Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат, 1977 оны 05  сарын 28-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1-р баг Халиун гэх газар оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Ханжаргалант овогт Бямбасүрэнгийн Ганмөнхөд /РД: ЕЛ77052819/ холбогдох эрүүгийн 201610010251 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Б.Ганмөнх нь 2016 оны 11 сарын 24 –ний  өдөр 16 цагийн орчимд Замын-Үүд сумын 2-р баг, Мобикомын гудамжны цахилгааны тулгуур шонг УАЗ-31512 маркийн 35-29 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргөж Дорноговь аймгийн Цахилгаан түгээх салбарын Замын-Үүд дэх салбарт 296,000 төгрөгийн  хохирол, Замын-Үүд нийтийн аж ахай үйлчилгээ орон нутгийн өмчит хязгаарлагдмал компанид 105,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ганмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүдэд ирсэн юм. Тэгээд би эгчийндээ очих гээд явж байгаад нарын гялбаанаас болж хажуу талын шонг мөргөсөн. Би Замын-Үүд сумыг сайн мэдэхгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч утас байгаагүй учраас эгчийнх рүүгээ явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед архиуусан байсан. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, надад гомдол саналгүй гэсэн. Миний буруу “ гэсэн мэдүүлэг

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд  /хх-ийн 6-9/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, гэрэл зургууд  /хх-ийн10-11/

Хохирогч О.Далайбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад Мобикомын гудамж талбайг хариуцсан гэрлийн байцаагч Гэрэлт-Отгон миний гар утас  руу залгаж Мобикомын гудамжинд цахилгааны тулгуурыг машин дайрч мөргөн зугтаасан юм шиг байна гэж ярихаар нь  би шууд 10 орчим минутын дараа Мобикомын гудамжинд очиход АТП 101 дэд станцын 0.4 кв урд гаргалгааны тулгуур №8 машин дайрч хугалсан байдалтай байсан юм. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад би энэ талаар мэдээлэл өгсөн юм. Тэнд байсан хүмүүсээс тухайн үед ямар машин байсан талаар асуухад 35 эхэлсэн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл мөргөчихөөд зогсож байгаад явчихсан гэж байсан. Уг цахилгааны шонг мөргөсний улмаас манай байгууллагад нийт  848,196 төгрөгийн хохирол учирсан бөгөөд осол гаргасан жолооч Ганмөнх гэх залуу надтай уулзаж хохирлыг  бүрэн барагдуулсан юм. Би хохирлын талаарх баримтыг би дэлгэрэнгүй гарган танай байгууллагад хүргүүлсэн одоо хохирол бүрэн барагдсан  “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/

Хохирогч З.Даваанямын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Манай байгууллагын нийтийн эзэмшлийн Мобикомын гудамжны гэрэлтүүлгийн бетон шон дээр суурьлуулсан гэрлийн толгойг тээврийн хэрэгсэл мөргөж хохирол учруулсан байсан ба уг осол гаргасан жолооч Б.Ганмөнх гэх залуу манай байгууллагад учруулсан хохирол болох гэрлийн толгойн үнэ болох 105,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч Г.Баасанжавын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “2016 оны 11 сарын 24-ний орой 20 цагийн орчимд осол гарсан талаар би олж мэдсэн юм. Замын-Үүд сум 2-р баг Мобикомын гудамжинд байрлах манай цахилгааны шонг тээврийн хэрэгсэл мөргөж осол гаргасан байсан би очиж уг шонг үзэж харахад шон дээр байрлуулсан манай гэрлийн толгой эвдэрч хагарсан байсан. Осол гаргасан Ганмөнх гэх залуу бидэнтэй уулзаж сумын иргэдийн хурлын үнэлгээний дагуу гэрлийн толгойн үнэд 105,000 төгрөгийг манай байгууллагын дансанд хийж учруулсан хохирлоо төлж бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Г.Баяржаргалын хэрэг бүртгэлийн шатанд  өгсөн “2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шугам замд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүр утсаар Мобикомын 1-р гудамжинд цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл гэрлийн шон  мөргөөд ослын газраас явсан байна очиж шалгаад эргэж танилцуул гэж үүрэг өгсөн юм. Тэгээд би цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн эрчим хүчний инженер Далайбаяр гэх иргэнтэй уулзаж осол болсон газарт очиход гэрлийн бетонон тулгуур суурь хэсгээрээ хугарч хазайсан байдалтай байсан юм. Далайбаяр надад хэлэхдээ цэнхэр өнгийн 35 гэсэн дугаараар эхэлсэн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж гэмтээчихээд явсан гэж байна гэж надад хэлсэн. Уг тээврийн хэрэгслийг хайж явахад Амарын гудамжны хэсэгт урд хэсэг нь муруйж хонхойсон УАЗ-469 маркийн 35-29 ДГА  улсын  дугаартай тэврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож шалгахад Бямбасүрэн овогтой Ганмөнх гэх жолооч тээврийн хэрэгслийг жолоодож явсан машин дотор өөр зорчигч байгаагүй тэр архи уусан согтуу байсан учир түүнийг цагдаагийн хэлтэст авчирч  драйгер багж үлээлгэн шалгаж тэмдэглэлийн хамт цагдаагийн жижүүрт хүлээлгэн өгсөн юм. Түүнээс хаана ямар осол гаргасан талаар тодруулж асуухад гэр байрны замаар явах үед нарны гялбаанд зам сайн харагдахгүй улмаар гэрлийн шон мөргөсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

Шинжээч С.Энхтайваны  2016 оны 12 сарын 13-ны өдрийн “ 1. Гэрлийн толгой, гэрлийн бетон шон дээр байрлуулсан  1 ком 105,000 төгрөг

2. Цахилгаан дамжуулах бетон тулгуур 280,000 төгрөг,

3. Салбарлагч 16,000 төгрөг, нийт 401,000 төгрөг гэсэн 186 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 30/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 30-ны өдрийн “1.Б.Ганмөнхийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултанд хариулах боломжгүй.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. ” гэсэн 473 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/

Хохирогч О.Далайбаярын Цагдаагийн байгууллагад гаргасан “ 2016 оны 11 сарын 24-ний өдөр 35-29 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганмөнх нь Цахилгааны бетон тулгуурыг мөргөж 848,196 төгрөгний хохирол учрууулсан бөгөөд хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Хохирлын талаар маргаангүй тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэсэн хүсэлт /хх-ийн 03/

Хохирогч З.Даваанямын Цагдаагийн байгууллагад гаргасан “ 2016 оны 11 сарын 24-ний өдөр 35-29 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганмөнх нь бетон шонд суурилуулсан гэрлийн толгойг мөргөж 105,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоо бүрэн барагдуулсан байна. Хохирлын талаар маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэсэн хүсэлт /хх-ийн 03/

Шүүгдэгч Б.Ганмөнх нь ял шийтгэлгүй гэсэн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/

Дорноговь аймгийн Цахилгаан түгээх салбарын Замын-Үүд дэх салбарт хохирол төлсөн баримт /хх-ийн 44/

Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ орон нутгийн өмчит хязгаарлагдмал компанид хохирол төлсөн баримт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Ганмөнх нь согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа 2016 оны 11 сарын 24-ний  өдөр 16 цагийн орчимд Замын-Үүд сумын 2-р баг Мобикомын гудамжны цахилгааны тулгуур шонг УАЗ-31512 маркийн 35-29 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргөж Дорноговь аймгийн Цахилгаан түгээх салбарын Замын-Үүд дэх салбарт 296,000 төгрөгийн  хохирол, Замын-Үүд нийтийн аж ахай үйлчилгээ орон нутгийн өмчит хязгаарлагдмал компанид 105,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Б.Ганмөнхийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ганмөнхийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч О.Далайбаяр, З.Давааням нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шинжээч С.Энхтайваны 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 186 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд  /хх-ийн 6-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл  /хх-ийн 10-11/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Хохирогч нарт учирсан хохирол нь шүүгдэгч Б.Ганмөнхийн үйлдэлтэй шууд холбоотой байх ба тэрээр уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдох боловч энэ хэргийн хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Дорноговь аймгийн Цахилгаан түгээх салбарын Замын-Үүд дэх салбарт 848,196 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 44/, Замын-Үүд Нийтийн аж ахуй үйлчилгээ орон нутгийн өмчит хязгаарлагдмал компанид хохирол 105,000 төгрөгийн төлсөн баримт /хх-ийн 46/, хохирогч О.Далайбаяр, З.Давааням нарын цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, мэдүүлэг,  урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь Б.Ганмөнх нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ганмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хан жаргалант овогт Бямбасүрэнгийн Ганмөнхийг осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бямбасүрэнгийн Ганмөнхөд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Б.Ганмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт  шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ганмөнхөд урьд авсан гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Ганмөнх, түүний өмгөөлөгч, хохирогч нар зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД