Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 138

 

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2019/00138

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-11 тоотод оршин суух, Ханд овогт Ц-ын Н  /...../-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөрхүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 153/2019/00116/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ц.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуулийн 1-р ангид 1978 онд элсэн ороод 8-р ангийг 1985 онд төгссөн. 8-р ангиа төгсөөд Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгын ангид сурч 1987 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Сот-3 буюу Монгол ажилчдын захиргаанд ажилд орсон. Би 2 жил 4 сар ажиллаад ар гэрийн гачигдлаар ажлаасаа гарсан. Түүнээс хойш Ховд аймгийн Мянгад суманд эцэг, эхийнхээ хамт мал маллаж байсан. Би 1991 онд гэр бүл болсон. Манайх 1999 онд Ховд аймагт шилжин ирсэн. 2011 оноос хувиараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж эхэлсэн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд 1990-2000 онд хүртэл хамрагдсан. 2011 оны 10 дугаар сард хүний оронд Зэвсэгт хүчний 123-р ангид сав угаагчаар ажилд орж 5 сар ажилласан. 2016 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 331-р ангид угаагч индүүдэгч орон тоон дээр ажилд орж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Бага хүүхэд сургуульд сурч байгаа учраас хүүхдээ хараад ажилгүй байгаа. Олон хүүхэдтэй гэдэг үндэслэлээр тэтгэвэрт гаргах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өрлөгчин, засал чимэглэгч, бетон мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Бетон мужаанаар тушаал гарсан. Бүхий л хий гэсэн ажлуудыг хийж байсан.гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Н  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өрлөгчин, засал чимэглэгч, бетон мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н нь Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өрлөгчин, засал чимэглэгч, бетон мужаанаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, 1987 оны 02 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас олгосон 187004 дугаартай Ц.Нын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн төв дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөө аж ахуйн барилгачин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр авсан Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 715239 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Дүрэмбайн ...Би 1985 оны 5 сард цэргийн албанд яваад 1988 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд Орос трестэд шалгалт өгч тэнцээд өрлөгчнөөр ажилд ороод 1990 он хүртэл ажилласан. 1990 онд Орос трест татан буугдсан юм...Намайг 1988 оны 8 дугаар сард Монгол барилга нэгдлийн харъяа зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд өрлөгчнөөр ажилд ороход Ц.Н нь тус захиргаанд барилгын засал чимэглэл хариуцсан ажил хийж байсан. Ц.Н 1989 он хүртэл тухай байгууллагад ажиллаж байсан. Ц.Н нь баярын бичиг энэ тэрийг авч байсан. Ц.Н нь армоторчин мэргэжилтэй боловч барилгын засал чимэглэлийн ажил хийж байсан. Орос трест нь 2 бригадтай байсан. Тухайн Ховд аймагт байгаа 80 айлын 3 орон сууц, геологийн барилга зэргийг барьж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Марияагийн....Би 1987 оны 7 сард Баян-Өлгий аймгийн барилгын техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Монгол барилга нэгдлийн харъяа зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд бетон армоторчны өрлөгчөөр ажилд орж, тус байгууллагадаа 1990 он хүртэл ажилласан....Намайг 1987 онд Баян-Өлгий аймгийн ТМС-ийг төгсөөд Ховд аймгийн Монгол барилга нэгдлийн харъяа зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд бетон армоторчны өрлөгчөөр ажилд ороход Ц.Н нь мөн онд Увс аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн Монгол барилга нэгдлийн харъяа зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд шавар будагчин, өрлөгчнөөр ажилд орж, 1989 онд хүртэл ажиллаж байсан. Тэр үед Увс аймгаас 14 оюутан, Баян-Өлгий аймгаас 15 оюутан төгсөж ирээд Ховд аймагт барилгын үйл ажиллагаа эрхэлж байсан байгууллагуудад шууд хуваарилагдаж ирж ажилд орж байсан. Тэр хүмүүсийн нэг нь Ц.Н байгаа юм. Тэр цагаас хойш Ц.Н бид хоёр 2 жил хамт ажилласан....Ц.Н нь баярын бичиг энэ тэрийг авч байсан. Ц.Н нь шавар будгийн ангийг төгсөж ирээд Ховд аймгийн Монгол барилга нэгдлийн харъяа зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд өрлөгчөөр ажиллаж байсан. Орос трест нь 2 бригадтай байсан. Тухайн үед Ховд аймагт байгаа 80 айлын 3 орон сууц, геологийн барилга, Өргөө зэрэг барилгуудыг барьж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 5, 8-10, 21-22, 23-24 дүгээр тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Дүрэмбай, Ж.Марияа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ханд овогт Цогт-Очирын Нын Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өрлөгчин, засал чимэглэгч, бетон мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ