Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 12

 

           Т.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

              Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа, хохирогч З.Х-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Б-д холбогдох эрүүгийн 1935001700079 дугаартай хэргийг шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Б нь өөрийн эхнэр хохирогч З.Х-г 2015 оны 7 дугаар сард тус аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт машин дотор, 2017 оны 9 дүгээр сард тус аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11-40 тоотод оршин суух гэртээ, 2018 оны намар тус аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11-40 тоотод оршин суух гэртээ зодсон, мөн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1-40 тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч З.Х-г /эхнэр/ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ш овогт Т-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шангас овогт Төмөрбаатарын Батзоригоод 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Т.Б нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол гарсныг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэх явцад ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас надад торгуулийн ялыг сонгож хэрэглэснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Би эхнэрээ зодож, гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж, дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амалж байгаа. Өөрийн хийсэн буруутай үйлдлээс болж би одоо эхнэр. охиноосоо тусдаа амьдарч сэтгэл санааны хувьд хэцүү байна. Би одоо Ойрад хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажилладаг бөгөөд сард 725.146 төгрөгийн үндсэн цалинтай ба үндсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгуулаад гар дээрээ 584.881 төгрөг авдаг. Ээж маань 70 настай, нуруу нугасны өвчтэй, хагалгаанд орох заалттай тул 1.000.000 төгрөгийг 90 хоногийн хугацаанд төлөх боломжгүй байна. Иймд надад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгуулийн ялыг багасгаж, уг зүйл хэсэгт заасан торгуулийн доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б-гийн гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

            Т.Б нь  2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр  Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг 1-40 тоот байрлах өөрийн гэртээ эхнэр З.Хд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Х, гэрч Я.Хонгорзул, Б.Сүхтулга, З.Сувдаа, Г.Басанжав, Ж.Батбаяр, З.Биндэръяа нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 331 дугаартай дүгнэлт, хохирогчийн өвчний карт, сиди диск, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/301 дугаартай албан бичиг, аюулын зэргийн үнэлгээ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр  З.Хг  удаа дараа буюу 2015 оны 7 дугаар сар, 2017 оны 9 дүгээр сар, 2018 оны намар, тус тус зодсон, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр  биед нь хөнгөн зэргийн  гэмтэл учруулж  бие махбодын хүчирхийлэл үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Т.Б-д  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Б-гийн “шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх гомдлын хувьд:

Анхан шатны шүүх Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 76 дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-гийн  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

                                ШҮҮГЧИД                                                      М.НЯМБАЯР

                                         Н.МӨНХЖАРГАЛ