Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч А.К нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.К д холбогдох эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, А.К , РД:Б373080808.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.  

Шүүгдэгч А.К нь Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрт охин А.Н 2005 оны 07 дугаар сард нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 4.400.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч А.К мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирол 4.400.000 төгрөгийг төлж өгнө гэв.

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О мэдүүлэхдээ: “Шүүгдэгч А.К ы учруулсан 4.400.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

2. Эрүүгийн 2213*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2014 оны өрхийн жагсаалтын хуулбар /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1423 дугаартай “Улсын бүртгэлд иргэн А.Н ийн нас барсны бүртгэл бүртгэгдээгүй тухай” албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

2.3. Төрийн банкны харилцагч А.Н ийн 2904*********, А.К ы  9040********* дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 15-18, 21-32 дахь тал/,

2.4. Хохирлын хүснэгт /хавтаст хэргийн 34 дэх тал/,

2.5. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 03 дугаар багийн иргэн А.Н  /РД:БГ04******/ нь 2022 оны 05 дугаар сард 18 насанд хүрсэн болохоор тухайн сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрагдаж байсан болох”-ыг тодорхойлсон тодорхойлолт /хавтаст хэргийн 93 дахь тал/,

2.6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

2.7. Гэрч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

2.8. Гэрч Т.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

2.9. Гэрч С.Ж ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

2.10. Гэрч С.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

2.11. Яллагдагч А.К ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72, 75 дахь тал/,

2.12. Шүүгдэгч А.К ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 78-79, 81, 83-8580-85, 95-98 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.К ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.К  нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт охин А.Н 2005 оны 07 дугаар сард нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1.Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2014 оны өрхийн жагсаалтын хуулбар /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

3.1.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1423 дугаартай “Улсын бүртгэлд иргэн А.Н ийн нас барсны бүртгэл бүртгэгдээгүй тухай” албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

3.1.3. Төрийн банкны харилцагч А.Н ийн 2904*********, А.К ы  9040********* дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 15-18, 21-32 дахь тал/,

3.1.4.Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 03 дугаар багийн иргэн А.Н  /РД:БГ04******/ нь 2022 оны 05 дугаар сард 18 насанд хүрсэн болохоор тухайн сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрагдаж байсан болох”-ыг тодорхойлсон тодорхойлолт /хавтаст хэргийн 93 дахь тал/,

3.1.5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Тус аймгийн Бугат сумын 03 дугаар багийн иргэн А.Н нь 2012 оны 10 дугаар сараас 2022 онь 05 дугаар сарыг хүртэл нийгмийн халамжийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр авч байсан байна. Өөрөөр хэлбэл иргэн А.Н ийн нэр дээр 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр 1.800.000 төгрөгийг, 2020 оны  04 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр 2.600.000 төгрөг, нийт 4.400.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан байна. Нас барсан хүүхдийн нэр дээр сар бүр авч байсан гэх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг буруутай этгээдээр төлүүлэх саналтай байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

3.1.6. Гэрч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Миний 2014 онд бүртгэж байсан бүртгэлийн дэвтэрт А ы өрхөд нийт 9 хүн бүртгэлтэй байх бөгөөд А.Н  /БГ04******/-ийг бүртгэсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

3.1.7. Гэрч Т.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Н  нь миний охин бөгөөд 2004 оны 05 дугаар сард төрсөн бөгөөд эрүүл саруул бойжиж байгаад 2005 оны 07 дугаар сарын дундуур санагдаж байна хатгаа тусаж, улмаар эмчилгээ авалгүй нас барсан юм. Н ийн нэрээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр авч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

3.1.8. Гэрч С.Ж ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...БГ04****** регистрийн дугаартай А.Н нь нийгмийн халамжийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2022 оны 05 дугаар сарын хүртэлх хугацаанд төрийн банкны 2904********* гэх дансаар авч байсан мэдээлэл манай  “еhalamj” мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Улмаар А.Н  нь 18 насанд хүрсэн тул системээс автоматаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

3.1.9. Гэрч С.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...А.Н /РД:БГ04******/ нь Улсын бүртгэлийн мэдээллийн санд тодорхойгүй төлөвт бүртгэгдсэн байх бөгөөд нас барсан эсэх талаарх мэдээлэл байхгүй байна. Дээрх иргэн нь 18 насанд хүрсэн бөгөөд 16 насанд хүрсэн тохиолдолд иргэний цахим үнэмлэх авах хуулийн зохицуулалттай боловч одоог хүртэл иргэний цахим үнэмлэх авахаар манай байгууллагад хандаж байгаагүй байна. Иймд би дээрх иргэнийг нас барсан эсвэл амьд эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв нас барсан талаар бүртгүүлсэн бол нас барсан төлөвт мэдээллийн сангаас харагдах ёстой, гэтэл тийм мэдээлэл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

3.10. Яллагдагч А.К ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Миний охин А.Н  нь 2004 оны 05 дугаар сард төрж 2005 оны 07 дугаар сард өвчний улмаас нас барсан, бид нар хүүхдээ нас барсан талаар улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй. Улмаар 2012 оноос эхлэн хүүхдүүдэд халамжийн мөнгө олгож эхлэхэд нас барсан хүүхдэд маань бас мөнгө орж ирсэн байсан тул бид нарт тухайн үед ямар нэгэн орлого байхгүй байсан учир А.Н ийг нас барсан тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр, улсаас олгож эхэлсэн хүүхдийн мөнгийг авч хэрэглэж ирсэн.

2022 оны 05 дугаар сард талийгаач охин маань 18 нас хүрснээр түүний  нэрээр  авч байсан хүүхдийн мөнгө зогссон юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72, 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.К ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хохирлыг барагдуулж өгөх” тайлбары, шүүгдэгч А.К аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгнө” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч А.К ы гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. ““нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй.” гэж нийгмийн халамжийн хамрах хүрээг тодорхойлж, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд багтаан тус тус хуульчилжээ. 

6.3. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор 2012 оны 10 дугаар сараас эхлэн 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.000 төгрөг /2020 оны 05 дугаар сараас эхлэн 100.000 төгрөг/ олгохоор шийдвэрлэж, Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ыг баталжжээ. Уг журмын 3.8-д “Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь энэ тухай сонгосон арилжааны банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, ажилтанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна.

6.4. Шүүгдэгч А.К  нь 2005 оны 07 дугаар сард охин А.Н өвчний улмаас нас барсан үед улсын бүртгэлд бүртгүүлж нас барсны гэрчилгээ аваагүй, улмаар Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 10 дугаар сараас эхлэн “Хүний хөгжил сан”-гаас хүүхдийн мөнгийг арилжааны банкнаар дамжуулан олгох үед нас барсан хүүхэд А.Н ийн нэр дээр орж ирсэн хүүхдийн мөнгийг 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч байсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.

6.5. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын 4.1.2 дахь заалтад “хүүхэд нас барсан” тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоохоор зохицуулсан буюу хүүхэд нас барсан тохиолдолд хүүхдийн мөнгийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь тус тус авах эрхгүй байна.

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3. “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.К  нь бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж болох хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд тасралтгүй авч, нас барсан охин А.Н  18 насанд хүрсэнээр хүүхдийн мөнгийг авах боломжгүй болж гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа /2022 оны 05 дугаар сар/ гэж үзнэ.

6.7. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.К ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.8. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.К ы хүүхдийн мөнгийг сар бүр авах  шунахайн сэдэлт, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үндэслэлтэй байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

7.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.К  нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд нийт 4.400.000 төгрөгийн хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг 4.400.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч А.К аас гэмт хэргийн хохирол 4.400.000 төгрөг гаргуулан хохирогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.К д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах тайлбаргүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч А.К  хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг харгалзаж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.К ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.К д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч А.К д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.4. Шүүгдэгч А.К  нь хувийн байдлын хувьд 1973 онд төрсөн, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн харуицлагын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч А.К  хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг харгалзаж өгнө үү” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хуулийн дээрх хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэхэд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгоогүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэх эсэхийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.

2.6. Шүүгдэгч А.К  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж хууль бусаар авч “Хуул бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлж өгөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.К д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

2.8. Шүүгдэгч А.К д оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

2.9. Энэ хэрэгт шүүгдэгч А.К  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

2.10. Шүүгдэгч А.К д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.К ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.К ыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.К д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.К д оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.К аас гэмт хэргийн хохиролд 4.400.000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч А.К  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.К д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.К д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ