Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 130

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00130

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                             

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Авгас овогт Балгансүрэнгийн Ж /.../-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 153/2019/00098/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Б.Ж нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1976 онд цэргийн албанд татагдаж 1979 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1981 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хотгор хаг бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 7 жил жолооч хийж байгаад эмчилгээ тэжээлийн цэг татан буугдаад малчин болсон. Тэтгэвэрт орох нас болсон учраас шүүхэд хүсэлт гаргасан. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 7-р ангийг 1974 онд төгссөн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд 1990-2000 онд хүртэл хамрагдсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Эрдэнэбүрэн сумын тээврийн хэсэгт 1990 он хүртэл ажилласан боловч Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд 1990 оноос хамрагдаж эхэлсэн учраас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. Тухайн үед нэгдлийн автомашинууд нь Тээврийг удирдах газар харъяалагдах болсон. Гэхдээ нэгдэлдээ жолоочоор ажиллаж байсан. Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Эрдэнэбүрэн сумын Тээврийн хэсэгт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Ж нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Эрдэнэбүрэн сумын Тээврийн хэсэгт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Ж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Эрдэнэбүрэн сумын Тээврийн хэсэгт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний 345 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай 2.Хотгорхаг бригадын ЭТЦ-ийн жолооч Х.Балдандамбыг 1981-1-24-нээс ажлаас нь чөлөөлж, жолоочоор Б.Жыг 1981-1-25-наас эхлэн ажиллуулсугай. гэх бичвэртэй Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 222 дугаартай 1.Сум, албан байгууллагуудын машин нэгтгэж байгаатай холбогдуулж Эрдэнэбүрэн сумын тээврийн хэсгийн .... Б.Ж, ....нарыг 15/X-наас жолоочоор, .... тус тус томилон ажиллуулсугай. гэх бичвэртэй Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаартай тушаалын 3 хуудсанд Эрдэнэбүрэн, Буянт сумын Тээврийн хэсгийн жолооч, засварчид гэх хэсгийн 6.Б.Ж жолооч.... гэх бичвэртэй Үйлчилгээний авто паркын орон тоо, цалингийн тухай тушаалын хуулбар, гэрч Ж.Даваасүрэнгийн ....Би 1973 онд цэрэгт яваад 1976 онд ирсэн. 1977 оны 2 сараас эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадын дарга, тоо бүртгэгчээр 1991 он хүртэл ажилласан...Б.Ж нь 1979 онд цэргээс халагдаж ирээд намар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригад буюу 3 дугаар бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор ажилд орсон. 30-18 ХО шар ГАЗ-53 маркийн автомашиныг шинээр нь аваад жолоочоор ажиллаж эхэлсэн. 1990 он хүртэл ажиллаж байсан....Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 1989, 1990 оны үед бага хувьчлал хийгдээд 1991 онд тарсан. Социализм нэгдэл тараад Гэрэл, Намарзан гэдэг нэртэй компани болсон. Бага хувьчлал болоход сумдын нэгдлийн жолооч нар Ховд аймгийн Тээврийг удирдах газарт харьяалагдаж байсан. Гэхдээ тухайн жолооч нар өөрсдийн өмнө ажиллаж байсан нэгдэлдээ жолоочоо хийж байсан санагдаж байна. Жолооч нарын цалинг нэгдэл нь өгч байсан уу, Тээврийг удирдах газар нь өгч байсан уу гэдгийг нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч Б.Баатаржавын ....Би 1977-1981 онуудад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригад буюу Баянгол багт малын эмчээр, 1981 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3 дугаар бригадад малын эмчээр тус тус ажилласан....Намайг 1981 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малын эмчээр ирж байхад Б.Ж нь тус бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт жолоочоор ажиллаж байсан. Б.Ж нь тус бригадад 1990 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үедээ Газ 53 гэдэг автомашин барьдаг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 14-18, 31-33, 35-37 дугаар тал/

Б.Ж нь НАХЯ-ны орлогч сайд, ДЦХЭГ-ын даргын 1976 оны 7 дугаар сарын 532 дугаар тушаалаар цэргийн албанд татагдан, НАХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/406 дугаартай лавлагааны хуулбар, нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 639 дугаартай Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /хх-ийн 7, 8-9 дүгээр тал/

Хавтаст хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж.Даваасүрэн, Б.Баатаржав нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Авгас овогт Балгансүрэнгийн Жын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Эрдэнэбүрэн сумын Тээврийн хэсэгт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ