06/1665 болон Налайх Дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албаны №14/329 тоот актуудыг хүчингүй болгуулах, шинэчилсэн бүртгэлээрх гэрчилгээ олгохыг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч Н.Өгаас “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14/329 болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06/1665 тоот захиргааны актуудыг хүчингүй болгуулах, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргажээ.

2.Газар эзэмших эрх шилжүүлэх 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр[1] Н.Ө нь Ц.Нгаас Налайх дүүрэг, ХД энгэр 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 186723013***** дугаар бүхий 15,000 м.кв газрыг /сувиллын зориулалттай/ бүтнээр нь шилжүүлэн авчээ.

3.Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/413 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар[2] нэгж талбарын 186723013***** дугаар бүхий 15,000 м.кв газрыг “сувиллын” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх, гэрчилгээг[3] Н.Өд олгожээ.

4.Мөн Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар[4] Налайх дүүрэг, ХД энгэр, 1-р хороонд нэгж талбарын 186723014***** дугаар бүхий 11,000 м.кв газрыг “зуслангийн” зориулалтаар 15 жилийн хугацаатай Н.Өд эзэмшүүлэх эрх, гэрчилгээг[5] тус тус олгожээ.

5.Н.Ө нь Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргатай 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 11,000 м.кв газрын, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000 м.кв газрын гэрээг[6] тус тус байгуулсан байна.

6.Нэхэмжлэгчийн эзэмшлийн 15,000 м.кв болон 11,000 м.кв хоёр газар нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны хилийн цэсийн хил хязгаарт аль алинд дамнасан байрлалтай болох нь хэрэгт авагдсан хариуцагч нараас нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүргүүлсэн албан бичгүүд[7], Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргаантай эргэлтийн цэгийг шалгасан ажлын хэсгийн 2023 оны 24 дүгээр дүгнэлт[8], Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-05/6545 дугаар албан бичгийн[9] хавсралтаар ирсэн зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7.Нэхэмжлэгчээс Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд “хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбогдож газар эзэмшигчийн баримт бичгийн хаягийн өөрчлөлт, газар эзэмших эрхийн шинэчилсэн нэгж талбарын дугаар олголт, шинэчилсэн цахим бүртгүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг, мөн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд “Н.Өгийн эзэмшлийн газрыг шинэ нэгж талбарын дугаар өгч, шинэчилсэн бүртгэлд оруулж, шинэ цахим системд бүртгүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүрэгт хамаарах хаягаар шинэ гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлтийг[10] тус тус гаргажээ.

8.Маргаан бүхий Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14/329 дугаар албан бичгээр[11] Н.Өд “...таны эзэмшил бүхий газрын координат  цэг тэмдэгтээр 10000 м.кв газар нь Баянзүрх дүүргийн хилийн цэсэд, 5000 м.кв газар нь Налайх дүүргийн хилийн цэсэд хамаарч байна. ...нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/343 дугаар захирамжаар Газрын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, ..дүүргийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дах хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.

Мөн тус дүүргийн хилийн цэсэд хамаарч буй 5000 м.кв газар нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд байх тул ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах боломжгүй байна” гэх хариу хүргүүлжээ.

9.Маргаан бүхий Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06/1665 дугаар албан бичгээр[12] нэхэмжлэгчид “...Налайх дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6,  дахь хэсэг  “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн байх тул тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т дагуу таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэсэн хариуг өгчээ.

10.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн “23.4...., дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”,  23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 33 дугаар зүйлийн 33.6-т “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”

11.Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.”, 22.6-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно.” гэж тус тус зохицуулжээ.

12.Маргааны тохиолдлын хувьд, нэхэмжлэгч Н.Өгийн эзэмшлийн нэгж талбарын 186723013***** дугаар бүхий 15,000 м.кв газар, 186723014***** дугаар бүхий 11,000 м.кв газрууд нь Туул голын 2 салаа хэсгийн дунд байрлалтай бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2024 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэл хотын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс”-тэй маргаан бүхий хоёр газар нь бүхэлдээ давхцалтай гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/2537 албан бичиг, түүний хавсралт зургууд[13], Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-05/6545 албан бичиг, түүний хавсралт зураг[14] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

13.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд маргаан бүхий газрын урд хэсгийн багахан газар давхцаж таардаг боловч бид энэ хэсгийг хасуулж, урт сунасан хэсэгтээ нэмүүлж болох тухай гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Тэр жаахан давхацсан хэсгийг хасуулахад бидний зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд дээд шатны захиргааны байгууллагаар нэгэнт шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл хасуулж өөрчлөх жаахан хэсгээс шалтгаалж бүхэл бүтэн 26000 м.кв газрыг ямар ч үндэслэлгүйгээр бүхэлд нь хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй юм.” гэсэн үндэслэл хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй “бүхэлдээ биш, багахан газар нь усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд давхцаж таардаг” гэсэн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

14.Иймээс хариуцагч Налайх болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь бүхэлдээ “хуулиар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглосон усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “шинэ нэгж талбарын дугаар өгч, шинэчилсэн бүртгэлд оруулж, шинэ цахим системд бүртгүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүрэгт хамаарах хаягаар шинэ гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг “хууль зөрчсөн” бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн “хууль бус” татгалзал гэж шүүхээс үзэх үндэслэлгүй.

15.Энэ талаарх анхан шатны шүүхийн “хариуцагч захиргааны байгууллагуудаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д ...заасныг хэрэгжүүлж маргаан бүхий актуудаар газар эзэмших эрхийг ...баталгаажуулахаас, гэрээ байгуулж гэрчилгээ олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн буюу хуулиар эрх олгогдоогүй асуудлаар гэрчилгээ олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

16.Мөн Нийслэлийн хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх Ажлын хэсгийн 2023 оны 1/4823 дүгнэлтийн 8.1-д заасан “хилийн гадна олгогдсон нэгж талбарын судалгааг нарийвчлан гаргаж тухайн газруудыг харьяалах дүүрэгт нь баталгаажуулах шаардлагатай” гэх дүгнэлт нь хуулиар хориглосон газарт иргэнд газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах агуулгагүй юм.

17.Үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Налайх болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичгүүдийн агуулга нь хуулиар хориглосон газар эзэмших эрх олгосныг баталгаажуулах агуулгагүй, харин усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд багтаж байгаа хэсгийг хасаж, өөр тийш нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжийг судлах агуулгатай” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

18.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр, дүгнэлт нэгэнт гарсан байхад хариуцагч нар нь Захиргааны Ерөнхий Хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т: "Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ." гэж заасан хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг шүүгч харгалзаж үзээгүй.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

19.Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т “нэхэмжлэгчийн ...эзэмшиж буй нийт 26,000 м.кв газар нь ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн бүсийн онцгой хамгаалалтын бүсэд тус тус хамаарч байгаа ...” гэж хүчингүй болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг дүгнэлтдээ хэрэглэсэн боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоол болон холбогдох Усны болон Газрын тухай хуулийн зохицуулалтыг мөн баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж буй үндэслэл, маргаан бүхий татгалзлын үндэслэлд дүгнэлт хийсэн гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүчингүй болсон журмыг /50-р тогтоолыг/ баримталсан” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

20.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 

       ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 153 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 9 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 155 дах тал

[5] Хэргийн 1-р хавтас 11 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 15-18 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 59, 239 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 161-169 дахь тал

[9] Хэргийн 2-р хавтас 51-52 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 176 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 31 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 190 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 139-141 дэх тал

[14] Хэргийн 2-р хавтас 51, 52 дахь тал