| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0129/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/137 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч М.Батсайхан нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Батсайханд холбогдох 2232000000133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, Цагаанчулуут гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овгийн Мягмаржавын Батсайхан /РД:ПЮ91072819/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Батсайхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, “Цагаанчулуут” гэх газарт байх өөрийн гэртээ иргэн М.Батболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зүүн талын 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн, баруун нүдний дээд зовхи, хамар, цус хуралт, дагз, хацар, сарвуу, нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батсайхан мэдүүлэхдээ:... 2021 оны 09 сарын 24-ний өдөр гэртээ байхад Батболд над руу залгаж өөрөө архи захисан юм. Тэр үед хохирогчийн хувцас шороо болсон гээд байгаа нь хохирогч өөрөө газар унасан. Тэгээд Батболд надад “танай эхнэр чинь хужаагийн дэвсгэр” гэж хэлж доромжилсон. Тэгээд хажууд байсан Мөөеө гэдэг хүнийг Батболд өшиглөхөөр нь би “яаж байгаа юм бэ, чи ямар хэцүү юм бэ, нэг бол яваач” гэсэн чинь “яадаг юм” гээд намайг шанаадсан, тэгээд би 2-3 удаа Батболдыг цохисон, тэгээд бид хоёрыг салгасан, тэгээд эхнэрээ “хүргээд өг” гэсэн чинь “би зүгээр” гээд явсан, гарахдаа утсаа хайгаад байсан, ийм л юм болсон..., би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн 2232000000133 тоот хавтаст хэргээс:
Хохирогч М.Батболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Батсайхан нь миний ажиллаж байгаа газрын ойролцоо мал маллаж амьдардаг юм. Тэрнээс биш ах, дүү хамаатан садан гэх харилцаа байхгүй. Зүс таньдаг хүмүүс юм. ...Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Зүүнхараа салдаг уулзварын урд байдаг зам ангийн кемпэд тогооч хийдэг юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 13 цагийн үед манай кемпийн хойд талд манаачаар ажилладаг Үеэ ахын гэрт нь орсон чинь Үеэ ах “надад ганц шил архи хэрэгтэй байна. Би шартаж үхлээ" гэхээр нь Баянгол сумын төв орж 1 шил хараа архи, 1 ундаа, тамхитай авчирч өгсөн. Тэр архинаас хоёр татаад байж байсан чинь Батсайхан над руу залгаж дуудсан. Тэгээд Үеэ ах бид хоёрт Батсайхан 1 шил 0.75 литрийн “Хараа” архи гаргаж ирэхээр нь хамт уусан. Тэр архи ууж дуусаагүй байхад манай ажлын Дэлгэр гэдэг эмэгтэй намайг машинтай ирж аваад кемп дээр буулгасан чинь Батсайхан араас утасдаад “үлдсэн архиа ууж дуусгая” гээд дуудаж "манай эхнэр ажил дээр чинь ирсэн байгаа" гэхээр нь Батсайханы гэрт очсон. Үеэ ах Батсайхан бид гурав үлдэгдэл архиа ууж байсан чинь Батсайхан нь "би энэ хавьдаа том пизда гээд гараа зангидаад босож ирэх" гэхээр нь Үеэ ах Батсайханыг дарж суулгаад байсан. Би Батсайханыг арай намайг цохихгүй байлгүй дээ гэж бодож байсан чинь гэнэт миний нүдэнд оч манарч харанхуй оргиод явсан. Тэгээд Батсайхан нь үргэлжлүүлээд тархи толгойгүй намайг цохиж эхэлсэн. Тэр зуур би ухаан алдсан байсан чинь гадаа өтөг, бууцанд чирүүлж зодуулж байсан. Яг намайг чирч байхад "болиоч, одоо болно" гэж орилж байхад миний зүүн талын хавирга хэсэгт хүчтэй цохилт мэдрэгдсэн тэгээд би орилж чадахаа больсон. Батсайхан намайг гэр лүүгээ чирч оруулсан. Яг чирүүлж байхдаа дахин ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь миний хамраас маш их хэмжээний цус гоожиж байсан. Би Батсайханы гэрээс гарах гэсэн чинь Батсайхан, Сэлэнгээ хоёр гаргахгүй байхаар нь би "гар утсаа авъя" гэсэн чинь өгөхгүй болохоор нь би "кемп рүү буцъя" гэж гуйсан. Би амьд гаръя гэж бодоод кемп рүү зугтаагаад арай гэж кемп дээр ирсэн чинь хамт ажилладаг хэд Баянгол сумын төв эмнэлэгт хүргэж, сумын эмнэлгээс яаралтайгаар Улаанбаатар хотын гэмтэл согогийн төв дээр ирсэн. ...Намайг Батсайханаас өөр хүн цохиж зодоогүй. Батсайхан намайг маш хэрцгийгээр, удаан зодсон. ...Миний хоёр нүд хөхөрсөн. Хамар, шанаа халцарч, цохиулсан уруулын дотор тал язарсан, хамар гэмтсэн, толгой битүү өвчтэй, хавирга хугарсан, зүүн гарын чигчий хуруу хугарсан. Бусад зөөлөн эдийн гэмтэл зөндөө байна. ...Батсайханы эхнэр Сэлэнгээ, Үеэ ах, Батсайхан бид 4 байсан. ...Би маш их гомдолтой. Мөн эмчилгээний зардал болон ажилгүй болсны 3 сарын тэтгэмж авмаар байна. Би сэтгэл санаа, гоо сайхны хувьд хохирсон. ...Намайг Батсайхан, Сэлэнгэ хоёр цус алдаад үхэх гэж байхад гэрээсээ гаргахгүй байсан үйлдэлд маш их гомдолтой байна....Би Батсайхан гэх хүнд зодуулсны улмаас эмчилгээ хийлгэсэн зардал, дээрээс нь хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас ажлаасаа халагдсан тул 3 сарын цалинтай тэнцэхүйц мөнгийг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн зардлуудын баримтыг гаргаж өгсөн бөгөөд нийт эмчилгээнд 2 277 000 төгрөг зарцуулсан. Би Батсайханд зодуулахын өмнө ажиллаж байсан газраасаа сард 3 сая төгрөгийн цалин авдаг байсан. Тиймээс нийт 11 277 000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Би өөрийн хохирлыг нөхөн төлүүлээд авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлгүүд /хх-ийн 9-17, 73-р тал/,
Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр ажлын газрын тогооч залуу болох Батболд /Болдоо/-ын хамт үдээс хойш нар жаргаагүй байсан л юм даг /цаг хэд болж байсныг анзаараагүй/ манай ажлын кемпээс баруун хойд зүгт ойр байх Батсайхан /Жижгээ/ гэх малчин залуугийнд очсон юм. Очихоосоо өмнө манай гэрт Батболд бид хоёр 1 шил архи уучхаад очсон юм. Батболд нь Батсайханд Баруунхараагаас архи захисан байсан юм шиг байсан. Утас нь дуугараад "ирээд ав" гээд хэлж байх шиг байсан. Намайг Батболд нь "хамт яваад ирье" гээд очтол Батсайханы гэрт Батсайхан түүний эхнэр, хүүхэд нар нь байсан. Батсайхан 1 шил “Хараа” архийг нь өгөөд "аваад яваа, би ажилтай, машиныхаа дугуйг нөхөх гэж байна" гэтэл Батболд нь шууд машины хажууд архиа задлаад Батсайхан, Батболд бид 3 авсан архиа хувааж уусан. Тэгээд дуусаад нэлээн согтчихсон бүрэнхий болчихсон байсан тул гэр лүү нь ороод бид 3 шалан дээр суугаад голдоо 1 шил архи тавиад сууж байсан юм. Би нэлээн согтоод нэг мэдтэл Батсайхан, Батболд нар ноцолдоод Батсайхан нь Батболдын дээр нь гараад барьцалдаад салахгүй байхаар нь би салгасан. Тухайн үед Батболдын хамар, ам хэсгээр цус болоод хатчихсан байсныг би харсан. Тэгээд Батболд нь чимээгүй шууд л гараад явчихсан. Тэгээд Батсайхан бид 2 үлдээд унтаад өгсөн. ...Нэг мэдэхэд л дээр доороо орчихсон барьцалдаад байж байсан. ...Тэр талаар сайн хараагүй. Ямар ч байсан гэрийн зуухны хажууд шалан дээр хоорондоо барьцалдаад салахгүй байхаар нь л би салгасан. Салгахад Батболдын хамар, ам хэсэг цус болоод хатчихсан байсан. Яг гэрт ноцолдож байхад хамраас нь цус гарч байхыг би хараагүй ээ. Согтсон байсан. ...Тухайн үед эхнэр нь болох Сэлэнгээ нь архи уугаагүй. Учир нь гэвэл хүүхдээ тэврээд байж байсан юм. Хүүхэд нь орилоод хүүхдээ тэврээд “болиоч ээ” гээд л орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Гэрч Б.Сэлэнгэмөрөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр нөхөр Батсайханы хамт Баянгол сумын төвд ажилтай явж байтал өдөр 14 цагийн орчимд Батболд залгаад "энэ зам ангийн кемпийн дарга, ажилчид дарамтлаад байна, ганц шил архи аваад ирээч" гэхээр нь манай нөхөр "мөнгө байхгүй" гэтэл мөнгө шилжүүлээд Хараа нэртэй 0.75 литр хэмжээтэй архи аваад 16 цагийн орчимд гэртээ харьсан. Удалгүй 20 минутын дараа манай нөхөр Батсайхан машинаа янзлаад гадаа байж байтал Мөнх- Эрдэнэ, Батболд нар гадаа ирчихсэн нөхөртэй уулзаад байж байсан. Нөхөр орж ирээд захисан архийг нь аваад гарсан. Тэгээд л би гэрээс 200 метр орчимд байх худаг руу малаа услаад нар жаргаад орой бүрэнхий болоод 18 цагийн орчимд гэртээ эргэж ирсэн. Гэрт ирэхэд нөхөр Батсайхан, Мөнх-Эрдэнэ ах 2 сууж байсан. Тухайн үед нөгөө 1 шил архи дуусчихсан байсан. Батболдыг "хаачсан" талаар асуутал Дээгий /бүтэн нэрийг нь мэдэхгүй, тухайн үед кемп дээр ХАБ хийдэг гэж хүнээс сонсож байсан гэх/ ирээд "том дарга ирсэн гээд аваад явсан" гэж хэлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас дайвар ирж байсан юм. Нөхөр Батсайхан надад "чиний авах дайварт чинь Батболд 1 шил архи аваад өгөөч гээд гуйгаад байсан юм, би 1 шил архи захичихсан байгаа аваарай" гэж хэлсэн. 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салдаг уулзвар дээрээ дайвраа аваад буцах замд нөхрийн утас руу Батболд залгаад "хаана байна, ирээд аваач" гэхээр нь "гэртээ байна шүү дээ" гэтэл "манай ажлынхан уурлаж, уцаарлаад байна, танайд очъё" гэтэл утас тасарсан. Тэгээд би кемпийн урдуур гэр лүү салдаг замаар явж байтал Батболд замд таараад машинд суугаад явсан. Гэрт ирээд гадаа тэр 3-т захисан 1 шил “Хараа” нэртэй 0.75 литр хэмжээтэй архийг өгчхөөд гэрт ороод хоол унд хийгээд байж байсан. Удалгүй 20 минут орчмын дараа тэр 3 орж ирээд архи ууж эхэлсэн. Орж ирэхдээ Батболд манай нөхөрт хандаж "танайх энэ компаниас 90 сая төгрөг авсан, өвөлжөө бариулсан, худаг гаргуулсан биз дээ" гээд чанга дуугарч орж ирсэн. Би Батболдод хандаж "хэн чамд тэгээд байгаа юм" гэтэл "манай ажилчид бүгд тэгж ярьж" байсан. "Чи согтсон байна, би эрүүл болохоор чинь асууя" гэж хэлсэн. Тухайн үед би архи уугаагүй. Батболд зүүн орны хажууд газар сууж байсан, Мөнх-Эрдэнэ, Батсайхан нар зуухны хажууд газар сууж байтал Батболд нь нөхөр Батсайхан руу тамхи шидээд "пизда минь энийг асаагаад өгдөө" гэтэл манай нөхөр "чи согтсон юм биш үү" гэхээр нь би "наадах чинь согтсон байна, нэгнийгээ яах гээд байдаг юм" гэж хэлсэн. Тэгтэл Батболд нь Мөнх-Эрдэнийг ямар харилцан яриа үүсээгүй байхад цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөхөд Батсайхан "чи настай хүнийг яаж байгаа юм" гэтэл Батболд Батсайханыг 1 удаа хамар луу нь мөргөөд 1 удаа хацар хэсэг рүү нь цохисон. Би нөхрийгөө ор луу татаад "наанаа суу, та нар чинь адилхан ууж идчихээд ингэж болохгүй, Батболдоо чи согтсон байна одоо харь" гэтэл "харихгүй" гээд байсан. Сууж байхдаа намайг элдэв үгээр хэлээд байхаар нь манай нөхөр Батболдын хамар луу нь 2 удаа л цохисон. Тэгээд Мөнх-Эрдэнэ ах бид 2 салгасан. Батболдын хамраас цус гарсан байсныг би 00-ын цаасаар арчиж өгсөн. Батболдын цус тогтсоны дараа "гэрт чинь хүргэж өгөх үү" гэтэл "би өөрөө явчихна" гээд 22 цагийн орчимд гараад явсан. Тэгээд шөнийн 1 цагт бид хэд унтаж байхад Дээгий гэх эмэгтэй 2 цагдаатай ирээд "та нар Батболдыг яачихсан юм бэ?, кемпийн хашаан дотор үхлүүд хэвтэж байна шүү дээ" гэхээр нь "манайхаас зүв зүгээр гараад явсан шүү дээ, даргадаа мэдэгдсэн юм уу?," гэтэл "тэрэнд хэлж яах юм" гэтэл цагдаа Мөнх-Эрдэнэ ах, Батсайхан нарыг аваад явсан. ...Анзаарахад нүүр хэсэг нь шарх, сорви харагдаагүй. Орж ирэхдээ "танайх 90 сая төгрөг авсан" зэрэг зүйлс яриад л их л пээдгэр орж ирсэн юм. Тухайн үед манай нөхөр урдаас нь юу ч яриагүй. ...Хоорондоо ерөөсөө маргалдаагүй. Юу ч яриагүй үгийн зөрүүгүй Батболд нь Мөнх-Эрдэнийг өшиглөсөн. ...Манайд нийт 2 шил архи уусан. Батболд, Мөнх-Эрдэнэ нар манайд ирэхдээ 1 шил архи уучхаад ирсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
Гэрч З.Дэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 13 цагийн үед Баянгол сумын төв рүү ажлаар явж байтал Батболд, Мөнх-Эрдэнэ нар кемп дээрээ буцаж ирэхэд Батболд, Мөнх-Эрдэнэ, Батсайхан нар Батсайханы гэрийн үүдэнд тракторын хажууд сууж байхаар нь яваад очтол тэр 3 нь 1 шил Хараа нэртэй 0.75 литр хэмжээтэй архи яг задлаад сууж байсан. Батболдод хандаж "чи одоо явж ажлаа хийгээч, оройн хоолны цаг боллоо" гэж хэлтэл "байж бай амсаад явъя" гээд 1 удаа жижиг аягаар 1 удаа уусан. Тэгээд би машинд суулгаад кемп дээр ирээд Батболдод хандаж "чи ажлын цагаар архи ууж болохгүй шүү, цалингийн 30 хувь хасдаг шүү" гэж хэлтэл "ойлголоо" гэж хэлээд байрладаг гэр лүүгээ орсон. Удалгүй 19:30 минутын үед би Баянчандмань руу ажлаар явах үед Батболд нь гэртээ хэвтээд зүгээр л байж байсан. Тэгээд би 22:30 минутын үед кемп дээр ирээд Батболдын гэрт түлхүүрээ үлдээчихсэн байсан тул би гэр лүү нь түлхүүрээ авах гээд ортол Батболд байхгүй байхаар нь ширээн дээрээс нь гэрийнхээ түлхүүрийг аваад гэртээ ороод хувцсаа сольчхоод тогооч Батгэрэл эгчийн гэрт ороод Болдоог асуутал "мэдэхгүй" гэсэн. Батгэрэл эгчийн гэрт ороод 5 минут болоод л гэртээ буцаад иртэл Батболд миний орны хажууд газар доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би "хөөе Болдоо" гээд ханцуйнаас нь татаад дээш харуултал ам хэсгээр нь цус болоод хатчихсан, цамц нь энгэр хэсгээрээ цус болчихсон, өмд дээр нь үхрийн баас, өтөг бууц, шороо зэрэг болчихсон, ухаангүй хэвтэж байсан. Цамц нь зах хэсгээрээ урагдчихсан байсан. Би Батболдоос юу болсон талаар асуутал "Жижгээ /Батсайхан/ намайг зодчихлоо" гэхээр нь "яагаад ингэж байгаа юм" гэтэл "миний утсыг авчхаад өгөхгүй байхаар нь "авъя" гэтэл намайг зодоод ийм болгочихлоо" гэж байсан. Тухайн үед ёолоод бие нь их муу байсан байх. Тэгээд би Батгэрэл эгч рүү залгаад дуудаад ирэхгүй удаад байхаар нь гэрт очоод цуг буцаж ирээд харуул Алтансүх ахыг дуудсан. Тэгтэл Алтансүх ах "сая кемпийн гадна ирэхэд нь би хаалга онгойлгож өгсөн, юу болсон талаар нь асуухад юу ч хариулаагүй яваад орчихсон" гэж хэлсэн. Тэгээд л эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд цагдаад хандаад 2 цагдаатай Батсайханы гэрт очтол бүгд унтаж байсан. Унтдаг орных нь хажуу талд овоолсон хувцас доороос Батболдын гар утсыг олсон юм. Тэдний гэрт ороход шал нь цус болчихсон бөгөөд тэр цусыг 00-ын цаасаар арчаад зуухны урд хаясан байсан. Эмнэлэг дээр ирсэн байхад Батболд нь "би Жижгээг намайг битгий зодооч гэж гуйгаад байхад л зодоод байсан" гээд уйлаад байсан. Би Батболдод хандаж "чи хаана зодуулсан юм бэ?, хажууд чинь хүн байгаагүй юм уу" гэтэл "намайг гэртээ зодож байгаад чирч гаргаад үхрийн хашаандаа оруулж байгаад зодсон. Хажууд Жижгээгийн эхнэр нь хүүхдээ тэврээд зогсож байсан. Мөнх-Эрдэнэ ах согтуу байсан" гэж хэлсэн. ...Тухайн өдөр Батболд өдрийн хоолыг хийж байсан. Орой нь Хятад ажилчид өөрсдөө хоолоо хийж идсэн. Батболд нь Хятад хоолны тогооч юм. Орой Батболд ажилгүй байсан юм. Намайг Баянчандмань явсан хойгуур явчихсан байна лээ. ...Би бүх зүйлийг л хариуцдаг хүн. Батболдтой хувийн таарамжгүй харилцаатай, эсхүл маргалдаж байсан хүн байхгүй. ...Нийт 17 хүн байсан. Монгол ажилчид 7 байсан. Хятад ажилчид 10 байсан. Монгол ажилчдаас гэвэл би өөрөө, Батгэрэл, Батболд, Энхсүлд, Чулуунбаатар, Алтансүх, Дашдаваа нар байсан. Орой ажил тараад Батгэрэл, Энхсүлд, Чулуунбаатар нар бүгд гэртээ байцгааж байсан. Алтансүх, Дашдаваа нар тэр өдөр харуултай байсан. Манай кемп тойроод төмөр хашаатай, урдаа нэг л хаалгатай, хаалганы хажууд харуулын гэртэй юм. Орой 20 цаг гээд хаалгаа түгжчихдэг юм гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Гэрч Д.Батгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед ажил дуусаад гэртээ амарч байтал 22 цагийн үед манай компанийн ХАБ-ын ажилтан Дэлгэр орж ирээд "Гэрлээ эгчээ Батболд манай гэрт ухаан алдаад хэвтэж байна. Амьсгалахгүй байгаа юм шиг байна, хоёулаа ороод үзье" гээд сандарсан байдалтай орж ирэхээр нь хамт очиж хартал Батболд гэрийн зуухны урд шалан дээр дээшээ харсан байдалтай, ам нь цус болчихсон хатчихсан, цамц нь энгэр хэсгээрээ цус болчихсон, өмд дээр нь үхрийн баас, шороо зэрэг болчихсон, ухаангүй хэвтэж байсан. Би "эмнэлэг, цагдаа дуудъя" гэтэл Дэлгэр харуул Алтансүхийг утсаар дуудсан. Тэгээд Дэлгэр сандраад Батболд "Болдоо амьсгалж байна уу" гэтэл Алтансүх нь "амьсгалж байна" гэхээр нь "эмнэлэг явъя" гээд Дэлгэрийн машины арын суудал дээр өргөөд хэвтүүлтэл "ёо ёо" гээд орилоод байсан. Эмнэлэг явах хооронд "ёо ёо" гээд тасралтгүй орилсон. Тэгээд эмнэлэг дээр ирээд анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед Батболд эмчид хандаж хэлэхдээ "цээж хөндүүрлээд хөдөлж чадахгүй байна, хамар битүү амьсгалж чадахгүй, амаараа амьсгалаад байна" гэж хэлж байсан. Тэгтэл эмч "Улаанбаатар хот руу авч яв" гээд бид хэд кемп рүү яваад Дэлгэр цааш Батболдыг Улаанбаатар хот руу авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
Гэрч Ц.Алтансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр харуулын ажилтай байсан юм. Тэгтэл 17 цагийн үед Дэлгэр нь Баянчандмань руу явсны дараа 19 цаг орчмын үед Батболд нь кемпийн хойд талд байх малчин айлын шар өнгийн машинд утсаар яриад суугаад явсан юм. Тэгтэл орой 22 цаг өнгөрөөд бараг 23 цаг болж байсан байх тэр үед Батболд нь малчин айлын зүгээс хашаа ороогоод явган ирж байхыг би харсан юм. Тэгээд ойртоод ирэхээр нь өөдөөс нь очтол хамар ам хэсгээр нь цус болоод хатчихсан байхаар нь би "чи хаагуур явж байгаад цус болчхоод ирэв дээ, наад цус мус аа арчаад унтаж амар" гээд цоожтой байсан хаалгыг нь онгойлгоод оруулсан. Тэгтэл удалгүй ХАБ-ын ажилтан Дэлгэр ирээд "та дотогшоо ороод Болдоог өргөлцөөд өгөөч, үхсэн амьд нь мэдэгдэхгүй дээшээ харж хэвтчихээд хөдлөхгүй байна" гэхээр нь цуг очтол Батболд нь ор зуух 2-ын голд шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Дэлгэр надаас "амьсгалж байна уу" гэхээр нь би тонгойгоод сонстол амьсгалж байхаар нь "амьсгалж байна" гэж хэлтэл "та цагдаа дуудаач" гэхээр нь би Дэлгэрт хандаж "манай хариуцсан объектод зодоон болоогүй учир манайх дуудахгүй ээ, өөрсдөө дуудлагаа өг" гэтэл "та цуг тэр айл руу нь цуг яваад ирээч" гэхээр нь "цагдаад нэг мөсөн хандсан нь дээр байхаа" гэсэн. Тэгээд "бие нь муу байх шиг байна" эхлээд шууд эмнэлэг явъя" гээд машинд өргөж суулгасан. Тухайн үед Батболдын хувцаснаас малын өтөг бууц маш хурц үнэртэж байсан. Миний хувцсанд хүртэл үнэр нь шингэсэн байсан. Тэгээд л би хойд суудал дээр Батболдыг түших маягтай эмнэлэг дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
Яллагдагчаар М.Батсайхан мэдүүлэхдээ:...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. ...Манай гэр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг "Цагаанчулуут" гэх газар нутагладаг. 2022 оны 09 сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим манай гэрийн ойролцоо байх зам ангид тогооч ажилтай Батболд над руу залгаад "кемпээсээ би хашаа даваад гараад ирлээ, Мөнх-Эрдэнэ ахынд ууж байна, архи дуусаж байна, архи аваад ирээч" гээд 20 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Түүний захиснаар нь би 1 шил 0,75 л-ийн архи аваад гэр лүүгээ очсон. Удалгүй Батболд, Мөнх-Эрдэнэ нар манай гэрт явганаар бага зэргийн согтолттой ирэхээр нь би "архиа аваад яваарай" гэсэн. Гэтэл Батболд "танай гэрийн гадаа суугаад уучихъя" гээд гэрийн гадаа архиа задалсан. Тэр архинаас нь би 3-4 хундага уусан. Зарим өгсөн архийг асгаад байсан. Нөгөө хоёр бол архиа уугаад байсан. Архи уугаад дуусаж байхад Батболдтой цуг ажилладаг Дээгий ирээд Батболдыг аваад явсан. Түүнээс өмнө Батболд надаас "архи гуйгаад" байхаар нь Би Зүүнхараагаас захичихсан байсан. Орой 19 цагийн орчим Зүүнхараагаас манай гэрт дайврын хамт 1 шил архи ирсэн. Гэтэл Батболд бас хүрээд ирсэн. Тэгээд тэр архийг Батболд, Мөнх-Эрдэнэ нарын хамт би хувааж уусан. Архи ууж байх хугацаанд Батболд нь нэлээд согтчихсон үедээ "чи кемпээс 90 сая төгрөг авч худаг бариулсан" гэх мэтээр агсраад байсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ бид хоёр түүнийг яриаг тоолгүйгээр хоорондоо ярьж байхад Батболд нь босож ирээд Мөнх-Эрдэнэ ахыг өшиглөсөн. Тиймээс би Батболдод "чи хөгшин настай хүний яаж байгаа юм бэ" гэхэд тэрээр босож ирээд намайг нэг удаа толгойгоороо мөргөөд гараараа шанаа руу нэг удаа цохихоор нь би түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэгээд би түүнд цохиулахгүйн тулд хоёр гарыг нь барьсан, мөн бид хоёр зууралдаад газар унаж шалан дээгүүр дээр доороо ороод ноцолдож байхад Мөнх-Эрдэнэ ах манай эхнэр хоёр бид хоёрыг салгасан. Би өөрөөр Батболдын биед халдаж зодсон зүйл байхгүй. Батболд нь зүгээр л гэр лүүгээ явсан. Гэрээс гарахдаа надаас л "80 сая төгрөг авна, 15 жилийн ял онооно" гэж заналхийлсэн. ...Би түүнийг өөрийн гэртээ нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиод цуг зууралдаж зодолдсон. Түүнээс өмнө Батболд нь гэрээс гарч шээхдээ манай нохойд хөөгдөж малын өтөг бууц дээр унаж өнхөрсөн. Түүнийг би гэрийн гадаа цохиж зодсон зүйл байхгүй. ...Би түүний эмчилгээнд 1 сая гаруй төгрөг өгчихсөн байгаа. Одоо гэтэл Батболд манай ээжээс "10 сая төгрөг өгчихвөл гомдолгүй" гээд байсан. ...Батболд нь намайг болон манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан. Батболд манай эхнэрийг "хятадын дэвсгэр, хятад ажилчидтай явалддаг" гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн хошууч Ө.Сарангэрэлийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №13320 дугаартай "1. М.Батболдын биед зүүн гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зүүн талын 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн, баруун нүдний дээд зовхи, хамар, цус хуралт, дагз, хацар, сарвуу, нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 32-34-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, Хараа хэсэгт оршин суух лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, Нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 59-60-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 61-р хуудас/, Гэрлэсний лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, Шүүгдэгч М.Батсайханы ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч М.Батсайханг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч М.Батсайхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, "Цагаанчулуут" гэх газарт байх өөрийн гэртээ иргэн М.Батболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зүүн талын 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн, баруун нүдний дээд зовхи, хамар, цус хуралт, дагз, хацар, сарвуу, нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-ийн 71-р тал/, Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 74-78-р тал/, Хохирогч М.Батболдын мэдүүлэг /хх-ийн 9-17, 73-р тал/, Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, Гэрч Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/, Гэрч З.Дэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/, Гэрч Д.Батгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Гэрч Ц.Алтансүхийн мэдүүлэг /хх-ийн 29-р тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн хошууч Ө.Сарангэрэлийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №13320 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч М.Батсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Шүүх хохирогч М.Батболдын шүүгдэгч М.Батсайханаас гаргуулахаар нэхэмжилсэн эмчилгээний зардалд 1162200 төгрөг, ажилгүй байсан хугацааны /3 сарын/ цалин 9000000 төгрөг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэл түүний үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангах нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч М.Батболдод энэ гэмт хэргийн улмаас зүүн гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зүүн талын 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн, баруун нүдний дээд зовхи, хамар, цус хуралт, дагз, хацар, сарвуу, нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардал болох “Ар сорогзон”-ны баримтаар 11000 төгрөг, “Монос”-ын баримтаар 11500 төгрөг,”Монос”-ын баримтаар 10000 төгрөг, “Замбала” шашны дэлгүүрийн баримтаар 13500 төгрөг, ШТС-ын баримаар 64000 төгрөг, ШТС-ын баримтаар 76500 төгрөг, “Монос”-ын баримтаар 14200 төгрөг, “Ар сорогзон”-ын баримтаар 6000 төгрөг, “Эмийн сан”-ын баримтаар 15400 төгрөг, “Ану тулга фарм”-ын баримтаар 5300 төгрөг, ШТС-ын баримаар 54000 төгрөг, “Монос”-ын баримтаар 17000 төгрөг, “Эмийн сан”-ын баримтаар 2200 төгрөг, “Ану тулга эмийн сан”-ын баримтаар 17100 төгрөг, 18150 төгрөг, “Лазер мэд”-ын баримтаар 240000 төгрөг, “Монгол фарм”-ын баримтаар 8800 төгрөг, “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн баримтаар 25000 төгрөг, “Дэлгүүр”-ийн баримтаар 13150 төгрөг, “Эрүүл мэндийн 7-р төв”-ийн баримтаар 50000 төгрөг, “Монос”-ын баримтаар 70000 төгрөг, “Эрүүл мэндийн 7-р төв”-ийн баримтаар 50000 төгрөг, “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн баримтаар 203700 төгрөг, “ШШҮХ”-ийн баримтаар 8000 төгрөг, 5000 төгрөг, “Ану тулга”-ийн баримтаар 3000 төгрөг,”Ану тулга”-ийн баримтаар 28000 төгрөг, “Мандар авай”-ийн баримтаар 1250000 төгрөг буюу 28 ширхэг баримтаар /хх-ийн 75-78-р хуудас/ нийт 2290500 төгрөгийг хохирогч нь шүүгдэгч М.Батсайханаас нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Батсайхан нь хохирогчид 1128300 төгрөгийг төлж барагдуулсан байна /хх-ийн 71 дүгээр хуудас/, харин үлдэгдэл 1162200 төгрөгийг хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн үлдэгдэл 1162200 төгрөгийг шүүгдэгч М.Батсайханаас гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7-р хороо, 50А байрны 25 тоот оршин суух Хасхүү овогт Мягмарын Батболд /РД:ШГ87062211/-д олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Мөн хохирогч М.Батболд нь шүүгдэгч М.Батсайханаас гэмт хэрэг гарсан 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш / хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан/ ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 9000000 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд хохирогч М.Батболдоос нотлох баримтаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Гүжү хувай” ХХК-н захирлын “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар гаргаж хэрэгт хавсаргасан бөгөөд уг тушаалд: “...Компанийн ажиллаж байгаа Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил дууссан тул талууд харилцан тохиролцож компанийн кемпийн тогооч ажлын байрны ажилтан Мягмар овогтой Батболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэж дурджээ. Дээрх тушаалаас дүгнэхэд Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил дууссан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба харин хохирогч М.Батболдыг шүүгдэгч М.Батсайханы үйлдсэн гэмт хэргийн улмаас “эрүүл мэндийн хувьд ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй ” гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байх тул хохирогч М.Батболдын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болох 9000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч М.Батсайханд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Батсайхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, "Цагаанчулуут" гэх газарт байх өөрийн гэртээ иргэн М.Батболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зүүн талын 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн, баруун нүдний дээд зовхи, хамар, цус хуралт, дагз, хацар, сарвуу, нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Батсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Батсайхан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Батсайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овгийн Мягмаржавын Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батсайханыг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Батсайханыг торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Батсайханаас 1162200 / нэг сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7-р хороо, 50А байрны 25 тоот оршин суух Хасхүү овогт Мягмарын Батболд /РД:ШГ87062211/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин болох 9000000 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мөн цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Батсайхан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт М.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ