Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2019/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00132/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............  аймаг, ..........  сум, ..........  баг,  ....  хороолол, .......  байр, ......... тоотод оршин суух ...... овгийн *******  /РД: ........ , утас: ........... /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. аймаг, ....... сум, .......  баг, ........ хороололд байрлах  ******* /РД: ............. , утас: ............ /-д холбогдох

 

“Автомашины эвдрэл, хохирлын засварын үнэ, өмгөөлөгчийн хөлс 2,360,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч *******-, нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч *******-шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 4 сарын 24 өдөр 8:30 цагийн үед эхнэр С- миний******* ДАХ улсын дугаартай М/lanser маркийн машиныг жолоодож яваад олон улсын худалдааны төвийн урд талын төв замаар Хүслийн хотхоны чиглэлийн уулзвар руу дөхөхөд хойш чиглэлээс ******* ДАХ улсын дугаартай машинтай мөргөлдөж осол гарсан. Ингээд Цагдаагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхний дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтэд гомдол гаргаад дахин 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр манай талын буруугүй гэж гарсныг ******* ДАХ дугаартай авто машины жолооч зөвшөөрөхгүй байсан учир шүүхээс дахин шинжээч томилсон. Ингээд Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 09 сарын 13 өдрийн ******* дугаартай дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийн 7-д Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь замын нөхцөлөөс буюу тус уулзварт “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүд хэрэглэх дүрэм” MNS 4596 2014 стандартад заасан техникийн шаардлага хангасан замын тэмдэг байрлуулаагүйгээс шалтгаалан жолооч нар ямар дарааллаар аль тээврийн хэрэгсэл нь түрүүлж уулзвар нэвтрэх вэ? гэдэг нь ойлгомжгүй байснаас шалтгаалж дээрх зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Иймд тухайн осол гарахад үүссэн авто тээврийн засварын хөлс, сэлбэг материалын зардал өмгөөлөгчийн хөлс нийт 2.360.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өмгөөлөгчийг гэрээний дагуу 300,000 төгрөгөөр хөлсөлсөн, тээврийн хэрэгслийн засварын зардал 1.400,000 төгрөг, сэлбэг 660,000 төгрөг болсон.” гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Замын цагдаагийн улсын байцаагчийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан байгаа. Зөрчлийн хэргийн дагуу шүүх хуралдаан явагдаад дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзээд Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 09 сарын 13 өдрийн ******* дугаартай дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийн 7-д Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь замын нөхцөлөөс буюу тус уулзварт “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүд хэрэглэх дүрэм” MNS 4596 2014 стандартад заасан техникийн шаардлага хангасан замын тэмдэг байрлуулаагүйгээс шалтгаалан жолооч нарт ямар дарааллаар аль тээврийн хэрэгсэл нь түрүүлж уулзвар нэвтрэх вэ? гэдэг нь ойлгомжгүй байснаас шалтгаалж дээрх зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн. Д-ОНӨААТҮГазар нь Байгууллагын дүрмийн 1.3-т тус үйлдвэрийн газар нь аймгийн нутаг дэвсгэрт авто замын болон авто тээврийн талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хууль тогтоомжийн хүрээнд хангах, орон нутгийн чанартай авто замын засвар, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, зорчигч нийтийн тээвэр ачаа тээврийн үйл ажиллагааг хариуцах үндсэн чиг үүрэгтэй байна. Мөн тус дүрмийн 4.1, 4.2.3-т авто замын талаар хүлээх үүрэг гээд Орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн урсгал завсар үйлчилгээг эдийн засгийн хувьд өр өгөөжтэй цаг хугацаа алдахгүйгээр гэмтэл гарсан тохиолдол болгонд шуурхай засаж ажиллах, 4.2.6-т орон нутгийг авто зам, замын байгууламжийн бүрэн бүрэн байдлыг хангахад байгууллага хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас гарах гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа хийх,  4.2.7-т Орон нутгийн авто зам, замын байгууламжийн ашиглалтанд байнгын хяналт тавих, сөрөг үр дагавруудыг арилгах, эдэлгээний хугацааг уртасгах, авто замын стандартыг хангах, 4.2.8-т Орон нутгийн авто зам, замын байгууламжийн засвар шинэчлэлийг ажлыг судалгааны үндсэн дээр боловсруулж тухайн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ, 5.2-т Авто зам, замын байгууламж, зогсоол, тэмдэг тэмдэглэгээний чанар, стандарт бүрэн бүтэн байдалтай холбоотой гомдол саналын талаар холбогдох байгууллага албан тушаалтанд шаардлага тавих гэсэн эрх үүргийг хүлээж үйл ажиллагаа явуулахаар байна. Энэ дүрмийг мөрдөөгүйгээс зам тээврийн осол гарсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус байгууллага нь Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт автозамын болон автотээврийн талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийн хэрэгжилтийг хууль тогтоомжийн хүрээнд хангах, орон нутгийн чанартай автозамын засвар, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, орон нутгийн зорчигч, нийтийн тээвэр, ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Орон нутгийн автозам, замын байгууламжийн засвар, арчилгааг тус байгууллага хариуцаж ажилладаг боловч зам дээр ямар тэмдэг тэмдэглэл шинээр байрлуулах болон солих шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтан гаргана. Гэрлэн дохио, гэрэлтүүлэг болон цэвэрлэгээний ажлын Дархан-уул аймгийн НААҮГ хариуцаж ажилладаг болно. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус байгууллагын замын инженер И.Түмэн-Аюуш замын тэмдэг, тэмдэглэгээний тооллого хийх үед 12 дугаар багийн нутаг дэвсгэр, 27 дугаар байрны арын зохицуулдаггүй уулзварт 3.1 “Гол зам” тэмдэг 2 ширхэг, “Зам тавьж өгнө” тэмдэг 1 ширхэг, “Гол замын чиг” нэмэлт тэмдэг 3 ширхэг тус тус тоологдсон байна. Харин Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар мэдэгдэл, аймгийн Прокурорын газрын 13/70 дугаар албан шаардлагын дагуу 12 дугаар багийн нутаг дэвсгэр, 27 дугаар байрны арын зохицуулдаггүй уулзварт гандаж шаардлага хангахгүй болсон 2 ширхэг 7.14 “Гол замын чиг” нэмэлт тэмдгийг больж, алга болсон 1 ширхэг 7.14 “Гол замын чиг” нэмэлт тэмдэг нөхөж, нийт 3 ширхэг тэмдэг байрлуулсан болно. Мөн аймгийн Прокурорын газраас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/81 дугаар мэдэгдлийн дагуу Дархан их дэлгүүрийн урд талын явган хүний гарц дээр 5.19.б “явган хүний гарц” мэдээлэх тэмдэг 2 ширхгийг байрлуулсан. 2018 оны тус байгууллагын төсөвт тусгагдсаны дагуу нийтдээ 7985 у/м замын тэмдэглэгээг будаж сэргээж, 55 ширхэг тэмдэг хийлгэж, байрлуулсан бөгөөд замын цагдаагийн тасгаас санал болгосны дагуу 2019 онд гүйцэтгэх ажлын төсөвт 100 гаруй тэмдгийг солих буюу шинээр тавихаар аймгийн Засаг даргатай зөвшилцөж, төсвийг шийдвэрлүүлээд байна. Замын тэмдэг үрэгдэж алга болсон мэдээлэл аваад манай байгууллага тухайн тэмдгийг үйлдвэрлүүлэх захиалга өгдөг бөгөөд бэлэн болсон даруйд заасан газар нь байрлуулах арга хэмжээг зохион байгуулдаг. Захиалга өгснөөс хойш 14-21 хоног болж тэмдэг гардаг учир мэдээлэл авснаас хойш дээрх хугацаа шаардагддаг юм. Иймд *******-ын нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

                                                                                                                               

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-нь хариуцагч Д-ОНӨААТҮГ-т холбогдуулан 66-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол, засварын үнэ, өмгөөлөгчийн хөлс 2,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...замын тэмдэг, тэмдэглэгээг зөв байршуулах үүрэг хүлээсэн Д-ОНӨААТҮГ-аас нэхэмжилж байгаа... гэж, хариуцагчийн төлөөлөгч ...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэг тэмдэглээний тооллого хийсэн, Аймгийн Прокурорын газрын мэдэгдлийн дагуу төсөвт тусгагдсаны дагуу  тэмдэг хийлгэж байршуулсан, 2019 оны төсөвт 100 гаруй тэмдгийг солих буюу шинээр тавихаар Засаг даргатай зөвшилцөж төсвийг шийдвэрлүүлээд байна. Замын тэмдэг үрэгдэж алга болсон мэдээлэл аваад манай байгууллага тухайн тэмдгийг үйлдвэрлүүлэх захиалга өгдөг. Захиалга өгснөөс хойш 14-21 хоног болж тэмдэг гардаг. Нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй... гэж маргажээ.

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан сум 12 дугаар баг Шинэ хорооллын 27 дугаар байрны арын 4 замын уулзвар дээр зам тээврийн осол гарсан  бөгөөд энэхүү осолд зам тээврийн хөдөлгөөнд оролцож явсан 66-63 дугаартай автомашины жолооч Г.Сувд-Эрдэнэ, 99-39 ДАХ дугаартай суудлын автомашины  жолооч Ч.Нямбаяр замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй болох нь Замын Цагдаагийн албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн техникийн дүгнэлтийн 1.2-т Г.С-, Ч.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Дээрх Шинжээчийн дүгнэлтийн 7-д Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл нь замын нөхцөлөөс буюу тус уулзварт “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх” MNS 4596:2014 стандартад заасан техникийн шаардлагыг хангасан замын тэмдэг байрлуулаагүйгээс шалтгаалан жолооч нарт ямар дарааллаар аль тээврийн хэрэгсэл нь түрүүлж уулзварыг нэвтрэх вэ гэдэг нь ойлгомжгүй байснаас шалтгаалан зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч Д-ОНӨААТҮГ нь ...аймгийн нутаг дэвсгэрт авто замын болон авто тээврийн талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийн хэрэгжилтийг хууль, тогтоомжийн хүрээнд хангах, орон нутгийн чанартай авто замын засвар ашиглалт, хамгаалалтыг хариуцах үндсэн чиг үүрэгтэй, мөн авто зам, замын байгууламж, зогсоол буудал, тэмдэг, тэмдэглэлийн чанар стандарт, бүрэн бүтэн байдалтай холбоотой гомдол саналын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих эрхтэй... болох нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор батлагдсан тус газрын дүрмээр тогтоогдож байна. /хэргийн 54-58 дугаар хуудас/

Авто тээврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар зам хариуцагч байгууллагын хувьд авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д зааснаар “замын байгууламж”-д замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж хамаарах бөгөөд хариуцагч дээрх чиг үүргийг хэрэгжүүлэгч болох нь дүрмээр тодорхойлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус байгууллагын замын инженер И.Т- замын тэмдэг, тэмдэглэгээний тооллого хийх үед 12 дугаар багийн нутаг дэвсгэр, 27 дугаар байрны арын зохицуулдаггүй уулзварт 3.1 “Гол зам” тэмдэг 2 ширхэг, “Зам тавьж өгнө” тэмдэг 1 ширхэг, “Гол замын чиг” нэмэлт тэмдэг 3 ширхэг тус тус тоологдсон” гэж шүүхэд тайлбар гаргасан боловч дээрх шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гарах үед  зохицуулдаггүй уулзварт MNS 4596:2014 стандартаар баталсан тэмдэг хэрэглэж дүрмийн 4.4.2-т заасны дагуу 3.1 “Гол зам” тэмдэгтэй гол зам чигээ өөрчилсөн буюу гол замын чигийг ойлгоход хүндрэлтэй уулзварын өмнө 3.1 тэмдгийг 7.13 “Гол замын чиг” нэмэлт тэмдгийн хамт байрлуулна” гэснийг мөрдөөгүй болох нь тогтоогдож байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэнд зааснаар тухайн үед тэмдгийг бүрэн гүйцэд байрлуулсан бол уг уулзварт Замын хөдөлгөөний дүрмийн 12.11 дэх заалт “уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална” гэсний дагуу жолооч нар уулзварыг аюулгүй нэвтрэх боломжтой байсан нь дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцагч байгууллагын эс үйлдэхүйтэй, зам тээврийн осол гарсан үйл явдал шалтгаант холбоотой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэг, тэмдэглээний тооллого хийсэн, Аймгийн Прокурорын газрын мэдэгдлийн дагуу, төсөвт тусгагдсаны дагуу тэмдэг хийлгэж байршуулсан, 2019 оны төсөвт 100 гаруй тэмдгийг солих буюу шинээр тавихаар Засаг даргатай зөвшилцөж төсвийг шийдвэрлүүлээд байна. Замын тэмдэг үрэгдэж алга болсон мэдээлэл аваад манай байгууллага тухайн тэмдгийг үйлдвэрлүүлэх захиалга өгдөг. Захиалга өгснөөс хойш 14-21 хоног болж тэмдэг гардаг... гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь тухайн байгууллага ажил үүргийн хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэг, тэмдэглэгээний тооллого хийснийг үгүйсгэхгүй ч зам тээврийн осол 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болох үед 7.13 нэмэлт тэмдэг байгаагүйгээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож явсан жолооч нар уулзварыг аюулгүй нэвтрэх боломжгүй байснаас осол гарсан талаар дүгнэлт гарсан нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч тэмдэг, тэмдэглэгээг хийсэн гэж байгаа боловч зам тээврийн осол болсны дараа эрх бүхий байгууллагын мэдэгдлийн дагуу хийгдсэн ажлын талаархи баримтыг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт хамааралтай нотлох баримт биш байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөнд хууль бусаар болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан сум 12 дугаар баг Шинэ хорооллын 27 дугаар байрны арын 4 замын уулзвар дээр гарсан зам тээврийн ослоос 66-63 дугаартай автомашинд учирсан гэмтлийг засварлахад гарсан 2,060,000 төгрөгийн зардал, эрх зүйн туслалцаа үзүүлсний ажлын хөлс 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 66-63 ДАХ тээврийн хэрэгсэлд Олуул ХХК-иас 1,400,000 төгрөгийн 5 нэрийн эд зүйл, үйлчилгээ, Авто сэлбэг-Сэнгэдоржоос 660,000 төгрөгийн 6 нэрийн эд зүйл, үйлчилгээ авсан гэж зарлагын баримт ирүүлсэн боловч “БАН ХАС” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээгээр ослоос үүдсэн хохирлыг 1,415,000 төгрөг гэж тооцсон байх тул хохирлын хэмжээг энэхүү үнэлгээгээр тооцож, хариуцагч Д-ОНӨААТҮГ-аас гаргуулан, үлдэх 645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах талаар талууд хүсэлт гаргаагүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тэдний эрх тул өмгөөллийн хөлсийг зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөө өмгөөллийн хөлсөнд төлсөн 300,000 төгрөгөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасны дагуу татвар төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...зохицуулдаггүй уулзвар нэвтрэх дарааллын тэмдэг тэмдэглэгээ тодорхой бус, жолооч нар уулзварын аль ч талаас ирсэн өөрсдийгөө гол зам гэж андуурч нэвтрэх гээд байдаг, гол зам чигээ өөрчилсөн тэмдэглэгээ 3 сард байхгүй байсан тул нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 52,710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 1,415,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгохоор шийдвэрлэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагчийн төлөөлөгчөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д-ОНӨААТҮГ-аас 1,415,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, 945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 52,710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-ОНӨААТҮГ-аас 37,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ

 

 

 

                 ШҮҮГЧИД                                 Д.АЛТАНТУЯА

 

 

 

                                                                       М.ОЮУНЦЭЦЭГ