Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00030/и |
Дугаар | 139 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 139
2019 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2019/00139 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ... тоотод оршин суух, Ш овогт Ч А /.../-ийн нэхэмжлэлтэй,
гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрлэлтийн бүртгэлд бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулахыг даалгах тухай үндсэн шаардлагатай, С.Бтай 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай өөрчлөсөн шаардлагатай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 153/2019/00030/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай нөхөр С.Б 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Би тухайн үед хашааныхаа гэрчилгээг авах гэсэн боловч жилийн дараа ав гэсэн. Өвлөх эрхийнхээ гэрчилгээг нотариатаас ав гэхээр нь нотариаттай очиж уулзахад гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа аваад ир гэж явуулсан. Би гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа хурууныхаа хээгээр авах гэсэн боловч лавлагаа гарч ирээгүй. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах гэхэд 1980 оны Жаргалант хотын гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт 94-өөс хойш бүртгэгдээгүй байна. Таны гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа 104 дугаартай байна гэдэг хариулт хэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар уруу хүсэлтээ явуулахад байхгүй байна гэдэг хариу ирсэн. Ийм учраас би шүүхэд хандсан. Би нөхөртэйгээ 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн. Манай нөхөр гэнэт нас барсан. Би Улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа байхгүй байгааг мэдээгүй. Лавлагаа гаргуулах гэж шүүхэд хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна....Манай хашааны бичиг баримт нь манай талийгаач нөхрийн нэр дээр байдаг юм. Хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр болгох гэтэл гэрлэлтийн лавлагаа хэрэг болсон. Манай хашаа байшин анх охин, нөхөр, бид гурвын нэр дээр байсан. Иргэн бүр газар өмчлөх эрхтэй гэж байна, гэрчилгээнд та хоёрын нэр орохоор газар олдохгүй юм байна, та хоёр нэрээ хасуулчих гэхээр нь газар авах санаатай охин, бид хоёр хашаа байшингийнхаа үл хөдлөхийн гэрчилгээнээс нэрээ хасуулсан....1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн....гэв.
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн ПЭ56082610 регистрийн дугаартай С.Б, ПЭ59081408 регистрийн дугаартай Ч.А нар нь 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлт бүртгэлийн дэвтрийн 104 дугаарт гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа боловч тухайн гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр нь 94 дугаар хүртэл бүртгээд түүнээс хойш бүртгэлгүй байга. Ч.А нь 104 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр манай архивт хандаж лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Манай иргэний баримтын архив болон мэдээлэл удирдах цахим архиваас манай байгууллагын холбогдох мэргэжилтнүүд лавлагааг хайж үзэхэд Жаргалант сумын гэрлэлт бүртгэлийн дэвтэр нь 1980 оны 94-ээр тасраад 95-аас хойших бүртгэл нь бүртгэгдээгүй байгаа. Иргэн Ч.Атэй холбоотой гэрлэлтийн бүртгэл нь манайхаас гарах боломжгүй учраас манай байгууллага шүүхэд албан тоот хүргүүлсэн. Шүүхээс тухайн иргэдийн гэрлэлтийн бүртгэлийг тогтоож өгвөл манай байгууллага нөхөн бүртгэл хийж сүлжээндээ оруулах үүрэгтэй байгаа....Тухайн үед ажиллаж байсан хүмүүс бүртгэлийн дэвтрээ маш сайн хадгалж хамгаалах ёстой байсан. Манай байгууллагын архивт хадгалагдаж байгаа Жаргалант хотын 1980 оны гэрлэлт бүртгэсэн дэвтэр 94 дугаараар дууссан байгаа....1980 оны 08 дугаар сар хүрээд дууссан байна гэдэг мэдээллийг өгсөн. 1980 оны 8 дугаар сараас хойш Жаргалант хотын гэрлэлт бүртгэсэн дэвтэр нь алга болсон юм уу, архивын эх баримт дээрээ бүртгээгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа....Нэхэмжлэгч өөрөө үйлдсэн байх боломжгүй. Заавал хотын захиргаанаас өгсөн байх ёстой. Хуурамч гэрчилгээ юу жинхэнэ гэрчилгээ юу гэдгийг бид нар ялгана. Тухайн үед олгогдож байсан үеийн гэрчилгээнүүдийг ялгаж танина....Нэхэмжлэгчийн гэрчилгээ тухайн үед олгогдож байсан гэрчилгээ байсан. Архивын баримт нь дэвтэртэйгээ таарч олдохгүй байгаа....Иргэн Ч.А нь манай байгууллагад ирж хандахдаа манай байгууллагын иргэний архиваар орж мэдээллээ шалгуулаад архивч Болормааг дагуулж манай өрөөнд орж ирсэн. Ч.А нь гар дээрээ баримт нь байгаа боловч миний мэдээлэл гарахгүй байна гэсэн тайлбарыг хэлсэн. Архивч Болормаа энэ хүний мэдээллийг янз бүрийн хэлбэрээр хайгаад олдсонгүй цаашид яах вэ гэдэг асуултыг асуусан. Бид гурав хяналтын байцаагч Жаргалсайхантай орж уулзаад дүгнэлт гаргах боломж байна уу энэ хүн гар дээрээ гэрчилгээтэй байна манай архиваас энэ хүнтэй холбоотой гэрлэлтийн мэдээлэл олдохгүй байна гэхэд манай байгууллагад нотлох баримт шаардлага хангаагүй гээд ийм хүмүүс удаа дараа ирж байгаа бид нар шүүхээр шийдүүлэх арга хэмжээ авч байгаа учраас шүүхэд албан тоот явуулаарай гэдэг зөвлөгөөг өгсөн. Бид нар тухайн үед хугацаа алдахгүй шүүхэд албан тоотоо хүргүүлсэн. Гэрлэлтийг шүүхээс тогтоож өгвөл бид нар маш хурдан ерөнхий газар руугаа уламжилж мэдээллийн санд тусгах арга хэмжээ авна....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.А нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрлэлтийн бүртгэлд бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Бтай 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Шаавай овогт Чулууны А нь Бархад овогт Сүхээгийн Бтай 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 104 дугаарт бүргүүлсэн болох нь Ховд аймгийн Жаргалант хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах гэхэд 1980 оны Жаргалант хотын гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт 94-өөс хойш бүртгэгдээгүй байна. Таны гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа 104 дугаартай байна гэдэг хариулт хэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар уруу хүсэлтээ явуулахад байхгүй байна гэдэг хариу ирсэн. Ийм учраас би шүүхэд хандсан. Би нөхөртэйгээ 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн. Манай нөхөр гэнэт нас барсан. Би Улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа байхгүй байгааг мэдээгүй.... гэх тайлбар, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулганы шүүх хуралдаанд гаргасан ....Тухайн үед ажиллаж байсан хүмүүс бүртгэлийн дэвтрээ маш сайн хадгалж хамгаалах ёстой байсан. Манай байгууллагын архивт хадгалагдаж байгаа Жаргалант хотын 1980 оны гэрлэлт бүртгэсэн дэвтэр 94 дугаараар дууссан байгаа....1980 оны 08 дугаар сар хүрээд дууссан байна гэдэг мэдээллийг өгсөн. 1980 оны 8 дугаар сараас хойш Жаргалант хотын гэрлэлт бүртгэсэн дэвтэр нь алга болсон юм уу, архивын эх баримт дээрээ бүртгээгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа....Нэхэмжлэгчийн гэрлэлтийн гэрчилгээ тухайн үед олгогдож байсан гэрлэлтийнгэрчилгээ байсан. Архивын баримт нь дэвтэртэйгээ таарч олдохгүй байгаа.... гэх тайлбар, гэрч С.Ариунболдын ....Миний төрсөн С.Б нь 1981 оны үед Ч.А эгчтэй гэр бүл болсон. Тухайн үед би цэргийн албанд явсан байсан юм. С.Б ах маань 2017 онд нас барсан. С.Б ах, Ч.А эгч хоёрын дундаас 4 хүүхэд төрсөн. Том хүү Нямгарав нь 1980 онд төрсөн, дараагийн хүүхдүүд нь хоёр насны зайтай төрсөн.... гэх мэдүүлэг, гэрч С.Чулуунцэцэгийн ....Миний төрсөн С.Б нь Ч.А эгчтэй 30 гаруй жил хамт амьдарч байгаа. Намайг сурагч байхад л С.Б, Ч.А эгч хоёрт манай аав, ээж хоёр том гэрээ өгөөд тусад нь гаргаж байсан юм. С.Б ах маань 2017 онд нас барсан. С.Б ах, Ч.А эгч хоёрын дундаас 4 хүүхэд төрсөн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 5, 7-10, 39-40, 41-42 дугаар тал/
Бархад овогт Сүхээгийн Б нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь №0000206552 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Бархад овогт Сүхээгийн Б, Шаавай овогт Чулууны А нар нь гэрлэлт бүртгэлгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 36/0005596 дугаартай Бархад овогт Сүхээгийн Б, Шаавай овогт Чулууны А нарын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар, тэдний дундаас 4 хүүхэд төрсөн болох нь 36/005808 дугаартай Бийн Нямгаравын төрсний бүртгэлийн лавлагаа, 36/005806 дугаартай Бийн Нямдоржийн төрсний бүртгэлийн лавлагаа, 36/005809 дугаартай Бийн Нямдэлгэрийн төрсний бүртгэлийн лавлагаа, 36/005807 дугаартай Бийн Энхжаргалын төрсний бүртгэлийн лавлагаануудаар тус тус нотлогдлоо.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Шаавай овогт Чулууны А /ПЭ59081408/-ийг Бархад овогт С-ийн Б /.../-тай 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 104 дугаарт бүргүүлсэн байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Шаавай овогт Чулууны А /.../-ийг Б овогт С-н Б /.../-тай 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 104 дугаарт бүртгүүлсэн байдлыг сэргээн тогтоосугай.
2.Шаавай овогт Чулууны А, Бархад овогт Сүхээгийн Б нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ