Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0398/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******** овогт ********ийн ********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218004550497 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** тоотод оршин суух, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******** овогт ********ийн ******** /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******** нь согтуурсан үедээ, 2022 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ********тоотод гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, эхнэр ********, охин ******** нарыг зодож, ********ын эрүүл мэндэд баруун чихний хэнгэрэгийн цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би аав ********, ээж ********, дүү 4 настай ******** нарын хамт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай эгч ******** Орхон аймгаас Дархан-Уул аймагт хүүгийнхээ үсний найрыг хийхээр ирсэн юм. Намайг орой 23 цагийн үед ажлаасаа ирэхэд аав ******** гараад явчихсан байсан. Эгч, ээж бид 3 гэрээ цэвэрлээд маргаашийн үсний найрт бэлдээд ширээгээ байрлуулаад байж байтал 01 цагийн үед аав ******** гаднаас согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд аав том өрөөнд байрлуулсан ширээг хараад “энэ ширээгээ миний хэлснээр байрлуулахгүй яасан юм бэ” гээд уурлаад байсан. Тэр үед ээж юм индүүдэж сууж байгаад “чи өөрөө эрт орж ирэхгүй яасан юм, бид нар янз янзаар байрлуулж үзсэн” гэж  хэлэхэд аав уурлаад хэрчиж байсан огурцыгоо ээж рүү 2-3 удаа шидээд оноод байсан. Тэгтэл ээж босоод угаалгын өрөө рүү орсон, ... аав ээжийг зодох гээд байхаар нь би уурлаад “та дандаа эмэгтэй хүмүүс байгаа болохоор дээрэлхээд байгаа юм уу” гэж хэлтэл миний баруун хацар, чих хэсэг рүү хүчтэй алгадсан. Тэгснээ ээжийг чирээд жижиг өрөө рүү оруулж байгаад зодох гээд байсан ба эгч ******** дундуур нь ороод салгах гэтэл эгчийг шалан дээр түлхээд унагаасан. Би дахиад аав руу очиж эсэргүүцэж болиоч гэж хэлтэл “чи муу надтай ингэж харьцдаг болчихсон юм уу” гээд дахиад миний хацар, нүүр хэсэг рүү 2-3 удаа алгадсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

 

Хохирогч ********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр ******** нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн үед найз гэрийн гадаа ирчихсэн байна, би гарчхаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгээд охин бид хэд маргаашийн хүүхдийн үсний найрын бэлтгэл хийгээд байж байтал 01 цагийн үед гэртээ согтуу орж ирээд найрын ширээ буруу байрлалтай тавьсан байна гэж уурлаад над руу төмс авч шидээд, би чамд том өрөөний зурагтын урд ширээ байрлуул гэж хэлээ биз дээ гээд орилоод төмс шидээд байсан. Тэгсэн манай 2 охин аавыгаа болиулах гээд очиход манай охин ********ийг толгойн хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон, бага охин ********ыг бас үсдээд баруун талын шанаа хэсэг рүү нь гараараа 4 удаа цохисон. Мөн намайг барьж аваад барьж аваад толгой хэсэг рүү цохисон. Тэгэхдээ намайг хаашаа, хэдэн удаа цохисныг санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06-р хуудас/,

 

Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгаас ******** хамт Дарханд гэртээ ирж хүүгийнхээ үсний найрыг хийх гээд бэлтгэл ажлыг хангасан юм. Тэгээд аав 22 цагийн үед гадаа гарч найздаа айраг өгнө гээд гараад явчхаад нилээд удаж байгаад 01 цагийн үед орж ирсэн ба согтуу байдалтай байсан. Тэгээд хоол ундаа бэлдэж байснаа гэнэт “найрьн ширээгээ миний хэлснээр засчхаж болохгүй байна уу” гээд уурлаад байсан ба ээж хариуд нь “ингэж тавихгүй бол тулаад байна” гэж хэлсэн. Тэгтэл ээж рүү уурлаад “чи дандаа бүгдийг мэддэг, би мэдэж болдоггүй юм уу” гээд уурлаад орилоод байсан, ... Тэгээд дүү бид 2 дундуур нь аавыг салгах гэтэл аав дийлдэхгүй, дүү бид 2-ыг түлхэж холдуулаад ээжийг дахин цохих гээд дайраад орилоод байсан. Тэгтэл дүү ******** аавыг та болиоч гээд хэлтэл дүү рүү уурлаад гараараа баруун зүүн хацар, чих хэсэг рүү нь 4-5 удаа хүчтэй алгадсан, ээжийг газар унагаад хэвлий, сав хэсэгт нь өвдөглөөд, нүүр рүү нь алгадаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1070 дугаартай: “...********ын биед баруун чихний хэнгэрэгийн гэмтлийн гаралтай цоорхой тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ********ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1069 дугаартай: “...********гийн биед баруун гарын шуу, бугуй, тохой, зүүн гарын шуун тохойнд цус хуралт зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 2 оноо буюу “бага” түвшин байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 52-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, яллагдагч ********, хохирогч ******** нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 76-77/ гаргасан байна.

 

********, хохирогч ******** нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

******** нь согтуурсан үедээ, үл ялиг зүйлээр шалтаглан эхнэр, 2 охиноо зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ********т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******** овогт ********ийн ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ********д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД