Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0397/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** овогт ********гийн ********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000436 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “********” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ********тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******** овогт ********гийн ******** /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******** нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “********” зочид буудлын хажуугийн авто зам дээр ******** улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үед жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарц байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.5.а “Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5.6 “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ********, ******** нарыг мөргөж, ********ын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан, ********ын амь насыг нь хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “********” зочид буудлын урд талын авто зам дээр 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 02-06-р хуудас/,

******** улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-15-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...”********”-ийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах явган хүний гарц руу тээврийн хэрэгсэл ойртож байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20:51 цагт 31 секундэд явган хүний гарц руу 3 тээврийн хэрэгсэл ойртож ирэх ба цайвар өнгийн комби загварын тээврийн хэрэгсэл явган хүний гарцан дээр очих үедээ тормосны гэрэл нь асаж тормос гишгэж байгаа нь харагдах ба тухайн комби загварын тээврийн хэрэгслийн араас цайвар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дайвалзаж баруун гар тал руугаа дараад урд явж байсан комби загварын тээврийн хэрэгслийн араас явах ба араас нь приус 41 маркийн цайвар өнгийн тээврийн хэрэгсэл зогсоод аваараа асаагаад зогсож  байгаагаар үргэлжилж байгаад камерын цаг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20:51 цаг 41 секундэд дуусаж байгаагаар камерын бичлэг дуусаж байлаа” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19-р хуудас/,

Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн орой 17-18 цагийн хооронд намайг зах дээр зогсож байсан чинь манай аав ******** ирээд надтай уулзаад аав нь ********гийн гэрт очиж ********тай уулзчихаад харилаа гэж хэлээд явсан. Би лангуугаа хаагаад өөрийн машинаараа шинэ рүү харих гээд явж байсан чинь Магнолиа дэлгүүрийн тэндээс машинууд удаашраад бөглөрөөд байснаа “********” тэр хавьд тойрч гараад байхаар нь харсан чинь манай аав ******** газар хэвтчихсэн ******** ах цаад талд нь сууж байхаар нь би машинаа зогсоогоод яваад очсон чинь манай аав бурхан болсон байсан. Тэнд цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн ажиллаж байсан. Миний аав ******** нь тэтгэвэрт байдаг, миний дүү ********тэй хамт *****тоотод оршин суудаг, 2022 оны 07 дугаар сард гараа төмөрт аваад тэр нь идээлээд мөрнөөс урагшаа тайруулсан байсан. Гараа тайруулснаас хойш аав маань сэтгэл санаагаар унаад хааяа нэг архи уудаг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,

Гэрч Б********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 21 цаг өнгөрч байсан санагдаж байна Сүлд бид 2 машинтай “******** зочид буудлын наана байдаг шатахуун түгээх станцын хавьд дөхөж явахдаа би машинтайгаа замын 1 дүгээр эгнээнд харин тухайн замын 2-р эгнээнд миний урд талд буюу миний машинаас 7-8 алхмын өмнө ******** улсын дугаартай цагаан өнгийн Ниссан тида маркийн тээврийн хэрэгсэл явган хүний гарцан дээр дөхөж ирж харагдсан. Намайг “********” зочид буудлын харалдаа зам дээр явган хүний гарц руу дөхөж явахад 2 явган зорчигч “********” талаас микр чиглэлд гарцаар зам хөндлөн гараад замын 1,2-р эгнээний голд явж харагдаад, явган зорчигч миний явж байгаа эгнээний явган хүний гарцаар гарч өнгөрөөд 2-р эгнээний гарц хэсгээр гарч явахад тухайн ******** улсын дугаартай цагаан өнгийн Ниссан тида маркийн машин зогсох үйлдэл хийсэн тул би тухайн явган зорчигчийг гарцаар гаргаж байна гэж ойлгоод би машинтайгаа тухайн гарцаар өнгөрөхөд нэг малгай замын 1 дүгээр эгнээнд хийсээд ороод ирсэн. Тухайн малгайг хараад би машиныхаа хурдыг хасаад гайхаад толиндоо арагш хартал гарцан дээр 1 хүн хэвтэж байсан ба тухайн хүнтэй хамт явсан нэг хүн нь замынхаа голд тусгаарлах хэсэгт гарчихсан харагдсан ба ******** улсын дугаартай цагаан өнгийн Ниссан тида маркийн машин 2-р эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү миний машиныг гүйцэж түрүүлээд ороод ирсэн. Тэгээд ******** улсын дугаартай цагаан өнгийн Ниссан тида маркийн машиныг би дээрх гарцаар гарч явсан хүнийг мөргөчихлөө дөө гэдгийг мэдсэн. Гэтэл тэр машин хүн мөргөж унагаачхаад зогсохгүй миний машиныг гүйцэж түрүүлээд 1-р эгнээнд шилжээд миний урд гараад яваад өгсөн ба би араас нь зогсоох гээд гэрлээрээ дохьсон зогсоогүй, тэр машин шууд хот руу явдаг замаар яваад өгөхөөр нь араас нь би машинтайгаа явж сагналдаж байж зогсоогоод номерыг нь бүр тодорхой болгож харж ******** улсын дугаартай гэдгийг нь цээжилсэн. Тэгээд ******** улсын дугаартай цагаан өнгийн Ниссан тида маркийн машин зогсооход жолооч нь машинаасаа бууж ирэхээр нь би тухайн жолоочид хандаж ахаа та сая хүн шүргэчихлээ ш дээ гэхэд тэр машины жолооч ах үгүй ээ, үгүй наад хүн чинь согтуу өөрөө арагшаа савж унасан гэж хэлсэн. Тэгэхэд ******** улсын дугаартай цагаан өнгийн Ниссан тида маркийн машинд нь жолоочийн хажууд нэг хүн, хойд суудал дээр нь хүүхдүүд байсан. Би гайхаад нээрээ ч би буруу харчихсан юм болов уу, тэр явган зорчигч гарцаар гарч байгаад өөрөө саваад уначихсан юм болов уу гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй ямар ч байсан машины дугаарыг нь сайн цээжилчихье гэж бодоод тогтоож авсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51-р хуудас/,

Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би нөхөр хүүхдүүдийн хамт манай нөхрийн ******** улсын дугаартай Ниссан тида маркийн автомашинтай гэрээсээ гараад шинэ Дархан руу явсан. Тухайн үед би машиныхаа хойно, жолоочийн арын суудалд суугаад, манай нөхөр ******** машинаа бариад явж байсан ба Дархан сумын 8 дугаар баг, “********” зочид буудлын харалдаа явж байхад машины зүүн хойд хэсэгт юм дуугарах шиг болоод түг гэсэн чимээ гарсан, би өөр юм мэдээгүй. Тэгээд тойрог өнгөрөөд явж байтал хажуугаар Тоёота Приус маркийн машин сагналдаж орж ирээд жолооч нь хөөе та хүн шүргэчихлээ гэсэн чинь манай нөхөр юу яриад байгаа юм бэ гэж хэлээд нөхөр цаашаа машинаа хөдөлгөөд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим дүү*****гийн хамтаар шинэ Дархан орох гээд өөрийн эзэмшлийн ********улсын дугаартай автомашинтай явж байтал “********” зочид буудлын урд талын авто зам дээр машинууд 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжээд байсан. Ингээд би бас тэдгээр тээврийн хэрэгслийн адил 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжих гэж байхад зам дээр хүн хэвтэж байсан. Ингээд би тэр хүнийг босгож замаас гаргах гээд машинаа зогсоосон чинь нэг танихгүй хүн ирээд түргэн дуудаад өгөөч, хүн мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би буугаад дөхөж очиход 2 хүн зам дээр хэвтэж байсан, мөн зам дээр их цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-р хуудас/,

Гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд*****ахтай хамт түүний машинтай шинэ Дархан орох гээд явж байсан. Тэгсэн чинь 20 цаг 50 минутын үед “********” зочид буудлын харалдаа 2 эрэгтэй хүн замын гарцан дээр хэвтэж байхаар нь***** ах бид 2 машинаас буугаад тэр 2 хүн дээр яваад очсон чинь тэр 2 хүнээс цус гарсан байдалтай байсан. Тэр үед хажуу талаас нэг 17-18 орчим насны нүдний шилтэй нэг залуу над руу ирээд ахаа түргэн дуудаарай, наад 2 хүнийг чинь машинаар дайраад зугтаачихлаа гэж хэлэхээр нь би 103 дугаартай түргэн дуудаад араас нь залгуулаад шууд 102 дугаарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-р хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Улаанбаатараас ирээд дүү ********тай уулзаад болсон асуудлын талаар асуусан чинь би яг мөргөсөн гэдгээ мэдээгүй, явж байхад ард нэг юм дуугарсан, тэгээд явж байхад араас нэг машин ирээд хүн шүргэчихлээ гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлчхээд явсан гэж хэлсэн. Тэгээд би ********ын эхнэр ********ээс асуусан чинь нөхөр бид хоёр тойргоор буцаж эргээд яг тэр газар нь очоогүй, Магнолиа дэлгүүрийн гаднаас харсан чинь тэнд цагдаа нар ирчихсэн, нэлээн олон хүмүүс байсан, тэгэхээр нь буцаад явчихсан гэж эхнэр нь хэлсэн. Мөн дүү *****аас асуусан чинь ******** ах над руу залгаад намайг хүн шүргэчихлээ гээд араас нэг машин ирээд хэллээ гэж хэлэхээр нь би шүргэчихсэн юм уу гэхэд үгүй, би шүргээгүй гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл наанаа байж яахав дээ хүрээд ир гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад манай багын найз ******** манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр тэр өдрөө манай гэрт юм яриад архи уугаад хоносон. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өглөө босоод 10 цагийн үед 0.33 литрийн шилтэй нэг шил архи хувааж уугаад манай гэрт хоол хийж идчихээд байж байхад манай найз ********ын охин нь утсаар ярьсан. Ингээд бид хоёр хамт манай гэрээс гараад Дархан зах орж ********ын охиноос нь очиж мөнгө авчхаад буцаж манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт зурагт үзэж хэвтэж байгаад унтацгаасан. Тэгээд орой харанхуй болсны дараа бид хоёр босоод ********ын гэр рүү нь явуулъя гээд цуг манайхаас гарч “********” зочид буудлын харалдаа замын явган хүний гарцаар зам хөндлөн гараад таксинд суулгаж өгөх гээд зогсож байсан чинь найз ******** надад миний толгой өвдөөд байна, би буцаад танайд ороод жаахан унтаж байгаад явъя гэж хэлэхээр нь бид хоёр буцаад зам хөндлөн гарч байсан юм. Миний найз ******** нь баруун гараа тайруулчихсан болохоор би замаар гарахдаа түүний баруун талд нь гараад куртикнээс нь зуурчихсан явж байсан. Гэтэл гэнэт замын зүүн талаас нэг машин их хурдтай ирээд мөргөх шиг болсон. Би нүдээ нээгээд хартал миний найз ******** миний гарыг дэрлээд газар уначихсан байхаар нь харахад толгойноос их цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг ирээд намайг авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68- 72-р хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай “...Талийгаачид баруун чамархайгаас суурь яс, дагзыг хамарсан хугарал, баруун 4-р хавирга, эгэмний дунд шугамаар, мөн далны урд шугамаар, баруун 5,6 дугаар хавирга суганы урд шугамын хугарал, баруун дал яс бяцарсан хугарал, баруун 1,2,3,4-р сээрний нугалмын сэртэнгийн хугарал, нүүрний баруун талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-83-р хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1074 дугаартай “...********ын биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ********ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. “ гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 88-89-р хуудас/,

Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай: “...”Ниссан тида” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны эд ангиуд нь МЫЗ-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осолд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-98-р хуудас/,

Шинжээч С.Саруулболдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай: “...******** овогтой ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5.6-д зааснаар “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үед жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарц байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-р хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна.

 

Өчүүхэн төдий анхаарал сулрахад бусдын амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тул тээврийн хэрэгслийн жолооч ямагт анхаарал болгоомжтой явах ёстой.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байх ба “өөрсдөө уналаа” гэж ойлгосон учраас хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргийн шинжгүй гэж маргажээ.

 

Шүүгдэгч ******** нь хохирогч нарыг зам дээр унахыг харсан болох нь гэрч Б********ын “...******** улсын дугаартай цагаан өнгийн Ниссан тида маркийн машин зогсооход жолооч нь машинаасаа бууж ирэхээр нь би тухайн жолоочид хандаж ахаа, та сая хүн шүргэчихлээ ш дээ гэхэд тэр машины жолооч ах үгүй ээ, үгүй наад хүн чинь согтуу өөрөө арагшаа савж унасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч ********ийн: “...машины зүүн хойд хэсэгт юм дуугарах шиг болоод түг гэсэн чимээ гарсан, би өөр юм мэдээгүй. Тойрог өнгөрөөд явж байтал хажуугаар Тоёота приус маркийн машин сагналдаж орж ирээд жолооч нь хөөе, та хүн шүргэчихлээ гэсэн чинь манай нөхөр юу яриад байгаа юм бэ гэж хэлээд нөхөр цаашаа машинаа хөдөлгөөд явсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэдэгт “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон түүнээс дээш гэмтэл учруулсан жолооч осолд өртөж хохирсон этгээдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тусламж дуудах, хэргийн газрыг хамгаалах, ахин осол гарахгүй байх боломж бүрдүүлэн ослын тэмдэг байрлуулах, осолд өртсөн хүнийг аюултай газраас холдуулах, цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэх зэрэг үйлдэл хийлгүйгээр үл тоон хөдөлгөөнөө үргэлжлүүлж явах”-ыг ойлгоно.

 

Шүүгдэгч ******** нь явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэх үедээ гарцаар гарч буй явган зорчигч нарт зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас ********, ******** нарыг мөргөж, улмаар хохирогчийг газар унахыг харсан атлаа зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн ослын газрыг зориуд орхиж явсан байна.

 

Иймд ********ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүйгээр хуульчилсан бөгөөд ********ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлыг шүүгдэгч төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний  нэхэмжлэлийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.******** нь оршуулгын зардалд 10 сая төгрөг төлсөн байна.

 

Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт : “... оршуулгын зардал 20 гаруй сая төгрөг болсон боловч баримтын хүрээнд 10 сая төгрөг авсан, одоо тэтгэврийн зээлийг хаахад төлсөн 2,913,500 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч О.******** уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 2,913,500 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан материаллаг хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Талийгаач Н.******** хэдийгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан байх тул “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 3-13 насны 3 хүүхэдтэй, хохирогчийн “би ах, дүү нартайгаа ярилцаад заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн” гэх мэдүүлэг, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, саравчтай малга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, ******** дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******** овогт ********гийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ********т оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, саравчтай малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, 1 ширхэг  ******** дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД