Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 0046

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  шүүгч  Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /0-463/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201618010117 дугаартай нэг хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсолтой, багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, 11-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн МЛ- дугаартай, Өрлүүд овогт *******

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэн хохирогч ******* үл ялих зүйлээр буюу дуудахад хүрч ирээгүй, архи авч өгөөгүй гэдгээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэнээр холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-15-16/,
  2. Гэрч Г.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-21
  3. Гэрч П.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-17/,
  4. Гэрч В.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-18/,
  5. Гэрч Д.Баярсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-19/,
  6. Гэрч Э.Энэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-20/,
  7. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт №864 /хх-26/,
  8. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-34,36/,
  9. Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-47-52/,
  10. Хохирогч *******ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн тасагт гаргасан хүсэлт болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-37-46, 56/,
  11. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,
  12. Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн хамрын рентген зурагт үзлэг хийж шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутагт байрлах “Өглөг баян” дэлгүүрийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* ялимгүй зүйлээр буюу “архи авч өгсөнгүй” гэснээр шалтаглаж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисоны улмаас хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, завьжинд зулгаралт, хамар хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн

хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед би гэртээ амарч байгаад охин 1 нас 09 сартай Аялгууны хамт өөрийн эзэмшлийн Аванти ХД маркийн 30-24 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сант сумын төвд байдаг Өглөг Баян дэлгүүр орох гэж явсан. Намайг дэлгүүрийн гадаа машинтай ирээд охинтойгоо хамт дэлгүүр орох гэж байхад манай нутгийн ах Түмэнжаргал, Лхагвасүрэн ах нар цагаан өнгийн машинтай зогсож байсан. Намайг дэлгүүр орох гэж байхад араас дуудаад байхаар нь тоогоогүй хүүхдээ тэврээд дэлгүүр орчихоод гарч ирээд шууд машиндаа суугаад хөдлөөд 10 метр гаран явж байхад араас дуудаад байхаар нь эргээд машинтайгаа очсон. Жижиг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ хараад зогсож байсан. Тээврийн хэрэгслийн зөв талын жолоочийн хаалга нь онгорхой байсан. Би машин дотроо байж байхдаа цонхоороо Түмэнжаргал ахыг яасан ах юу болсон талаар асуугаад Түмэнжаргалтай яриад байж байхад цагаан өнгийн машины жолооч талын хаалганы цаанаас Лхагвасүрэн нь гараад ирсэн. Намайг Лхагвасүрэн нь буугаад ир Баярхүү гэхээр нь би яасан бэ? Пага ах гэсэн чинь чи яасан том болчихсон пизда вэ? Гээд хэл амаар доромжлоод байсан. Бид нар Лхагвасүрэн ахыг Пага гэж дууддаг. Тэгсэн чинь Пага ах миний жолооч талын хаалган дээр хүрээд ирэхээр нь би машинаасаа буугаад машиныхаа гол баганыг налаад зогсож байсан. Тэгээд Пага ахыг та яагаад байгаа юм бэ? Эрүүлдээ гэмгүй ах дүү байдаг байж гээд л яриа өрнөж байсан. Тэгсэн Пага ах зандрангүй өнгө аясаар намайг доошоо суучих гэхээр нь би яахын бэ? Би хүүхэдтэйгээ явж байна харихгүй бол болохгүй гэж хэлсэн. Тухайн үед манай охин буруу талын жолооч талд сууж байсан болохоор охин юу болж байгаа юм болоо гэж бодоод тонгойгоод охиноо харчихаад эргэж амжаагүй байтал Пага ах миний нүүр лүү гараараа цохьсон. Би цохиулчихаад тонгойсон чинь миний хамарнаас цус гарч байсан. Тэгээд өндийгөөд ирсэн чинь Түмэнжаргал нь намайг урдаас тэвэрч аваад боль боль гээд хойш нь холдуулсан. Би машиндаа суугаад дөнгөж хөдлөөд явж байхад  манай сумын эмнэлгийн ажилтан нар тааралдаад юу болсон яасан гэхээр нь би Пага ахад цохиулчихлаа гэсэн чинь миний нүүр амыг арчаад байж байхад манай эхнэр Энэрэл ирээд шууд эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэгт ирээд цус тогтоогоод Хөтөлийн эмнэлэгт ирээд мэс заслын эмчид үзүүлээд хамраа үзүүлээд Дархан-уул аймгийн эмнэлэгт хамрын зургаа авхуулсан. Лхагвасүрэн, Түмэнжаргал нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Лхагвасүрэн нь миний харснаар нилээн согтуу байсан тэгэхдэээ өөрийн гэсэн ухаантай тэнд юу болж байгаа талаар мэдэж байсан. Түмэнжаргал гайгүй, өөрийн гэсэн ухаантай байсан. Түмэнжаргал нь гайгүй байсан өөрийн гэсэн ухаантай байсан. Түмэнжаргал нь намайг ямар учиртай дуудсан талаарх шалтгааныг нь мэдэхгүй байна. Намайг анх дэлгүүрийн гадаа ирээд машинаасаа охиноо тэврээд дэлгүүр орох гэж байхад Түмэнжаргал нь "Хөөё нааш ир” гэж дуудсан. Би дэлгүүр лүү орчихоод гарч ирээд машиндаа суугаад хөдлөөд явж байхад араас "Хөөё нааш ир” гэхээр нь би эргээд машинтайгаа очсон. Намайг Лхагвасүрэн нь “Писда минь чи яасан том болчихсон юм бэ?” доошоо суучих, хоёулаа үзчих юм уу гэж хэлж байсан. Лхагвасүрэн нь ямар учир шалтгааны улмаас намайг цохьсон талаар мэдэхгүй байна. Надтай маргалдах ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Би гомдолтой байна.. Би Лхагвасүрэнгээс 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал, сарын цалин 1.600.000 төгрөг, би Лхагвасүрэнд цохиулаад ажилдаа явж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг / хх-15-16/,

гэрч Г.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед Лхагвасүрэн бид хоёр “Өглөг Баян” дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгсэн манай сумын Баярхүү гээд залуу машинтай ирээд дэлгүүрийн гадаа ирээд зогсохоор нь би Баярхүүг нэрээр нь дуудсан чинь дэлгүүр лүү хүүхэдтэйгээ яваад орчихсон, дэлгүүрээс гараад гарч ирэхэд нь бас дахиад дуудсан чинь машиндаа суугаад яваад өгсөн, би араас нь дахиж дуудсан чинь эргээд машинтайгаа дэлгүүрийн гадаа хүрээд ирсэн. Машинаасаа бууж ирээд надтай мэнд мэдээд л байж байхад хажуугаас Лхагвасүрэн нь шууд л Баярхүүгийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би Лхагвасүрэн. Баярхүү нарыг боль гэж хэлээд салгасан. Баярхүү нь машиндаа суугаад хөдлөөд явсан Лхагвасүрэн бид хоёр бас машинд суугаад яваад өгсөн. Портер маркийн машины хажууд зогсож байхад Баярхүү нь машинтайгаа ирээд зогссон. Миний харснаар гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа л цохьсон тэгэхээр нь салгасан. Баярхүү нь хальт манараад л өнгөрсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Лхагвасүрэнг машинд суулгаад яваад өгсөн. Би мэдэхгүй байна. Яагаад цохьсон талаар нь мэдэх зүйл байхгүй байна. Цаана л юм ярьж байгаад л шууд л цохихоор нь би очиж салгасан юм. Яагаад ямар учраас цохьсон талаар нь мэдэхгүй. Лхагвасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тасартлаа бол уусан зүйл байхгүй халамцуу байсан. Хэнтэй хаана уусан талаар мэдэхгүй байна. Дэлгүүрийн урд болсон асуудал, хөндлөнгийн хүмүүс бараг байхгүй байсан. Тэнд сүртэй зодоон болсон зүйл байхгүй ... “ гэсэн мэдүүлэг /хх-21/,

гэрч П.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед аптек орох гэж явж байхад “Өглөг Баян” дэлгүүрийн гадаа хэдэн хүмүүс байсан. Тэгэхээр нь юун хүмүүс байгаа юм бол гэж бодоод ойртоод харсан чинь сумын Лхагвасүрэн, болон Баярхүү, Түмэнжаргал нь нар байсан. Тэгсэн Баярхүүгийн хамарнаас нь цус гарчихсан байдалтай машин дотроо сууж байхаар нь яваад очсон. Тэгсэн Лхагвасүрэн, Түмэнжаргал нар машинд суугаад яваад өгсөн, Баярхүүгээс хэнд цохиулчихсан юм бэ яагаад хамраас чинь цус гараад байгаа юм гэж асуухад Пага буюу Лхагвасүрэн ах намайг цохьчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд Баярхүү нь машиндаа суугаад эмнэлэг орлоо гээд яваад өгсөн...”гэсэн мэдүүлэг /хх-17/,

гэрч В.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед “Өглөг Баян" хүнсний дэлгүүрийн цаанаас дэлгүүр лүү ирж явсан. Тэгсэн дэлгүүрийн урд талд машин тэрэг зогсчихсон. Хүмүүс зодолдсон юм шиг хүмүүс зогсож байсан, Эхэндээ би тэнд хэн хэн байгааг мэдээгүй жоохон ойртоод харсан чинь манай сумын Баярхүү, Лхагвасүрэн, Түмэнжаргал нар зогсож байсан би явж очоод Баярхүүгээс яасан юу болсон гэж асууж байхад Лхагвасүрэн, Түмэнжаргал нар жижиг цагаан өнгийн машинд суугаад яваад өгсөн. Баярхүүгийн хамарнаас нь цус гараад гараараа дараад байж байхаар нь наашаа хардаа гээд харсан чинь хамар нь баруун тал руугаа мурийсан, нүдний доод тал нь хөхөрцөн байдалтай байхаар нь би машинд нь суугаад эмнэлэг рүү явж байхад эхнэр болох Энэрэл нь гудамжаар ирж байхаар нь суулгаад сумын эмнэлэг рүү явцгаасан. Лхагвасүрэн нь уусан талаар би мэдээгүй шууд л Баярхүү дээр яваад очсон. Баярхүү нь машин дотроо ороод хамраа дараад сууж байхаар нь явж очсон. Баярхүү бол огт архи амсаагүй эрүүл байсан. Би хэн нь хэнийгээ цохиж байхыг хараагүй, гудамжинд явж байхад Лхагвасүрэнгийн дуу нь гарч байсан. Юу гэж хэлсэн талаар нь мэдэхгүй байна. Би Баярхүүгээс хэн чамайг цохьсон юм бэ яагаад цохиж байгаа юм гэж асуутал Түмэнжаргал ах намайг дэлгүүр орох гэж байхад араас дуудаар байхаар нь яваад очсон чинь Лхагвасүрэн ах байсан тэгээд надаас нэг шил юм аваад өгч чадахгүй арчаагүй өчнөөн ногоо тарьчихаад гээд хэл амаар доромжлоод байсан гэж надад ярьж байгаад намайг Лхагвасүрэн ах цохьсон гэж хэлсэн. Би гудамжаар эргэж гарч ирж байхад Баярхүү нь хамраа дараад машин руугаа явж байсан юм. Би яагаад цохьсон талаар нь Баярхүүгээс өөрөөс нь сонссон тэрнээс тэр Лхагвасүрэн, Баярхүү нарын хооронд өс хонзон хувийн маргаан байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-18/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 864 дугаартай: 1. *******ийн биед хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, завьжинд зулгаралт, хамар хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саатуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-26/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Болсон явдлын тухайд бол 2016 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 12 цагийн үед "Өглөг баян" дэлгүүрийн гадаа цаахан нь талд би өөрийн найз Түмэнжаргалын хамт юм яриад зогсож байсан. Тэгсэн Баярхүү цаанаас өөрийнхөө машинтай ирээд “Өглөг Баян” хүнсний дэлгүүрт орж байсан. Баярхүүг дэлгүүр орж байхад Түмэнжаргал нь дуудаад байсан. Би тухайн үед Түмэнжаргал нь яагаад Баярхүүг дуудаад байсан талаар мэдэхгүй байна. Тэгсэн чинь Баярхүү нь дэлгүүр ороод гарч ирээд машиндаа суугаад хөдлөөд явж байгаад буцаад эргэж Түмэнжаргал бид хоёр дээр ирсэн. Тэгээд Түмэнжаргал, Баярхүү нар нь хоорондоо юм яриад зогсож байсан. Би урьд өдөр нь буюу 2016 оны 08 дугаар сарын 10-ныхаа өглөө 09 цагийн үед айлын нохойд ууруулчихаад байж байсан. Би Баярхүүтэй уулзаад ахдаа нэг шил архи аваад өгчих гэж ах нь сая хүний нохойд уруулчихлаа гэж хэлсэн чинь Баярхүү нь чадахгүй гээд уурлаад цаашаагаа алхаад машиныхаа тэнд очоод зогссон. Би тэгэхээр нь чи ногоо тариа тариад сайхан амьдарч байж ганц шил архи аваад өгчих чадалгүй юм уу гэж хэлсэн. Баярхүү нь яахаараа чамд архи авч өгдөг юм гэж хэлсэн. Би Баярхүүг чи ахдаа уурлаад байгаа юм уу гэж асуусан чинь тийн уурлаад байна гэхээр нь би тэгвэл хоёулаа ийшээ хүнгүй газар очоод зодолдох юм уу гэсэн чинь Баярхүү нь тэгье гэж хэлээд машин руугаа хараад эргээд харахад нь би нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн Баярхүү тонгойгоод доошоо явган суусан. Түмэнжаргал нь Баярхүү бид хоёрыг салгаад Баярхүүг тэврээд холдуулсан. ...Цаанаас Баярсүрэн ирээд больцгоо явцгаа гэж хэлсэн. Өөр хөндлөнгийн хүмүүс байсан талаар мэдэхгүй байна сайн хараагүй. Баярхүүтэй ямар нэгэн хувийн өс хонзон маргаан байдаггүй, нэг нутгийн хүмүүс болохоор тааралдсан үедээ мэндтэй л өнгөрдөг” гэсэн мэдүүлэг /хх-34, 36/

 Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 08-р сарын 10-ны өглөө гэрээс гарч яваад нохойд уруулаад оёдол хийлгэх гээд явж байхдаа өвдөөд байхаар нь нэг шил архи уучихсан юм.  Эмнэлэг орж оёдол хийлгэж гарч ирээд 3 хоногийн актаа ажилдаа оруулж өгчихөөд гэр рүүгээ явахын өмнө дэлгүүрээр орсон. Тухайн үед Түмэнжаргалын машинд сууж явсан. Түмэнжаргал Баярхүүг дуудаад уулзаж байхад нь би хажуунаас нь  ах нь нохойд уруулчихаад жаахан юм уучихсан явж байна. Ахдаа ганц шил юм аваад өгчих гэсэн чинь яахаараа би чамд юм авч өгдөг юм гээд урдаас уурласан. Чи ийм сайхан нутагт амьдарч байж юунд нь уурлаад байгаа юм бэ? Чамд ганц шил  юм аваад өгчих чадал алга уу? гэсэн чинь Би чамд яахаараа архи авч өгдөг юм бэ? гээд урдаас хэдэрлээд уурлаад муудалцах гээд байх шиг байхаар нь тэр үедээ уураа барьж чадахгүй нэг удаа цохьсон. Тэгээд би буруу юм хийчихлээ гээд  цаашаа машинд суугаад явсан. Маргааш өглөө нь эмнэлэгт очсон байна гээд утсаар ярихаар нь 350.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд болж байгаа юм байх гэж бодоод яваад байсан чинь сүүлд нь 2.500.000 төгрөг нэхэхээр нь адуу, үхэр хоёр аваачиж өгсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг  болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч *******г бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Г.Баярхүү мөрдөн байцаалтын шатанд “...Ганхуяг овогтой Баярхүү би 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус цагдаагийн тасагт Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн иргэн *******тэй холбоотой гомдол гаргасан. Уг гомдлын дагуу ******* нь миний хохирлын нэхэмжлэлийн дагуу бүрэн барагдуулсан тул цаашид надад яман нэгэн санал гомдол үгүй болно...” гэсэн хүсэлт гаргасан байх тул хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв. /хх-56/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна. /хх-47/,

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож, цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******ийн хамрын рентген зургийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өрлүүд овогт *******г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******г 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд  хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******ийн хамрын рентген зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих бичих эрхтэй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР