Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0394/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Шарнууд овогт******* ын *******т холбогдох эрүүгийн 2218000000495 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт******* ын У... /РД: ТИ80031811 / 1980 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 , эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар баг, Цэргийн ангийн******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* ын: Би хохирогчид 225,000 төгрөг өгсөн. Улсын яллагчтай 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохиролцсон гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Цэргийн ангийн******* тоот хаяг байх бөгөөд уг хаягаар очиход хашааны хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан төмөр хаалга байх ба хашааны хаалгаар ороход хаалганы зүүн талд гаднаа таампартай шавар байшин байв. Байшингийн үүдний хэсэгт буюу улаан хүрэн өнгийн дрожны баруун хойд хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба дээр нь цагаан өнгийн зүйл тавьсан байдалтай байв. Уг цус мэт зүйлээс хойш 70 см зайд шар өнгийн хулдаасан дээр архины шилний хагархай хүзүү буюу амсар хэсэг унасан байх ба архины шилний хагарч бутарсан хэсгүүд тарсан байв гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/,

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн: Хар бараан өнгийн архины шилний хагархай, амсар хэсгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 16/,

Хохирогч Ц.*******ын : 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай садангийн Л.******* над руу залгаад төрсөн өдөр чинь гэж мэдсэнгүй манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би тэр дороо тэдний гэрт яваад очсон. Тэгсэн Л.******* төрсөн өдрийн юм шүү гээд нэг шил архи задлаад тэрийг Л.******* бид хоёр хувааж уугаад би тэндээ хоносон. Маргааш нь дахин нэг шил архи авч уугаад тэндээ хоносон. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сансар гэх Л.******* ын танил залуу тэднийд ирсэн ба нэг шил архи авч орж ирэхээр нь тэрийг нь Л.*******, Сансар бид 3 хувааж уусан. Сансар өөрийнхөө гар утсыг ломбарданд тавиад дэлгүүрээс дахин 2 шил архи авч орж ирсэн бөгөөд хэн хэн нь согтчихоод хоорондоо маргалдах гээд байсан. Тэр үед би өөрөө нэлээд согтуу байсан учраас юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хоёрын маргааныг таслах гээд дундуур нь орсноо санаж байна. Нэг мэдсэн чинь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байсан. Миний эрүүнд зүсэгдсэн шарх учирч оёо тавуилсан. Мөн толгойны ар хэсэгтээ 4 оёо тавиулсан байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Мөн ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Л.Мягмарсүрэнгийн : 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад Л.******* ын хажуу айлын хүн манай ээж болох Батсүх рүү утсаар залгаад хүүгийн чинь гэрт хүмүүс нийлээд архи дарс уугаад чанга дуугараад байна гэж хэлсэн байна лээ. Тэгээд ээж над руу залгаад энэ талаар хэлж би ээжийн хамтаар Л.******* ын гэрт ирэхэд Л.*******,******* нэг танихгүй залуугийн хамтаар бүгдээрээ согтуу сууж байсан ба гэр доторх эд зүйлс эмх замбараагүй байдалтай, мөн галын өрөөний хэсэгт газар шалан дээр цус гойжсон байсан ба хажууд нь******* эрүүнийхээ орчим гараараа дарчихсан тэндээс нь цус гарч байсан. Юу болсон талаар асуухад хэн ч дуугарахгүй суугаад байснаа танихгүй залуу нь *******ыг чи түүнийг цохиж гэмтээсэн шүү дээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Л.Батсүхийн : 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед би хөрш айлын залуу руу залгаад манай хүүгийнхээр юу байна, эгчтэйгээ яриулаад өгөөч гэсэн чинь тэр залуу эгчээ би гадуур явж байна гэртээ хариад таныг яриулаад өгье гэж хэлсэн. Тэгээд цаг гарангийн дараа нөгөө залуу эгчээ би гэртээ ирчихлээ *******тай ярь гэхээр нь би тэр залуугийн утсаар *******тай ярьсан чинь ******* нэлээд согтуу байдалтай ээжээ та******* ,******* болон миний хүү Эрхэмбаяр ыг дагуулаад хүрээд ир дээ гэхээр нь би түүнийг яасан их архи дарс уудаг юм гээд загнасан чинь ******* утсаа нөгөө залууд буцаагаад өгсөн. Үүнээс хойш удалгүй нөгөө залуу над руу залгаад эд нар хоорондоо зодоон цохион болж магадгүй юм шиг байна шүү та ер нь удахгүй энд ирсэн нь дээр байхаа гэхээр нь би охиноо дуудаад *******ын гэрт яваад очсон. Гэтэл******* доошоо тонгойгоод суучихсан байдалтай толгойноос нь цус гарч байсан. Л.******* түүний өөдөөс хараад суучихсан байсан. Тэнд нэг танихгүй залуу байсан ба тэр нь цаана сууж байсан. Газар гоожсон цусны хажууд архины шил хагарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч Н.Сансарын :******* нь согтчихоод Л.*******т хандаж чи 5 хүүхэдтэй хүнтэй суугаад байхдаа яахав дээ гэх мэтээр үг хаяад хоорондоо маргалдаад эхэлсэн. Энэ дундуур******* над руу гараа сарвайгаад өөрийгөө атман гээд томроод байсан. Тэгэхээр нь би гэрээс нь гарч бие засчихаад ороод иртэл******* гэх хүн зуухны хажууд хөлөө жийгээд газар суучихсан харин Л.******* нь буйдан дээр сууж байсан.*******ын нүүрний орчим нил цус болсон байсан ба доод ширдэг нь бас цус болсон байсан. Тэр орчмоор архины шилний хагархай зөндөө байсан. Тэгтэл******* гэх хүн Л.*******т хандаж ах нь чамд ямар ч гомдолгүй, ахынх нь буруу, ах нь өөрийнхөө амнаас боллоо гэх мэт зүйл яриад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31/

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1096 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн "...  Ц.Цэдэнбаатарын биед доод эрүүний зүүн хэсэг, дагзны хуйханд шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Цэдэнбаатарын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34/,

Яллагдагч Л.******* ын: 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө гэртээ хэвтэж байтал гаднаас танил Сансар гэх залуу орж ирээд******* ах бид 3 нийлээд дэлгүүрээс архи авч уусан. Тухайн үед нэлээд согтоод унтсан ба нэг сэргээд хартал Сансар гаднаас дахин 2 шил архи оруулж ирж байсан. Тэрийг нь бас хувааж ууж байгаад******* ахтай хамтран амьдарч байсан хүүхнийхээ талаар ярьж хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар миний уур хүрээд ууж байсан архиныхаа шилээр******* ахыг цохиж гэмтээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар баг Цэргийн ангийн******* тоот гэртээ согтууруудах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Цэдэнбаатартай маргалдаж, улмаар архины шилээр нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн хэсэг, дагзны хуйханд шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Л.*******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Цэдэнбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Цэдэнбаатарын “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Л.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Л.******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Л.******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар бараан өнгийн архины шилний хагархайг устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт******* ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 1 /нэг/ сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар бараан өнгийн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР