Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00096/И |
Дугаар | 137 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 137
2019 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2019/00137 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ... тоотод оршин суух, Шубарайгыр овогт О-н К /..../-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 153/2019/00096/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч О.К нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1984 онд одоогийн ажиллаж байгаа Шим Ус ОНӨААТҮГ-т ажиллаж байгаад 2001 оноос Толхын ойл ХХК-нд ачигч, буулгагч, түгээгч хийж байгаад 2012 онд ажлаасаа гарч Шим Ус ХХК-нд эргэж ажилдаа орсон. 2017 оноос хэвийн бус нөхцлөөр тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалын байгууллагад хандахад нийгмийн даатгалын байгууллага бичилт байхгүй байна гэсэн учраас шүүхэд хандсан. Нийгмийн даатгалын дэвтэр дээр сар болгон бичилт хийгээд баталгаажуулсан тамга тэмдэг нь байгаа. Нийгмийн даатгал шивэлт байхгүй гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нийгмийн даатгалын архиваас шүүлгэхэд 5 жил гаргасан. Шивэлт дээр байхгүй онууд архиваас гараад архивт байхгүй онууд нийгмийн даатгалаас гарч ирсэн. Нийгмийн даатгалын хяналт шалгалтын байцаагч нарт хандахад шүүхээр баталгаажуулж ир гэсэн. Би Толхын ойл ХХК-нд тасралтгүй 11 жил ажилласан. Иймд намайг Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Толхын Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцад 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ачигч, буулгагч,түгээгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Баталгаажилтыг байгууллагаас хийж өгсөн. Ажлаас чөлөөлөгдөхдөө нийгмийн даатгалын дэвтрээ авсан. Нийгмийн даатгалын дэвтрээ хараад баталгаажуулсан болохоор тоохгүй байсан.гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.К нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.К нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Толхын Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцад 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ачигч,буулгагч, түгээгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн НДД №А176479 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НДД №А 0249515 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Толхын Ойл ХХК-ийн захирлын 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Толхын Ойл ХХК-ийн захирлын 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Т.Дырдубайн ...Би Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Толхын Ойл ХХК-ийг 2000 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн байгуулж захирлаар нь одоог хүртэл ажиллаж байсан. Манай Толхын Ойл ХХКомпани нь барилга угсралт, шатахуун түгээх, авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг....О.К нь манай Толхын Ойл ХХКомпанид 2001 оноос эхлэн 2012 оны сүүлч хүртэл Толхын Ойл ШТСтанцид ачигч, буулгагч, түгээгчээр ажиллаж байсан. О.К нь манай компанид ажиллаж байхдаа тасралтгүй ажилласан....Толхын Ойл ХХК-ний захирлын 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай О.Кыг ажилд томилсон тушаалыг би гаргаж байсан. Энэ тушаал миний гаргасан тушаал мөн байна....Би О.Кыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж байсан. Энэ миний гаргасан тушаал мөн байна. О.К нь манай Толхын Ойл ХХК-д ажиллаж байхдаа хэдэн онд авч байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан шинэ жилээр байгууллагын аварга болж байсан. Улсын чанартай шагнал авч байсныг санахгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-9, 21-22 дугаар тал/
Хавтаст хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Хожа, Г.Баярсайхан нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шубарайгыр овогт Оролбайн Кын Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Толхын Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцад 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ачигч, буулгагч, түгээгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ