Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 132

 

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2019/00132

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 7-3 тоотод оршин суух, Хүрдийнхэн овогт Ж-ын Л /..../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух, Молхы овогт Авикийн Д /.../-д холбогдох

Алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 тооны адуу гаргуулах тухай 153/2017/00117/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ж.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч А.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, гэрч Л.Гантөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би А.Дд 2013 оны 11 дүгээр сард 4 тооны адуу өгсөн. А.Д Авдол гэдэг хүнээс өөрөө аваад явсан. Би адуунуудаа зарж өг гэж өгч явуулсан. Бид хоёрын хооронд өглөг авлага байсан. Би өглөгтөө нэхэмжлээд байгаа алаг гүү, бор шүдлэн хоёроо өгье. Энэ хоёрыг нэхэмжлэхдээ болж байна. Одоо би Хар саарал хязаалан адууныхаа үнийг нэхэмжилж байна. Миний Хар саарал хязааланадуу нь шинжээчийн үнэлгээгээр 4,000,000 төгрөгөөр үнэлсэн. Би хар саарал хязаалан адууг 6,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авч байсан. Хар саарал хязгаалангийн үнэ 6,000,000 төгрөгийг хариуцагчааснэхэмжилж байна. Алаг гүү, Бор зүсмийн шүдлэнгээ өглөг авлагандаа А.Дд үлдээнэ.... Алаг гүү, Бор зүсмийн шүдлэн хоёроо өгөө аваандаа өгөөд Хар саарал хязаалангийнхаа үнэ 6,000,000 төгрөг гаргуулна....Би 2014 оны хавар жирэмсэн байхдаа А.Дд ямаагаа самнаж байхад нь миний дүү чи Хар саарал хязаалангийнхаа үнийг өгөөч гэж очсон. Би багийн эмчийг хүртэл суулгаад очиж би өнөө маргаашгүй төрөх болчихлоо чи Хар саарал хязаалангийнхаа үнийг өгөөч гэхэд А.Ды авгай нь намайг загнаад хөөгөөд гаргаж байсан. Би аргаа бараад шүүхэд хандсан. Хоёулаа Хар саарал хязаалан дээрээ тохиръё та намайг шүүхээс салгаад өгөөч гэсэн бичлэг байгаа. А.Дд хүн чанар яагаад байдаггүй юм бэ гэж их гайхаж байна. Би 2014 оны хавар 06 дугаар сард 3-4 удаа очиж мөн утсаар олон удаа мөнгөө нэхэж байсан. Би адуугаа авъя хүмүүс авъя гэж байна гэхэд өгөхгүй болохоор нь би шүүхэд хандсан....Алаг гүү 1,000,000 төгрөг, Бор шүдлэн 1,500,000 төгрөг, Хар саарал хязаалан 6,000,000 сая төгрөгөөр зараад өгөөч гэж хэлж явуулсан....гэв.

Хариуцагч А.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2013 оны 01 дүгээр сард Бор зүсмийн шүдлэн, Алаг гүү, Алаг азарга, Хар саарал хязаалан үрээ зэрэг 4 тооны адууг Авдолаас авсан. Би моринуудыг аваад 4-5 хонож байхад Ж.Л ирээд Алаг азаргаа аваад явсан. Надад гурван морио үлдээсэн. Би Хар саарал хязаалан үрээг алдсан. Алаг гүү нь үхсэн. Бор шүдлэн байгаа. Бор шүдлэн одоо 8 настай морь болсон. Би Хар саарал хязаалангийн тал үнийг өгье. Алаг гүү, бор шүдлэн, Хар саарал хязаалан гурвууланг нь Ж.Л надад өгсөн. Хар саарал хязаалангийн үнэлгээ 4,000,000 төгрөг гарсан. Би 2,000,000 төгрөг өгөх боломжтой....2015 оны хавар жирэмсэн байхдаа манайд ирж мөнгөө нэхэмжилж байсан. Өөр мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Хар саарал хязаалан алга боллоо гэхэд Ж.Л намайг голоор хайгаадах би бензин хийж өгнө гэсэн боловч надад бензин тос өгөөгүй....Анх надад 4 адуу өгч явуулахдаа Алаг азаргаа 2,500,000, Хар саарал хязаалан 1,500,000 төгрөгийн үнэтэй гэж байсан. Ж.Л Алаг азаргаа өөрөө ирээд аваад явсан. Хар саарал хязаалан алга болсон....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Л нь А.Дд холбогдуулан алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 тооны адуу гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Л нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган хар саарал зүсмийн хязаалан адууны үнэ 6,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлов.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн нэрийг Давикан гэж бичсэн байх ба хариуцагчийн нэр нь А.Д болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ж.Л нь шүүх хуралдаанд ....Алаг гүү, Бор зүсмийн шүдлэн хоёроо өгөө аваандаа өгөөд Хар саарал хязаалангийнхаа үнэ 6,000,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч А.Д шүүх хуралдаанд ....Би Хар саарал хязаалангийн тал үнийг өгье. Алаг гүү, бор шүдлэн, Хар саарал хязаалан гурвууланг нь Ж.Л надад өгсөн. Хар саарал хязаалангийн үнэлгээ 4,000,000 төгрөг гарсан. Би 2,000,000 төгрөг өгөх боломжтой.... гэж тус тус тайлбарлав.

Хариуцагч А.Д нь Ж.Лын өмчлөлийн алаг зүсмийн азарга, алаг зүсмийн гүү, хар саарал зүсмийн хязаалан, бор зүсмийн шүдлэн /2013 оны байдлаар адуунуудын насыг тодорхойлсон/ нийт 4 тооны адууг А.Авдолоос авсан талаар болон алаг зүсмийн азаргыг Ж.Л нь А.Даас буцааж авсан талаар талууд хэн аль нь маргаагүй болно.

2013 оны 11 сард нэхэмжлэгч Ж.Лын өмчлөлийн адуунуудыг маллаж байсан А.Авдолоос алаг зүсмийн азарга, алаг зүсмийн гүү, хар саарал зүсмийн хязаалан, бор зүсмийн шүдлэн нийт 4 тооны адууг хариуцагч А.Д нь авсан болох нь гэрч А.Авдолын ....Би Ж.Лын алаг гүү 1, алаг азарга 1, бор шүдлэн 1, саарал хязаалан 1, нийт 4 тооны адууг 2013 онд маллаж байсан....А.Д нь энэ 4 морийг 2013 оны 11 дүгээр сарын үед манайхаас аваад явсан.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал/

Харин А.Д нь Ж.Лын өмчлөлийн дээрх 4 тооны адууг А.Авдолоос 2013 оны 1 сард авсан гэж тайлбарлах боловч хариуцагчийн уг тайлбар нь гэрч А.Авдолын ....А.Д нь энэ 4 морийг 2013 оны 11 дүгээр сарын үед манайхаас аваад явсан.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна. /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал/

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчээс хариуцагчид хар саарал зүсмийн хязаалан адууг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба харин нотлох баримтад үндэслэн тэдний хооронд үүрэг үүсээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... тохиодолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн хар саарал зүсмийн хязаалан адууг буцаан шаардах эрхтэй байна.

Хар саарал зүсмийн хязаалан адуу нь хурдан удмын адуу болох нь гэрч О.Дэмбэрэлийн ....хар саарал үрээ 2011, 2012 онд байх айрагдсан байсан. Энэ гурван адуу Сүхбаатар аймгийн угшилтай адуу юм.... гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал, гэрч Ч.Норовсүрэнгийн ....надаар Сүхбаатараас аймгаас авчирсан хар саарал хязаалангаа шинжүүлсэн юм. Намайг хар саарал хязааланг шинжих гээд очиход тухайн хязаалангийн хажууд бор шүдлэн, алаг гүү, хурдан хээр морь, хүрэн морь зэрэг 5 тооны адуу байсан. Урдаас ирсэн хар саарал хязаалан нь хурданы угшилтай гэж байсан....Тэр хар саарал хязааланг нь шинжихэд магнай сайтай, толгой, сэрвээ, бөгс гурван тэнцүү, бүрээ хамартай, хошногоны нүх цаана, аарцаг хол зайтай, шингэн урт сүүлтэй тийм сайхан шинжтэй адуу байсан юм. Хар саарал хязаалан нь саяны хэлсэн хурдан морины шинжүүдтэй байсан.... гэх мэдүүлэг, гэрч Л.Гантөмөрийн шүүх хуралдаанд өгсөн ....Би 2009 онд аймгийн алдарт уяач болж байсан.... Намайг хүмүүс Хөхөө гэж дууддаг.Хар саарал хязаалан хөнгөн нарийнхан ястай, дөрвөлжин биетэй адуу байсан....Ясан толгойтой хөнгөн ястай адуу байсан. Хурдан морь хөнгөн байдаг.... гэх мэдүүлэг зэрээг тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/

Хариуцагч А.Д нь шүүх хуралдаанд хар саарал хязаалан хурдан морь биш гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч А.Д нь хар саарал зүсмийн хязаалан адууг алдсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Ж.Л нь хар саарал зүсмийн хязаалан адууг 6,000,000 төгрөгөөр үнэлж авсан гэх боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн адууны үнийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын үнэ тодорхойлох комиссын шийдвэр нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд хийсэн, Монгол улсын Сангийн яамнаас олгосон 15060074 тоот тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Ч.Мөнхцоозын хийсэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Морь үнэлсэн тухай тайланг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч морьдын үнэлгээг дахин хийлгэсэн тул уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Харин Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Адуу үнэлсэн тухай тайлангаар хар саарал зүсмийн хязаалан адууг 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр үнэлсэн байх ба хариуцагчаас хар саарал зүсмийн хязаалангийн үнэ буюу 4,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. /2 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Даас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Лт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Даас 4,000,000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Лт олгохоор тогтов.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зохигчийн хооронд ярьсан яриаг нэхэмжлэгч нь гар утсан дээрээ бичиж авч, уг CD-д хуулсан гэхDVD+RDL, 8.5 GB гэх бичвэртэй CD бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх уг CD бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн эд мөрийн баримтаар гаргасан DVD+RDL, 8.5 GB гэх бичвэртэй CD 1 ширхэгийг хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Даас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Лт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Даас улсын тэмдэгтийн хураамж 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Лт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгчийн эд мөрийн баримтаар гаргасан DVD+RDL, 8.5 GB гэх бичвэртэй CD 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ