| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/00210/И |
| Дугаар | 135/ШШ2019/00371 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2019/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00210/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................. аймаг, ............ сум, ........... баг, ........ хороолол, .......... байр, ......... тоотод оршин суух ......... овгийн *******- /РД:............. , утас: ......... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ аймаг, ....... сум, .......... баг..... хороолол, .......... байр, ......... тоотод оршин суух ..... овгийн *******- /РД: .......... , утас: ........ /-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******-, *******-нар нь 2012 онд танилцаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2015 оны 01 сарын 16-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Тэд гэр бүл цуцлуулахыг харилцан тохиролцсон. Хамгийн гол нь 2 хүүхэд байгаа. Том охин *******-6 настай, хүү *******-нь 4 настай. Одоогийн байдлаар *******-ын төрсөн ээж дээр нь байдаг. Хүү нь аавыгаа сайн мэдэхгүй, *******- нь охинтойгоо байнга холбоотой байдаг. *******-Хөтөлд *******-ын аав дээр нь байдаг. *******-нь Булган аймагт байдаг. Хүү *******-г *******-ын асрамжид авахаар тохиролцсон. Хэдийгээр хүүгээ өөрийн асрамжид авч байгаа ч гэсэн ганцхан чиний хариуцлага гэж үлдээж байгаа юм биш гэдгийг дамжуулж хэлээрэй гэсэн. Охиныхоо сурч боловсроход анхаарна. Бие биедээ эвтэй, эцэг хүн, эх хүн гэсэн үүргээ хэзээ ч битгий умартаарай гэж хэлмээр байна. ” гэжээ.
Хариуцагч *******-нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хоёр хүүхдийнхээ асрамжийг тохиролцсон. Тэтгэлэг тогтоолгохгүй. Хүү *******-г *******-, *******-г би өөрөө авахаар тохирсон. Байнга хоёр хүүхдээ уулзуулж эцэг, эх гэсэн үүргээ биелүүлж хариуцаж явна. Булган аймгийн Булган суманд байгаа хүү *******-г *******- Солонгосоос ирээд авахаар тохирсон. Дарханд ирээд 16 дугаар багийн харьялалд байна. Би Хөдөө аж ахуй их сургуулийг энэ жил төгсөж дипломын ажлаа хийж байгаа. Одоогоор ажилгүй байгаа. Надад хэлэх зүйл байхгүй. Гэрлэлт цуцлах асуудал дээр бүх зүйлээ ярилцаж, тохирсон.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******-, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-г нарын асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******-нь нэхэмжлэгч *******-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-нар 2012 онд танилцан улмаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаангүй байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, өөрөөр хэлбэл гэрлэгчид таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больсон, эвлэрэх боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.
Иймд шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин *******-, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-нар төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.
Гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойшхи хугацаанд хүүхдүүд эх *******-ын асрамжид өсөж байсан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно гэснээр зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байх тул 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******-г эх *******-ын асрамжид, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-г эцэг *******-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдүүдийг эцэг, эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцэг, эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хүүхдийн оршин суугаа газрыг шийдвэрлэж буй хэрэг юм.
Иймд эцэг *******-, эх *******-нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид хүүхдийн хүмүүжил, хөгжилд тэгш хариуцлага хүлээх учиртай.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар охин *******-д эцэг *******-аас, хүү *******-д эх *******-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно, тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэснээр нэхэмжлэгч *******-ын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагч *******-ын Голомт банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т, хариуцагч *******-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ....... овгийн *******- /РД:........... /, ............ овгийн *******- /РД: ............./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******-г эх *******-ын асрамжид, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-г эцэг *******-ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******-г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол/ 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-аас, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол/ 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх *******-аас тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч *******-ын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагч *******-ын Голомт банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ