Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ц-ын нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд:Э.А оролцсон,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Б/28 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц,түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загиржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 1 сарын 18-ны өдөр Төрийн үйлчилгээний ажилтны сонгон шалгаруулалтад оролцож 74.7 оноогоор тэнцсэн. Улмаар төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор намайг аймгийн Музейн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн бөгөөд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар томилогдсон. Намайг музейн даргын ажил авч байхад музейг жилдээ 1200 үзэгч үздэг байсан ба сүүлийн 4 жилийн хугацаанд дунджаар 7000-8000 үзэгч үздэг болж сан хөмрөгийн баяжилт жилдээ 20 гаруй үзмэрээр нэмэгдсэн байгаа.Гадаа дотоодын томоохон үзэсгэлэнг 16 удаа зохион байгуулсан.Маршал Ю.Цэдэнбалын лааны тосон баримлыг төсөл хөтөлбөрөөр, Можоогийн хадны хуулбарыг төслөөр, музейн үндсэн танхимын 70 хувийг төсөл хөтөлбөрөөр шинэчилсэн.

Гэтэл намайг аймгийн засаг даргын 2021 оны 4 сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн ба манай байгууллага Ковид-19-тэй холбоотойгоор үйл ажиллагааг нь хязгаарласан байгууллагын жагсаалтад орсон байсан учир 2021 оны 5 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардан авч, ажлаа хүлээлгэн өгсөн. Намайг албан тушаалын жишиг тодорхойлолтод заасан боловсрол,мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр чөлөөлсөн.Би 2017 онд Музейн даргын сонгон шалгаруулалтад ороход албан тушаалын тавигдах шаардлага нь нягтлан бодох мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй, тухайн салбарын буюу музейн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад суралцсан байвал давуу тал болно гэж заасан байсан. Тухайн үед намайг музейн даргын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэн сонгон шалгаруулатад оролцуулсан. Би “Музейд суралцахуй” сэдэвт 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байсан нь миний давуу тал болсон. Би ажиллаж байх хугацаандаа Соёл урлагийн их сургуулийг “Соёлын өв,музей судлал мэргэжлээр суралцан 2021 оны 5 сард бакалаврын зэрэг хамгаалсан.мөн Ховд их сургуульд Түүхийн ухааны магистрантурт суралцаж байгаа ба өөрийн энэ байдлыг ажил олгогчид танилцуулсан.Гэтэл намайг боловсрол,мэргэжлийн шаардлага хангахгүй байна гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдолтой байна.Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.Надад ямар нэг байдлаар ажилтнуудаа дарамталсан,ялгаварлан гадуурхсан асуудал байхгүй.Сонсох ажиллагааны мэдэгдэлд Соёлын сайдын баталсан жишиг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байна гэж байсан ба надад аймгийн Засаг даргын баталсан албан тушаалын тодорхойлолтыг танилцуулаагүй ба энэ талаар танилцуулаагүй учраас аймгийн Засаг дарга албан тушаалын тодорхойлолтыг сүүлд баталсан байх магадлалтай...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор түүнийг музейн даргад нэр дэвшүүлснээр Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар аймгийн Музейн даргын албан тушаалд томилсон байна.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг музейн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтод заасан албан тушаалын боловсрол,мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэж заасан.

Ш.Ц-ын хувьд тухайн үед боловсрол,мэргэжлийн шаардлагыг хангаж байна гэж Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын комисс үзээд шалгалтад оруулсан.Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын зард тавигдсан баримтаас үзэхэд Ш.Ц тухайн үед тавигдсан шаардлагыг хангаж байсан байна.Ш.Ц шалгалтад 74.7 оноогоор тэнцэж тухайн ажилд томилогдсоноос хойш 4 жил 7 сарын хугацаанд ажилласан.Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад 2017 онд томилогдсон түүнийг 2021 оноос хэрэгжиж байгаа албан тушаалын жишиг тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон байна.

Ш.Ц-ыг анх ажилд томилоход ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэр гарган хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Музейн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагдах учир хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулагдана.

Маргаан бүхий актад Соёлын тухай хуулийг баримталсан нь музейн даргыг томилж чөлөөлөх ерөнхий зохицуулалт байна. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхөд хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг заавал баримтлах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажилтан ажил мэргэжилдээ тэнцэхгүй нь тогтоогдсон байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаартай тогтоолоор ажилтан ажилдаа тэнцэхгүй  талаар холбогдох комиссын дүгнэлт шийдвэр гарсан байх ёстойг тайлбарласан. Хариуцагч яг ямар хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү”гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахаас өмнө эрх , ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох тайж овогт Шагдарын Цэдэнбалд захиргааны ерөнхий хуульд заасны дагуу "сонсох ажиллагаа"-г зохион байгуулж санал, тайлбар гаргах боломж олгосон. Нэхэмжлэгч Ш.Ц нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөхдөө тухайн албан тушаалын боловсрол мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэж заасан үндэслэл нь Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад Орон нутгийн өмчит музейн захирлын албан тушаалын тодорхойлолтод магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Урлаг-уран зураг /021301/, түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт /021304/, Урлаг судлал /021801/, гар урлал /021401/, Хүмүүнлэг- Түүх /022201/, Шашин судлал /022101/, Археологи /022202/, Социологи, соёл судлал /031401/, Аниропологи /031403/, Менежмент ба удирдахуй-менежмент /041302/, нийтийн удирдлага /041303/ чиглэлээр мэргэжил эзэмшсэн, Соёл, шинжпэх ухааны байгууллагад мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, ажлын байрны туршлагатай гэж заасан гэтэл комьютерийн операторч, нягтлан бодогч мэргэжилтэй төрийн захиргааны менежментээр мэргэжсэн нь тухайн байранд шаардлага хангаагүй. Мөн Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баталсан хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, гүйцэтгэлийн үр дүнг ажил олгогчийн өмнө хариуцна гэж албан тушаалын зорилгод заасан байхад 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ гаргаж дүгнүүлээгүй удаа дараа дүгнүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй, санхүүгийн зөрчил дутагдал гаргаж ажилласан нь хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө буюу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/279 тоот албан мэдэгдлийг нэхэмжлэгч Ш.Ц-д хүргүүлсэн байдаг. Тухайн мэдэгдэлд Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 3-р хавсралтаар тухайн ажлын байрны жишиг тодорхойлолт, аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/112 дугаар захиармжаар баталсан ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй байгаа талаар мэдэгдсэн. Албан тушаалын тодорхойлолтод магисрт ба түүнээс  дээш боловсролын зэрэгтэй байхыг шаардсан. Ш.Ц уг тусгай шаардлагыг хангаагүй учраас Увс аймгийн музейн захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Ш.Ц нь Улаанбаатар эрдэм оюу дээд сургуулийг бакалаврын зэрэгтэйгээр 2003-2006 онд суралцаж нягтлан бодох бүргэлийн мэргэжлээр төгссөн. Соёл шинжлэх ухааны салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Ш.Ц-ыг соёлын чиглэлийн сургуульд бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа нь албан тушаалын боловсрол мэргэжлийн тусгай шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй учраас чөлөөлсөн. Мөн Увс аймгийн Музейд 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт нэг бүрчилсэн хяналт шалгалтын үеэр ажилтнуудаас санал асуулга авахад 13 ажилтан оролцсоны 9 ажилтан тухайн байгууллагад ажлын байрны дарамт байдаг, 11 ажилтан авах ёстой цалингаа бүрэн авч чадахгүй байна гэж, 12 ажилтан удидлагын зүгээс бүх хүнтэй ялгаварлахгүй тэгш эрхтэй хандлага үзүүлж чадахгүй байна гэж хариулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “Хөдөлмөрийн харилцаанд үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал олгох” гэснийг зөрчсөн. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг зөрчиж дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам, батлаагүй, төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолыг зөрчиж ажилчдын хувийн хэргийг бүрэн бүрдүүлээгүй, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан батлагдсан төсвийг зориулалт бусаар ашигласан, мөн хуулийн 16.5.3-д заасныг зөрчиж үйлчилгээний зохион байгуулагч гэсэн ажилтан шинээр авч ажиллуулсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасан анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн. Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-д заасныг зөрчиж 1, 2 дугаар гарын үсэггүй гүйлгээ хийсэн зөрчил гарсныг Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэлд тусгасан байх ба түүнийг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Мөн Дотоод аудитын хорооны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 06 дугаартай тогтоолоор бататгаж зөрчлийг арилгуулахаар даалгасан байх боловч гаргасан зөрчилд нь хариуцлага тооцож холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4-т Бүх шатны Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд хөдөлмөрийн удирдпагыг хэрэгжүүлнэ; 139 дүгээр зүйлийн 139.1.2-т орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хяналтын алба хэрэгжүүлнэ; Соёлын тухай хуулийн 221.1-д Соёлын хяналтыг соёлын улсын хяналтын алба, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасны дугуу албан тушаалаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Ш.Ц нь 2017 оны 01 сарын 18-ны өдрийн захирамжаар тухайн албан тушаалд томилогдсон. Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албан зөвлөлийн 34 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан ажлын байрны жишиг тодорхойлолтод нягтлан бодогч компютерийн программист мэргэжилтэй гэж заагаагүй байна. Иймд Ш.Ц нь томилогдохдоо тухайн ажлын байрны шалгуур шаардлагыг хангаагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Э.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “  Миний бие Барга овогтой Э.А нь 1987 онд Улаангомд төроөн. Төгссөн сургууль:

Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг 10 жилийн боловсролоор 2005 онд төгссөн. СУИС-ийг 2005-2009 онд "Соёл урлагийн менежмент" мэргэжлээр суралцаж Соёл урлагийн менежер -ын бакалавр зэрэгтэй, Төрийн удирдпагаар мэргэшүүлэх сургалтыг бүрэн дүүргэсэн тул Удирдлагын академийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/72 тоот тушаалаар Төрийн удирдлагын мэргэшлийн диплом авсин.

Ажилласан байдал: Музейн захирлын

• 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот тушаалаар: Музейн сан хөмрөгчөөр,

• 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/32 тоот тушаалаар: Музейн тайлбарлагч боловсролын ажилтнаар,

• 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/34 тоот тушаалаар:

Музейн арга зүйч гэсэн албан тушаалд тус тус томилогдон мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаад төрийн байгууллагын өсөн дэвжих зарчмаар Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/29 тоот захирамжаар Увс аймгийн Музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Нийтдээ Увс аймгийн музейд 11 жил 6 сар дахь жилдээ ажиллаад байна. Музейн дүрэм журам, стандарт, төрийн албаны, төсвийн тухай болон бусад хуулинд захирагдан 2010 оноос хойш Монгол улсын түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажилтны тангараг өргөн ажиллаж байна.

Энэ хугацаанд жилдээ 4000-5000 гаруй үзэгчдэд тайлбар хийж, УНБСанд бүртгэгдэн хадгалагдаж байгаа 7000 гаруй үзмэр эд өлгийн зүйлсийн хадгалалт хамгаалалтын орчинг сайжруулах ажлыг зохион байгуулж, түүх соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалын зүйлд улсын нэгдсэн тооллогын ажлыг тус тус зохион байгуулж ажиллаж ирсэн. Мөн 19 сумдын соёлын төвийн ажилтнуудад үзмэрийн хадгалалт хамгаалалт, цуглуулгын талаар заавар зөвлөгөө өгн ажиллаж байв. 19 сумдад байрлаж байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгал болох хадны хөшөө, хадны зураг, хиргисүүр зэргийг улсын нэгдсэн тооллогод хамруулахад 4 жилд нэг удаа сумдаар явж ажиллаж байлаа. Миний энэ нөр их хөдөлмөрийг соёлын байгууллагаас үнэлж мэргэжлээрээ тасралтгүй тангарагтаа үнэнч шударгаар ажиллаж байсныг үнэлж төрийн байгууллагын өсөн дэвжих зарчмыг баримталж Музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэж би үзэж байна” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Б/28 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулан,урд эрхэлж байсан Увс аймгийн Музейн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн зүгээс “ Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч орж тэнцсэн байхад шинэ албан тушаалын тодорхойлтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй,Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн албан ёсны дүгнэлт гараагүй” гэж маргажээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс                       “Ш.Ц нь Засаг даргын захирамжаар баталсан музейн даргын албан тушаалд тавигдах боловсрол мэргэжлийн шаардлагыг хангаагүй,мөн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ гаргаж дүгнүүлээгүй, ажлын хамт олонтойгоо ялгавартай харьцдаг, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Гуравдагч этгээдийн хувьд “Байгууллагын өсөн дэвжих зарчмын дагуу музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон” талаар тайлбар гаргажээ.

Маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Соёлын сайдын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 3 дугаар хавсралт, аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн А/112 дугаар захирамжийг тус тус үндэслэн Орон нутгийн өмчит музейн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтод заасан албан тушаалын боловсрол,мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэн аймгийн Музейн захирал Ш.Цыг 2021 оны 05 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Б/29 дугаар захирамжаар музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн Э.Аыг томилжээ.

Нэхэмжлэгч Ш.Ц-ыг Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад өрсөлдөж Музейн даргын албан тушаалд 74,7 оноогоор тэнцсэн тул Музейн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж,Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар түүнийг Музейн даргын албан тушаалд томилсон байна.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн А/112 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар Музейн захирлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг тодорхойлолтын  III хэсэгт албан тшуаалд тавих тусгай шаардлагыг тусгаж, боловсрлын шаардлагад магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна гэж, мэргэжлийн шаардлагад урлаг,хүмүүнлэг,түүх,соёл судлал, менежмент ба удирдахуй чиглэлийн мэргэжлийг эзэмшсэн байхыг шаарджээ.

Шинэчилсэн албан тушаалын тодорхойлолтыг батлахаас өмнө мөрдөгдөж байсан музейн даргын албан тушаалын тодорхойлолт нэхэмжлэгч болон хариуцагч талуудад, төрийн албаны салбар зөвлөлд байхгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021.08.30-ны өдрийн 70 дугаартай “ сонгон шалгаруулалтын материалд музейн даргын ажлын байрны тодорхойлолт архивлагдаж үлдээгүй байна” гэх албан бичиг,Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2021.09.08-ны өдрийн 2/1280 дугаартай “аймгийн музейн даргын албан тушаалын тодорхойлолт архив болон хүний нөөцөд байхгүй болно” гэсэн албан бичгүүдийг ирүүлсэн болно.

Харин Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд 2017 оны 01 сарын 13-ны өдөр зохион байгуулагдах төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлсэн байх ба хавсралтаар Увс аймгийн Музейн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг албан тушаалд тавигдах шаардлагын хамт хүргүүлсэн байна.

Тус сонгон шалгаруулалтын зар Музейн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг  боловсролын хувьд бакалавр чухал шаардлагатай,магистр шаардлагтай гэх ангилалд, мэргэжлийн хувьд соёл судлаач,урлаг судлаач чиглэлээр болон бусад гээд чухал шаардлагатай  ангилалд, шаардлагатай гэх ангилалд соёлын өвийн чиглэлээр суралцсан байж болно “ гэж тусгажээ.

Үүнээс үзэхэд тухайн албан тушаалд мэргэжлийн ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байх бөгөөд Ш.Ц-ын хувьд төрийн захиргааны байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад боловсрол болон мэргэжлийн хувьд тавигдсан шаардлагыг хангаж оролцсон байна.

Ш.Ц нь музейн албан тушаалд томилогдсоноос хойш Соёл урлагийн их сургуульд “Соёл судлал /соёлын өв,музей судлал/ хөтөлбөрөөр суралцан Соёл судлалын бакалаврын зэргийг эзэмшсэн нь 2021 оны 06 сарын 11-ний өдөр олгосон D202116845 дугаарын бакалаврын дипломоор тогтоогдож байх бөгөөд Ховд их сургуулийн Магистрын хөтөлбөрт суралцаж байгаа талаараа тайлбар гаргажээ.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “... аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга ...томилж, чөлөөлнө” гэж заажээ.

Аймгийн Засаг дарга дээрх хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Соёлын сайдтай Ш.Ц-ыг музейн захирлын албан тушаалаас чөлөөлөхөөр зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэн хариуг авсан байна.

Монгол Улсын Соёлын сайдын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 1/921 дугаартай албан бичигт “Соёлын сайдын 2020 оны А/75 дугаар тушаалаар орон нутгийн өмчит музейн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтыг тогтоож өгсөн нь хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж,албан тушаалаа хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажилтанг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй юм.Мөн Ш.Ц нь соёлын өв,музей судлал мэргэжлээр Соёл урлагийн их сургуулийг энэ оны 5 сард төгсөж байгаа бөгөөд Ховд их сургуульд Түүхийн ухааны магистрантурт суралцаж байгаа тул боловсрол,мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх саналыг дэмжих боломжгүй болно” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т төрийн үйлчилгээний албан тушаалд “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарахаар заасан тул Музейн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд музейн захирлын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлын хувьд томилж чөлөөлөх эрхийг Соёлын тухай хуулиар зохицуулж, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр томилж,чөлөөлөхөөр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөх үндэслэлийн талаар хуульчилсан ба 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил,ур чадвар,эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлөх эрхтэй байхаар заажээ.

Өөрөөр хэлбэл шинээр батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага нь музейн захирлын сул орон тоо гарсан тохиолдолд нэр дэвшсэн этгээдэд хамааралтай байх бөгөөд ажил үүргээ хэвийн үргэжлүүлэн гүйцэтгэж байгаа албан тушаалтныг шинэчлэн батлагдсан албан тушаалын тодорхойлолтод шинээр заасан боловсрол мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр чөлөөлөх үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Ш.Ц-ын Соёл урлагын их сургуулийг соёл судлалын бакалаврын зэрэгтэй төгсөж байгаа байдал, соёлын салбарыг бодлогын түвшинд удирдлага,арга зүйгээр хангаж ажилладаг албан тушаалтан болох Монгол Улсын Соёлын сайдын “Ш.Ц-ыг ажлаас чөлөөлөх үндэслэлийг дэмжихгүй” гэсэн байр суурь зэргийг харгалзан үзэхгүйгээр, хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон,шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж,зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж , Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай захирамжийг хүчингүй болгож ,Ш.Ц-ыг Увс аймгийн Музейн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнүүлээгүй, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй,санхүүгийн зөрчил дутагдал гаргаж ажилласан, албан хаагчидтай ялгаварлан харьцдаг талаар судалгаа гарсан” гэх зэрэг тайлбарууд нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Э.А нь  оролцох боломжгүй талаар тайлбар ирүүлсэн, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.                                                                                                                  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-ын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ш.Ц-ыг  урд эрхэлж байсан Увс аймгийн Музейн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ