Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0401/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000780442 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн **************************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ************** /РД:***********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төслийн удирдагчаар ажиллаж байхдаа /2017 оны 9 дүгээр сараас 2020 оны хавар хүртэл хугацаанд/ ***********-ийн өмчлөлийн 100,552,000 төгрөгийн үнэ бүхий төмрийг бусдад зарж борлуулан завшсан болох нь:

 

Гэрч ***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* гэх хүнийг танина, гэхдээ ямар нэгэн байдлаар садан төрлийн холбоо байхгүй. *******г 2017 онд ***********ХХК-д Дархан-Уул аймагт байрлах модилар төвийн паркийн ажлыг гүйцэтгэх гэрээ хийх үеэр танилцаж байсан. Би өөрөө *********** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, ...Манай компанийн төв оффис нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ***********тоотод байрладаг. Одоогоор шинэ толгойт төсөл дээр 2000 айлын орон сууцны барилга барих ажил дээр ажиллаж байна. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ***********ХХК-иар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 7 дугаар хороололд байрлах модилар төвийн барилгын материалыг тухайн компаниар гаргаад түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр бариулахаар тохиролцож гэрээ байгуулсан, ...Гэрээг хэдий 2017 оны 09 дүгээр сард байгуулсан ч өвлийн хүйтний нөхцөл байдлаас хамаараад тохиролцсон хугацаандаа хоёр талаасаа барилгыг хүлээн авах ашиглалтад оруулах боломжгүй болоод барилгыг 2018 оны хавраас эхэлж барихаар болсон. Ингээд тухайн ***********ХХК-ийн төслийн удирдагч ******* 2018 оны 06 сард “***********” ХХК-иас багана, дам нуруу том, жижиг хэмжээгээр 42.6 тонн төмөр хийц бараа материал буюу нийт үнийн дүн 100,552,000 төгрөгийн бараа материалыг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхлээд 50,000,000 төгрөгийг манай компани толгой “***********” ХХК нь “***********” ХХК-ийн данс руу Улаанбаатар хотоос интернэт банкаар шилжүүлсэн, ...Дараа нь үлдэгдэл 50,552,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “***********” ХХК руу мөн адил толгой компаниас интернэт банк ашиглан шилжүүлсэн. Ингээд нийт “***********” ХХК руу 2 удаагийн гүйлгээгээр 100,552,000 төгрөгийн бараа материалын мөнгийг шилжүүлсэн. Улмаар ******* нь өөрөө очиж “***********” ХХК-ийн Улаанбаатар хотоос Налайх дүүрэг лүү явах замд байрлах салбар борлуулалтын цэгээс очиж аваад түүнийгээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байрлах барилгын талбай дээр аваачиж тавьсан байна лээ, ...Тухайн үед ******* надад өөрөө өөрийнхөө тогтмол ашиглагдаг байсан *********** байхаа дугаараас залгаж барилгын төмөр хийцийг ачаад Дархан-Уул аймаг руу авч байгаагаа хэлсэн. Манай байгууллагад санхүүгийн хүндрэл үүсэж эхлэхээр нь тухайн барилгыг зогсоогоод ирэх жил эхлэхээр тохиролцож, 2018 оны 10 дугаар сараас зогсоосон. Ингээд 2019 оны хавар тухайн аймагт байгаа бэлэн барилгыг худалдаж авахаар болоод нөгөө барилгын талбай дээр байсан хэрэглээгүй байгаа бараа материалыг ачуулах манай компанид хүлээлгэж өгөх шаардлагыг ***********ХХК-ийн төслийн удирдагч *******д тавьсан. Тухайн үедээ ашиглагдаж хэрэглэгдээгүй 42.6 тонн төмөр хийцийн бараа материалыг Улаанбаатар хот руу ачуулах талаар *******д 2019 оны хавраас эхлээд он дуустал хэлэхэд өнөө маргаашгүй ачуулж явуулна гэж худал хэлж өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээлгэж өгөөгүй, ...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******гийн фейсбүүк хаяг руу мессенжер бичээд би хотоос машин явуулж төмрийг авъя гэхэд ******* би хол байна, нөгөө төмрөө хадгалуулсан найзтайгаа холбогдож чадахгүй байна гэж худал хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* нь надтай уулзмаар байна гэхээр нь *******тэй 08 дугаар сарын 18-ны өдөр байхаа Дүнжингарав дээр уулзахад манай хуурай дүү /нэрийг нь хэлээгүй/ төмрийг аваад ашигласан, тиймээс төмөр юм уу, мөнгийг дүү өгнө гэж байна гэхээр нь мөнгөө авах талаараа хэлсэн. Ингээд ******* нь 2020 оны 08 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Иймээс манай байгууллагад учирсан 100,552,000 төгрөгийг *******гээс нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэрийн 68-69 дүгээр тал/,

 

Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Улаанбаатар хотод ***********ХХК-ийн ерөнхий захирлаар 2012 оноос одоог хүртэл ажиллаж байна, ...*********** гэх компаниас тухайн үед манай компанийн бариулж байсан барилгыг Дархан-Уул аймаг дахин бариулах санал орж ирсэн гэсэн. Тэгээд тухайн үедээ ******* нь тэр саналыг хүлээн зөвшөөрөөд ашгаа хоёулаа хувааж авъя, ажлыг нь би хийж гүйцэтгэе гэсэн зүйл ярьсан. Тухайн үед бид хоёр хоорондоо ярилцаад манай ажлын ажилчидтай хамт хуралдаад хэрхэн яаж ямар мөнгөөр ажлаа хийх үү гэсэн асуудлаар хурал хийж ******* дээр нэмээд ажлынхаа Дэчин гэх инженерээ явуулж байсан. Би тус барилгын ажилд бол огт оролцоогүй, очиж үзэж байгаагүй гэхдээ инженерээр зургийг нь аваад явуул харуул гэх мэт шалгадаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *********** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ ******* байгуулаад би очиж баталгаажуулж гарын үсэг зурж байсан, ...******* нь бие дааж шийдвэр гаргаад байсан учир *********** ХХК-д танай байгууллага бартер хийснээрээ *******тэй өөрсдөө учраа ол, манай компани энэ ажлаас гарлаа гэхэд *********** ХХК хүлээн зөвшөөрсөн. *********** ХХК нь төмрийн мөнгийг эхлээд манай компанийн дансанд хийгээд тухайн мөнгийг нь манай зүгээс “***********” ХХК-ийн данс руу хийгээд карказ төмрөө авах ёстой байсан боловч тухайн төмөр карказны мөнгийн шууд “***********” ХХК-ийн данс руу хийсэн байсан. ******* нь *********** ХХК-тай яриад төмрөө ачаад гарах гэж байна, Дархан-Уул аймагт аваачаад тавих гэхээр харуул хамгаалалт байхгүй учир найзынхаа хашаанд тавих гэж байна гэж хэлж байсан гэсэн. Тухайн төмөр авах үйл ажиллагаанд би ямар нэгэн байдлаар оролцоогүй учир энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дугаар тал/,

 

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “***********” ХХК-д 2015 оноос хойш гарч орж ажилласаар байгаад 2021 оны 03 дугаар сарын сүүлээр тухайн ажлаасаа гарсан. Би “***********” ХХК-д барилгын инженерээр ажилладаг байсан, ...Би он, сар, өдрийг нь бол санахгүй байна. ******* гэх хүн манай ажил дээр ирээд карказ захиалмаар байна гээд захиалж байсан. Тухайн үед урьдчилгаа мөнгө гэж тал мөнгөө компанийн дансанд хийж байсан. ******* нь манай компани дээр өөрөө ирж уулзаж байсан, төмрөө авсан эсэхийг би мэдэхгүй байна. Манай зүгээс төлбөр мөнгөө гүйцэт өгсөн тохиолдолд карказ төмрийг хүлээлгэн өгдөг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар тал/,

 

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн газарт хүнд жинтэй барилгын дээвэр бусад зүйлд ашиглагдах карказ төмөрнүүдийг буулгасан байсан. Тухайн газарт ямар нэгэн харуул гэх зүйл байхгүй. Надад л ******* тухайн газрын хажууд нь байдаг болохоор заримдаа ярьж харж байгаарай гэж хэлж байсан юм. ******* нь тухайн газарт байсан төмөрнүүдийг алдагдсан талаар хэлж байгаагүй. Тухайн төмөрнүүдийг хүн аваад явчихаар боломжтой биш, хүнд даацтай барилгад ашиглагдах төмөрнүүд байсан, том кран, ачааны тээврийн хэрэгслээр л ачиж явах боломжтой. Миний мэдэхээр *******гийн захиалгаар 2 удаа том машин ирж Улаанбаатар хот руу ачиж авч явсан. Өөр ямар нэгэн машин ирж төмөр ачиж авч яваагүй. ******* нь Улаанбаатар хотоос над руу 2019 оны 01 дүгээр сард байх залгаж хот руу төмөр ачиж явуулах гэсэн юм, унаа тэрэг олдох уу гэж хэлж байсан. Би тухайн үед Хино маркийн ачааны тээврийн хэрэгсэл олж өгөөд ******* тухайн төмөрнөөс тал хэсгийг нь ачуулаад Улаанбаатар хот руу явуулж байсан. 2019 оны сүүлээр 12 сард байх, том ачааны тээврийн хэрэгсэл хүрч ирээд Улаанбаатар хот руу *******гийн захиалгаар авч явсан. Би 2 удаа төмөрнүүдийг ачиж авч явж байхад нь ачуулж өгч байсан. Учир нь ******* тухайн төмөрнүүдийг харж байгаад ачуулаад өгөөч гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дугаар тал/,

 

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “Би *********** буюу ******* гэх хүн 2019 оны 12 сарын 02-ны өдөр над руу залгаж барилгын төмөр ачуулж, Улаанбаатар руу хүргүүлэх гэсэн юм, урьдчилгаа мөнгийг нь хийчихье гээд бид 2 утсаар ярьж тохиролцож /утасных нь дугаарыг санахгүй байна/ би Дархан сумын 12 дугаар баг, Олон улсын худалдааны төвийн ард талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах барилга баригдаж байгаа газарт байх урт, богино хэмжээтэй /тоо ширхгийг нь санахгүй байна/ төмөрнүүдийг бүгдийг нь Хино маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж Улаанбаатар хот руу тус өдрөө гарч, маргааш өглөө нь буюу 2019 оны 12 сарын 03-ны өдөр /цагийн сайн мэдэхгүй байна/ 22-ын товчоо дээр “***********” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо хашаанд тухайн төмөрнүүдийг буулгасан юм. Би нийт 1,200,000 төгрөгөөр тухайн төмрийг ачиж явахаар тохиролцсон юм. Тухайн мөнгөнөөс урьдчилгаа болох 550,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *********** тоот данс руу авсан. Маргааш нь ачаагаа 22-ын товчоо дээр буулгаад үлдэгдэл мөнгө болох 650,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар тал/,

 

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2019 оны 01 дүгээр сард 18-ын саарал өнгийн С төмөр 256 ширхгийг нэг хүн авч ирж зараад кассан дээрээс 12,288,000 төгрөг бичүүлэн авч явж байсан. Тухайн зарсан хүнийг өмнө нь огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Тухайн үедээ зарах гэж авчирсан төмрийг нь тоо ширхгээр нь хүлээн авч мөнгийг нь өгсөн. Манай “***********” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмрийн худалдаа төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн төмрийг хүлээн авсан кассын баримт, нярвын тэмдэглэл зэрэг байгаа. Хуулбарлан өгч мэдүүлгийн ард хавсаргах саналтай байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар тал/,

 

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тодорхой тогтсон газар байхгүй хаягаар явж төмөр худалдаж авдаг ажил хийдэг. Би энэ ажлаа 2014 оноос хойш хийж байгаа. Би *******г сайн танихгүй. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тэр хүнээс төмөр худалдаж авч байсан. Өөрөөр бол сайн танихгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* гэх хүнээс төмөр худалдаж авч байсан. Тухайн төмрийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 22-ын товчооны ойролцоо нэг дэлгүүрийн хажууд авч байсан санагдаж байна. Тухайн төмрийн ямар төрлийн төмөр байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 50 орчим ширхэг төмөр байсан санагдаж байна. Тухайн төмрүүдийг 10.000.000 төгрөгөөр дансаар авч байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал/,

 

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би ******* гэдэг хүнийг танина. 2017 байсан байх, нэг өдөр ******* ах ирж надтай уулзаад чи манай барилгын хашаанд гэрээ авчраад буулгачих, тэгвэл чамд амар биз дээ, би чамд сарын 120,000 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Тухайн үед би эхнэр *********** ярилцаад ******* ахын хашаанд 2017 оны 04 сард байсан шиг санаж байна, гэрээ нүүлгэж ирж буусан юм. Би өдөр нь ажилдаа явж орой нь гэртээ ирдэг байсан. Намайг байхгүй үед манай эхнэр *********** барилгын хашааны манаач хийдэг байсан. Тэгээд эхний 3, 4 сарын цалин өгч байгаад ******* ах хот руу явлаа гээд явсан. Удахгүй ирэх байх гээд хараад байсан боловч ******* ах болон ажилчид нь ирэхгүй байсан. Бас миний манаачийн цалин мөнгийг өгөхгүй байхаар би ******* ахтай утсаар яриад та цалин өгөхгүй бол би танай хашаанаас нүүлээ гэж хэлсэн, ...Намайг барилгын хашааны манаач хийж байхад барилгын талбай дээр төмөр карказ шон төмөр болон жижиг төмөр Улаанбаатар хотоос ирж буулгасан. Яг ямар учиртай төмөр байсан талаар би мэдэхгүй байна. Намайг манаач хийж байхад барилгын талбай дээрээс ямар нэгэн төмөр хулгайд алдагдсан зүйл байхгүй. Тэр төмрийг хүн өргөөд явах төмөр биш их урт бас хүнд төмөрнүүд байсан. ******* ахыг Улаанбаатар хот руу явах үед тэр төмөрнүүд барилгын талбай дээр байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар тал/,

 

Гэрч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би *********** дугаарын данс эзэмшдэг. Би сүүлийн 6-7 жил ашиглаж байгаа юм. Миний дансанд орсон мөнгөнүүдийг ямар учиртай болохыг мэдэхгүй. Манай нөхөр ******* сүүлийн 4-5 жилийн хугацаанд миний *********** дугаартай дансыг ашиглаж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар тал/,

 

Гэрч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ******* нь 2018 оны 07 дугаар сард анх ирээд төмөр карказны захиалга өгөхдөө нэг компанийн данснаас манай “***********” ХХК-ийн данс руу захиалгын үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн. Манайх захиалга аваад 20 хоногийн хугацаанд захиалгыг хийж дуусаад бэлэн болгосон. Гэтэл *******гийн утасны дугаар холбогдохгүй, сураггүй болчхоод эргэж авахгүй байж байгаад 2-3 сарын дараа гэнэт гарч ирээд үлдэгдэл 50 хувийг өөр компанийн данснаас манай компанийн данс руу шилжүүлж байсан. Дараа өдөр нь ******* машинтай ирээд бараагаа татаж авсан. Ингээд нягтлантай тооцоо тулахад захиалгаас зөрүү үлдэгдэл мөнгө гарч ирсэн. Зөрүү буцаалтыг хаашаа шилжүүлэх вэ гэж *******гээс асуухад хувь хүний данс өгч байсан, тэр данс руу буцаалт 22 сая төгрөгийг шилжүүлсэн. Захиалгын нийт үнийн дүг 100 сая төгрөг болж байсан санагдаж байна, ...*******г хэзээ ирээд хэдэн ширхгийг аваад явсныг манай компанид ажиллаж байсан Эрдэнэшагай гэрчилнэ, ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагын дансанд ***********тоот данснаас 50,000,000 төгрөг, мөн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай дансанд 50,552,000 төгрөг орсон байсан. Тэгээд хэд хоногийн дараа ******* манай үйлдвэр дээр ирээд захиалсан жижиг том нийлсэн 344 ширхэг төмрийг очиж авч явсан. Би тухайн үед *******д үлдэгдэл мөнгөө яах юм гэж асуухад ******* надад нэг хувь хүний данс өгөөд энэ данс руу шилжүүл гэж хэлсэн. Тэгээд би *******гийн өгсөн данс руу 22,000,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн дансыг шүүж үзээд холбогдох баримтыг гаргаж өгч болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135, 137-140 дүгээр тал/,

 

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Би “***********” ХХК-д ажиллаад 10 гаруй жил болж байна. Одоог хүртэл энэ компанидаа нягтлан бодогчоор ажиллаж тайлан мэдээг нь гаргаж өгч байна. Манай “***********” ХХК нь барилга угсралт, хаяг рекламын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. *********** ХХК-аас “***********” ХХК-ийн дансанд 2018 оны 07 дугаар сард 50,000,000 төгрөг орж ирсэн. Гүйлгээний утга нь төмрийн үнэ гэж байсан санагдаж байна. Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр НӨАТ-ыг шивж явуулсан. 2018 оны 09 дүгээр сард үлдэгдэл мөнгө 52,000,000 төгрөг орж ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр тал/,

 

“Капитал  зууч” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 167-172 дугаар тал/,

 

*********** ХХК болон ***********ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 77-80 дугаар тал/,

 

*******г төслийн удирдагчийн албан тушаалд томилсон тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал/,

 

***********ХХК болон Дата төсөл хариуцан барьж гүйцэтгэх ******* нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хуулбар / 1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,

 

“***********” ХХК-иас төмөр бэлтгэн нийлүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар тал/,

 

“***********” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 210507-011 дугаартай албан бичиг, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 205-207 дугаар тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал/,

 

Хохирогч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********ийн өгсөн: *********** ХХК-ийн гүйцэтгэх захирал *********** дэлгэрэнгүй гэрчийн мэдүүлэгт бүрэн хэлсэн байна. Би 2019 оноос *********** ХХК-д хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж энэ хэрэгт тус байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцож байна, ...******* учруулсан хохирол 100,552,000 төгрөгөөс нэг ч төгрөг буцааж төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 56-58 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус заасан.

 

Шүүгдэгч ******* нь төслийн удирдагчаар томилогдон, *********** ХХК-ийн өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн байхдаа 100,552,000 төгрөгийн үнэ бүхий төмрийг өмчлөгчийн зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж, олсон орлогоо өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж 100,552,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Шүүх *******г *********** ХХК-д хууль бус үйлдлээр 100,552,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн тул шүүгдэгчээс 100,552,000 төгрөг гаргуулж, хохирогч *********** ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...манай зүгээс шүүгдэгчид ямар нэгэн хөрөнгө итгэмжлэн хариуцуулахгүйгээр өөрийнх нь чаддаг барилгын салбарт ажиллуулж хохирлыг барагдуулуулах боломжтой гэж үзэж байна, манай байгууллага мөн барилгын салбарын байгууллага учир ийм саналыг гаргаж  байна” гэжээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналын дагуу ажил гүйцэтгэж хохирлыг барагдуулж чадна гэж мэдүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнхөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 25 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт **************г бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 25 сарын хугацаанд, сар бүр 400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол  биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 100,552,000 /нэг зуун сая таван зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, “Шинэ Толгойт” 102 дугаар байрны 01 тоотод байрлах *********** ХХК /РД:***********/-д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД