| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2019/00872/И |
| Дугаар | 181/ШШ2019/01209 |
| Огноо | 2019-05-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2019/01209
| 2019 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2019/01209 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗТГ ОНӨААТҮГ -т холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Б нь Нийслэлийн ЗТГ ОНӨААТҮГ-т үндсэн ажилтнаар 7 жил ажиллахдаа нэг ч удаа ажлын хариуцлага алдаж үзээгүй, ар гэрийн байдлаар юм уу өвчний улмаас ажлаас чөлөө авч байгаагүй, үр дүнтэй ажиллаж байсан.Тиймээс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Жуух бичигээр шагнуулсан.
Ц.Б нь өвчний учир биеийн байдлын улмаас онош тогтоогдохгүй байсан тул шинжилгээ хийлгэх зорилгоор 2018-11-23-ний өдөр БНСУ-д 14 хоног явж ирээд, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа ирэхэд түүний ажлын байранд Анхбаярыг ажиллуулж байгаа өөр ажил хийлгэнэ хүлээж бай гээд ажилд нь ажиллуулахгүй байсан.
Тухайн өдрөөс хойш өглөө бүр ажилдаа очиход яв асуудлыг чинь удахгүй шийднэ л гээд явуулдаг байсан. Сүүлдээ байгууллагынхаа баазын хашааны үүднээс хөөгддөг болсон. Байгууллагын дарга Б.Цолмон болон Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Амартүвшин нарт олон удаа хүсэлт тавьсан.
Мөн 2019-1-19-ний өдөр Цолмон даргад өргөдөл өгсөн гэвч хүлээж авалгүй буцаасан. Тухай өргөдөлөө даргын Е- mail хаягруу нь явуулсан, гэвч хүний нөөцийн ахлах ажилтан Л.Тулга чамайг засварын инженерээр биш засварчингаар тушаал бууруулж авна гэж байсан. Би ажилтайгаа ямар ч байсан үлдэх юм байна гэж хүлээж байсан. Байгууллагын дарга Б.Цолмонтой уулзахад хамтарч ажиллахгүй гэсэн. 2019 оны 2-р сарын 19-ний өдөр намайг дуудаад тушаал гарсан ирж авч тооцоогоо хий гэсэн. Тухайн өдөр очиход 2019 оны 01-р сарын 23-ны өдрийн Дугаар Б/30 Ц.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүний нөөцийн албанаас өгсөн. Мөн өдөртөө тойрох хуудсаа зуруулж авсан.
Өвчний учир хүндэтгэн үзэх шалтгаантай байж байгаад иртэл ажил хийлгэхгүй өөр ажил хийлгэнэ, яв асуудлыг чинь шийднэ халсан гэх зэргээр явуулж байгаад тухайн хугацаанд ажил тасалсан гэж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие Ц.Б нь 2018 оны 12-р сарын 23-наас 2019 оны 1-р сарын 22-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар ажил таслаагүй болно.
Хууль бусаар халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан.
Харин ... Ц.Б нь өвчний учир биеийн байдлын улмаас онош тогтоогдохгүй байсан тул шинжилгээ хийлгэх, 2018 оны 12 сарын 23-наас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ямар нэгэн байдлаар ажил таслаагүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Дээрх хугацаанд чөлөө авсан гэж байгаа юм бол байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-д заасны дагуу Ажилтан нь чөлөөний хүсэлтийг чөлөө авахаас өмнө гаргасан байна. Урьдчилан тохиролцож, чөлөөний асуудлыг шийдэх ба чөлөөний хүсэлтийг нөхөн гаргаж үл болно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.
Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.9-д Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын 1-2 өдрийн чөлөөг хэлтсийн дарга, 3 ба түүнээс дээш хоногийн чөлөөг байгууллагын даргын тушаал гаргаж чөлөө олгоно гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй бөгөөд Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирэх байсан боловч өөрөө дур мэдэн ажил тасалсан байдаг.
2018 оны 12 сарын 23-наас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд чөлөө хүссэн хүсэлт ирүүлээгүй, манай байгууллага ажилчдын нүүр уншдаг төхөөрөмжөөр ажлын цагийг бүртгэдэг, нийт 391 ажилтантай, ямар ч өргөдөл хүсэлт өгөөгүй байж Цолмон даргад өргөдөл өгсөн гээд байна, энэ тухай хаана ч баримт байхгүй, Батхуяг 1 дүгээр сарын 19-ны өдөр өргөдөл өгөөгүй ажлаас халсан тушаалыг гардуулахаар утсаар нь дуудахад утасаа авдаггүй түүнтэй холбогдсон өдөр нь л 2 дугаар сарын 19-ны өдөр юмаа. Тэгээд энэ өдөр тойрох хуудсаа зуруулсан.
2018 оны 12 сарын 23-наас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 30 хоногийн хугацаанд шалтгаангүй ажил тасалж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн.
Тодруулбал, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.2.15 дах хэсэг, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэсэн заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг тус тус үндэслэн захиргаанаас цаашид итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзээд байгууллагын даргын тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Ц.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Ц.Б нь ЗТГ ОНӨААТҮГ-ын засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.
Нийслэлийн ЗТГ ОНӨААТҮГ-ийн Техник, технологийн хэлтсийн засварын инженер Ц.Бийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халсан нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б/30 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 8,38-41,44-59-р хуудас/
Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан Ц.Б-ийг Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Ц.Б нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд анх гаргасан байна.
Ажил олгогч нь ажилтан Ц.Б-тай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 38-41-р хуудас/
Ажил олгогч, ажилтан Ц.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ЗТГ ОНӨААТҮГ-ын даргын тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 8, 38-41, 44-59, 68-72-р хуудас/
Ажил олгогч ЗТГ ОНӨААТҮГ, ажилтан Ц.Б нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.4.-т Ажилтан дараах зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй. Үүнд: ...
5.1.5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ... гэжээ.
Ажилтан Ц.Б нь ЗТГ ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн засварын инженерээр ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь зохигчийн тайлбар, тооцооны хуудас, Захиргаа, удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/383 дугаартай албан бичиг, тус байгууллагын ТТҮХ-ийн ажилчдын цагийн бүртгэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8, 11, 60, 61, 68-72-р хуудас/
Нэхэмжлэгч Ц.Б нь дээрх хугацаанд өвчтэй байсан гэсэн магадлагаа ирүүлсэн боловч уг магадлагаа нь засвартай, огнооны хувьд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл /огноог ухрааж сунгалт хийсэн/ сунгалт хийсэн нь ойлгомжгүй байх тул уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна.
Ажилтан Ц.Б-ийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзнэ.
Ажил олгогч ЗТГ ОНӨААТҮГ нь ажилтан Ц.Б-ийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Иймд ЗТГ ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн засварын инженерийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Ажилтан Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл өвчтэй байсан талаар болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас салбарлан ЗТГ ОНӨААТҮГ шинээр байгуулагдсан тухай зохигчид маргаагүй болно./хх-ийн 12-23, 38-43-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ц.Б-ийг ЗТГ ОНӨААТҮГ-ын Техник технологын хэлтсийн засварын инженерийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО