Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

          

             Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 10 дугаар байр 42 тоотод оршин суух Боржигон Л.З /РД:**********/-ын

 

            Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 39 дүгээр байр 08 тоотод оршин суух Сартуул Д.О /РД:**********/-д холбогдох

           

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                         

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Л.З, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2004 онд Д.Отэй танилцаж, 2006 оны 10 дугаар сараас хамтран амьдарч, 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Намсрайсүрэн төрсөн. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид нэг гэр бүл гэхэд хэцүү болсон. Ийм учраас би гэр бүлийн тогтворгүй байдлаас болоод хүүгээ хоёр ч удаа аваад гэрээсээ явж байсан. Энэ хүний зан харилцаанаас болоод зүрх өвдөж, сүүлдээ шөнө нойргүй болсон... Хүү маань их харшилтай төрсөн учраас байнга өвддөг байсан. Тэгээд ч барахгүй аавынхаа энэ зан араншингаас болж өмнөхөөсөө их эмзэг мэдрэмтгий болсон. Д.Огийн ажлын онцлогыг би ойлгож байгаа. Гэхдээ нөхрийнхөө ажлыг ойлгож гэр бүлээ сайхан авч явах гэсэн ч чадсангүй. Миний гэр бүлийнхээ төлөө хийсэн бүх зүйл хамгийн муу үйлдэл, чөтгөр шулмасаас дорд үзэгддэг болсон. Д.О гэртээ орохдоо шорон руу орж байгаа мэтээр боддог. Хүү маань өвдөх үед, ар гэрт ямар нэгэн асуудал гарах үед гэрээсээ гарсан л бол ар гэрт нь юу болж байгаа талаар нэг ч удаа асууж байгаагүй. Хэрэв гэрээсээ гарсан л бол утас нь үргэлжид холбогдох боломжгүй байдаг. Ар гэрт нь хүүхдэд нь, эхнэрт нь юу тохиолдсон эсэх нь огт хамаагүй. Би өнгөрсөн хугацаанд нөхөргүй юм шиг л амьдарсан. Би нөхөртөө гомдох бүртээ сэтгэлд байгаа зүйлээ уудлаж цаасан дээр бичдэг... Д.Од миний хийсэн зүйл огт харагддаггүй. Зөвхөн өөрийгөө зөвтгөөд, өөрийнхөө талаар л яриад байдаг. Намайг байнга л шулмастай харьцуулж “Чам шиг муухай хүүхэн энд байхгүй байна” гэх зэргээр хэлдэг. Энэ хүний байдлаар өөрөө бол энхийн цагаан тагтаа, харин би бол хамгийн муу муухай шулмас... Д.О хүүгээ бодоод гэрлэлтээ цуцлуулахгүй гэж хэлсэн нь хуралдааны тэмдэглэлд байгаа. Би энэ үгэнд нь огт итгэхгүй байна. Бид тусдаа амьдраад 3 сар болж байна. Энэ хугацаанд үнэхээр хүүгээ гэж бодсон бол бид хоёр дээр ирэх байсан. Би энэ хугацаанд хүүгээ ааваасаа хол байгаа юм чинь сэтгэл санааг нь яаж дэмжих вэ гээд гүйгээд байхад, аав нь шөнө залгаад “Би одоо очих уу?” гэсэн. Өдөр нь ирж хүүтэйгээ хамт байгаагүй байж, шөнө ирээд юу хийх вэ дээ. Налайх дүүрэг бол их жижигхэн дүүрэг учраас өөрөө ганцаараа ажилдаа яваад, ганцаараа хүүгээ хичээл сургуульд нь зөөж байсан. Тэр үед “Би яагаад ингэж амьдарч байгаа юм бол?” гэж хүмүүсээс санаа зовж ичиж байсан. Миний хүү “Аав шөнө ирэх болов уу, шөнө согтуу ирэх болов уу” гэж байнга стресстэй байдаг болсон. Уг нь бол ямар ч хүүхэд аавтайгаа хамт байхдаа аз жаргалтай болж, сэргэлэн цовоо болдог шүү дээ. Гэтэл нэг сар аавтайгаа хамт байхдаа унжийгаад, сул дорой болсон... Гэр бүлийн уур амьсгал ямар ч хайр байхгүй бол хүнд хичнээн олон том хаус, машин байгаад ямар ч нэмэргүй. Манай нөхөр хошин шог үзэхээрээ инээж байдаг, гэр бүлээ хараад хэзээ ч инээдэггүй. Ийм учраас надад энэ хүнтэй эвлэрээд амьдрах ямар ч боломж байхгүй. Хүнийг дарамтлаад л, элдэв арга хэрэглээд байдаг. Ямар нэгэн юм болохоор “Чи битгий гэдэн хөдөлгөөд байгаарай” гэдэг. Энэ зангаа хүүхэддээ гаргаж, хүүхэдтэйгээ 2 хоног утсаар ярихгүй байж шийтгэж байгаа гэж ойлгосон. Энэ зан нь хэзээ ч арилахгүй гэж бодож байна. Шөнө унтаж байхад биедээ ямар нэгэн зүйл авчраад бид хоёрыг алчихвий гэж айдаг. Энэ хүний амь нас бид хоёрт хамаагүй шүү гэдгийг л хэлмээр байна. Энэ  хүн байнга үхнэ гээд л аймар зүйл ярьдаг. Би амьдралаасаа, ажлаасаа татгалзаад хүүгээ аваад явж байгаа хүн. Энэ гэрлэлт бол миний амьдралд тээглэсэн бул хар чулуу байсан. Нэг хаалга хаагдахад нэг хаалга нээгддэг учраас би санаа зовохгүй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийнхөө асрамжид аавч, тэтгэлэг гаргуулна гэв.

 

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон  шүүх хуралдаанд

 тайлбарлахдаа: Миний хувьд нэхэмжлэгчийн гаргасан бүх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн өөрийнхөө зан аашийг одоог хүртэл ойлгоогүй юм байна. Ямар ч хүнд тэсвэр тэвчээрийн туйл гэж байдаг.  Би өмнө нь хүүхдээ бодоод гэрлэлтээ цуцлуулахгүй гэж хэлсэн боловч  одоо бол гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна. Намайг нас барсан цагт миний шарил дээр битгий ирээрэй гэж хэлсэн. Түүнээс өөрөөр айлгасан сүрдүүлсэн зүйл байхгүй. Хүн тэсвэр барагдахаараа гомдож, туйлдаа хүрдэг юм байна гэв.

           

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л.З хариуцагч Д.Огээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

 

Гэрлэгчид 2004 онд танилцан, 2004 оны 10 дугаар 29-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 02 дугаар сарыг хүртэл 12 жил хамт амьдарсан. /№0051660 дугаартай/ гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-7/, Тэдний дундаас  2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Намсрайсүрэн төржээ. /хх-7/.

Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Д.О нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан “Гэрлэгчид ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...бие биеэ халамжлах, хүндэтгэх...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” үүргийг биелүүлээгүйгээс гэр бүлийн маргаан үүсч, хоорондын зан харилцааны таарамжгүйн улмаас 2019 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч, хэн аль нь эвлэрч амьдраагүй байна. Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон /хх-9-13/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, хүүхдийн амьдрах орчин, түүнд тавих анхаарал халамж, хүүхдээс авсан санал зэргийг харгалзан 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.Намсрайсүрэнг эх Л.Зын асрамжид үлдээж, эцэг Д.Огээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

  Нэхэмжлэгч Л.З гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огээс 176.270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар Боржигон Л.З, Сартуул Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.Намсрайсүрэнг эх Л.Зын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг Сартуул Д.Огээс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж  2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.Намсрайсүрэнг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Д.Огээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5.Нэхэмжлэгч Л.З гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар  нэхэмжлэгч Л.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.270 /нэг зуун далан зургаа мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огээс 176.270 /нэг зуун далан зургаа мянга хоёр зуун дал/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Зад олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                       Н.БАЯРСҮРЭН